Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 551

 

 

 

 

 

 

 

 

 

 2020         03          27                                    2020/ШЦТ/551

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,

Улсын яллагч С.Чимэдцэеэ,

Хохирогч Т.Алтантуяа,

Шүүгдэгч Ю.Гаанямбуу нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ю.Гаанямбууд холбогдох эрүүгийн 1909 02759 0141 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Увс аймагт төрсөн, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 86-805  тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ОД88082214, Шангас овогтой Юнэрэнгийн Гаанямбуу.

 

        Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Ю.Гаанямбуу нь 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Т.Алтантуяагаас “...банкны зээл гарахаар өгье, удахгүй банкнаас 480 сая төгрөгийн зээл авна...” гэж итгүүлэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Т.Алтантуяагаас нийт 21.498.500 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ю.Гаанямбуу мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир шүүх хуралд хэлэх зүйлгүй. Хохирогчийн хохирлоос 500.000 төгрөгөөр 2 удаа нийт 1.000.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Цаашид хохирлыг барагдуулна. Одооноос манай ажил бүтэж эхэлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Алтантуяа мэдүүлэхдээ: “....Би үлдсэн мөнгө 20.498.500 төгрөгийг нэхэмжилж байна. Гомдолтой байна.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч Т.Алтантуяагийн өгсөн мэдүүлэг /хх-11-12, 15-16/, гэрч Ю.Рэнцэндоржийн өгсөн мэдүүлэг /хх-18/, Төрийн банкны 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 26-10/ 20-21 дугаартай албан бичиг /2хх-22-23/, шүүгдэгч Ю.Гаанямбуугийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-98/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Ю.Гаанямбуу нь 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Т.Алтантуяагаас “...банкны зээл гарахаар өгье, удахгүй банкнаас 480 сая төгрөгийн зээл авна...” гэж итгүүлэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Т.Алтантуяагаас нийт 21.498.500 төгрөгийг авч залилсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.               

 

Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Алтантуяагийн өгсөн: “...Би Ю.Гаанямбуу гэх хүний эхнэр Чулуундарьтай 2007 онд “Уянга Жи Эс Эс” ХХК-д менежерийн ажил хийдэг байсан. Тухайн үед Чулуундарь ажлаасаа гарсан ба энэ хугацаанд хааяа нэг ажлаараа ирдэг байсан болохоор огт холбоо тасраагүй байж байгаад 2013 оноос Чулуундарь над руу байнга залгаад Урт цагааны тэнд “Найман шарга” төвийн цаана байрлах 3 давхар барилга дээр намайг дуудаад нөхөртэйгээ уулзаач юм танилцуулна гээд байсан. 2018 оноос эхлээд Ю.Гаанямбуу гээд нөхөр нь над дээр ирээд төслийн зээл авч байгаа гээд гэрээ үзүүлээд ирсэн. Би гэрээтэй нь танилцахад “485.000.000 төгрөгийн мөнгө авах гэж байгаа” гээд гэрээ үзүүлээд ирсэн. “Эхнийхээ мөнгийг авчихсан, одоо 2 дахь мөнгөө авах хэрэгтэй байна, та тэр мөнгийг авах хүртэл байраа засах мөнгө өгөөч, ер нь та хэрэв мөнгө зээлчихвэл би зээлээ бүтэхээр нь танай нөхөр өвчтэй учраас эмчилгээний мөнгө хамгийн бага хүүгээр зээлүүлнэ” гээд байсан. Тэгэхээр нь итгээд би нөхрөө эмчлүүлэх гээд 20.000.000 гаруй төгрөг хураасан байсан болон нэхсэн үед нь хүнээс мөнгө зээлээд өгсөн. Эсхүл өөрийн үнэт эдлэлээ барьцаалан зээлдүүлэх газарт тавиад л өгдөг байсан. Ю.Гаанямбуу нь миний 1 хос ээмэг, 1 ширхэг гинж, 1 ширхэг бөгж зэргийг мөн худал хэлээд авч ломбарданд тавьсан байгаа нь зарагдаж байгаа. Гомдолтой байна. Манай нөхөр элэг нь муу болохоор манайх хашаа байшингаа зараад мөнгө хадгалж байсан ба энэ талаараа Ю.Гаанямбууд хэлж байсан. Тэгээд энэ хэдэн төгрөг хүрэхгүй, тийм болохоор надад илүү мөнгө хэрэгтэй байгаа талаар хэлж байсан. Тэгсэн чинь Ю.Гаанямбуу надад хэлэхдээ “төслийн зээл авч байгаа, төслийн зээл хөөцөлдөх төрийн банкны захирлын эхнэрийнх нь тийзийг бичүүлэх гэж байгаа, түрээсийн байрны тохижилт хийх гэж байгаа мөнгө өгч туслаач” гэхээр нь би тухайн үед эд зүйлсээ ломбарданд тавьж өгч байсан. Тухайн үед дүү гэх хүн нь мөнгө ирж авч байсан. Тэгээд зээлсэн мөнгөө нэхсэн чинь “удахгүй бүтнэ, мөнгө ороод ирэхээр нь би танд 1 хувийн хүүтэй өгье” гээд хэлэхээр нь би тэрэнд “надад мөнгө хэрэгтэй байгаа юм чинь би чамаас 2 хувийн хүүтэй мөнгө авна” гэж хэлсэн. Тэгээд байж байсан чинь “банкны эдийн засагч нарыг хоолонд оруулах гэж байгаа, шовгордох гэж байгаа гээд өнөө маргаашгүй мөнгө бүтэх гэж байгаа” гээд дахиад мөнгө зээлсэн. Тэгээд “мөн хуурай сүүний бизнес хамтарч хийе” гэж худлаа хэлэн мөнгө авсан. Тэгсэнээ сүүлд нь цацрагны тос хил рүү гаргаж байгаа гээд ачаад явж байсан. Тэгсэн чинь бас худлаа ярьсан. Сүүлд 2 удаа над дээр “үнэнээ хэлье” гээд ирсэн. Тэгээд надад эхний удаа хэлэхдээ “би зээлээ аваад үрсэн юм аа” гээд хэлсэн. Мөн дараа ирэхдээ “би таныг залилсан юм аа хуурай сүү гэсэн юм байхгүй” гэж хэлэхээр нь би хажууд нь уйлаад би өөрийн ээжийн тэтгэвэрийн мөнгийг хүртэл аваад амьдарч байна гэж хэлсэн чинь “би одоо  танд 7 хоногт 5.000.000 төгрөг өгье” гээд хэлсэн. Мөн нэг удаа манай нөхөр бид хоёрыг дуудаж “мөнгө өгөх гэсэн юм гэрийн гадаа чинь байна” гээд байхаар нь бид хоёр “банкин дээр уулзая” гэсэн чинь “за” гэж хэлээд удахгүй залгаад “танай гадаа байна хүрээд ир” гээд байхаар нь очсон чинь “манай нөхрийг машинд суучих” гээд байсан. “Яах гээд байгаа юм гадаа яръя” гэсэн чинь “ороод суучих” гээд байсан. Тэгээд ороод суусан чинь “ахаа надад тэр мөнгө чинь байхгүй” гээд манай нөхрийн шарыг малтаад цохиулах гээд байсан.” /хх-6-8, 11-12, 15-16/ гэх мэдүүлэг,

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ю.Рэнцэндоржийн өгсөн: “...Тэр өдөр Ю.Гаанямбуу утасдаад Аагий гэх эгчээс Сансарын тэндээс очоод мөнгө аваад ир гэж хэлсэн. Тэгэд Аагий эгч дээр очиход бэлэн мөнгө байхгүй гээд гинж, бөгж зэрэг үнэт эдлэлээ Баянцээл гэх газарт байрлах “Сайн” ломбарданд очиж барьцаанд тавьж 3.000.000 төгрөг авсан. Манай ахын компани нь хүнсний нэмэлт тэжээл үйлдвэрлээд зардаг байсан. Манай ах захирал нь байсан. Төрийн банкнаас яг ямар зориулалтын зээл гэдгийг нь мэдэхгүй байна. 200.000.000 гаруй төгрөгийн зээл хөөцөлдөж байсан. Юунд зарцуулсан талаар мэдэхгүй. 2018 оны 9 дүгээр сарын орчим зээлээ авсан санагдаж байна.” /хх-18, 53-54/ гэх мэдүүлэг,

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд Ю.Гаанямбуугийн яллагдагчаар өгсөн: “...Би Т.Алтантуяа эгчтэй 2010 оноос хойш танилцсан бөгөөд манай эхнэр Чулуундарьтай хамт ажилладаг байсан болохоор танилцсан. 2017 оноос хойш Т.Алтантуяа эгчээс мөнгө хэрэгтэй үедээ зээлдэг байсан ба тухай бүрт нь хүүгээ бүрэн төлж барагдуулдаг байсан тул Т.Алтантуяа эгчтэй сүүлд зээлийн гэрээ хийлгүйгээр итгэлцэж мөнгө зээлсэн. Тухайн үед би мөнгө зээлэхдээ өөрийн эрхэлдэг “Ви эм ти” ХХК-ийн үйл ажиллагааг сайжруулж орлогоо нэмэх зорилгоор мөнгө зээлсэн боловч 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс компанийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Миний бүтээгдэхүүн нийлүүлдэг байгууллага нь өөр газартай хамтран ажилладаг болсоноос би ашиг олох боломжгүй болоод тэр хугацаандаа Т.Алтантуяа эгчийн мөнгийг төлж чадаагүй.” /хх-87-88/ гэх мэдүүлэг,

 

         “ХААН” банкны дансны хуулга /хх-22-30, 76, 105-250, 2хх-1-21/,

         “Сайн” ломбардны барьцаат зээлийн гэрээ /хх-31-32, 57-61/,

         Хохирогч Т.Алтантуяа, шүүгдэгч Ю.Гаанямбуу нарын харилцсан утасны мессежийг гэрэл зургаар баталгаажуулсан баримт /хх-33-48/,  

         “Начин заан” ломбардны барьцаат зээлийн гэрээ /хх-52, 100-101/,

         Зээлийн гэрээ /хх-54-55/, 

         Шүүгдэгч Ю.Гаанямбуугийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-78/, 

         Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 1 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах, хяналт тогтоох ажиллагаа явуулах тухай” прокурорын тогтоол /хх-95/,

         Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 2 дугаартай Эд хөрөнгө битүүмжилэх тухай” прокурорын тогтоол /хх-96-97/,

         Төрийн банкны 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 26-10/ 20-21 дугаартай албан бичиг /2хх-22-23/,  

         Шүүгдэгч Ю.Гаанямбуугийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-98/ зэрэг болно.

 

          Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Ю.Гаанямбуу нь 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Т.Алтантуяагаас “...банкны зээл гарахаар өгье, удахгүй банкнаас 480 сая төгрөгийн зээл авна...” гэж итгүүлэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Т.Алтантуяагаас нийт 21.498.500 төгрөгийг авч залилсан болох нь хохирогч Т.Алтантуяа, гэрч Ю.Рэнцэндорж нарын мэдүүлгүүд, “ХААН” банкны дансны хуулга, “Сайн” ломбардны барьцаат зээлийн гэрээ, хохирогч Т.Алтантуяа, шүүгдэгч Ю.Гаанямбуу нарын харилцсан утасны мессежийг гэрэл зургаар баталгаажуулсан баримт,  “Начин заан” ломбардны барьцаат зээлийн гэрээ, зээлийн гэрээ, Төрийн банкны 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 26-10/ 20-21 дугаартай албан бичиг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Ю.Гаанямбуугийн үйлдэл нь тухайн үед буюу 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 8 сарын 20-ны өдрийг хүртэл хохирогч Т.Алтантуяагаас “Банкны зээл гарахаар өгье, удахгүй банкнаас 480 сая төгрөгийн зээл авна” зэргээр хохирогчийг төөрөгдүүлэн, итгүүлэн үнэмшүүлж, зээлийн гэрээ байгуулах нэрийдлээр иргэний эрх зүйн хуурамч харилцаа үүсгэн халхавчлан хуурч мэхлэх аргаар бусдад үлэмж хэмжээний хохирол учруулахдаа эргүүлэн төлөх санхүүгийн боломжгүйгээ мэдсээр байж бусдын эд хөрөнгийг хуурч авч захиран зарцуулж байгаа нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, хариу төлбөр хийх зорилгогүйгээр түүний эд хөрөнгийг авч байгаа буюу бусдыг залилсан үйл ажиллагаа гэж дүгнэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ю.Гаанямбуугийн 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Т.Алтантуяагаас “...банкны зээл гарахаар өгье, удахгүй банкнаас 480 сая төгрөгийн зээл авна...” гэж итгүүлэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Т.Алтантуяагаас нийт 21.498.500 төгрөгийг авч залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

        Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

        Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ю.Гаанямбууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгч Ю.Гаанямбуугийн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ю.Гаанямбуу нь хохирогчид 1.000.000 төгрөгийг хохирлыг нөхөн төлсөн ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар үлдсэн хохирол болох 20.498.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Т.Алтантуяад олгохоор шийдвэрлэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагаанаар шүүгдэгч Ю.Гаанямбуугийн Ү-2206024250 дугаар бүхий гэрчилгээтэй Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 86 дугаар байрны 805 тоот орон сууц, Увс аймгийн Баруунтуруун сум, 2 дугаар баг, Шанд гэх газарт байх өмчлөлийн Ү-1501000247, Ү-1501000245, Ү-1501000246 дугаар бүхий гэрчилгээтэй, тус бүр 64 мкв хэмжээтэй хувийн сууц 3 ширхэг, Увс аймгийн Зүүнговь сум, 5 дугаар баг, Зэлийн гол гэх газарт байх Г-1505000009 дугаар бүхий гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний 1288 мкв хэмжээтэй газар зэргийн шилжилт, хөдөлгөөнд хязгаарлалтыг тогтоосон боловч тухайн эд хөрөнгийг зохих байгууллагаар үнэлгээ хийлгээгүй учир энэ шийтгэх тогтоолын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ”-г хэрэглэх боломжгүй байх тул эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгохоор тогтов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

         Шүүх шүүгдэгч Ю.Гаанямбууд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

         Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь шудрага ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв

 

         Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ю.Гаанямбуу нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1,  38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Шангас овогтой Юнэрэнгийн Гаанямбууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Ю.Гаанямбууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

                                                                                                                                                                                                         

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Ю.Гаанямбууд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.     

 

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ю.Гаанямбуу нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус

тус зааснаар Ю.Гаанямбуугаас хохирол 20.498.500 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Алтантуяад олгосугай.

 

6. Ю.Гаанямбуугийн Ү-2206024250 дугаар бүхий гэрчилгээтэй Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 86 дугаар байрны 805 тоот орон сууц, Увс аймгийн Баруунтуруун сум, 2 дугаар баг, Шанд гэх газарт байх өмчлөлийн Ү-1501000247, Ү-1501000245, Ү-1501000246 дугаар бүхий гэрчилгээтэй, тус бүр 64 мкв хэмжээтэй хувийн сууц 3 ширхэг, Увс аймгийн Зүүнговь сум, 5 дугаар баг, Зэлийн гол гэх газарт байх Г-1505000009 дугаар бүхий гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний 1288 мкв хэмжээтэй газар зэргийн шилжилт, хөдөлгөөнд хязгаарлалтыг тогтоосон прокурорын 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 1, 2 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, Ю.Гаанямбууд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ю.Гаанямбууд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС