Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 0087

 

 

 

 

 

 

 

 

   2020          01           24                                      87

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: О.Бямбасүрэн, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Баясгалан,

шүүгдэгч: Ц.Заяа  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Заяа д холбогдох эрүүгийн 1905 0489 00063 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, Заяа .

 

Шүүгдэгч Ц.Заяа  нь 2019 оны 11 дүгээр сарын 30-31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 8 дугаар байрны 19 тоотод гэр бүлийн маргааны улмаас эхнэр С.Сүрэн гийн үснээс нь зулгааж, хана мөргүүлж, газар унагаад цээж рүү нь дэвсэж, гэдсэнд нь элэгдэж, толгой, нүүрэн тус газар нь гараа зангидаж байгаад цохиж, хуванцар сандалаар зүүн дал, мөр тус газар нь цохиж, биед нь дух, баруун хацар, зүүн мөр, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ц.Заяа  мэдүүлэхдээ:

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой эвлэрсэн. Улсын яллагчтай 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялыг тохиолцож, хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-С.Сүрэн  мэдүүлэхдээ:

2019 оны 11  дүгээр сарын 30-ны өдөр 18 цагийн орчимд хамтран амьдрагч Заяа  нь зааланд тоглоно гээд гэрээсээ гарсан. Тэгээд орой 20 цагийн үед ирнэ гэж хэлчихээд гарахаар нь 22 цаг хүртэл хүлээгээд ирэхгүй байхаар нь утсаараа залгахад утсаа авахгүй байсан юм. Тэгээд шөнө 03 цагийн үед гаднаас согтуу орж ирэхээр нь би яагаад утсаа авахгүй байсан юм гэхэд манай нөхөр чамд хамаагүй гээд байхаар нь би утсыг нь аваад кодоо нээгээд өгчих, хэнтэй явсан юм гэхэд чамд хамаагүй гээд нөгөө өрөөнд ороод хэвтээд өгөхөөр нь би утсыг нь гэдэс рүү нь шидэхэд босч ирээд намайг үсдээд хэл амаар доромжлоод хана руу саваад, газар унагаад цээж рүү дэвсээд, гэдэс рүү элэгдээд, толгой руу хэд хэдэн удаа цохисон. Мөн нүүр рүү гараа зангидаж байгаад цохиод байсан. Тэгээд манай нөхөр гарч явах гээд байхаар нь би үүдэнд очоод явуулахгүй гээд хорьсон чинь үүдэнд байдаг хуванцар сандлаар миний зүүн дал, мөр хэсэгт сандлаа хугартал цохисон гэжээ. (хэргийн 16-17 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дүгээр сарын 04-ний өдрийн 14386 тоот дүгнэлтэд:

1. С.Сүрэн гийн биед дух, баруун хацар, зүүн мөр, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, баруун, зүүн тавхайд зулгаралт, хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. (хэргийн 24 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Ц.Заяа  ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 64 дүгээр хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Ц.Заяа  нь 2019 оны 11 дүгээр сарын 30-31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 8 дугаар байрны 19 тоотод гэр бүлийн маргааны улмаас хохирогч С.Сүрэн гийн үснээс нь зулгааж, хана мөргүүлж, газар унагаад цээж рүү нь дэвсэж, гэдсэнд нь элэгдэж, толгой, нүүрэн тус газар нь гараа зангидаж байгаад цохиж, хуванцар сандлаар зүүн дал, мөр тус газар нь цохиж, биед нь дух, баруун хацар, зүүн мөр, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Сүрэн гийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дүгээр сарын 04-ний өдрийн 14386 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд Ц.Заяа г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч С.Сүрэн  нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой зардлыг нотлох баримтаар нэхэмжлээгүй бөгөөд “бид хоёр эвлэрсэн, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Ц.Заяа  өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Их тугтан овогт Цэдэнбагаагийн Заяа г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Заяа г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Заяа  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.Заяа  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Сүрэн  хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Заяа д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН