Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 1465

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2016/01490/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, *** тоотод оршин суух, О*** Д*** /РД: *** /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 8 дугаар баг, *** тоотод оршин суух, Б*** О*** /РД: ***/-т холбогдох,

 

"20 уут цагаан будааны үнэ 920,000 төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Д*** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хариуцагч Д.О*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2016 оны 07 сарын 06-нд 20 уут цагаан будаа ачигч Чинбаагаар, 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 20 уут цагаан будааг ачигч Н*** аар тус тус ачуулж хүлээлгэн өгсөн. Ингээд 7 сарын 06-ны тооцоог 7 сарын 10-нд хийх гэтэл хоёуланг нь нийлүүлж бичээд таныг рашаанд яваад ирэхэд чинь 40 уут будааг тооцно гэж үлдсэн. Гэтэл 7 сарын 10-ны цагаан буцааг аваагүй гээд одоо болтол тооцоо хийхгүй, ачигч нарыг ч үл тоож байна. Иймд иргэн О*** дээр гарсан маргааныг шүүн тогтоож өгнө үү” гэжээ.  

 

Нэхэмжлэгч Д.Д*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх 2016 оны 06 сарын 23-ны өдөр 20 шуудай, 1 шуудай нь 25 кг-аар савласан цагаан будааг О*** ийн хүсэлтээр ачуулсан бөгөөд 2016 оны 07 сарын 06-нд тооцоогоо хийж дуусгаад дахин 20 шуудай будаа өгсөн. Тухайн үед би рашаанд явах гэж байсан тул нэмэлт будаа авах уу гэхэд нэмж авах хүсэлт гаргасан тул 2016 оны 07 сарын 10-нд нэмж 20 шуудай цагаан будаа өгсөн. Сүүлийн 20 шуудай будаагаа өгчихөөд О*** тэй уулзан тооцоогоо хийе гэхэд 7 сарын 06-ны өдрийн тооцоогоо би бичээгүй байна таныг рашаанаас ирэхээр нийлүүлээд хийе гэсэн. Тэгээд би рашаанаас 2016 оны 07 сарын 25-ны өдөр ирээд тооцоог хийх гэхэд 08 сарын 01 гээд тооцоогоо хийчих гэсэн. Тэгээд 8 дугаар сарын 05, 07-нд нийт 920,000 төгрөг өгсөн. Тэгээд 1 л удаагийн 20 шуудай будааны үнийн тооцоо байгаа гэж татгалзаад одоог хүртэл өгөхгүй байна. Би энэ бизнесийг олон жил хийж байхад ийм асуудал огт гарч байгаагүй. Гэтэл  өмнө нь 2016 оны 07 сарын 10-ны өдөр будаа аваагүй гэж байснаа шүүхэд авсан 2016 оны 07 сарын 06-ны өдөр аваагүй гэж тайлбар өгч байгааг зөвшөөрөхгүй байна. Иймд Д.О*** ээс 20 шуудай цагаан будааны үнэ 920,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэг шуудай будааг 46,000 төгрөгөөр тооцдог” гэв.

 

 

Хариуцагч Д.О*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх 2016 оны 06 сарын 21-нд бид уулзахад манайд америк будаа байгаа гэхээр нь тэр өдрөө 25 кг-ийн 1 шуудай цагаан будааг шалгаж үзэх гэж, мөн 10 шуудай 5 кг-ийн будаа тус тус авсан. Тэгээд 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 25 кг-ийн савлагаатай будааг 19 шуудайг нэмж авсан. 2016 оны 07 сарын 06-ны өдөр авсан будааныхаа тооцоог дуусгасан. 2016 оны 07 сарын 10-ны өдөр Д.Д*** рашаанд явах гэж байна будаа нэмж авах уу гэхээр нь 20 шуудай будааг нэмж авсан. Тэгээд 7 дугаар сардаа 20 шуудай будааны тооцоог хийж чадаагүй. 2016 оны 08 дугаар сарын 05-нд 200,000 төгрөг, 8 дугаар сарын 07-нд 720,000 төгрөгийг нийт 920,000 төгрөг өгч бүх тооцоог дуусгасан. Гэтэл надаас нэмж 20 шуудай будааны үнэ нэхээд байгааг зөвшөөрөхгүй байна. 2016 оны 07 сарын 06-нд би будаа аваагүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Д*** нь хариуцагч Д.О*** ээс 25 кг-ийн савлагаатай 20 ширхэг цагаан будааны үнэ 920,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргажээ.

            Хариуцагч Д.О*** худалдан авсан цагаан будааны үнээ бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.

 

            Зохигчдын тайлбараас үзэхэд 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 25 кг-ийн 1 шуудай, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 25 кг-ийн 19 шуудай, 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 25 кг-ийн 20 шуудай цагаан будааг тус тус нэхэмжлэгч Д.Д*** гээс хариуцагч Д.О*** худалдан авсан болох нь зохигчдын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

 

            Дээрх үйл баримтаас дүгнэж үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

           

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө худалдан авах үүрэгтэй байна.

            Дээрх хуульд заасны дагуу хариуцагч Д.О*** нь 25 кг-ийн нийт 40 шуудай будааны үнийг бүрэн төлсөн болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

           

            Нэхэмжлэгч Д.Д*** нь 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 25 кг-ийн 20 шуудай цагаан будааг хүлээлгэн өгсөн бөгөөд түүний тооцоог 8 дугаар сарын 05, 07-ны өдрүүдэд хуваан төлсөн гэж, хариуцагч Д.О*** 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр цагаан будаа аваагүй, 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр авсан 20 шуудай будааны үнээ 2016 оны 08 дугаар сарын 05, 07-ны өдрүүдэд хуваан төлж дуусгасан гэж тус тус маргадаг болно.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр гэрчүүдээс мэдүүлэг авсан бөгөөд гэрч Д.Н*** гийн “Д*** гийн складнаас 2016 оны 07 сарын 10-ны өдөр 20 шуудай будаа ачиж, 17 шуудайг нь О*** ийн контейнерт, 3 шуудайг нь дэлгүүр буулгасан” гэх мэдүүлэг, гэрч А.Номин-Эрдэнийн “би байнга дэлгүүр дээрээ суудаг, 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр О*** эгч, Д*** бид гурав байсан .Ерөөсөө будаа ирээгүй, хүлээж аваагүй” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Д*** ын “2016 оны 07 сарын 06-ны өдөр юу ч ирээгүй, би хүлээж аваагүй. Бараа ирсэн, гарсан тохиолдолд би хариуцаж хүлээж авч, зөөдөг юм. Тэр өдөр ямар нэгэн бараа ирээгүй” гэсэн мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч Д.Д*** гийн хариуцагч Д.О*** т 2016 оны 07 сарын 06-ны өдөр 20 шуудай цагаан будаа хүлээлгэн өгсөн гэх тайлбар үгүйсгэгдэж байгаа бөгөөд гэрчийн мэдүүлгээс өөр баримтаар энэхүү тайлбараа нотлоогүй байна.

 

            Хэрэгт гэрч Ө.Ч*** , Г.Н***нарын мэдүүлэг авагдсан бөгөөд гэрч Ө.Ч*** 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 20 шуудай цагаан будааг О*** ийн контейнерт буулгасан гэж мэдүүлж байгаа боловч будааг хэнд хүлээлгэн өгсөн талаар мэдүүлээгүй, мөн гэрч Г.*** мэдүүлэгтээ Д.О*** манай агуулахаас эхлээд 1 шуудай, дараа нь 19 шуудай, дараа нь 20 шуудайг гээд нийт 3 удаа цагаан будаа авч байсан гэсэн атлаа мэдүүлгийн төгсгөлд 4 удаа авч байсан талаар залруулж мэдүүлсэн байдлаас үзэхэд энэхүү гэрчийн мэдүүлгийн агуулга эргэлзээтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т: “шүүх хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т: “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасан байх тул дээрх гэрчийн мэдүүлгүүдийг үндэслэн Д.Д*** г Д.О*** т 2016 оны 07 сарын 06-ны өдөр 20 шуудай цагаан будаа хүлээлгэн өгсөн байна гэж үзэх боломжгүй юм.

 

            Хариуцагч Д.О*** 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр будаа хүлээн аваагүй гэж маргаж байгаа тул нэхэмжлэгч Д.Д*** нь ийнхүү хүлээлгэн өгсөн байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар өөрөө нотлох үүрэгтэй байна.

           

            Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Д*** гийн хариуцагч Д.О*** ээс 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээлгэн өгсөн гэх 20 шуудай цагаан будааны үнэ 920,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д*** гийн хариуцагч Д.О*** ээс 920,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Д*** гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,630 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            М.ОЮУНЦЭЦЭГ