Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 1525

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/01595/И

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *** банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *** ХХК,

Хамтран хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум ***1 тоотод оршин суух, регистрийн дугаар ***, Б*** С***нарт холбогдох

 

44 687 490,59 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э***, хариуцагч *** ХХК-ын захирал В.М***, нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *** банкны Дархан салбарын захирал А.С***, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч *** ХХК нь 2013.08.28-ны өдөр *** банктай барьцаат зээлийн *** дугаар гэрээ байгуулж, 120 000 000 төгрөгийг, уул уурхайн тээврийн хэрэгслийн зориулалтаар, 36 сарын хугацаатай, жилийн 25,2 хувийн хүүтэйгээр авсан. Үүний дараа 2015.10.06-ны өдөр *** тоот зээлийн гэрээгээр 43 998 990 төгрөгийн зээлийн нөхцлөө бүрдүүлсэн. 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Барьцаат зээлийн *** тоот гэрээгээр Дархан-Уул аймаг Дархан сум 14-р баг ***тоот, Ү-***, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 6-р хороолол ***тоото, Ү-*** тоот бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгүүд болон Аралын дугаар *** дугаартай R-290 маркийн эксковаторыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь барьцаат зээлийн *** гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд банкны шаардлагыг дээрхи барьцаалуулсан хөрөнгүүдээр хангана гэдгээ батлан мэдэгдсэн байдаг. Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн  төлбөрийг  төлөх  үүрэгтэй  боловч  зээл авсны  дараа  энэхүү  хуваарийг  хэтрүүлэн

 

 

 

гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр *** тоот зээлийн нөхцөл байдлыг үндэслэн өөрийнх нь хүсэлтийн дагуу нөхцөл өөрчилж зээлийн хугацааг 1 жилээр сунган эхний 6 сар үндсэн төлбөрөөс чөлөөлж өгсөн боловч 2016 оны 4 дүгээр сарын 30-наас хойш зээлийн төлбөр огт төлөөгүй байна. Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгч *** ХХК-ийн захирал В** М***, Ц***С***нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй, өнөөдрийг хүрсэн нөхцөл байдлаас шалтгаалж, цаашид барьцаат зээлийн *** дугаар гэрээг үргэжлүүлэх боломжгүй болж гэрээг цуцлах нөхцөл байдалд хүрээд байна. Зээлдэгч *** ХХК-ийн захирал В.М***, Ц.С***нарын зээлийн үлдэгдэл 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 39 881 918,59 төгрөг, хүү 4 535 450 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 270122 төгрөг нийт 44 687 490,59 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгө, орлогоос гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч *** ХХК-ийн захирал В.М***, Ц.С***нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*** ХХК нь *** банктай 2013.08.23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж өнөөдрийг хүртэл *** банкинд нийт 135 000 000 төгрөгийн төлбөр төлсөн. *** ХХК нь 2016 онд үйл ажилллагаа явуулаагүй учраас зээлийн үлдэгдэл төлбөрийг хугацаанд нь төлж чадаагүй ба үлдэгдэл төлбөр болох 44 687 490 төгрөгийг дараах байдлаар төлөх боломжтой байна. *** ХХК нь уг зээлийн барьцаа хөрөнгөд байгаа Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 6-р хороо, 6-р хороолол, 31-р байр, 49 тоот орон сууцыг зээлдэгч Ц.С***ийн эгч Ц.Х**д худалдаж зээлийн төлбөрийг барагдуулах боломжтой байна. Ц.Х** нь Улаанбаатар хотод Монголын хамгийн анхны шидэт зөгийн хувийн эмнэлэгийг ажиллуулдаг ба тогтвортой орлоготой болно. уг орон сууцыг худалдаж авахад 20 000 000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 24 687 490 төгрөгийг орон сууцны болон хүү багатай зээл авч төлөх боломжтой байна. Зээлдэгч В.М***гийн нэр дээрх үйл ажиллагаа явуулах боломжтой Дархан-Уул аймаг Дархан сум 5-р баг 20 хороолол 7 байр, 70 тоот 100 000 000 төгрөгөөр худалдан авсан 3 өрөө орон сууцыг зээлийн төлбөр болох 44 687 490 төгрөгийн төлбөрт өгөх боломжтой. *** ХХК ны барьцаа хөрөнгүүд нь зээлийн үлдэгдэл төлбөрийн үүргийн гүйцэтгэлээс давсан дүнтэй байгаа учраас барьцаа хөрөнгөөр хангуулах боломжгүй гэж үзэж байна. Мөн *** банк нь шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ зээлийн гэрээг дуусгавар болгож байгаагаа мэдэгдсэн ба шүүхэд өгсөн өдрөөс хүү алданги нь зогсох ёстой. Иймд хүү, алданги нэмж төлөх боломжгүй юм. Иймд *** ХХК-ийн зээл төлөх боломжуудыг харгалзан үзэж шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

*** банкны Дархан салбар нь хариуцагч *** ХХК, Ц.С***нарт холбогду** үндсэн төлбөр 39 881 918,59 төгрөг, хүү 4 535 450 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 270122 төгрөг нийт 44 687 490,59 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгө, орлогоос гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч  *** ХХК, Ц.С***нар нь зээлийн үлдэгдэл төлбөрийн талаар маргаагүй бөгөөд хэсэгчлэн төлөх хүсэлтэй байх тул шүүх харгалзаж үзнэ үү гэжээ.

 

Хариуцагч нар нь зээлийн төлбөрт 135 000 000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч *** банкны Дархан салбар, хариуцагч *** ХХК, Ц.С***нар нь 2013 оны 8 дугаар сарын 5-ны өдөр №*** дугаартай гэрээ байгу** 120 000 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 25,2 хувийн хүүтэй, холимог зориулалтаар Барьцаат зээлийн гэрээ байгу**, ***УБ R-290 загварын Экскаватр, Баталгаат ипотекийн гэрээгээр Дархан-Уул аймаг Дархан сум 14-р баг ***тоот, Ү-***, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 6-р хороолол ***тоото, Ү-*** тоот бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 10-22/

 

Зээлдэгч *** ХХК, Ц.С***нарын хүсэлтээр 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр *** тоот зээлийн нөхцөл байдлыг үндэслэн нөхцөл өөрчилж зээлийн хугацааг 1 жилээр сунган эхний 6 сар үндсэн төлбөрөөс чөлөөлж өгсөн болох нь хэрэгт авагдсан *** дугаартай барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, эргэн төлөлтийн хуваарь зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 23-29/

 

Талуудын хооронд байгуулсан нэмэлт зээлийн гэрээний хугацаа дуусаагүй боловч хариуцагч нар нь зээлийн төлбөрийг 2016 оны 4 сараас хойш доголдуулж, төлбөр хийгээгүй байх тул нэхэмжлэгч *** банкнаас зээлийн төлбөр төлөхийг шаардаж мэдэгдэх хуудас хүргүүж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 30-33/

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар хариуцагч *** ХХК, Ц.С***нарт зээлийн гэрээний хугацаа сунгаж нэмэлт гэрээгээр нөхцөл өөрчилж хугацааг 1 жилээр сунгасан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” мөн хуулийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч *** ХХК, Ц.С***нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү 44 687 490,59 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

*** банк *** дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2013 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Баталгаат ипотекийн гэрээ байгуулж, ***УБ R-290 загварын Экскаватр, Дархан-Уул аймаг Дархан сум 14-р баг ***тоот, Ү-*** эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууц, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 6-р хороолол ***тоот, Ү-*** тоот бүртгэлийн дугаартай орон сууц зэргийг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан Барьцаат зээлийн гэрээ, Баталгаат Ипотекийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн37-39/

 

Дээрх зээлийн Ипотекийн гэрээг Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй.

 

Хариуцагч Ц.С***т шүүх хурлын товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээрг шүүх хуралдаанд ирээгүй байх тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *** банкны Дархан салбар, хариуцагч *** ХХК, Ц.С***нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч *** ХХК, Ц.С***нараас 44 687 490,59 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** банкны Дархан салбарт олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175  дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох ***УБ R-290 загварын Экскаватр, Дархан-Уул аймаг Дархан сум 14-р баг ***тоот, Ү-*** эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууц, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 6-р хороолол ***тоот, Ү-*** тоот бүртгэлийн дугаартай орон сууц зэргийг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 381 400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 381 400 төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгчид олгосугай.   

 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.АЛТАНТУЯА