Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 0086

 

 

 

 

 

 

 

 

     2020           01        24                                        86

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                      

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга:  О.Бямбасүрэн,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Баясгалан,

шүүгдэгч: Д.Чимэг, түүний өмгөөлөгч Х.Отгончимэг /0367/, Б.Даваасүрэн /2320/,

хохирогч: С.Сүх  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чимэгт холбогдох эрүүгийн 1905018980764 дугаар хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1966 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, 24-28 насны 3 хүүхэд, зээгийн хамт н Чимэг.

 

Шүүгдэгч  Д.Чимэг нь 2018 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж иргэн С.Сүх ээс 11 000 000 төгрөгийг авсан гэмт хэрэгт холбогджээ.  (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Д.Чимэг мэдүүлэхдээ:

Би 2018 оны 10 дугаар сард такси барихад С.Сүх тэй таарсан. Түүний машинд сууж байхад миний утас дуугараад “чи нөгөө хүнээ явуулчих, виз нь гарчихлаа” гэж танил маань утсаар ярьсан. Гэтэл С.Сүх  “та надад виз гаргаад өгөөч” гэхэд би “сайн мэдэхгүй байна, хүнээс асууж өгье” гэж хэлсэн. Ингээд тэр миний утасны дугаарыг авсан бөгөөд хэд хоногийн дараа над руу яриад “уулзъя” гэсэн. Тэгээд Метро малл-ын тэнд С.Сүх , эхнэрийнхээ эгч Нарантуяатай хамт ирж уулзаад “бид нар 2 хүүхэд, 6 том хүн бөөнөөрөө 8 хүний виз гаргуулъя гэсэн. Тухайн үед би тэдний дэргэд нь нөгөө хүн рүү залгаад “хүүхэд, том хүн хэдээр гарах вэ” гэж асуухад том хүн 1 500 000, хүүхэд 1 000 000 төгрөгөөр виз нь гарна гэж хэлснийг тэдэнд хэлсэн. 10 дугаар сарын 5-ны өдөр С.Сүх  миний данс руу 3 000 000 төгрөг хийсэн. 11 дүгээр сарын 01-ний өдөр эхнэр нь 500 000 төгрөг хийсэн. 10 дугаар сарын 30-ны өдөр С.Сүх  2 500 000 төгрөг данс руу хийсэн. 11 дүгээр сарын 09-ний өдөр 2 300 000 төгрөг хийсэн. Ингээд 2 700 000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн байсныг эхнэрийнх ажил буюу Чингэлтэй дүүргийн Тамгын газрын 1 давхарт ажлын нь өрөөнд С.Сүх  бэлнээр тоолж өгсөн. Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дээр Сүх  надад нэг ч төгрөг өгөөгүй. Би нийт 11 000 000 төгрөг авсан, мөнгөний дүн дээр маргахгүй. Би С.Сүх ээс авсан бүх мөнгөө Чука гэдэг эмэгтэйд өгсөн. Тэр урьд нь нэг хүний виз гаргасан болохоор би итгэсэн. Тэр эмэгтэй өөрийгөө Солонгос Улсын элчинд ажилладаг гэсэн. Би сайн танихгүй. Хавтаст хэрэгт миний хүүхдүүдийн авга эгч Чулуунцэцэгээс мэдүүлэг авсан байсан. Тэр цагдаагаас дуудаад мэдүүлэг авахаар нь танд уур хүрсэндээ тэгээд хэлчихсэн юм гэж надад хэлсэн.  Ийм зүйл болсонд үнэхээр их харамсаж, үр хүүхдээсээ ичиж байна. Би эдний эхнэрийг мэднэ. Би өөрөө авч өвчтэй болохоор 11 000 000 төгрөгийг нь яаж ийж байгаад төлье гэж бодоод, нийт 11 000 000 төгрөгийг төлсөн.  Үнэхээр их гэмшиж байна.  Хөнгөн ял оногдуулна уу гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-С.Сүх  мэдүүлэхдээ:

Би таксинд явж байхдаа Д.Чимэг эгчтэй танилцсан. Хөндлөнгөөс харахад би энэ хүнд 11 000 000 төгрөг өгөөд, дараа нь буцаагаад авсан юм шиг харагдаж байгаа боловч цаана нь Д.Чимэг эгчийн асар их худал ярьж, миний амьдралыг орвонгоор нь эргэтэл залилсан гэмт хэрэг байгаа юм. Хамгийн сүүлд өгсөн мөнгөний хувьд Д.Чимэг эгч над руу яриад “би найзтайгаа уулзах гэж байгаа учир үлдэгдэл мөнгийг нь аваад очъя” гэхээр нь би Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт явж байгаад 2 500 000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн. Би энэ хүнд 11 000 000 төгрөг өгсөн, буцаагаад 11 000 000 төгрөгөө авсан. Манай эхнэр 2016 оноос эхлэн өвдөөд Монголын эмнэлгүүдээр яваад, эмчлэгдэх боломжгүй гэсэн. Сүүлд нь Өвөр Монголын ясны төвд очиж үзүүлэхэд 3 жилийн нас хайрласан шүү гэж хэлээд манай эхнэрийг явуулсан. Бид бүхэн ахин Солонгос Улс руу хандахад хагалгаа 90 000 000 төгрөг болно гэсэн хариу ирсэн. Тэгээд бид Солонгос руу явах гээд виз гаргах хүн хайгаад явж байхдаа Чимэг эгчтэй санамсаргүй тааралдаад асуухад “эгчийнх нь үй зайгүй найз Солонгос Улсын элчинд ажилладаг, өвчтэй зовлонтой байгаа бол би туслая” гэж хэлсэн. Би тухайн үед “эгчээ та өвчтэй хүнээр битгий тоглоорой, манай эхнэр төрийн алба хаадаг хүн, нийгмийн даатгалаараа гарах боломж бас байгаа шүү” гэхэд “юу ярьж байгаа юм, эгч нь виз гаргаад 2 сар гаран болж байна”, дээд талын хугацаа 14 хоногийн дотор гаргаад өгнө” гэсэн. Тэгээд хадам эгч Наранцэцэгт ийм хүнтэй танилцсан гэсэн чинь хамт очиж уулзъя гэсэн. Тэгээд “Метро молл”-ын тэнд уулзахад тэр “та нар ёстой зөв хүн дээрээ ирлээ, манай найз том хүнийг 1 500 000 төгрөгөөр, хүүхэд 1 000 000 төгрөгөөр гаргаж өгье” гэж байна гэсэн. Манай эхнэр өвчтэй байгаа учир цаг хугацаа алдмааргүй байна гэхэд “алдуулахгүй” гэж хэлээд надаас 11 000 000 төгрөг авсан. Анх надаас мөнгө аваагүй байхдаа намайг залгахаар утсаа салгаад, буцаагаад залгадаг байсан. Би эгчээ та яагаад салгаад, буцааж залгаад байгаа юм бэ гэхэд эгч нь Хятадын хөрөнгө оруулалттай компанийн Монгол талынх нь захирал гэж хэлж байсан. Мөнгө авснаасаа хойш энэ хүний зан 100 хувь эргэж, над руу холбогдохоо больсон. Хааяа байж байгаад нэг мессэж бичнэ. 11 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд виз гаргана гэсэн. Манай найз элчинд ажилладаг учир эхнэрийн чинь эмчилгээний хугацааг 6 сараар гаргаж өгье, та нар дүү нараа авч явж байгаа юм чинь ажил хийгээд эхнэрийнхээ эмчилгээний зардлыг олж болно, эгч нь амьдралыг чинь тэгшлээд өгнө. Эхнэрийг чинь эдгээгээд өгнө гэж хэлдэг байсан. Тэгээд би хашаа байшингаа зарсан. Би эхнэрээ 11 дүгээр сард амралтыг нь авахуулаад Солонгост очиж эмчилгээ хийлгэж ирээд, Монголд 2 сар гам бариад, 5 дугаар сарын 30-ны өдрөөс эргээд ажилдаа орно, танд 100 хувь итгэж байгаа шүү гэж хэлсэн. Гэтэл тэр худлаа яриад 5 дахь өдөр, ирэх 1 дэх өдөр виз гарна, 2 хүнийх нь виз гарчихсан, одоо үлдсэн хүнийх нь виз гарчихна гэх мэтээр ярьдаг байсан. 2 хүнийх нь виз гарсан бол түрүүлээд авч байя гэхэд бүх хүний виз гаргаад хамт өгнө гэж байна гэсэн. 12 дугаар сард ярихад виз гарсан гэж хэлсэн. Тэгээд визээ авъя гэхэд найз  маань нөхөртэйгээ идшиндээ явчихлаа, идшээ хийчихээд буцаж ирэхдээ машинтайгаа онхолдчихлоо,  3 дугаар сард эгч нь визийг чинь аваад явах гэтэл манай хүүхэд 5 шарын тэнд машинд дайруулаад эмнэлэгт хэвтчихлээ, эгч нь хүүхдээ сахиад байж байна гэхээр нь та аль тасаг дээр байгаа юм би яваад очъя гэсэн чинь алга болчихсон. Би гэмтлийн эмнэлэг дээр очоод асуухад байхгүй байсан. Энэ мэтээр байнга худал хэлдэг байсан. 2019 оны 1 дүгээр сард над руу утасдаад одоо чам руу хүн утасдаад визийг чинь өгнө, элчингийн гадаа яваад оч миний дүү гэхээр нь очсон. Гэтэл идэр хүйтэн өвлийн хүйтэнд элчингийн гадаа намайг 5 цаг хүлээлгээд өөрөө утсаа унтраагаад алга болж байсан. Мөн цагаан сарын битүүний өдөр визийг чинь өгнө гээд худал хэлээд алга болсон. Би Чимэг эгчид наадах хүн чинь болохгүй байвал та манай эхнэрийн бичиг баримтыг буцаагаад өгчих нийгмийн даатгал нь тасрахаас өмнө нийгмийн даатгалаараа визэнд ороод, эмчилгээндээ орох боломжтой гэж зөндөө удаа гуйж байхад битгий санаа зов миний дүү жаахан цаг хугацааны асуудал гэж хэлээд алга болсон. Тэгээд би арга ядаад 4 дүгээр сард Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар өргөдлөө өгсөн. Энэ хүн  бидний паспортуудыг Түцэнд өгсөн байсан. Би Түцний хүнд Чимэг эгчийн зургийг үзүүлээд энэ хүн авчирч өгсөн үү гэхэд наад эгч чинь авчирч өгсөн гэж хэлсэн. 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 4 дүгээр сар хүртэл надад ажил хийх боломж байгаагүй. Манай эхнэрийн нийгмийн даатгал завсардах гээд байна бичиг баримт буцаагаад өгчих гэж би зөндөө хэлсэн. Сүүлдээ охидуудынх нь утасыг хүнээс олж аваад танай ээж чинь ийм хэрэгт холбогдох гээд байна, эв зүйгээр шийдье, айл гэрийг голомтоор нь самарчихаад байна гэж хэлсэн. Миний эхнэр дөнгөж 41 настай, 3 хүүхдийн минь эх, 25 жил ханилсан ханийг минь эмчилгээгүй болготол нь залилчихаад одоо зүгээр л мөнгө аваад, буцаагаад өгчихсөн юм шиг ярьж байна. Энэ хүн ингэж худал яриагүй бол миний эхнэр 2018 оны сүүлээр Солонгост очоод эмчилгээгээ хийлгээд, эрүүл болж ирээд ажлаа хийх боломжтой байсан. Маш их гомдолтой байна гэв.

Мөрдөн байцаалтад гэрч-М.Мөнхцэцэг мэдүүлэхдээ:

“...Миний нөхөр өөрийн хувийн машинаар таксины үйлчилгээнд явж байгаад Чимэг гэдэг хүнтэй танилцаж байсан гэж ярьж байсан.  Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Чимэг гэх эмэгтэйтэй Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын замын хажууд уулзаж 3 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн гэсэн. Дараа нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 5 500 000 төгрөгийг манай ажил буюу Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын газрын байранд бэлнээр өгч байсан. Хамгийн сүүлд 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сүх тэй Баянгол дүүргийн нутаг дэвсгэр болох Гандангийн зүүн талд явж байсан чинь Чимэг манай нөхрийн утас руу залгаад үлдэгдэл 2 500 0000 төгрөгийг нь яаралтай шилжүүл гэж хэлээд 5085224823 дугаартай данс өгсөн. Түүний дагуу манай нөхөр өөрийн мобайл банкаар дээрх тоот данс руу 2 500 000 төгрөг шилжүүлсэн” гэжээ. (хэргийн 17 дугаар хуудас)

 

Хаан банкны Д.Чимэгийн 5085224823 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулгад:

С.Сүх ээс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 3 000 000 төгрөг,

2018 оны 10 дугаар сарын 11-ны өдөр  500 000 төгрөг,

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2 500 000 төгрөг,

2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 2 300 000 төгрөг тус тус шилжүүлсэн байна.

 

Д.Чимэгийн дээрх данснаас С.Сүх ийн 5023055210 дугаар дансанд  2019 оны 4  дүгээр сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөг,

5 дугаар сарын 14-ний өдөр 2 000 000 төгрөг,

5 сарын 23-ны өдөр 7 000 000 төгрөг, нийт 11 000 000 төгрөг буцаан шилжүүлжээ. (хэргийн 59-64 дүгээр хуудас)

 

С.Сүх ийн Хаан банкны 5023055210 дугаартай дансны хуулга. (хэргийн 96 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Д.Чимэг нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэжээ. (хэргийн 44 дүгээр хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч Д.Чимэг нь хохирогч С.Сүх эд Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдпыг зориудаар бий болгон бусдьг төөрөгдөлд оруулж,

2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 3 000 000 төгрөг,

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 5 500 000 төгрөг,

2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 2 500 000 төгрөг, бусдын 11 000 000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  шүүгдэгчийн

“Би С.Сүх ээс 11 000 000 төгрөг авсан, мөнгөний дүн дээр маргахгүй. Би С.Сүх ээс авсан бүх мөнгөө Чука гэдэг эмэгтэйд өгсөн. Тэр урьд нь нэг хүний виз гаргасан болохоор би итгэсэн. Тэр эмэгтэй өөрийгөө Солонгос Улсын элчинд ажилладаг гэсэн. Би сайн танихгүй. Ийм зүйл болсонд үнэхээр их харамсаж, үр хүүхдээсээ ичиж байна. Би эдний эхнэрийг мэднэ. Би өөрөө авч өвчтэй болохоор 11 000 000 төгрөгийг нь яаж ийж байгаад төлье гэж бодоод, 11 000 000 төгрөгийг төлсөн. Үнэхээр их гэмшиж байна гэсэн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

 

 хохирогч С.Сүх ийн

“Тэгээд “Метро молл”-ын тэнд уулзахад тэр “та нар ёстой зөв хүн дээрээ ирлээ, манай найз том хүнийг 1 500 000 төгрөгөөр, хүүхэд 1 000 000 төгрөгөөр гаргаж өгье” гэж байна гэсэн. Манай эхнэр өвчтэй байгаа учир цаг хугацаа алдмааргүй байна гэхэд “алдуулахгүй” гэж хэлээд надаас 11 000 000 төгрөг авсан. Анх надаас мөнгө аваагүй байхдаа намайг залгахаар утсаа салгаад, буцаагаад залгадаг байсан. Би эгчээ та яагаад салгаад, буцааж залгаад байгаа юм бэ гэхэд эгч нь Хятадын хөрөнгө оруулалттай компанийн Монгол талынх нь захирал гэж хэлж байсан. Мөнгө авснаасаа хойш энэ хүний зан 100 хувь эргэж, над руу холбогдохоо больсон. Хааяа байж байгаад нэг мессэж бичнэ. 11 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд виз гаргана гэсэн. Манай найз элчинд ажилладаг учир эхнэрийн чинь эмчилгээний хугацааг 6 сараар гаргаж өгье, та нар дүү нараа авч явж байгаа юм чинь ажил хийгээд эхнэрийнхээ эмчилгээний зардлыг олж болно, эгч нь амьдралыг чинь тэгшлээд, эхнэрийг чинь эдгээгээд өгнө гэж хэлдэг байсан. Тэгээд би хашаа байшингаа зарсан. Би эхнэрээ 11 дүгээр сард амралтыг нь авахуулаад Солонгост очиж эмчилгээ хийлгэж ирээд, Монголд 2 сар гам бариад, 5 дугаар сарын 30-ны өдрөөс эргээд ажилдаа орно, танд 100 хувь итгэж байгаа шүү гэж хэлсэн. Гэтэл тэр худлаа яриад 5 дахь өдөр, ирэх 1 дэх өдөр виз гарна, 2 хүнийх нь виз гарчихсан, одоо үлдсэн хүнийх нь виз гарчихна гэх мэтээр ярьдаг байсан. 2 хүнийх нь виз гарсан бол түрүүлээд авч байя гэхэд бүх хүний виз гаргаад хамт өгнө гэж байна гэсэн. 12 дугаар сард ярихад виз гарсан гэж хэлсэн. Тэгээд визээ авъя гэхэд найз маань нөхөртэйгээ идшиндээ явчихлаа, идшээ хийчихээд буцаж ирэхдээ машинтайгаа онхолдчихлоо, 3 дугаар сард эгч нь визийг чинь аваад явах гэтэл манай хүүхэд 5 шарын тэнд машинд дайруулаад эмнэлэгт хэвтчихлээ, эгч нь хүүхдээ сахиад байж байна гэхээр нь та аль тасагт байгаа юм би яваад очъя гэсэн чинь алга болчихсон. Би гэмтлийн эмнэлэг дээр очоод асуухад байхгүй байсан. Энэ мэтээр байнга худал хэлдэг байсан. 2019 оны 1 дүгээр сард над руу утасдаад одоо чам руу хүн утасдаад визийг чинь өгнө, элчингийн гадаа яваад оч миний дүү гэхээр нь очсон. Гэтэл идэр хүйтэн өвлийн хүйтэнд элчингийн гадаа намайг 5 цаг хүлээлгээд, өөрөө утасаа унтраагаад алга болж байсан. Мөн цагаан сарын битүүний өдөр визийг чинь өгнө гэж байна гээд худал хэлээд алга болсон. Би Чимэг эгчид наадах хүн чинь болохгүй байвал та манай эхнэрийн бичиг баримтыг буцаагаад өгчих нийгмийн даатгал нь тасрахаас өмнө нийгмийн даатгалаараа визэнд ороод, эмчилгээндээ орох боломжтой гэж зөндөө удаа гуйж байхад битгий санаа зов миний дүү жаахан цаг хугацааны асуудал гэж хэлээд алга болсон гэсэн мэдүүлэг,

 

гэрч М.Мөнхцэцэгийн

“...Миний нөхөр өөрийн хувийн машинаар таксины үйлчилгээнд явж байгаад Чимэг гэдэг хүнтэй танилцаж байсан гэж ярьж байсан.  Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Чимэг гэх эмэгтэйтэй Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын замын хажууд уулзаж 3 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн гэсэн. Дараа нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 5 500 000 төгрөгийг манай ажил буюу Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын газрын байранд бэлнээр өгч байсан. Хамгийн сүүлд 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сүх тэй Баянгол дүүргийн нутаг дэвсгэр болох Гандангийн зүүн талд явж байсан чинь Чимэг манай нөхрийн утас руу залгаад үлдэгдэл 2 500 0000 төгрөгийг нь яаралтай шилжүүл гэж хэлээд 5085224823 дугаартай данс өгсөн. Түүний дагуу манай нөхөр өөрийн мобайл банкаар дээрх тоот данс руу 2 500 000 төгрөг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг,

 

Хаан банкны Д.Чимэгийн 5085224823 дугаартай дансанд:

С.Сүх ээс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 3 000 000 төгрөг,

2018 оны 10 дугаар сарын 11-ны өдөр  500 000 төгрөг,

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2 500 000 төгрөг,

2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр улдэгдэл 2 300 000 төгрөг,

 

Д.Чимэгээс 2019 оны 4  дүгээр сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөг,

5 дугаар сарын 14-ний өдөр 2 000 000 төгрөг,

5 сарын 23-ны өдөр 7 000 000 төгрөг, нийт 11 000 000 төгрөгийг шилжүүлсэн зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Чимэгийн гэмт  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

Д.Чимэг нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т  зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан ба мөн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д “тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно гэж заасан тул түүнийг ялгүй болсон, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

 

Д.Чимэг нь хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлсөн байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эрүүл мэндийн хувьд  өвчтэй зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан, Д.Чимэгт торгох ял оногдуулах нь зүйтэй байна.   

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдлаа.

Шүүгдэгчийн үйлдсэн залилах гэмт хэрэг нь хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар бүрэн тогтоогдсон тул өмгөөлөгч Даваасүрэнгийн Д.Чимэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгана уу гэсэн хүсэлтийг хүлээн аваагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Номчбат овогт Дашбямбын Чимэгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Чимэгийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний 1 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч хохирогчид  11 000 000 төгрөг төлсөн болохыг тус тус  дурдсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Чимэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ОЮУН