Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 0080

 

 

 

 

 

 

 

 

    2020        01            22                                    80

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: О.Бямбасүрэн, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Анхбаяр,

шүүгдэгч: Б.Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Эрдэнэд холбогдох эрүүгийн 1905 0483 00014 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Соёл урлагийн их сургуулийн Радио телевиз, Медиа урлагийн сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Эрдэнэ.

 

Шүүгдэгч Б.Эрдэнэ нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёл Урлагийн Их Сургуулийн Радио телевиз, Медиа урлагийн сургуулийн хичээлийн байранд иргэн Э.Одыг үл ялих зүйлээс шалтаглан биед нь халдан зодож, ”тархи доргилт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, нуруу, хамрын нуруунд зулгаралт” бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Эрдэнэ мэдүүлэхдээ:

2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр би Э.Сод-Эрдэнийн зурж байсан зураг руу нь хальт харсан чинь Э.Сод-Эрдэнэ “үхсэнээ харсан юм гичий минь” гэхээр нь би “чи намайг ингэж хэлдэг юу юм бэ” гээд маргалдсан. Э.Сод-Эрдэнэ өмнө нь 2-3 жил намайг ингэж хэл амаар доромжилж байсан. Би түүний энэ байдлыг байнга тэвчдэг. Тэр үед Э.Сод-Эрдэнэ намайг цохих гэхээр нь би түрүүлээд түүний нүүр рүү 2 удаа цохисон. Тэгээд манай ангийнхан ирээд бид хоёрыг салгасан. Гэтэл Э.Сод-Эрдэнэ 1 цагийн дараа цагдаа дагуулаад хүрээд ирсэн. Хэл амаар доромжиллоо гээд бусдыг зодож болохгүй гэдгийг би ойлгосон. Хохирогчийн нэхэмжилсэн 128 000 төгрөгийн хохирлыг 8 хоногийн өмнө дансаар шилжүүлж төлсөн. Хийсэн үйлдэлдээ харамсаж байгаа. Хойшид аливаа маргаан, зодооноос хол байна. Хохирлыг эцэг, эх маань төлсөн гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Э.Од мэдүүлэхдээ:

2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Соёл урлагийн их сургуулийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийн хичээлийн байранд зургийн хичээл орж байсан би зургаа зураад сууж байхад Эрдэнэ урд ирээд зогссон. Би холдооч гэхэд намайг юу гээд байгаа юм бэ гээд миний хөл рүү өшиглөсөн. Би яагаад байгаа юм бэ гэхэд яадаг юм гээд миний нүүр рүү цохисон. Тэгээд би босох гэхэд намайг түлхэх үед ширээн дээр байсан нөүтбүүк, утас, зурж байсан зураг газар унасан. Би босоход ангийн хүүхдүүд ирээд салгасан. Би цагдаа дуудахад цагдаа нар ирээд Эрдэнэ бид хоёрыг цагдаа дээр авч ирсэн. Надад учирсан гэмтлийг манай ангийн хүүхэд Эрдэнэ учруулсан. Гэмтэлтэй холбоотой томогафийн зураг авахуулсан. 120 000 төгрөгөөр зураг авахуулсан, 8000 төгрөгөөр шүүх эмнэлэгт үзүүлсэн гэжээ. (хэргийн 14-15 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Т.Жаргалмаа мэдүүлэхдээ:

2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр манай сургуулийн дүн гарах гээд оюутнууд маш их завгүй болчихсон байсан бөгөөд манай ангийн Од миний хажуухан талд зураг зураад сууж байхад манай ангийн Эрдэнэ, Одын зурж байгаа зургийг хараад зогсож байсан. Гэтэл Од, Эрдэнэд “үхсэнээ харсан юм гичий минь” гэж хэлсэн. Тэр үед Эрдэнэ уурлаад “чи юу гэнээ, чи яахаараа намайг тэгж хэлдэг юм” гээд хөлөөрөө Одыг өшиглөх гэж байгаа юм шиг үйлдэл гаргасан. Тэр үед Э.Од, Б.Баяр-Эрдэнийг “зайлаач гичий минь” гэж хэлсэн байх. Эрдэнэ нилээн ууртай “чи яахаараа намайг тэгж хэлдэг юм” гээд хэлсэн чинь Од уурлаад сууж байсан газраасаа боссон чинь Эрдэнэ баруун гараараа Одын нүүрэнд нэг удаа цохисон. Тэр үед Од уурлаад Эрдэнэтэй зодолдох гэхээр нь би очоод салгах гэсэн боловч дийлдэхгүй тэр хоёр хоорондоо барилцсан. Тэгээд манай ангийн хөвгүүд тэднийг салгасан. ...Тэр өдөр Одын биед Эрдэнээс өөр хүн гар хүрээгүй. Бас би Одыг Эрдэнэ цохиж байгааг тодорхой харсан гэжээ. (хэргийн 43 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дүгээр сарын 09-ний өдрийн 14567 тоот дүгнэлтэд:

1. Э.Одын биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алим, салстад цус харвалт, нуруу, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шинэ гэмтэл байна.

4. Тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. (хэргийн 20 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Эрдэнэ ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 32 дугаар хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Эрдэнэ нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёл Урлагийн Их Сургуулийн Радио телевиз, Медиа урлагийн сургуулийн хичээлийн байранд хохирогч Э.Одыг намайг зайлаач, гичий гэж хэллээ гэж маргалдан биед нь халдан зодож, эрүүл мэндэнд нь тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алим, салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Од, гэрч Т.Жаргалмаа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дүгээр сарын 09-ний өдрийн 14567 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд Б.Баяр-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой баримтаар 128 000 төгрөгийг нэхэмжилсэнийг шүүгдэгч төлж барагдуулсан тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Баяр-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Гарам овогт Бямбадоржийн Баяр-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Баяр-Эрдэнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Эрдэнэ нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Эрдэнэ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эрдэнэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН