| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/01308/и |
| Дугаар | 1447 |
| Огноо | 2016-11-08 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 1447
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2016/01308/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын 7 дугаар баг, *** тоотод оршин суух А*** овогт Д*** Д*** /РД: *** /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 7 дугаар баг, *** сургуульд холбогдох,
"Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болон амралтын олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*** , хариуцагчийн төлөөлөгч Ж.М***, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Д*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... 2015 оны 12 дугаар сард Дархан-Уул аймгийн Дархан сумын *** сургууль дээр зарлагдсан мэдээлэл зүй, англи хэлний багшийн сонгон шалгаруулалтанд орж, хамгийн өндөр оноо авч, 1 дүгээр байранд шалгарч тэнцээд тус сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар тушаалаар мэдээлэл зүй, англи хэлний багшаар томилогдон ажиллах болсон. Тухайн үед сургуулийн захирал Б.Г*** 3 сарын туршилтын хугацаагаар ажиллуулах тушаал гаргаж, Хөдөлмөрийн түр гэрээ гэх 3 сарын хугацаатай гэрээг надтай байгуулсан. Ингээд миний бие 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Мэдээлэл зүй, англи хэлний багшаар ажиллаж, мэдээлэл зүйн 8 цаг, англи хэлний 12 цаг нийт 7 хоногийн 20 цагийн хичээл зааж байсан. Гэрээний хугацаа дуусахад захирал өрөөндөө дуудаж, гэрээг дүгнэж сайн дүгнэгдсэн учир үргэлжлүүлэн ажил гэх чиглэлийг надад өгсөн. 2016 оны 04 сарын 19-ний өдөр *** сургуулийн багш нарын зөвлөлийн хурал болж, тус хурал дээр захирал Б.Г*** манай сургуулийн багш нар бүгд мэргэжлийн үндсэн багш нар байгаа гэж хэлж, Д.Д*** намайг үндсэн багш болгосон тухай хамт олны хурал дээр албан ёсоор мэдэгдсэний зэрэгцээ 2016 оны 04 сарын 19-ний өдрөөс 8а ангийн анги удирдсан багшаар томилсон тушаал гарсныг албан ёсоор мэдэгдэж, хамт олны өмнө баяр хүргэж, амжилт хүссэн үгийг хэлж, түүнээс хойш анги удирдсан багшаар ажиллаж ирсэн. Мөн тус сургуулийн нийгмийн ухааны секцийн ахлагч, залуу багш нарын холбооны тэргүүлэгч гишүүнээр тус тус сонгогдон ажилласан. 2016 оны 08 сарын 22-ны өдөр захирал солигдож, Ж.М*** захирал албан ёсоор сургуулийн захирлын ажил үүргийг хэрэгжүүлэх болсон ба ажлаа аваад 2016 оны 08 сарын 31-ний өдөр сургалтын менежер С*** ыг ажлаас нь чөлөөлж, 2016 оны 09 сарын 01-ний өдөр
Технологийн багш С***ыг мөн ажлаас нь чөлөөлж, намайг өрөөндөө дуудаж, чиний хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан чи манай сургуульд ямар ч хамаагүй хүн, гэрээ тушаалгүйгээр ажилласан чамд акт тавина, одоо чи ажилдаа ирэхгүй байж болно гэж хэлсэн. Тухайн үедээ яах учраа олохгүй 2016 оны 09 сарын 01-02 хичээлийн өдөр өөрийн заах хичээлээ хуваарийн дагуу заасан ба миний бие давхар жирэмсний хяналтанд орох, нарийн шинжилгээ өгөх шаардлагын улмаас захирал Ж.М*** д хандаж чөлөө хүсэхэд мөн л манай сургуульд хамааралгүй хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн цохолт хийж өгсөн. Тиймээс би 2016 оны 09 сарын 02-ны өдөр хичээлээ заасан. 2016 оны 09 сарын 05-нд ажилдаа хичээлээ заахаар ирэхэд миний хичээлийн цагийг хасаж, намайг ажил хийх боломжгүй байдалд оруулсан. Энэ талаар шинэ сургалтын менежер С*** захирал намайг гэрээгүй багшид цаг өгч заалгалаа, чи өөрөө цалинг нь төлөөрэй гээд би чиний цагийг хасчихсан, захиралтай орж уулзаарай гэсэн. Би захирал Ж.М*** дээр очиж асуухад чамайг үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй, гэрээний хугацаа дууссан чи одоо сургуульд хамааралгүй хүн гэхэд нь ажлаас халсан тушаалаа өгчих гэхэд тушаал гаргах шаардлагагүй, чи өөрөө хүсэлтээ бичээд өгвөл цагийн багшаар ажиллуулж болно гэсэн хариултыг хэлсэн.
Миний хувьд *** сургуульд сонгон шалгаруулалтаар орж, улмаар үндсэн багш, анги удирдсан багш, нийгмийн ухааны нэгдлийн ахлагчаар ажиллаж ирсэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэсний дагуу хөдөлмөрлөх эрхээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа гэж ойлгож байгаа. Гэтэл шинэ захирал хууль бус шаардлага тавьж хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх зүйлээр шалтаглаж хичээлийн цагийг хасаж, хичээлийг заалгахгүй, ажлаас чөлөөлөх халах тушаалын аль нэгийг гаргаж гардуулаагүй мөртлөө ажил хийх боломжийг бүрэн хааж байгаа тул шүүхэд хандаж байна.
Хөдөлмөрийн гэрээг байгуулах, тушаал шийдвэр гаргах, цалин хөлс бодох зэрэг нь жирийн ажилтан миний эрх хэмжээний асуудал биш бөгөөд өмнөх хайхрамжгүй үйлдэл, шинэ ажил олгогчийн шахалт дарамт дур зоргоос шалтгаалж иргэн миний үндсэн хуулиар, хөдөлмөрийн хуулиар баталгаажсан хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, ажлаа алдахад хүрээд байна. Мөн намайг 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 06 дугаар сар хүртэл ажиллаж, 2016 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэл амрах хугацаанд амралтын мөнгийг одоог болтол бодож өгөөгүй учир амралтын мөнгийг гаргуулах хүсэлттэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ажил олгогч хууль бус эс үйлдэхүй, хууль бус дур зоргын үйлдэл гаргаж намайг ажлаас үндэслэлгүй халж байгааг анхааран үзэж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Д*** нь 2015.12.14-ний өдөр зарлагдсан Мэдээлэл зүй, англи хэлний багшийн сонгон шалгаруулалтад оролцож хамгийн өндөр оноо авч “Энэрэл” цогцолбор сургуулийн захирлын 2015.12.15-ны өдрийн *** дугаар тушаалаар Мэдээлэл зүйн багшаар ажилд орсон. 2016.08.23-ны өдөр тус сургуулийн захирлын албанд Ж.М*** ирсэн ба 2016.09.01-ний өдрөөс эхлэн Д.Д*** г үндэслэлгүй шаардлага тавин ажлаас халах оролдлого хийсэн ба тус өдрөөс эхлэн цагийг нь хасаж, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2016.10.06-ны өдөр Д.Д*** г ямар нэгэн тушаал шийдвэр танилцуулж гардуулалгүйгээр ажлаас нь хөөж явуулсан байдаг. Энэ байдал нь сургуулийн багш ажилчдын хөдөлмөрийн харилцааг эрх хэмжээнийхээ хүрээнд хуулийн дагуу тушаал гаргаж шийдвэрлэх ёстой захирал Д.Д*** гийн хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчиж, 2016.09.01-ний өдрөөс ажиллах нөхцөл боломжийг нь хязгаарлаж, улмаар 2016.10.06-ны өдрөөс тушаал гаргалгүйгээр ажлаас халсан хууль бус үйлдлүүдийг удаа дараа гаргасан. Д.Д*** өөрийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байна хэмээн үзэж 2016.09.06-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө сургуулийн удирдлага, үйлдвэрчний эвлэл зэрэг газруудад хүсэлт, гомдлоо өгсөн боловч шийдвэрлэгдээгүй тул эрхээ хамгаалуулахаар шүүхэд зарга мэдүүлсэн болно. Ингэхдээ Монгол Улсын дээд шүүхийн 2012.06.15-ны өдрийн зөвлөмжийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар Ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж, өгөөгүй атлаа ажилтны ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үзнэ... гэснийг удирдлага болгон нэхэмжлэл гаргасан. Иймд хэдийгээр хариуцагч Ж.М*** би ажлаас халаагүй хуулиа барьж ажиллаж байгаа гэсэн тайлбарыг шүүхэд амаар болон бичгээр гаргасан тайлбартаа дурдаж өөрийгөө зөвтгөж байгаа боловч нэхэмжлэгч Д.Д*** гийн хөдөлмөрлөх эрхийг захирал Ж.М*** хууль бус үйлдлээрээ бүрэн хязгаарлаж байгаа тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй юм.
Шаардах эрхийн үндэслэлийн тухайд нэхэмжлэгч Д.Д*** гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчаас ирүүлсэн тайлбар талуудын хооронд үүссэн маргааны зүйл, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 128.1.8, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтуудаар тус тус тодорхойлогдож байна. Нэхэмжлэгч Д.Д**гийн хөдөлмөрлөх эрх нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан, хөдөлмөрийн харилцааг нарийвчлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулиар баталгаажсан иргэн хүний үндсэн эрх юм. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэнэ гээд ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй; гэж заасан байдаг ба хөдөлмөрлөх эрх бол Монгол Улсын иргэн хүний үндсэн эрх болохыг онцгойлон дурдах нь зүйтэй. Хөдөлмөрийн тухай хууль: Хөдөлмөрийн гэрээний хугацааны талаар 23 дугаар зүйл 23.2.1. байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна. 3.1.15.”байнгын ажлын байр” гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг гэж хуульчилсан байдаг. Ерөнхий боловсролын сургуулийн багш гэдэг бол байнгын ажлын байр гэх тодорхойлолтод багтана. Тиймээс мэдээлэл зүйн багш Д.Д*** тэй “Энэрэл” цогцолбор сургуулийн захирал Хөдөлмөрийн гээрээг хугацаагүйгээр байгуулсан байх ёстой. Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болох тохиолдлууд хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2-т заасны дагуу талууд тохиролцсон тохиолдолд 23.2.3-т заасан 3 үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болохоор хуульчилжээ. Үүнээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой буюу туршилтын хугацаа тогтоож хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахын тулд ямар урьдчилсан нөхцлийг хууль шаардаж байгаа талаар авч үзвэл: ХтХ-ийн 23.2.3.ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон сургалтын хугацаагаар.Туршилтын болон сургалтын хугацаа нь 6 сараас илүүгүй байна. Хуулийн тус заалтаас үзвэл туршилтын хугацаагаар иргэнийг ажиллуулах бол байгууллагын дотоод журамд заасан тодорхой үндэслэлийг баримтлах ёстой байна. *** сургуулийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.1.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3 дахь заалтын дагуу туршилтын болон сургалтын хугацаагаар ажилтныг 6 сараас илүүгүйгээр ажиллуулж цаашид хөдөлмөрийн гэрээг сунгахыг захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ. гэж заасан байна. Дотоод журмын уг заалт нь хөдөлмөрийн хуулийн заалтыг хуулж бичсэн байгаагаас биш ямар үндэслэлээр, ямар албан тушаал дээр, хэр хугацаагаар туршилтын хугацаагаар ажиллуулах талаар тодорхой заасан байх шаардлагыг хангахгүй байгаа тул тус заалтыг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэх хууль зүйн дүгнэлтэд хүрч байна.
Учир нь: УДШ-ийн зөвлөмжийн 1.3. в/“…шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон туршилтын болон сургалтын хугацаагаар” хөдөлмөрийн гэрээ байгуулж болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т тусгажээ. Энэ зохицуулалтаас үзэхэд ажил олгогч нь ажилтантай туршилтын хугацаагаар 6 сар хүртэл хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Гэхдээ энэ талаар ямар ажлын байранд, хэдий хугацаагаар хөдөлмөрийн гэрээг /6 сар хүртэл/ байгуулж болохыг тухайн байгууллагын дотоод журамд тусгасан тохиолдолд уг заалтыг хэрэглэх боломжтойг анхаарвал зохино. г/“түр томилох”, “түр ажилд авах” гэсэн нэр томьёог хэрэглэн ажилтантай хугацаатай гэрээ байгуулах нь түгээмэл байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасан “ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар” тус тус хугацаатай гэрээ байгуулж болох ба харин бусад тохиолдолд шинээр орж байгаа ажилтантай “түр хугацаагаар” хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй гэж үзнэ. д/хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсгийн заалт нь ажилтан, ажил олгогчийн тохиролцооны үндсэн дээр тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах нөхцөлийг зохицуулжээ.Иймээс ажил олгогчийн шахалт, шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан эсэхэд шүүх анхаарах учиртай. Иймд Д.Д*** тэй туршилтын 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан тул хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх харицагчийн тайлбар үндэслэлгүй юм. Д.Д*** г ажлаас халах тушаал шийдвэр гаргаагүй, сургалтын үйл ажиллагааг зогсоосон гэх хариуцагчийн тайлбарын талаар: Ажил олгогч ажилтны хөдөлмөрлөх эрхийг Ажлаас халах тушаал шийдвэр гаргаж, эсвэл хуульд заасан үндэслэлээр түдгэлзүүлэх 2 тохиолдолд л хөдөлмөрийн харилцааг зогсоож, цалин хөлс олгохыг мөн зогсоодог. Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан “ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлэх” үндэслэл бий болоогүй байхад ажил олгогч ажилтны ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж болохгүй гэснээс үзэхэд хөдөлмөрийн хуулийн 44 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдээгүй байхад ажил олгогч хэний ч хөдөлмөрлөх эрхийг түдгэлзүүлж зогсоож болохгүй байна. Иймд хариуцагчийн Д.Д*** гийн сургалтын үйл ажиллагааг зогсоох үүрэг өгсөн гэх тайлбар үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Д.Д*** нь жирэмсэн бөгөөд эмчийн хяналтын карт, тодорхойлолтоор түүний жирэмсэн болох нь нотлогдож байгаа юм. Дээр дурдсанчлан Хөдөлмөрлөх эрх нь Монгол Улсын иргэн хүний үндсэн эрх төдийгүй ХтХ-д зааснаар жирэмсэн хүний хөдөлмөр нь тусдаа зохицуулалттай онцлог хөдөлмөрийн харилцаа байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно.[1] үүнээс үзэхэд дээрхи 3 үндэслэлээс өөр ямар ч үндэслэлээр жирэмсэн болон бага насны хүүхэдтэй эмэгтэй хүнийг ажлаас халах боомжгүй болохыг хууль тогтоогч тодорхой хуульчилсан байна. Иймд нэхэмжлэгч Д.Д*** гийн хөдөлмөрлөх эрхийг хариуцагч Ж.М*** хууль бус үйлдлээр ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Хариуцагч Д.Д*** бол үндсэн багш биш гэж тайлбарлаж байгаа боловч Д.Д*** анх ажилд орохдоо сонгон шалгаруулалтын үндсэн дээр ажилд орсон, хамт олны хурал дээр захирлын зүгээс үндсэн багш хэмээн албан ёсоор мэдэгдсэн, 8а анги удирдсан багшаар томилон ажлуулсан захирлын тушаал, нэгдлийн ахлагчаар ажиллаж байсан байдал, гэрчүүдийн мэдүүлэг зэргээс үзэхэд Д.Д*** нь үндсэн багш болох нь нотлогдож байна. Сургуулийн эрх бүхий албан тушаалтан хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулаагүй холбогдох тушаал шийдвэрийг гаргаагүй зэрэг нь ажилтан Д.Д*** гийн буруутай үйл ажиллагаа биш тул хариуцагч тайлбартаа Д.Д*** г буруутгасан байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагч *** сургуулийн захирал Ж.М*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Д*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ багшийн сонгон шалгаруулалтад орж 2015.12.15-ны өдрийн захирлын *** тоот тушаалаар багшаар томилогдон ажилласан гэж байна. Гэтэл манай сургуульд сонгон шалгаруулалт явуулсан материал огт байхгүй. Д.Д*** г ажилд томилсон 2015.12.15-ны өдрийн *** тоот тушаал нь мэдээлэл зүйн багшийн орон тоон дээр 3 сарын туршилтын хугацаагаар түр ажиллуулахаар заасан бөгөөд Д*** тэй байгуулсан гэрээндээ мөн 3 сарын хугацаагаар ажиллуулахаар тус тус заасан. Дээрх тушаал болон гэрээнд Д*** г англи хэлний багшаар ажиллуулах үг өгүүлбэр огт тусгагдаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3-т “ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон сургалтын хугацаагаар.Туршилтын болон сургалтын хугацаа нь 6 сараас илүүгүй байна.” гэж заасан байдаг. Үүний дагуу Д*** тэй байгуулсан гэрээ нь 2016.3.15-ны өдөр дууссан, тус гэрээг дахин нэг сунгах боломж байлаа гэж харахад 2016.6.15-ныг хүртэл сунгасан байх боломжтой юм. Үүнээс цааш хөдөлмөрийн гэрээний хугацаа болон багшаар ажиллах захирлын тушаалын хугацаа ч дууссан. Тиймээс дахин гэрээ хийж байж л Д*** нь багшаар ажиллах нөхцөл нь үүснэ. Англи хэлний үндсэн багшаар ажиллаж байсан гэж тайлбар гаргасан байсан. Англи хэлний үндсэн багшийн орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулаагүй, Д*** гийн 12 цаг хичээл заасан гээд байгаа нь сургалтын менежер С*** ын бүрдүүлж өгсөн нөхцөл юм. Манай сургуулийн хүүхдийн болон багшийн орон тоог баталсан тушаалыг хэрэгт хавсаргасан байгаа. Англи хэлний нэг багштай байна гэсэн захирлын тушаал ч байдаг. Тэгэхээр манай сургууль англи хэлний Д.Б** гээд багштай, энэ багшийн нэр нь хүртэл хүүхдийн тооны нэрсийн жагсаалтад байгаа. Манай сургууль мэдээлэл зүйн цагийн багшийн орон тоогоо өөрсдөө баталсан. Боловсрол Соёл Шинжлэх ухааны яамны сайд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын тушаалын хавсралтад хүүхдийн тоог 32-35 байна гэсэн байгаа гэтэл манай сургуулийн анги дүүргэлт нь зааландаа хүрдэггүй, төсөв санхүү хүрэлцээтэй тохиолдолд групп болж болно гэж заасан, гэтэл хүүхдүүдийг дур мэдэн групплэсэн байдаг. Манай сургууль нэг анги танхимтай байхад англи хэлний багшийг 2 орон тоотой болгож байгаа нь С*** ын хийсэн ажил бөгөөд Д*** д 2015 оны 2 дугаар сараас хойш мэдээлэл зүй, англи хэлний багшийн цалинг давхар өгөөд явсан байсан. Харин ч би энэ мөнгийг нэхэмжлэх эрхтэй байх гэж бодож байна. Хэрэв энэ асуудал шалгалтаар илэрсэн бол мэдээж акт тавигдах байсан. Дараагийн нэг асуудал бол Багш хөгжлийн төвийн багшийн сонгон шалгаруулалт авсан тухай 2015.12.14-ний өдрийн 02 дугаартай тэмдэглэл байгаа. Уг тэмдэглэлд мэдээлэл зүйн үндсэн багшаар Д*** г авав гэж хамгийн сүүлд нь л бичсэн байгаа нь тэр хүнийг мэдээлэл зүйн багшийн үндсэн орон тоонд ажилд авсан гэж үзэж болох юм уу, үүнийг юу гэж үзэх юм бэ, сонгон шалгаруулалтад орсон хүмүүсийн дүнг нэгтгэсэн байгаа. Гэтэл тэр дүнг нэгтгэсэн материал дотор Ариун-Ундарга гэдэг хүний нэр ч байхгүй, өөрөөр хэлбэл Ариун-Ундарга гэдэг хүн 2015 оны 4 дүгээр сард ажилд орсон. 2015 оны 4 дүгээр сард ажилд орсон хүний нэрийг бичээгүй байж 2015 оны 12 дугаар сард ажилд орсон хүнийг уг сонгон шалгаруулалтад оруулсан байна гэдэг нь өмнөх удирдлагуудын үйлдсэн хуурамч нотлох баримт юм. Энэ бүхнээс харахад Д*** нь үндсэн багш байх үндэслэлгүй гэдэг нь илт байна. Сонгон шалгаруулалтыг багш хөгжлийн төвд зарласан гэдгээ Г*** захирал шүүхэд гаргасан тайлбараа мэдүүлсэн байсан. 8а ангийг А*** гэдэг багш удирдаж байхад хууль бусаар ажлаас халчхаад Д*** д 8а ангийг дааж ав гэж өгсөн байх. Д*** нь үндсэн багш биш учраас анги даалгах ёсгүй, А*** багшийг ажлаас халсан тушаалын үндэслэл нь хуулийн шаардлага хангаагүй байсан учраас шүүхийн шийдвэрээр А*** багш эргээд ажилд орсон байгаа, ажилд орсон тушаалыг нь хэрэгт хавсаргасан.
Хөдөлмөрийн гэрээг талууд байгуулахад аль аль тал нь тэнцүү эрхтэйгээр орох ёстой. Гэрээний нэг тал байхгүйгээр дангаар гэрээ байгуулдаг хуулийн заалт байхгүй. Гэтэл Д*** нь хөдөлмөрийн гэрээ байгуулахад өөрөө байж гарын үсэг зурсан атлаа бараг л манай сургуулийн удирдлагын шахалт дарамтаас болж гарын үсэг зурсан зүйл яриад байгаа нь үндэслэлгүй байна. Би Д*** г 2-3 удаа дуудахдаа сургалтын менежер С*** , соёлын менежер нарыг дуудаж хамт уулзсан. Энэ асуудал дээр ямар зохицуулалт хийх вэ гэдэг талаар л ярьсан. Гэтэл намайг дарамт шахалт үзүүлсэн зүйл яриад байгаа нь Д*** нь багшийн ёс зүйгүй, худал мэдүүлж байгаа нь харамсалтай байна. Ээлжийн амралтын хувьд Д*** гийн туршилтын хугацаа нь 2016.6.15-ны өдөр дууссан учраас амралтын мөнгө олгох үндэслэлгүй гэдэг талаар манай сургуулийн нягтлан тайлбарласан байдаг. Л*** нь манай сургуулийн мэдээлэл зүйн үндсэн багш бөгөөд 2016 оны 9 сарын 01-ний өдөр ажилдаа эргэн орсон. Д*** г ажлаас халсан тушаал огт гаргаагүй, тэгэхэд харин ч мэдээлэл зүйн цагийн багшийн ажлаа хий гэж хэлсэн. Д*** эхлээд зөвшөөрөхгүй байж байгаад сүүлдээ ойлгоод цагийн багшийн ажлаа хийхийг зөвшөөрч, 2016.9.05-ны өдрийн захирлын тушаалаар 2016.9.01-нээс эхлэн цагийн багшаар ажиллуулах тушаал гаргасан. Гэтэл Д*** тэй цагийн багшийнх нь ажлын байранд дээр гэрээгээ хийе гэхээр би цагийн багшийн ажлын албан тушаал дээр гэрээ хийхгүй, үндсэн багшаараа гэрээ хийнэ гэдэг зүйл ярьж эхэлсэн. Д*** нь эсрэгээрээ харин ч намайг шахалт дарамтад оруулаад байна. Тэгээд би Д*** г гэрээ хийхгүй байсан учраас сургалтын менежерт сургалтаа зогсоо гэж хэлээд сургалтын менежер сургалтаа зогсоож, Д*** гийн ажлаа хийхийг түр зогсоо гэсэн үүрэг өгсөн. Д*** гээс би гэрээгээ хийе гэдгийг 2-3 удаа шаардсан, бүр сүүлдээ гэрээ хийхгүй бол тэр тайлбараа бичгээр үйлдэж, мэдэгдэл өгөөч ээ гэж хүртэл хэлсэн. Д*** нь 2016.10.06-наас эхлэн гэрээгээ хийгээгүй учраас Д*** гийн ажлыг нь зогсоосон. Тэгээд бүр зогсохгүй Д*** нь анги танхимаа цоожилж, сургалт явуулахгүй байгаа нь хүүхдийн эрхийг зөрчиж байна гэж үзэж байгаа. Би Д*** д боломжит бүх нөхцөлийг нь гаргаж өгсөн. Д*** ажилласан хугацааныхаа бүх цалинг үндсэн багш биш атлаа үндсэн багшийн ажлын цагаар цалингаа бодуулж авсан байдаг. Цагийн багшийн цалинг нь 2016.9 дүгээр сард би олгосон. Харин ч манайхаас илүү цалин аваад явж байгаа байж ийм асуудал үүсгээд яваад байгааг би ерөөсөө үүнийг ойлгохгүй байна. Би Д*** г ажлаас халаагүй, тиймээс нийгмийн даатгалын дэвтэр дээр нь нөхөн бичилт хийх шаардлагагүй. Дээрх байдлуудаас харахад Д*** шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь үндслэлгүй, гүтгэлгийн шинжтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Д*** нь хариуцагч *** сургуульд холбогдуулан, тус сургуулийн захирал Ж.М*** ажлаас халсан тушаал гаргаагүй атлаа ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байгааг ажлаас халагдсантай адилтган үзэж, тус сургуулийн мэдээлэл зүй, англи хэлний багшийн ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, амралтын олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагыг гаргажээ.
Хариуцагч *** сургуулийн захирал Ж.М*** - Д.Д*** нь хүүхэд асрах чөлөөтэй байгаа багшийн оронд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар тушаалаар 3 сарын туршилтын хугацаагаар томилогдож, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байсан тул түүнийг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, цуцлах гэрээ байхгүй тул ажлаас халах тушаал гаргах боломжгүй, жирэмсний амралттай багшийн оронд мэдээлэл зүйн хичээлийг цагаар заах боломжтой гэж үзэж түүнийг 2016 оны 09 сарын 05-ны өдрийн Б/62 дугаартай тушаалаар мэдээлэл зүйн багшаар томилсон боловч хөдөлмөрийн гэрээ хийхгүй байсан тул 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Д.Д*** г сургалт явуулахыг зогсоох үүрэг өгсөн, батлагдсан орон тооноос илүү орон тоогоор ажиллуулах боломжгүй бөгөөд үүнд сургуулийн өмнөх удирдлагуудын сургалтын төлөвлөгөөг дур мэдэн өөрчилж, цаг гарган Д.Д*** г үндсэн багшаар цалинжуулан ажиллуулж эрх мэдлээ хэтрүүлсэн санаатай үйлдэл байсан нь тодорхой байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.
Дархан-Уул аймгийн *** сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар “Д.Д*** г түр ажилд томилох тухай” тушаалаар тус сургуулийн мэдээлэл зүйн багшийн ажилд мөн өдрөөс эхлэн 3 сарын туршилтын хугацаагаар томилж, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 3 сарын туршилтын хугацаагаар “Хөдөлмөрийн түр гэрээ”-г байгуулсан бөгөөд тус сургуулийн захирлын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн*** дугаартай тушаалаар Д.Д*** г анги удирдсан багшаар томилж, улмаар 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл тус сургуульд мэдээлэл зүй, англи хэлний хичээл зааж ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дээрх тушаалууд, Д.Д*** гийн цалингийн карт, хариуцагчийн төлөөлөгч Ж.М*** гийн шүүх хуралдаан дээр гаргасан “... 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ажиллаагүй” гэсэн тайлбараар тогтоогдож байна.
Тус сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/62 дугаартай “Д.Д*** г түр ажилд томилох тухай” тушаал гарч, жирэмсний амралттай байгаа мэдээлэл зүй, технологийн багш М.Л*** гийн оронд Д.Д*** г мэдээлэл зүйн цагийн багшийн ажилд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс түр томилжээ.
Хариуцагчийн төлөөлөгч нь ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй байхад ажилд эргүүлэн тогтоолгох шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй, учир нь хөдөлмөрийн гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тушаалаар 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дууссан бөгөөд хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар тухайн хугацаагаар сунгагдсан гэж үзэхэд 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дууссан байгаа тул түүнээс хойш Д.Д*** гийн хувьд тус сургуультай ямар нэгэн гэрээ, тушаалгүйгээр ажиллаж байсан тул сургуулийн орон тоонд нийцүүлэн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/62 дугаартай тушаалаар ажилд томилсон боловч өөрөө ажиллаагүй гэж тайлбарладаг болно.
Дээрх баримтууд, талуудын тайлбарыг дүгнэж үзэхэд нэхэмжлэгч Д.Д*** нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар тушаалаар *** сургуулийн мэдээлэл зүйн багшаар 3 сарын туршилтын хугацаатайгаар томилогдож, энэ хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн*** дугаар тушаалаар анги удирдсан багшаар томилсон байгаа нь дээрх 3 сарын туршилтын хугацаа дуусч, түүнийг үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
Мөн хэрэгт авагдсан гэрч Н.С*** ын “... анх ажилд орохдоо 3 сарын туршилтын хугацаагаар ажилд орж байсан. 2016 оны 04 дүгээр сард хамт олны хурал дээр сургуулийн захирал Б.Г*** манай сургууль үндсэн мэргэжлийн багшаар 100 хувь хангагдсан гэж хэлж байсан. Д.Д*** нь заах аргын секцийн ахлагч, 8а ангийн анги удирдсан багшаар ажиллаж байсан, үндсэн багш анги удирддаг байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Г*** ын “Д.Д*** багш манай сургуулиас зарласан багш хөгжлийн төвийн сонгон шалгаруулалтанд оролцсон. Тэр үед сургууль мэргэжлийн мэдээлэл зүйн багшгүй байсан тул багшийн хэрэгцээ шаардлага байсан. Захирлын зөвлөлийн дэргэдэх хурлаар сонгон шалгаруулалтанд 1, 2 дугаар байрт шалгарсан хүмүүсийг хэлэлцэн Д.Д*** багшийг мэдээлэл зүйн багшаар томилсон. ... Мөн санхүү, хяналт аудитын албанаас түр туршилтын хугацаагаар томилсон Д.Д*** гийн гэрээг хугацаагүйгээр байгуулахыг сануулж байсан” гэсэн мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч Д.Д*** нь тус сургуулийн байнгын ажлын байранд үргэлжлүүлэн ажилласан болох нь тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах үүрэгтэй бөгөөд Д.Д*** тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан туршилтын хугацаа дуусч, үргэлжлүүлэн мэдээлэл зүйн багшийн байнгын ажлын байранд ажилласан байхад түүнтэй мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т зааснаар хугацаагүй гэрээг байгуулаагүй нь ажил олгогчийн буруутай ажиллагаа юм. Иймд Д.Д*** г тус сургуулийн мэдээлэл зүйн багшийн байнгын ажлын байранд энэхүү хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулан ажиллаж байгаа ажилтны нэгэн адил ажиллаж байсан гэж үзнэ.
Хариуцагчийн төлөөлөгч Ж.М*** шүүхэд болон шүүх хуралдаанд Д.Д*** г мэдээлэл зүйн үндсэн багш Л*** гэх багшийн оронд ажиллуулж байсан, анхнаасаа багш хөгжлийн төвийн багшийн сонгон шалгаруулалт явуулсан байхад тус тэмдэглэл дээрээ мэдээлэл зүйн үндсэн багшаар шалгарлаа гэж бичсэн, энэхүү шалгаруулалтын материалууд зөрүүтэй, хуурамч болох нь тогтоогдож байгаа, үндсэн багш биш хүнээр анги удирдуулсан, хөдөлмөрийн гэрээ байгуулахад талууд тэгш эрхтэй байхад Д.Д*** нь өөрөө гэрээ байгуулахдаа хайнга хандсан, ямар ч гэрээ, тушаалгүйгээр 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарыг хүртэл үндсэн багшаар ажилласнаар цалин авсан зэрэг тухайн удирдлагуудын хууль бус ажиллагаа бөгөөд түүнийг залруулж ажиллаж байна” гэж тайлбарладаг бөгөөд энэхүү тайлбарт дурдагдсан үйл баримтууд нь нэхэмжлэгч Д.Д*** гийн үйлдэл, эс үйлдэхүйтэй хамааралгүй байх тул ажил олгогчийн буруутай үйл ажиллагааны хариуцлагыг ажилтан хүлээх хууль зүйн үндэслэлгүй байна.
Хариуцагчийн төлөөлөгчийн Д.Д*** г мэдээлэл зүйн үндсэн багш М.Л*** гийн оронд түр хугацаагаар ажилд орсон гэсэн тайлбарыг хэрэгт баримттай харьцуулан үзэхэд *** сургуулийн захирлын 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ***тай Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалаар М.Л*** г мэдээлэл зүй, технологийн багшаар 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн томилсон, мөн захирлын 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн *** тушаалаар багш М.Л*** д 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны амралтыг олгож, оронд нь Э. Д*** технологийн багшаар түр томилон ажиллуулжээ.
Хэрэгт авагдсан дээрх тушаалууд болон нэхэмжлэгч Д.Д*** г ажилд түр томилсон тушаалаар Д.Д*** г багш М.Л*** гийн оронд томилсон болох нь тогтоогдохгүй байна.
Тус сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/62 дугаартай “Д.Д*** г түр ажилд томилох тухай” тушаалаар жирэмсний амралттай байгаа Мэдээлэл зүй технологийн багш М.Л*** гийн оронд Д.Д*** г мэдээлэл зүйн цагийн багшийн ажилд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс түр томилсон байх бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Ж.М*** уг тушаалыг нэхэмжлэгч Д.Д*** тэй харилцан зөвшилцсөний дагуу гаргаж, хөдөлмөрийн гэрээг байгуулъя гэхэд хөдөлмөрийн гэрээг байгуулахаас татгалзсан гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*** энэхүү тушаал гарсан талаар мэдээгүй, зөвшилцсөн зүйл байхгүй, тушаалыг нөхөж гаргасан байна гэж тус тус маргадаг болно.
Нэхэмжлэгч Д.Д*** г тус сургуулийн мэдээлэл зүйн багшаар томилсон тушаал хүчинтэй байгаа бөгөөд талуудын хоорондын хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй байхад түүнийг дахин ажилд томилсон тушаалыг ажил олгогч гаргаж, уг тушаалын дагуу нөхцлөөр хөдөлмөрийн гэрээ байгуулахыг шаардаж байгаа нь хуульд нийцсэн үйлдэл гэж үзэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл ажилтныг ажилд авах, ажлаас чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдол бүрт ажил олгогч шийдвэр гаргах бөгөөд энэхүү шийдвэр нь тухайн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэсэн эрх зүйн үр дагавар үүсгэдэг тул тухайн шийдвэрийг бичгээр гаргах ёстой байхад хариуцагчийн төлөөлөгчийн хөдөлмөрийн гэрээний хугацаа өмнө дуусгавар болсон байж гэрээ, тушаалгүйгээр ажиллаж байсан тул ажлаас чөлөөлөх тушаал гаргах шаардлагагүй гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Д.Д*** шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй байгаа тул ажлаас халсантай адилтган үзэж байна гэж тайлбарладаг бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “нэхэмжлэгч Д.Д*** г 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/62 дугаартай “Д.Д*** г түр ажилд томилох тухай” тушаалын дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй байх үүргийг өгсөн бөгөөд “10 сарын 06-ны өдрөөс эхлэн ажлаа гүйцэтгээгүй” гэсэн тайлбараар Д.Д*** нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс хойш ажлаа гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байна.
Иймд ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа ажил олгогчийн үйлдлийг ажлаас халсантай адилтган үзэж ажилд эргүүлэн тогтоолгох шаардлага гаргаж байгаа нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.Д*** нь нэхэмжлэлийн шаардлагадаа тус сургуулийн мэдээлэл зүй, англи хэлний багшийн ажилд эргүүлэн тогтоолгох гэсэн байх боловч түүнийг ажилд томилсон 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар тушаалаар мэдээлэл зүйн багшаар томилсон байгаа бөгөөд англи хэлний багшаар томилогдсон байдал тогтоогдохгүй байна.
Зохигчдын тайлбар болон гэрч Д.Оюунцэцэгийн мэдүүлэг зэргээр англи хэлний хичээл зааж байсан болох нь тогтоогдож байгаа боловч энэ нь ажилд томилсон тушаалд заасан үндсэн ажил, үүрэг нь биш байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Д*** г *** сургуулийн мэдээлэл зүйн багшийн ажилд эргүүлэн тогтоох үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор олгохоор заажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*** шүүх хуралдаан дээр ажилгүй байсан хугацааны цалингаа нийт 1,027,193 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд Д.Д*** нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ажил үүргээ гүйцэтгээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа боловч 10 дугаар сард ажилласан цагт тохирох цалин аваагүй байх тул түүний ажилгүй байсан хугацааны цалинг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.
Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … олговор олгох … хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж заасан боловч Д.Д*** нь 7, 8 дугаар сард зуны амралттай байснаас нийгмийн даатгалын дэвтэр дэх сарын хөдөлмөрийн хөлс багаар бичигдсэн, 9 дүгээр сарын бичилт хийгдээгүй байх тул 3 сарын дундаж цалин хөлсийг түүний сарын үндсэн цалин 539,547 төгрөгөөс нэг өдөрт ногдох цалинг 25,095 төгрөг /539,547/21,5=25,095/ гэж тооцож, нийт 26 хоногийн хугацааны цалин 652,470 төгрөгийг хариуцагч *** сургуулиас гаргуулж, нэхэмжлэгч Д.Д*** д олгож, тус нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 374,723 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч *** сургуульд нэхэмжлэгч Д.Д*** гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр дээр дурдсан цалин олговроос нөхөн бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Д.Д*** нь ээлжийн амралтын олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч талаас 12 сар ажиллаагүй тул ээлжийн амралт олгоогүй гэсэн үндэслэлээр зөвшөөрөхгүй маргадаг болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгохоор, 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлэх, амралтаа биеэр эдэлж чадаагүй бол мөнгөн урамшуулал олгож болохоор, мөн *** сургуулийн дотоод журмын 6.3-т ээлжийн амралтыг Хөдөлмөрийн хуулийг үндэслэн олгохоор тус тус заасан байна.
Д.Д*** нь дээрх хуульд зааснаар ээлжийн амралт биеэр эдлэх, ээлжийн амралтын үеийн олговор авах эрхтэй байгаа хэдий ч ээлжийн амралтаа биеэр эдэлсэн эсэх, хэдий хугацааны амралтын олговор нэхэмжилж байгаагаа тодорхойлоогүй байх тул энэ талаарх баримтаа бүрдүүлж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*** ын гаргасан хариуцагчаас нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг шүүх бүхэлд нь хангасан бөгөөд хариуцагч *** сургуулиас захирамжид заасан зарим нотлох баримтууд ирээгүй боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү хүсэлтээсээ татгалзаж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан болохыг, мөн хариуцагчийн төлөөлөгч хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбарласан баримтуудыг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг үнэлээгүй болохыг тус тус дурдаж байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Д.Д*** г *** сургуулийн Мэдээлэл зүйн багшийн ажилд эргүүлэн тогтоож, Англи хэлний багшийн ажилд эргүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч *** сургуулиас 652,470 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д*** д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 374,723 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны цалингийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг *** сургуульд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *** зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Д*** нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *** сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид нийт 90,409 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.
5. Нэхэмжлэгч Д.Д*** нь амралтын үеийн олговроо тодорхойлж, нотлох баримтаа бүрдүүлсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ