Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2021/0249

 

 

 

 

 

 

“К” ХХК дахь Банкны эрх хүлээн

авагчийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүгч А.Сарангэрэл, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Н.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Ц.Б, М.Н нарыг оролцуулан Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “К” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3.ж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 54.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “К” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/482 дугаар захирамжийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан гомдолдоо: “...анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт өгөөгүй, Газрын тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж, шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг. Тухайн газарт газар эзэмшүүлэх гэрээг хамгийн сүүлд 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 2 жилийн хугацаатайгаар байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дууссан боловч дахин гэрээг байгуулаагүй.

Гэрээний хугацаа дуссанаас хойших хугацаанд Захиргааны байгууллагын зүгээс газар эзэмшигч “К” ХХК-тай гэрээ байгуулаагүй байгаа нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж...”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын даамал...тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж...”, 34.8-д “газар эзэмших эрхийн гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж тус тус заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байсныг анхан шатны шүүх анхаарсангүй.

Тиймээс хариуцагч нь “К” ХХК-тай газар эзэмших гэрээ байгуулаагүй атлаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл нэгэнт газар эзэмшигчтэй “газар эзэмших тухай” гэрээ байгуулаагүй тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үүргийг газар эзэмшигч биелүүлээгүй гэж үзэхгүй өгөөд хариуцагч тэрхүү үүргийг газар эзэмшигчээс шаардах боломжгүй гэж үзэж байна.

Нөгөө талаар газар эзэмшигчтэй газар эзэмшүүлэх гэрээг байгуулах нь захиргааны байгууллагад хуулиар олгогдсон эрх, үүрэг нь байдаг тул газар эзэмшигчийг гэрээг байгуулаагүй гэж дангаар нь буруутгах үндэслэлгүй.

Хоёр. Хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/482 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг гаргахдаа Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаартай “К” ХХК-ийг албадан татан буулгах тухай” тушаалыг үндэслэл хэсэгтээ дурджээ.

Үүнээс үзэхэд Капитал банк хэвийн үйл ажиллагаа явуулж байх хугацаанд газар эзэмших эрхийг цуцлаагүй хэрнээ Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаартай тушаалаар “К” ХХК-ийг албадан татан буулгахаар шийдвэрлэж, мөн өдрийн А-97 дугаар тушаалаар “К” ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилсон тул газар эзэмших эрхийг цуцлах тухай шийдвэр гаргасан гэж үзэхээр байдлыг шүүх анхаарсангүй.

Гурав. Банкийг татан буулгах ажиллагаа нь “К”-ны хадгаламж эзэмшигч, харилцагчдын мөнгөн хөрөнгийг хамгаалах зорилготой бөгөөд энэ зорилгоор Банкны эрх хүлээн авагч томилж, түүнд банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхийг шилжүүлж байгаа нь хуулийн дагуу банкны хөрөнгийг хамгаалах арга хэмжээ бөгөөд хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байхад газар эзэмших эрхийг цуцлах үндэслэлгүй, үүгээр зогсохгүй цаашид аливаа банкийг татан буулгах тухай шийдвэр гарсан даруйд захиргааны байгууллагаас түүнд эзэмшүүлсэн газрыг татан буулгахаар шийдвэрлэсэн гэх үндэслэлээр шууд цуцлах жишиг, үр дагаврыг үүсгэж байгаа байдлыг шүүх анхаарсангүй.

Дөрөв. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газрыг хуульд заасны дагуу эзэмшиж, ашиглах эрхтэй. Газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт зааснаар газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхтэй байдаг.

Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар Банкны эрх хүлээн авагчид Капитал банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон, банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх түүний томилогдсон өдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн шилжсэн.

“К” ХХК-ийг татан буулгахаар шийдвэрлэсэн үйл баримтын үр дагавар нь Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан “Банкны эрхлэх үйл ажиллагаа”-г явуулахгүй бөгөөд, харин “К” ХХК-ийн эрх зүйн чадвар хэвээр байх бөгөөд Банкны эрх хүлээн авагч татан буулгах үйл ажиллагааг үргэлжлүүлэн гүйцэтгэж, өнөөдрийн байдлаар “К” ХХК улсын бүртгэлээс хасагдаагүй, эрх зүйн чадвартай хэвээр байгаа болно.

Аливаа газар эзэмшигч хуулийн этгээд нь Газрын тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх эрхтэй байх боловч анхан шатны шүүх хохирогчдын болон бусад өр төлбөрт захиран зарцуулах эрх үүсэхгүй гэж дүгнэн “К” ХХК-ийн хувьд хуулиар олгогдсон эрхийг нь үгүйсгэсэн шийдвэр гаргасан.

Тав. Шүүх хариуцагч 2019 оны 06 сарын 26-ны өдрийн 1/1367 тоот албан бичгийг Дорнод аймгийн Монголбанкны салбарын захирал Ч-д гардуулан өгсөн байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Хариуцагч и-мэйлээр ирсэн хариу гэх “Хүлээн авлаа баярлалаа” гэх зургийг өөрийн хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн бөгөөд үүнээс үзэхэд ямар бичгийг хүлээн авсан, юун тухай харилцан ярианы үргэлжлэл болох талаар харагдахгүй, ойлгогдохгүй бөгөөд огнооны хувьд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэсэн огноо уг бичвэрт харагдаж байна. Шүүх Ч-д албан бичгийг гардуулан өгсөн гэж дүгнэхдээ хэзээ, яаж гардуулан өгсөн талаар дурдсангүй.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалын 1 дэх заалтад “К” ХХК-ийн оршин байгаа хаягийг тодорхой бичсэн байдаг. Хариуцагч нь газар эзэмших эрх цуцлах захирамжийн үндэслэх хэсэгтээ тус тушаалыг үндэслэл болгосон байдаг тул хариуцагч тушаалыг үзсэн гэж үзэх үндэслэлтэй /үзээгүй тушаалыг захирамжид дурдах боломжгүй/ бөгөөд хариуцагч “К” ХХК-ийн оршин байгаа хаягийг мэдсээр атлаа эрх зүйн үр дагавар үүсгэх албан бичгийг тус хаягаар илгээхгүй, Дорнод аймгийн Монголбанкны салбарын захирал Ч-д хүргүүлсэн гэх эргэлзээтэй тайлбар, нөхцөл байдлыг нь дүгнэхгүй байна.

Зургаа. Тус хэрэг нь өмнө нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хянагдаж, газрын төлбөр төлсөн байдал, мөн Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүн Б.М-ийн Дорнод аймагт хийсэн албан томилолтоор тухайн маргаан бүхий газрын асуудлаар холбогдох албан тушаалтнуудтай хэрхэн уулзсан нөхцөл байдлыг тодруулахгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна гэж дүгнэн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Хэрэг буцаж ирсний дараа гэрчээр Б.М-ийг асууж тэрээр шүүх хуралдаанд холбогдох албан тушаалтнуудтай уг асуудлаар уулзсан тухай мэдүүлэг өгснийг хариуцагч тал баримтаар няцааж чадаагүй. Газрын төлбөрийн талаар хариуцагчийн тайлбар үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн боловч Б.М-ийн гэрчийн мэдүүлгийг хэрхэн үнэлж байгаа нь тодорхойгүй үлдлээ. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг биелүүлсэнгүй.

Дээрх үндэслэлүүдээр гомдлыг хангаж, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү.гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж  шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “К” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан “...Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/482 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.

Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/482 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн “К” ХХК-ийн Дорнод салбарт олгосон 000298505 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож, аймгийн Засаг даргын 2013 оны А/227 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд “К” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/482 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...газар эзэмших эрхийн хугацааг газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс хойш биш, газар эзэмших эрхийн гэрээ байгуулсан өдрөөс хойш тооцох бөгөөд, хариуцагч захиргааны байгууллага газар эзэмших эрхийн гэрээ байгуулаагүй нь “К” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн буруутай үйл ажиллагаанд хамаарахгүй, хариуцагчаас газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь банкны эрх хүлээн авагчаас тухайн газрын талаар шийдвэр гаргах боломжийг хязгаарласан” гэж маргажээ.

Анх Дорнод аймгийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 227 дугаар захирамжаар иргэн Б.Г-ын хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч “К” ХХК-д тус аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт 144 м.кв газрыг “худалдаа үйлчилгээний” зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар шилжүүлэн эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 000298505 дугаар гэрчилгээ олгож, хамгийн сүүлд 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулжээ. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж зааснаас үзвэл “газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэх хугацаа” нь газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн тоологдохоор байна.

Энэ тохиолдлын тухайд “К” ХХК-ийн газар эзэмших гэрээ 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан байх тул уг газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглахыг шаардсан хугацаа 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дуусах байжээ.

Гэвч нэхэмжлэгч “К” ХХК газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсанаас хойш Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны маргаан бүхий А/482 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хүртэлх 4 жил гаруй хугацаанд газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй болох нь хэрэгт авагдсан “К” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Хүсэлт уламжлах тухай” 267 дугаар албан бичиг, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 2/72 дугаар албан бичиг, Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1/1367 дугаар албан бичиг, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... хуульд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр бусдад шилжүүлэх, ашиглуулах, барьцаалах эрхийг эдэлдэг. Гэтэл газар эзэмшигчийн хувьд хуульд заасан энэ эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон ...” гэх тайлбарыг шүүхэд гаргасан ч энэ нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Учир нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “Газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгах ойлголт бөгөөд анхан шатны шүүхийн “маргаан бүхий газрыг тус банкны үндсэн хөрөнгөд бүртгэж, худалдан борлуулсан орлогыг хохирогчдын өр төлбөрт захиран зарцуулах эрх үүсэхгүй” гэж дүгнэсэн нь зөв байна.

Иймд маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг эзэмшил газраа 6 жил дараалан ашиглаагүй гэж үзэж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, уг шийдвэр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасантай нийцсэн, энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26 дугаар зүйлийн 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна”, 27.4.2-т “саналыг бичгээр авах” гэж тус тус заасан.

Хариуцагчийн зүгээс дээрх хуульд зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох Дорнод аймаг дахь Капитал банкны салбарын захирал Н-д захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгож 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “... Газрын тухай хуулийн 40.1.6 дахь заалтын дагуу тус газар эзэмших эрхийг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 43.1 дэх заалтын дагуу 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дуусгавар болохыг албан ёсоор мэдэгдэж байгаа бөгөөд Газрын тухай хуулийн дээрх заалттай холбоотой санал, тайлбараа 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дотор ирүүлнэ үү...” гэсэн агуулга бүхий “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Танай байгууллагаас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон газар эзэмших эрхийг дуусгавар болгож байгаатай холбогдуулан гомдол, тайлбар гаргаагүй байх тул мэдэгдэлд заасан өдрөөр тасалбар болгон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгааг мэдэгдэж байна” гэсэн агуулга бүхий “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1/1367 дугаар  албан бичгүүдийг тус тус хүргүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тус аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн 144 м.кв “худалдаа үйлчилгээ”-ний зориулалт бүхий газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 6 жил дараалан ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөлийг бүрдэж байгаа талаар холбогдох санал, тайлбар ирүүлэхийг, заасан хугацаанд санал, тайлбараа ирүүлээгүй тохиолдолд хуульд заасан сонсох ажиллагаа явуулсанд тооцох талаар мэдэгдсэн байх тул хариуцагчийг шийдвэр гаргахын өмнө хуульд заасан журмын дагуу тайлбар, санал гаргах боломжийг олгосон гэж үзнэ.

Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Гэрээний хугацаа дууссанаас хойших хугацаанд захиргааны байгууллагын зүгээс газар эзэмшигч “К” ХХК-тай гэрээ байгуулаагүй байгаа нь Газрын тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна, ... хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байхад газар эзэмших эрхийг цуцлах үндэслэлгүй, үүгээр зогсохгүй цаашид аливаа банкийг татан буулгах тухай шийдвэр гарсан даруйд захиргааны байгууллагаас түүнд эзэмшүүлсэн газрыг татан буулгахаар шийдвэрлэсэн гэх үндэслэлээр шууд цуцлах жишиг, үр дагаврыг үүсгэж байгаа байдлыг шүүх анхаарсангүй ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                                         Э.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                          А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                         Д.БААТАРХҮҮ