Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 1464

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/01400/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, *** 4 тоотод оршин суух, Б*** н Б*** /РД: *** 1/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 5 дугаар баг, *** тоотод оршин суух, Х*** Т*** /РД: *** /,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 5 дугаар баг, *** тоотод оршин суух,О*** Г*** /РД: *** / нарт холбогдох,

 

"Зээлийн гэрээний үүрэг 6,000,000 төгрөг, үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 847,775 төгрөг, нийт 6,847,775 төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагч Б.Т*** , Х.Г*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б.Т*** ийн гуйлтаар өөрийн Хас банкин дахь хадгаламжаа барьцаалан 6,000,000 төгрөгийн зээл авч, Б.Т*** болон түүний нөхөр Х.Г*** нарт өгсөн. Тухайн үед миний хадгаламжаа барьцаалж авсан зээл, хүүг хуваарийн дагуу Б.Т*** төлөхөөр тохирсон боловч тохирсны дагуу зээл төлөөгүй юм.

Ийнхүү Б.Т*** зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас Хас банкны хадгаламж барьцаалсан зээлээ Ц.Б*** миний бие нь өөрөө хадгаламжаа цуцалж төлж барагдуулсан ба зээлийн хүүг өөрөө төлсөн. Иймд миний бие зээлийн үндсэн төлбөр 6,000,000 төгрөг, түүний хүү 352,175 төгрөг, тухайн зээлийг төлөхийн тулд хадгаламжаа цуцлаагүй байсан бол олох ёстой байсан хадгаламжийн хүүгийн орлого 495,600 төгрөг, нийт 6,847,775 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц.Б*** ээс хариуцагч Б.Т*** , Х.Г*** нарт 6,000,000 төгрөгийг хадгаламжаа барьцаалан зээлэн авч, өгсөн байгаа нь тогтоогдож байна. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын хувьд маргаангүй, хүлээн зөвшөөрч байгаа боловч дээрх төлбөрийг 2017 онд багтаан төлнө гэж байгааг зөвшөөрөхгүй байна. Хугацааны хувьд тохиролцох боломжгүй байна. Иймд үндсэн зээлийн төлбөр 6,000,000 төгрөгийг төлөх үндэстэй. Мөн энэхүү зээлийн төлбөрийг хариуцагч нар хугацаандаа төлөөгүйн улмаас нэхэмжлэгч Ц.Б*** ийн хадгаламж цуцлагдаж, зээлийн төлбөрийг хаасан байдаг. Иймээс нэхэмжлэгч төлсөн хүү, олох байсан хадгаламжийн орлогоо хохиролд тооцон нэхэмжилж байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Б.Т*** , Х.Г*** нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Ц.Б*** ээс 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 6,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлж авахаар тохиролцож, надад 11-ний өдөр банкны хадгаламжаа зээлж авч өгсөн. 6 сарын хугацаатай. Бид алтан сагс дээр зогсож наймаа хийдэг, бие биеэ эрт дээрээс мэднэ. Тэгээд 6 сарын хугацаа болоогүй байхад манайд ирж хүүгээ төл гэж 600,000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хийлгэсэн. Тэгээд дахиад 6 сарын хугацаа сунгаж өгсөн. Хугацаа дуусаагүй байхад шүүхэд өгсөн байсан.

Ц.Б*** тэй таараад бид хоёрын боломж маш бага болоод байна, бүх юмаа зараад төлнө гэж хэлэхэд за за та хоёрт итгэж байгаа гэж хэлсэн. Бид хоёр энэ хүнээс 6,000,000 төгрөг авсан нь үнэн. Одоогоор төлөх мөнгө алга байна. 2017 оны дотор төлж барагдуулна” гэжээ.

Хариуцагч Б.Т*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд Ц.Б*** ээс 6,000,000 төгрөгийг банкны хадгаламжаас нь зээлж авсан нь үнэн. Энэ асуудлаар бид ямар нэгэн маргаан гаргаагүй, төлнө. Гэтэл Ц.Б*** ийн ээж нь шүүхэд өгөөд яваад байгаа юм шиг байна. Бид ээжээс нь мөнгийг зээлээгүй. Иймээс Ц.Б*** ийн нэхэмжилж байгаа үндсэн төлбөр 6,000,000 төгрөг, хүүнд төлсөн 352,175 төгрөг, хадгаламжийн орлого гэх 495,600 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрч байна. Энэ хүнийг хохиролгүй болгож өгнө. Гэхдээ одоо ямар ч боломж байхгүй байгаа тул 2017 онд багтаан төлөх хүсэлтэй байна” гэв.

 

Хариуцагч Х.Г*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ц.Б*** нь хариуцагч Б.Т*** , Х.Г*** нараас үндсэн зээлийн төлбөр 6,000,000 төгрөг, гэрээний үүргээ зөрчиж хугацаа хэтрүүлснээс банкинд төлсөн хүү 352,175 төгрөг, хадгаламжаа цуцалж зээлийн төлбөрийг төлснөөс олох байсан хадгаламжийн орлого 495,600 төгрөгийг тус тус хохиролд тооцож, нийт 6,847,775 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

           

Хариуцагч Б.Т*** , Х.Г*** нар нь 6,000,000 төгрөгийг Ц.Б*** ийн банкны хадгаламжийг барьцаалан зээлдүүлж авсан нь үнэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч одоо мөнгөний боломж байхгүй тул энэхүү төлбөрийг 2017 оноос өмнө төлөх боломжгүй гэж тайлбарладаг болно.

 

Талуудын тайлбараас үзэхэд 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Ц.Б*** нь Хас банкин дахь хадгаламж дахь мөнгөө барьцаалан тус банкнаас 6,000,000 төгрөгийн зээл авч, хариуцагч Б.Т*** , Х.Г*** нарт шилжүүлэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн “... Хас банкин дахь хадгаламжаа барьцаалж 6,000,000 төгрөгийн зээл авч, Б.Т*** , түүний нөхөр Х.Г*** нарт өгсөн..” гэсэн тайлбар, хариуцагч нарын шүүх “... надад 11-ний өдөр банкны хадгаламжаа зээлж, авч өгсөн...” гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байгаа бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасны дагуу Ц.Б*** нь гэрээний зүйл болох 6,000,000 төгрөгийг хариуцагч Б.Т*** , Х.Г*** нарт шилжүүлэн өгөх үүргээ бүрэн биелүүлсэн, харин хариуцагч нар нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргээ биелүүлээгүй зэрэг нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

             Зохигчдын тайлбараар талууд гэрээний хугацааг 6 сар гэж тохирсон байх бөгөөд хариуцагч нар нь энэхүү хугацааг хэтрүүлснээс нэхэмжлэгч Ц.Б*** нь Хас банкинд 6,000,000 төгрөг, хүүнд 352,175 төгрөгийг тус тус төлж, зээлийг хаасан болох нь хэрэгт авагдсан Хас банкны Дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

            Хариуцагч Б.Т*** , Х.Г*** нар нь зээлийн төлбөр болох 6,000,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Ц.Б*** нь энэхүү үүргийг биелүүлэхээр шаардах эрхтэй байна.

           

            Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-т: “Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна”, 222.7-т: “үүрэг гүйцэтгэгч  хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй”, 227 дугаар зүйлийн 227.3-д: “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, ... үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тус тус заажээ.

 

            Дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч Ц.Б*** хариуцагч Б.Т*** , Х.Г*** нараас банкинд төлсөн хүү, хадгаламжаа хугацаанаас нь өмнө цуцалснаас орох байсан орлого нийт 847,775 төгрөгийг хохиролд тооцож нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

            Хариуцагч нар нь хохирлын үнийн дүн, үндэслэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.

           

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Б.Т*** , Х.Г*** нараас нийт үндсэн төлбөр 6,000,000 төгрөг, хохирол 847,775 төгрөг, нийт 6,847,775 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б*** т олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Хариуцагч нар нь дээрх төлбөрийг одоогоор төлөх боломжгүй, 2017 оны онд багтаан төлөх хүсэлттэй байгаа талаар тайлбарлаж байгаа бөгөөд нэхэмжлэгч талаас энэ асуудлаар эвлэрэн хэлэлцээгүй боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөх хугацааны талаар талууд тохиролцох боломж нээлттэй байгаа болохыг дурдаж байна.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А*** нь өөрийгөө байлцуулахгүйгээр өмгөөлөгчийг оролцуулан шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 281 дүгээр зүйлийн 281.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Т*** , Х.Г*** нараас нийт 6,847,775 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б*** т олгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,520 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т*** , Х.Г*** нараас улсын тэмдэгтийн хураамжид 124,520 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б*** т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

    

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.ОЮУНЦЭЦЭГ