Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 553

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Хохирогч Ө.Рысбек,

Шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч М.А холбогдох эрүүгийн 1906 04242 0577 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , М.А .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч М.А нь согтуурсан үедээ буюу 2019 оны 7 дугаар сарын 13-ны шөнө 04 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Санан дурсахуй” баарны гадна иргэн Ө.Рысбектэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний биед "хамрын ясны хоёр хажуу хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний зовхи, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруул, хүзүүнд зулгаралт, цус хуралт, үүдэн баруун доод 1 дүгээр шүдний эмтрэл, хэлэнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах

ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хохирогчийн хохирлыг төлж барагдуулна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.Рысбек мэдүүлэхдээ: “...Гомдолтой байна. М.А 3.194.700 төгрөгийг нэхэмжилж байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.” гэв.

 

         Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ө.Рысбекын гаргасан өргөдөл, гомдол /хх-14/, гэрч Х.Нуржанатын өгсөн мэдүүлэг /хх-17/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 8586 дугаартай дүгнэлт /хх-21/, М.А яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-27/, шүүгдэгч М.А урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-30/, шинээр хохирол нэхэмжилсэн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч М.А нь согтуурсан үедээ буюу 2019 оны 7 дугаар сарын 13-ны шөнө 04 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Санан дурсахуй” баарны гадна иргэн Ө.Рысбектэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний биед "хамрын ясны хоёр хажуу хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний зовхи, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруул, хүзүүнд зулгаралт, цус хуралт, үүдэн баруун доод 1 дүгээр шүдний эмтрэл, хэлэнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ө.Рысбекийн өгсөн: “...Би 2019 оны 7 дугаар сарын 12-ны шөнө 00 цагийн орчим найз Х.Нуржанатын хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Санан дурсахуй” бааранд орсон. Тэгээд бид хоёр 4 шил Сэнгүр нэртэй шилтэй пиво захиалаад сууж байхад найз Х.Нуржанатын найз нь гэх М.А таарч мэнд мэдсэн. Тэгээд 04 цаг болж байхад баар хаагаад бүгд гарсан. Тэгэхэд М.А нь танихгүй нэг залуутай хамт явж байсан ба бааран дотор ууж байсан пивоо гаргаж уугаад шилийг нь хагалаад байсан. Тэгээд тухайн 2 залуу Х.Нуржанат бид хоёр дээр ирж тамхилсан. Тэгэхэд Х.Нуржанатыг “хамт архи ууя” гээд байсан. Тэгэхэд нь би тухайн 2 залууд хандан “бид хоёр маргааш ажилтай, одоо явахгүй бол болохгүй” гэхэд “боов, банди минь” гэх мэтээр хэл амаар доромжлоод “чи хүн мэддэг болсон юм уу” гээд дайраад байсан. Тэгэхээр нь би “яагаад хүн доромжлоод байгаа юм” гэхэд М.А нь “чамайг доромжлохоор яадаг юм” гээд ам руу нэг удаа цохьсон. Энэ үед миний доод талын шүд хугарсан. Тэгээд би М.А “миний шүд хугарчихлаа” гэхэд “чиний шүд хугарчихаар яадаг юм” гээд олон удаа гараараа толгой нүүр хэсэг рүү цохиж эхэлсэн. Тэгэхэд манай найз Х.Нуржанат салгасан. Тухайн үед миний толгой маш их өвдөж байсан тул сандал дээр сууж байгаад цагдаад дуудлага өгсөн.” /хх-15/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Нуржанатын өгсөн: “...Би Ө.Рысбектэй удаан уулзаагүй тул бид хоёр 2019 оны 7 дугаар сарын 12-ны шөнө 00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санан дурсахуй” бааранд орж тус бүр 2 шил пиво захиалж ууж байхад урьд өмнө хамт наймаа хийж байсан М.Айболат, Нарзанбек нар нь бааран дотроос пивотой гарч ирж уугаад шилийг нь хагалаад байсан. Тэгэж байгаад Ө.Рысбек бид хоёр дээр ирж намайг “хамт явж архи ууя” гээд байсан ба манай найз Ө.Рысбек “маргааш ажилтай явахгүй” гэхэд Нарзанбек нь “боов оо чи мэддэг болсон юм уу” гэж байсан. М.А нь Ө.Рысбекийн дээр гарсан байсан ба М.А татаж авч Ө.Рысбекийг босгох үед хамарнаас цус гарсан байсан. Тэгээд М.Айболат, Нарзанбек нар зугтаад явсан.” /хх-17/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны 8586дугаартай дүгнэлтэд:

        1. Ө.Рысбекийн биед хамрын ясны хоёр хажуу хананы цөмөрсөн хугарал,
хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний зовхи, дагзны хуйханд цус хуралт,
зөөлөн эдийн няцрал, уруул, хүзүүнд зулгаралт, цус хуралт, үүдэн баруун доод 1 дүгээр шүдний эмтрэл, хэлэнд шарх гэмтэл тогтоогдлоо.

        2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

        3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.”  /хх-21/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд М.А яллагдагчаар өгсөн: “...Тогтоолтой танилцлаа. Сонсгосон ялыгг хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч Ө.Рысбектэй ямар нэгэн өс хонзон байхгүй. Түүний эмчилгээний зарлыг баримтан дээр тулгуурлаж барагдуулах болно.” /хх-27/ гэх мэдүүлэг,

 

Хохирлын баримтууд /хх-40, 48, 67-69/,

Шүүгдэгч М.А урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-30/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч М.А согтуурсан үедээ буюу 2019 оны 7 дугаар сарын 13-ны шөнө 04 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Санан дурсахуй” баарны гадна иргэн Ө.Рысбектэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч М.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч Ө.Рысбекын эмчилгээний зардалд нэхэмжилсэн 3.194.700 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангасан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д заасан “...шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч М.А гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Мөн хохирогч Ө.Рысбек нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүхээс шүүгдэгч М.А хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч М.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч М.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар М.А 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар М.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, М.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч М.А 3.194.700 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Рысбекэд олгосугай.

 

7. Хохирогч Ө.Рысбек нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

           

            8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба М.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС