Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 662

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч О.Мөнхболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

        

                                    ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР                                               

                                    ШҮҮГЧИД                                                       М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                           

                                                                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

Прокурор А.Оюунгэрэл,

Ялтан Б.Б, түүний өмгөөлөгч О.Мөнхболд,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

           

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтны өмгөөлөгч О.Мөнхболдын гаргасан давж заалдах гомдлоор Б.Б холбогдох эрүүгийн 201626021111 дугаартай хэргийг 2017 оны 8  дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Б.Б, 1987 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хилийн шалган нэвтрүүлэх албаны офицер мэргэжилтэй, ам бүл 2, эцгийн хамт ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй /РД:.../,

Б.Б нь 2016 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Оросын холбооны улсын нутаг, Хиагтын хилийн боомт дээр иргэн Н.М машины дараалал зөрчсөн гэх асуудлаас үүдэн маргалдаж, улмаар түүнийг зодож, биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Б.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Б.Б гэм буруутайд тооцож, шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Б 5.482.064 төгрөг гаргуулан, Говьсүмбэр аймаг, Шивээ говь сумын 1 дүгээр баг, 14-1-9 тоотод оршин суух, Н.М олгохоор шийдвэрлэжээ.

            Ялтны өмгөөлөгч О.Мөнхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолыг 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, дараах үндэслэлээр эс зөвшөөрч  давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр хуульчилсан. Шүүгдэгч Б.Б үйлдсэн гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулиар 251-450 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан, одоо мөрдөгдөж байгаа шинэ Эрүүгийн хуулиар дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заажээ. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шинэ Эрүүгийн хууль нь шүүгдэгчид оногдуулах ял хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль гэж дүгнэсэн мөртлөө шүүгдэгч Б.Б 350 /гурван зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Энэ нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн албадан ажил хийлгэх ялын дундаж хугацаагаар ял шийтгэсэн нь шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэх ямар ч үндэслэлгүй болгож байна. Учир нь шүүгдэгч Б.Б нь хохирогч Н.М учруулсан бодит хохирол 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгийг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын 1.1-т заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж байгаа бөгөөд үүнийг шүүх ч хүлээн зөвшөөрч шийтгэх тогтоолдоо дурдсан байдаг. Энэ нь шүүх ял оногдуулахдаа тухайн гэмт хэргийн зүйлчлэлээс хуульд заасан ялын аль нэг төрлийг сонгон авч хэрэглэхдээ тухайн ялын хамгийн бага хэмжээгээр ял оногдуулах бүрэн боломжтой байсан.

2. Хохирогчийн зөрчигдсен эрхийг сэргээх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь Эрүүгийн хуулийн зорилго зорилт, эрүүгийн эрх зүйн үндсэн зарчмуудын нэг билээ. Шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Б “350 цаг нийтэд тус ажил хийлгэх” ялаар шийтгэсэн нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж ялыг биелүүлж эхлэхэд Б.Б нь одоо хийж байгаа ажлаа цааш үргэлжлүүлж хийх ямар ч боломжгүй болж, улмаар орлогогүй болсноор өөрийн хэрэгцээгээ хангах, амьдралаа залгуулах, мөн хохирогчид учирсан хохирлыг богино хугацаанд нөхөн төлөхөд ихээхэн хүндрэлтэй болж байгаа юм. Хуульд зааснаар “нийтэд тустай ажил хийлгэх” ялыг нэг хоногт 4 цаг байхаар хуульчилсан бөгөөд 350 цаг нь 87,5 хоног, 1 сарын ажлын дундаж хоногийг 22 хоногоор тооцвол 4 сар “нийтэд тустай ажил хийж” ялыг бүрэн биелүүлэх юм. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч миний зүгээс шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ялын төрлөөс “торгох” ялыг хуульд заасан хамгийн бага нэгжээр тооцож хэрэглэвэл шүүгдэгч Б.Б нь ажил хөдөлмөр эрхэлж, өөрийн амьдралаа залгуулж, улмаар хохирогчийн хохирлыг барагдуулах, шүүгдэгчийн эрх зүйн байдал нь дээрдэх боломжтой гэж үзэж санал гаргасан боловч анхан шатны шүүх бидний саналыг хүлээж аваагүй юм.

3. Анхан шатны шүүх хүчингүй баримт бичгийг үндэслэн хохирогч Н.М учирсан хохирол, төлбөрийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хүн ам хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 2 дугаар сарын  18-ны өдрийн №А/З0 дугаар тушаалаар батлагдсан “Иргэн /даатгуулагч/-д эмнэлгийн хуудас олгох журам”-ын 2.13-д “Эмнэлгийн хуудсыг буруу бичсэн, засварласан, үрэгдүүлсэн бол хүчингүйд тооцох бөгөөд уг эмнэлгийн хуудасны дагуу тэтгэмж олгоогүй тухай ажил олгогчийн тодорхойлолтыг үндэслэн анх хуудас бичсэн эмнэлгийн байгууллага 14 хоногийн дотор дахин олгоно” гэж заажээ. Хохирогч Н.М олгосон №0771878, №0771869 тоот хуудсууд /хэргийн 3-р хавтас 80-83 хуудас/ нь штрикдэж засварласан баримтууд болох нь тодорхой харагдаж байгаа бөгөөд үүнд анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн шийдвэр болсон.

4. Мөн анхан шатны шүүх хохирогч Н.М хохирол, төлбөрийн тооцоо гаргахдаа сарын дундаж цалинг буруу тооцож гаргасан байна. Учир нь хохирогч Н.М нь цалингийн зөрүүг нэхэмжилж байгаа бөгөөд үүнийг гарт олгох цалин болон хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийн зөрүүнээс тооцож үзэх ёстой юм. “Шивээ овоо” ХК-ийн гаргаж өгсөн цалингийн тодорхойлолтоос гар дээр олгох цалингийн хэмжээг тодорхойлбол:

- Хөдөлмөрийн хөлс 23.646.541 төгрөгөөс НДШимтгэл 2.364.654 төгрөг, ХХОАТ 2.044.180 төгрөгийг тус тус хасч 12 сар хувааж гаргана. 23.646.541-2.364.654-2.044.180=19.237.707 төгрөг /гарт олгосон/.

19.237.707:12=1.603.142 /1 сард гарт олгосон/ төгрөг болж байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу бодвол:

-2015 оны 11 дүгээр сарын хөдөлмөрийн хөлс 2.076.353 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын хөдөлмөрийн хөлс 1.891.846 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын хөдөлмөрийн хөлс 1.465.876 төгрөг нийт 5.434.075 төгрөг /НДШ, ХХОАТ орсон дүнгээр/. Үүнээс сарын дундаж нь 1.811.358 төгрөг /НДШ, ХХОАТ орсон дүнгээр/. Гарт олгосон цалингийн дундаж нь 5.434.075 төгрөгөөс 2015 оны 11 дүгээр сарын НДШ 207.635 төгрөг, ХХОАТ 179.872 төгрөг, 12 дугаар сарын НДШ 189.185 төгрөг, ХХОАТ 163.266 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын НДШ 146.588 төгрөг, ХХОАТ 124.929 төгрөгийг тус тус хасвал 5.434.075-207.635-179.872-189.185-153.266-146.588-124.929=4.422.600 төгрөг /гарт олгосон/. Үүнээс 4.422.600:3=1.474.200 /гар дээр ирэх/ төгрөг болж байна.

 Шүүх шийтгэх тогтоолдоо 2016 оны 3 дугаар сард олгосон №0799383 тоот эмнэлгийн хуудасны /1-р хх-ийн 211 хуудас/ арын нүүрэнд хохирогч Н.М олгосон 1.431.433 /нэг сая дөрвөн зуун гучин нэгэн мянга дөрвөн зуун гучин гурав/-н тэтгэмжийг 1.131.433 төгрөг гэж буруу бичиж хохирогчийн хохирол, төлбөрийг буруу тооцож гаргасан байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт заасны дагуу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1-д заасан шүүгдэгч Б.Б оногдуулсан 350 цаг “нийтэд тустай ажил хийлгэх” ялыг торгох ялаар сольж, шийтгэх тогтоолын “тогтоох” хэсгийн 5 дахь заалтад дурдсан иргэний нэхэмжлэлийг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Ялтан Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй. Одоо би өмнөх ажлаасаа гараад вакум цонхны үйлдвэрт ажлаад 1 сар болж байна. Манай эхнэр удахгүй төрөх учраас мөнгө хэрэгтэй байна. Хэрвээ нийтэд тусдаа ажил хийлгэх ялаар шийтгэвэл ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болох учраас миний ялыг хөнгөрүүлж, торгох ялаар сольж өгнө үү” гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн. Оногдуулах  ялын хувьд хүнд ял оногдуулаагүй. Хэргийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан. Хохирогч маш их гомдол санал хэлдэг. Удаа дараагийн шүүх хуралдаанд өөрөө биечлэн ирдэг. Магадгүй өнөөдрийн шүүх хуралдаанд биечлэн ирэх байсныг үгүйсгэхгүй. Хиагт руу явж өөрийнхөө хэргийн нөхцөл байдлын талаар судалсан. Том оврын автомашин барьж байгаад одоо хөдөлмөрийн чадваргүй болсон гэх асуудлыг шүүх хуралдаанд удаа дараа хэлдэг. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Хэрэгт нилээн удаан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаад шүүхээр 2 удаа шийдвэрлүүлэхэд хохирол төлбөрийг барагдуулах асуудлыг гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсний дараа яригддаг. Саяхан Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт, танхайн хэрэгт холбогдсон гэдэг. Тэгээд хавтаст хэргийн хүрээнд тогтоогдсон байдлаар эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн байдлаар хэргийг шийдвэрлэсэн. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан танхайн үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосон. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг хэрэглэж хөнгөн ял шийтгэлийг оногдуулсан учраас шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хэн нэгэн хүний хувийн байдалд нь тааруулж энэ хүн нийтэд тустай ажил хийх боломжгүй байна гэдэг байдлаар дүгнэх нь учир дутагдалтай. Шүүхээс оногдуулсан ял, хуулийн заалт, нөхцөл, хэргийн хэр хэмжээ, хувийн байдалд нийцэж байна уу гэдэгт дүгнэж үзэх байх. Ялтан Б.Б нь “ажилгүй, сая ажилд орсон. Эхнэр нь жирэмсэн” гэж хэлсэн. Их хэмжээний хохирол төлбөрийн асуудал байхад торгох ял оногдуулах талаар хандаж болохгүй байх гэж үзэж байна. Иймээс шүүхээс оногдуулсан ялын хувьд үндэслэл бүхий болсон. Иргэний нэхэмжлэлийн асуудлаар шүүхийн шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэлийг ямар байдлаар тооцож гаргасан талаар тодорхойлох хэсэгт дэлгэрэнгүй дурдаад, үндэслэлээ тайлбарлаад гаргасан. Иймд шүүхээс үндэслэл бүхий иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэгтэй нь хамтатган Иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэх хуулийн зүйл заалт байгаа учраас энэ хэргээс тусад нь иргэний хэргийн нэхэмжлэлийг шийдвэрлүүлье гэсэн хүсэлтийг хүлээж авах боломжгүй. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн  3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд шийтгэх тогтоол хуульд нийцэж гарсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Б.Б нь 2016 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Оросын холбооны улсын нутаг, Хиагтын хилийн боомт дээр иргэн Н.М машины дараалал зөрчсөн гэх асуудлаас үүдэн маргалдаж, улмаар түүнийг зодож, биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Ялтан Б.Б сэжигтнээр өгсөн: “...би 2016 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр өөрийн найз Х түүний 81-55 УНВ улсын дугаартай, саарал өнгийн HARRIER маркийн машинаар Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн хилээр гараад Оросын холбооны улсын Улаан-Үүд хот руу явсан. Тухайн үед хилээр гарахад Х машинд 2 эмэгтэй хүн байсан. Х нь дээрхи 2 эмэгтэй зорчигчийг зарын дагуу Улаанбаатар хотоос өөрийнхөө машинд суулгаад явсан. Улаанбаатар хотоос 2016 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр гарахад 81-55 УНВ улсын дугаартай автомашинд Х, миний танил А гэх залуу, мөн зарын дагуу зорчиж байсан 2 эмэгтэй зорчигч, бид 5 Сэлэнгэ аймаг руу хөдөлсөн. Сэлэнгэ аймаг дээр очиход А бууж үлдсэн. Ингээд цааш Х, 2 зорчигч эмэгтэй, миний бие дөрвүүлээ гарсан юм. Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг хүртэл 81-55 УНВ дугаартай машиныг би жолоодсон бөгөөд Оросын холбооны улсын нутаг дэвсгэрт машиныг Э.Х жолоодсон. Тухайн үед цагаан сарын баяр болох гэж байсан болохоор хүнсний эд зүйлсээ цуглуулахаар Оросын холбооны улсын Улаан-Үүд хот руу явсан юм. Улаан-Үүд рүү явах санааг би Х тавьсан бөгөөд Х миний саналыг хүлээн зөвшөөрөөд зарын дагуу холбогдсон 2 эмэгтэй зорчигчийн нэгийг нь 1 дүгээр хорооллоос, нөгөөхийг нь 5 шараас авсан. Улаан-Үүд рүү зорчигч авч явах зарыг интернэт сайтад Х тавьсан байсан.Ингээд 2016 оны 1 дүгээр сарын 31-ний үүрээр Оросын холбооны улсын Улаан-Үүд хотод ирсэн. Хотод ирээд хүнс бараагаа цуглуулаад 2016 оны 1 дүгээр сарын 31-нийхээ оройхон л хөдөлсөн. Улаан-Үүд хотоос хөдлөөд Хиагтын хил дээр ирэхэд Монгол улс руу  гарах гэж байгаа машинууд чихэлдээд дараалласан байдалтай, 2,3 цуваа зогсчихсон байсан. Дараалал ихтэй байсан учраас цуван дараалласан машинуудын зүүн талаар нь дайраад, дарааллыг эвдээд орчих гэсэн. Миний хэлсний дагуу Х дараалласан машинуудын зүүн талаар нь дайраад очиж зогссон. Ингээд дарааллын хажууд очоод зогстол хил дээр гадуур явж байсан нэг Монгол залуу Орос хилийн цэрэгтэй очоод л юм яриад уулзаж байсан. Төд удалгүй цэрэг нь ирээд та нар бичиг баримтаа үзүүл гэсэн. Хариуд нь бид нар ингээд хилээр гарчихъя гэж хэлээд Х хойшоо ухраад машинаа дарааллын дунд зогсоосон. Зогсоосны дараа би машинаас буугаад гартал нэг залуу ирэхээр нь “чи яаж байгаа юм бэ?” гэж хэлсэн чинь “чи ингэх ёстой юм уу?” гэж намайг заналхийлсэн байрнаас заамдаад авсан. Намайг заамдаад боогоод авахаар нь адилхан заамдаад гарыг нь тавиулаад намайг цохихоор нь тонгойход өөрөө намайг даваад унасан.  Ийнхүү унасных нь дараа хүмүүс ирээд бид хоёрыг салгасан. Салаад би машин руугаа явж байтал миний араас том чулуу барьчихсан нөгөө залуу чамайг ална гээд хүрээд ирсэн. Тэгэхлээр нь би намайг цохих яах вэ хүний машин тэрэг эвдчихэв гэж хэлсэн. Ингээд л тэр хүн цаашаагаа машин руугаа яваад өгсөн, би машин руугаа яваад өгсөн. Ийм л зүйл болсон юм...” /1 хх-ийн 94/,

Хохирогч Н.М өгсөн: “...би 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр эхнэр Н.И хамт ОХУ-ын Улаан-Үүд хот орж, цагаан сарын баярын хүнсээ цуглуулахаар Говьсүмбэр аймгийн Чойр хотоос Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум хүртэл өөрийн 79-25 УБҮ улсын дугаартай, Avante маркийн машинаар явсан. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд очиход ОХУ-ын хил рүү машинаараа гардаг жолооч нар байдаг юм байна лээ. Би Алтанбулагт очоод ОХУ-ын Улаан-Үүд хот руу явж байсан С.Б танилцаад түүний эзэмшлийн 38-44 УБП улсын дугаартай Приус-20 маркийн автомашинаар ОХУ-ын хил рүү 2016 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн үүрээр орсон. Ингээд 2016 оны 1 дүгээр сарын 30-ны өдөртөө ОХУ-ын Улаан-Үүд хотын төв зах, хүнсний зах дэлгүүрүүдээр орж, хүнс бараагаа цуглуулчихаад 2016 оны 1 дүгээр сарын 30-ны орой 21.00 цагийн үед Монгол Улс руу гарахаар Хиагтын хилийн боомт дээр 38-44 УБП улсын дугаартай автомшинтай ирсэн. Бид дөрвийг Хиагтын хилийн боомт дээр ирэхэд манай машины урд талд 40-50 гаруй машин дараалласан байдалтай 1 цуваа үүсгэн зогсож байсан. ...хилээр гарахаар хүлээгээд байж байтал дарааллын эхний 3 машины хажуугаар 81-55 УНВ улсын дугаартай Лексус маркийн дунд оврын жийп машин гэнэт урсгал сөрөөд, дайрч орохоор машиныхаа хамрыг оруулан бэлдэн зогссон. Удалгүй энэ машины араас дараалал дайрахаар 4 автомашин ирж зогссон. Тэгэхээр нь би жолооч Б хамт машинаасаа буун оочерын эхэнд очин Орос цэргийн ахлагчтай уулзаж “дугаарлаагүй, оочерлоогүй автомашинуудыг битгий хилээр оруулаачээ” гэж гуйсан. Тэгэхэд Орос цэргийн ахлагч, дугааргүй машинууд дээр очоод “та нар хэрвээ дараалал дайрч орох юм бол би паспорт бичиг баримтуудыг чинь хурааж аваад, машиныг чинь буцаах болно. Та нар нэг хэсэгтээ л Монгол руу гарч чадахгүй шүү” гэж дараалал дайрах гэж байсан автомашины жолооч нарт хэлсэн. Гэтэл эдгээр машинууд явахгүй дараалал дайрах гээд зогсоод байхаар нь Орос цэрэг эдгээр дараалал дайрах гэж байсан машины жолооч нарт дахин сануулга хэлэхэд нь би Орос цэрэгт хандан Орос хэлээр “81-55 УНВ улсын дугаартай машины жолооч эмэгтэйгийн паспортыг бас хураагаарай” гэж хэлсэн. Орос цэрэг 81-55 УНВ улсын дугаартай машинд анхааруулга өгчихөөд явсны дараа уг машины баруун талын суудлаас нэг залуу бууж ирээд намайг “чи яасан их хүн чаддаг хүн бэ, чамд би хүн яаж чаддагийг харуулъя” гэж хэлээд миний нүүрний зүүн хөмсөгний орчим баруун гараараа 3 удаагийн давтамжтай хүчтэй цохисон. Би цохиулсныхаа дараагаар хөлөөрөө өшиглөх санаатай баруун хөлөө өргөтөл, миний хөлнөөс зүүн гараа эвж, баруун гараараа бүсэлхийнээс барин дээш өргөж газар савсан. Ингээд намайг дээрээс шидэхэд нь би асфальтан зам дээр унаж, зүүн гарын бугуйны яс хугарч, одоо хүртэл бүрэн эмчлэгдэхгүй байна...” /1хх-ийн 132-136, 3хх-ийн 32-37/,

Гэрч Н.И өгсөн:  “...манай нөхөр Н.Мягмаржав ханиад хүрээд ажлаасаа өвчний акт авсан байсан. Ингээд бид хоёр өөрсдийнхөө 79-25 УБҮ улсын дугаартай автомашинаар 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум орсон. Манай машин нь бидний нэр дээр байдаггүй учир өөр машинаар цааш явах шаардлага гарсан. Алтанбулаг суманд С.Б гэх 38-44 УБП улсын дугаартай автомашины жолоочтой танилцаж, хамт ОХУ-ын хилээр гарч Улаан-Үүд орох зорилготой явсан. С.Б болон түүний эхнэр нь Оросын холбооны улс руу анх удаагаа гарч байсан юм байна лээ. Бид нар 2016 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Алтанбулагийн хилээр гарч, цааш ОХУ-ын Улаан-Үүд хот руу явсан. Улаан-Үүд хотод 2016 оны 1 дүгээр сарын 30-ны 20.00 цагийн үед Улаан-Үүдээс гарч Хиагтын хил рүү буцсан. Хиагтын хил дээр очиход маш их машинууд дараалласан байдалтай байсан.Намайг Б машинд дулаацаад сууж байтал С.Б эхнэр “танай нөхөр чинь зодолдоод байна” гэж хэлсэн. Би тэр даруйд нь машинаасаа буугаад дарааллын эхэнд очиход манай нөхрийг нэг залуу унагаагаад зодоод байсан. Тэр залуу манай нөхрийг ухаан жолоогүй зодож, “чамайг алчихна шүү, алчихсан байхад яадаг юм” гэж хэлээд зодоод байсан. Би очоод манай нөхрийг зодож байсан хүнийг түлхээд, хөлөөрөө өшиглөтөл цаашаа гүйгээд явсан. Манай нөхрийг зодсон залуу 81-55 УНВ улсын дугаартай машинд суугаад яваад өгсөн...” /1 хх-ийн 143-145х/,

            Гэрч Г.А өгсөн: “...Би өвөл 1 дүгээр сарын сүүлээр, цагаан сарын баяр дөхөж байгаатай холбогдуулан ажлын эгч Д.Н хамт ОХУ явж хүнс бараагаа цуглуулахаар болсон. Бид хоёр ОХУ явах машин хайж байгаад “Улаан-Үүд явна утас:99017970” гэсэн зарын дагуу яриад, 2016 оны 1 сарын 29-ний өдрийн орой 20-21 цагийн үед Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хил рүү хөдөлсөн. Эгч бид хоёрын сууж явсан машин нь цайвар өнгийн дунд гарын Лексус маркийн машин байсан. Бид хоёрыг машинд суухад эрэгтэй хүн машинаа жолоодож явж байсан бөгөөд жолоочийн хажуу талд намхан, барзгар бор царайтай, бөөрөнхий хэлбэртэй нүүртэй, богинохон үстэй эмэгтэй хүн сууж явж байсан. Бид нар ОХУ-ын Хиагтын хилийн боомтоор 2016 оны 1 сарын 30-ны үүрээр гарсан. Бид нар цааш Улаан-Үүд хот орж, 2016 оны 1 сарын 30-ны өдөртөө хүнс бараагаа цуглуулж дуусаад, 1 сарын 30-ны орой нь 20-21 цагийн үед Улаан-Үүдээс Хиагтын хилийн боомт руу буцсан. Хиагтын хил дээр ирэхэд маш олон машин цуваад дараалал үүсгэсэн байсан. ...Манай машиныг жолоодож явсан эмэгтэй дараалал дайрах гээд цувааны дунд хэсэг рүү явсан. Ингээд дараалал дайрах гээд хоёр удаа оролдоод чадалгүй, арагшаа буцаж, хамгийн арын хэсэгт дараалалд орсон. Хамгийн арын хэсэгт дарааллаж байгаад дарааллын дунд хэсгээр танихгүй машины жолооч гуйж байгаад урд нь орж зогссон. Машины урд сууж байсан өндөр, туранхай, өтгөн хөмсөгтэй, богино үстэй залуу байсан. Хил дээр дараалал дайрах үед машиныг эмэгтэй нь барьж байсан ба урсгал сөрж дараалал дайрах гэж байгаад чадаагүй. Би машин дотор унтаад явсан болохоор орос цэрэг машин дээр ирснийг мэдээгүй. Алтанбулагийн хилээр 81-55 УНВ дугаартай автомашинтай гарсан. Уг машинд би, манай эгч, жолооч эмэгтэй, түүний найз залуу бид 4 л явсан....”/1хх-ийн 146-148/,

            Гэрч Д.Н өгсөн: “...Би өөрийн хуурай дүү А хамт ОХУ-ын Улаан-Үүд хот руу цагаан сарын хүнсээ цуглуулах зорилгоор явах гээд интернет дэх зарын дагуу Улаан-Үүд явах мөнгөлөг саарал өнгийн Lexus Rx 400h маркийн автомашинд зорчин 2016 оны 1 сарын 29-ний өдрийн орой 20-21 цагийн үед Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хил рүү хөдөлсөн. ...Бид нар ОХУ-ын Хиагтын хилийн боомтоор 2016 оны 1 сарын 30-ны үүрээр гарсан. Бид нар цааш Улаан-Үүд хот орж 2016 оны 1 сарын 30-ны өдөртөө хүнс бараагаа цуглуулж дуусгаад 30-ныхаа орой 20 цагийн үед Улаан-Үүдээс Хиагтын хилийн боомт руу буцсан. Хиагтын хил дээр ирэхэд маш олон машин цуван дараалал үүсгэсэн байсан. Манай машиныг жолоодож явсан эмэгтэй дараалал дайрах гээд цувааны дунд хэсэг рүү явсан. Монголын хилээс орж ирдэг замын хажуу талаар явж байгаад дараалал дайрах гэж оролдсон. Ингээд Хиагтын хил дээр дарааллаад байж байгаад өглөөний 07-08 цагийн хооронд Монгол Улсын хилээр орж ирсэн. Би Э.Х, Б.Б нарыг харж байсан. Эдгээр хоёр хүн нь эхнэр, нөхөр юм уу гэмээр ойр дотны харилцаатай хүмүүс байсан. Хандармаа нь ОХУ-ын нутагт машинаа барьж явсан. Оросын холбооны улсын хилийн боомт дээр зодоон болсон. Ямар ч байсан 2016 оны 1 сарын 30-ны шөнө Хиагтын хилийн боомт дээр хүмүүс бужигнаад шуугилдаад байсан. Шуугилдаад байхаар нь гартал миний сууж явсан машинд байсан залуу амьсгаадаад зогсож байхаар нь би татаад машиндаа суулгасан...”/1 хх-ийн 149-151/,

            Гэрч С.Б өгсөн: “...2016 оны цагаан сарын баяр ойртсон учир баярын хүнсээ цуглуулахаар эхнэр Ц.Ц хамт өөрийн эзэмшлийн 38-44 УБП хөх өнгийн Приус-20 маркийн машинаар 2016 оны 1 сарын 29-ний өдрийн 11 цагаас Улаанбаатар хотоос хөдөлсөн. Цааш замдаа явахдаа, эхнэр бид 2 л машиндаа сууж явсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хилээр 2016 оны 1 сарын 30-ны өдрийн үүрийн 03 цагт гарсан. Эхнэр бид 2 Алтанбулаг сумын хилээр гарах гээд оочерлоод зогсож байтал эхнэр, нөхөр 2 хүн ирээд “Оросын хил гарчихъя” гээд хамт цааш явсан. Эхнэр бид хоёр зам мэдэхгүй учир тэр хоёр хүнийг авч гарахаар болсон. 2016 оны 1 сарын 30-ны өдөр бид гурав ОХУ-ын хилээр гарчихаад, хүнс бараагаа цуглуулж дуусаад буцаад Монгол улс руугаа хөдөлсөн. 2016 оны 1 сарын 30-ны өдрийн орой Хиагтын хилийн боомт дээр очиход машинууд дүүрэн, дараалласан байдалтай, манай машин хоёр эгнээгээр жагссан 25 машины ард зогсож байсан. Ингээд дарааллаж байсан машинууд явахгүй, дарааллын эхэнд зогсож байсан машинуудын хажуугаар Сэлэнгийн машинууд дараалал дайрах гээд бөөгнөрөөд зогсож байсан. Манай машинд сууж явсан Н.М дараалал дайрсан машинууд руу гэнэт буугаад алхаад очсон. Тэгээд 10-аад минутын дараагаар буцаж машиндаа орж ирсэн. Машинд орж ирэхдээ зүүн гараа барьчихсан “миний гар хугарчих шиг боллоо” гэсэн. Мягмаржавыг буухад эхнэр нь миний машинд суугаад үлдсэн бөгөөд удалгүй эхнэр нь яарсан байдалтай гүйгээд гарсан...” /1 хх-ийн 152-154/,

Гэрч Ц.Ц өгсөн: “...2016 оны цагаан сарын баяр ойртсон учир баярын хүнсээ цуглуулахаар нөхөр С.Б хамт нөхрийн эзэмшлийн 38-44 УБП, хөх өнгийн Приус 20 маркийн машинаар ОХУ руу явсан. Нөхөр бид хоёр Алтанбулаг сумын хилээр гарах гээд дарааллаад зогсож байтал эхнэр, нөхөр хоёр болов уу гэмээр хүмүүс ирээд “Оросын хил хамт гарчихъя” гэсэн. ...Ингээд бид нар хүнсээ цуглуулаад Монгол улс руу буцахаар болсон. 2016 оны 1 сарын 30-ны өдрийн орой Хиагтын хилийн боомт дээр очиход машинууд дүүрэн, дараалласан байдалтай, манай машин хоёр эгнээгээр жагссан 25 машины ард зогсож байсан. Удалгүй дарааллаж байсан машинуудын эхний эгнээний гол хэсэгт зодоон болж байсан. Энэ зодоон бол маш хурдан болж өндөрлөсөн бөгөөд нэг харахад М унагаагаад зодож байсан. Би тэр даруйд нь хойш гүйж, өөрийн машин дээр очин М эхнэрт “зодоон болж байгаа” талаар хэлсэн. Н.М эхнэр нь манай машинаас гараад зодоон болж байгаа газар дээр ирээд, тэр залууг нөхрөөсөө салгаад явуулсан. Н.М зодсон залуу нь 81-55 гэсэн дугаартай, мөнгөлөг өнгийн Харьер юм уу, Лексус маркийн машин руу гүйгээд орсон...” /1 хх-ийн 155-157/ гэх мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “...Н.М биед зүүн шуу ясны доод 1/3 хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо...” гэх №5331 тоот дүгнэлт /1хх-ийн 164/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “...5331 тоот дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх №611 тоот дүгнэлт /3 хх-ийн 45-46/,

            Таньж олуулах ажиллаганы тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 120-123/,

            Хохирогч Н.М цалингийн тодорхойлолт, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, баримтууд /1 хх-ийн 208-210, 3 хх-ийн 78-81/,

            Хохирогч Н.М ГССҮТ-д хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх баримт, эмнэлгийн магадлагаа, амбулаториор үйлчлүүлэгсдийн гар карт, нийгмийн даатгалын тэтгэмж олгосон эмнэлгийн хуудас баримтууд /1 ххийн 211-220, 3 хх-ийн 82-83, 84-103/,

            Хохирогч Н.М гаргасан хохирлын баримтууд /3 хх-ийн 71, 74-76, 107-110/,

            Алтанбулаг хилийн боомтоор 81-55УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл гарсан тухай лавлагаа /1 хх-ийн 230-231/ болон  бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн  заалттай нийцжээ.

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Б.Б оногдуулсан ял  нь  ялтны хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн хор аюул, хэр хэмжээнд тохирсон, хохирлыг зөв тооцжээ.

Иймд ялтны өмгөөлөгч О.Мөнхболдын гаргасан “Б.Б торгуулийн ял оногдуулж, хохирол гаргуулсан заалтыг хангахгүй орхиж, иргэний журмаар шийдвэрлүүлэх”-ийг хүссэн  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй  гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч О.Мөнхболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

        

                                    ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР                                               

                                    ШҮҮГЧИД                                                       М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                           

                                                                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ