Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 257

 

 

 

 

 

 

 

 

  2020           03           16                                        2020/ШЦТ/257

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Х.Б- түүний өмгөөлөгч Ц.Баяртогтох нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Бунд овогт Хөнхөрийн Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005002000221 дугаартай хэргийг  2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ... -ны өдөр ........ аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 3, ............... дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бунд овогт Хөнхөрийн Б-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Х.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 26-наас 27-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамт ажилладаг иргэн Ж.Н-тэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Ж.Н-ийг хавсарч унаган, өшиглөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун хөмсөг, хамрын нуруу, баруун доод зовхинд няцарсан шарх, хоёр нүдний дээд зовхи, дотор булан, зүүн бугалганд цус хуралт, цээж, зүүн даланд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Х.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 26-наас 27-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамт ажилладаг иргэн Ж.Н-тэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Ж.Н-ийг хавсарч унаган, өшиглөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун хөмсөг, хамрын нуруу, баруун доод зовхинд няцарсан шарх, хоёр нүдний дээд зовхи, дотор булан, зүүн бугалганд цус хуралт, цээж, зүүн даланд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Ж.Н-ийн “Би 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн АПУ ХХК-д хамгаалагчаар ажиллаж байгаа юм. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ажлаасаа цалингаа авч буугаад хамт хамгаалагчаар ажилладаг Б-, Н- нарын хамт бид гурав Хархорин худалдааны төв рүү очиж ойр зуурын эд зүйлс худалдаж аваад бид гурав манай гэр лүү явсан юм. Бид гурав манай гэрт очсон. Хоёр ширхэг том хуванцар савтай шар айраг хувааж уугаад сууж байтал Б-ийн найз нь залгаад 3,4 хороололд хүрээд ир гэхээр нь би Б-, Н- бид гурав манай гэрээс гараад Гэмтлийн эмнэлгийн хойд талын гэр хороолол руу явсан. Одоо хаягийг нь сайн санахгүй байна. Бид гурав Б-ийн найз нь гэх залуугийн очсон. Б-ийн найзынхан нэрийг нь мэдэхгүй байна. Бид нар гэрт нь ороод 1 шил архи хуваагаад ууж байгаад миний нойр хүрээд байхаар нь би сууж байсан газраа унтчихсан. Тэгээд би нэг сэртэл Б- нэг найзтайгаа хамт Н-ыг дөрвөн хөллүүлээд зодож байсан. Тэгэхээр нь би босч ирээд Б-ийг та нар одоо хамт ажилладаг байж болиоч гэхэд Б- босч ирээд чамд хамаагүй гээд намайг хавсарч унагаагаад миний нүүр лүү 2-3 удаа өшиглөсөн. Миний ам, хамарнаас цус гараад би босч ирээд Б-ийг чи одоо  яагаад намайг цохиж байгаа юм бэ гээд хэлтэл над руу дайраад байсан.

... Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 6-7 дугаар хуудас/

“... Эмчилгээ хийлгээгүй, Эмчилгээний баримт байхгүй. Хамраа янзлуулчих юм бол гомдол санал байхгүй. Хамар эмчлүүлэхэд хэдэн төгрөг хэрэгтэй болохыг одоохондоо мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 28-29 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №827 дугаартай:

“1. Ж.Н-ийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун хөмсөг, хамрын нуруу, баруун доод зовхинд няцарсан шарх, хоёр нүдний дээд зовхи, дотор булан, зүүн бугалганд цус хуралт, цээж, зүүн даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 11-12 дугаар хуудас/

 

Гэрч О.Н-ын “... Архи пивоо уугаад сууж байгаад би тэнд байсан хоёр эмэгтэй хүнтэй маргалдсан. Тэгтэл Б- намайг боль гээд миний хамар луу цохиж миний хамарнаас цус гарсан. Тэгээд би тэр айлаас гараад цусаа угаачихаад буцаад ороод иртэл Б-, Н- хоёр хоорондоо маргалдаад Н-ийн хамарнаас цус гарсан байж байхаар нь би Н-ийг аваад тэр айлаас явсан.

... Хамраас л тухайн үед цус гоожсон. Өөр гэмтэл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 30-31 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч Х.Б-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... Солонгоогийнд очоод 2 шил архи хувааж уусан. Архи ууж дуусаад бид хэд дахиад 1 сав пиво уугаад сууж байтал Н- Солонготой хамт 00 орохоор гарсан. Буцаж орж ирэхдээ Н- Солонго хоёр хоорондоо зодолдсон. Тэр хоёрыг салгаад байж байтал Н- унтаж байгаад сэрээд Хонгороо гээд эмэгтэй рүү дайраад Хонгороог үсдэхээр нь болиоч, яагаад эмэгтэй хүүхэд рүү дайраад  байгаан гэхэд чамд хамаагүй гэхээр нь Н-ийг нүүр лүү нь түлхсэн. Тэгээд   Хонгороогийн хүүхэд нь уйлаад байхаар нь хүүхдийг нь аваад эргээд хартал Н- газар уначихсан хамарнаас нь цус гарсан хэвтэж байсан. Тэгээд босч ирээд Н- Н- хоёр бид хоёр явлаа гээд яваад өгсөн. Дүгнэлттэй танилцсан. Санал хүсэлт байхгүй. Би энэ гэмтлийг  Н-ийн биед учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 20 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч Х.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч  Ж.Н-ийн “... Хөнхөр овогтой Б-эс 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг хүлээн авлаа. Цаашид энэ хэрэгт гомдол санал байхгүй. Бид хоёр сайн дураараа эвлэрч байна. ...” гэсэн хүсэлт /хэргийн 36 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Х.Б- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

         

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Х.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бунд овогт Хөнхөрийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Х.Б-ийг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Б- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Х.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ