Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2020/0874/З |
Дугаар | 221/МА2021/0273 |
Огноо | 2021-05-28 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2021/0273
“М” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б, хариуцагч Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 168 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “М” ХХК-ийн гомдолтой, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 168 дугаар шийдвэрээр:
“...Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 71 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.1.11, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 17.1.1, 17.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 351730129 тоот шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд давж заалдах гомдолдоо:
“...шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасныг зөрчсөн.
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Татварын маргаан таслах зөвлөлд хандан гаргасан гомдлыг хянах явцад татварын улсын байцаагчаас “Д” ХХК-д 2,409,090.91 төгрөгийн орлого олж түүнд ногдох албан татвар төлөөгүй гэдэг үндэслэлээр төлбөр ногдуулсан болох нь тогтоогдсон бөгөөд бид ийм үйл ажиллагаа явуулаагүй дурдсан зөрчлүүдтэй холбоотой нотлох баримтуудыг нэмж гарган өгч,хяналт шалгалтыг дахин хийлгэх хүсэлтэй байна гэх үндэслэлээр маргаж байна” гэжээ.
“М” ХХК нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахдаа урьдчилан шийдвэрлүүлэх арга хэмжээ авч нийслэлийн маргаан таслах зөвлөлд хандсаны дараагаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байтал Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 65 дугаар тогтоолд дурдагдсан “Д” ХХК-д 2,409,090.91 төгрөгийн талаар шийтгэлийн хуудсанд дурдаагүй байна гэж үзэн дахин хяналт шалгалт хийлгэх хүсэлтийг шийдвэрлэж байгаа нь нэхэмжлэлд дурдаагүй асуудлын талаар шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна гэж заасныг хэрэгжүүлээгүй, нотлох баримт бүрдүүлэх, үнэлэх зарчмыг зөрчсөн.
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 65 дугаар тогтоолд дурдагдсан “Д” ХХК-д 2,409,090.91 төгрөгийн зөрчил нь татварын улсын байцаагч нарын шийтгэлийн хуудсанд дурдсан аль зөрчил болох нь тодорхойгүй үйл баримтын талаар хариуцагч нар тайлбарлах боломжгүй болохоо илэрхийлсэн” гэжээ.
Учир нь “М” ХХК “Д” ХХК-д 2,409,090.91 төгрөгийн үнийн дүн бүхий үйлчилгээ үзүүлсэн гэж 2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайландаа борлуулалтын орлогоор тайлагнасан байсан тул зөрчилд тооцоогүй, маргаан бүхий шийтгэлийн хуудсанд дурдаагүй гэж шүүх хуралдааны явцад хариуцагч нар тайлбарласан.
Харин маргаан таслах зөвлөл яагаад тогтоолдоо дурдсан талаар тайлбарлах боломжгүй байна гэж хэлсэн байтал шүүхийн шийдвэрт тусгаагүй, дээрх асуудлыг мэдэхгүй, хэлэх боломжгүй мэтээр шийдвэрт оруулсан байна.
“М” ХХК-ийн “Д” ХХК-д 2,409,090.91 төгрөгийг тайлагнасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг хэрэгт нотлох баримтаар өгсөн байхад шүүх нотлох баримтаар үнэлээгүй, нэхэмжлэгч холбогдох баримтаа шүүхэд гарган өгөх хүсэлт өгсөн ч шүүх хүсэлтийг шийдвэрлээгүй, үйл баримтын талаар хэргийн оролцогч нараас нотлох баримтыг гаргуулах, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.
Мөн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагчийн хууль, журамд нийцүүлэн хяналт шалгалтын ажлыг дахин явуулж, дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзлээ” гэсэн нь шүүх үйл баримтын талаар хэргийн оролцогч нараас нотлох баримтыг гаргуулах, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй хэрнээ шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй нэг талын эрх ашгийг илүүд үзсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т “хүн, хуулийн этгээдээс албан татвар, төлбөр, хураамж гаргуулах тухай шийдвэр бол захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй” гэж заасныг зөрчсөн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхээс шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, гомдлын шаардлагад бүрэн дүгнэлт өгөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дараах үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
Гомдол гаргагч “М” ХХК-аас “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 351730129 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргасан ба маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “М” ХХК-д Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 74.1.3, 74.1.11, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.2 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр шийтгэлийн нийт 541,387,686.30 төгрөгийн зөрчилд 51,993,653.90 төгрөгийн нөхөн татвар, 6,803,363.40 төгрөгийн торгууль, 6,105,627.30 төгрөгийн алданги, нийт 64,902,644.60 төгрөгийн төлбөр ногдуулжээ.
Улмаар “М” ХХК-аас дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдол гаргасныг анхан шатны шүүх “маргаан бүхий акт болон татварын улсын байцаагчийн 351730129 дүгээр шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч “М” ХХК-ийн үйлдсэн гэх зөрчлүүдийг нэг мөр хангалттай тодорхой нотолж чадаагүй, эл нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэж үзэн хариуцагчид нотлох үүргийг хүлээлгэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсгийг хэрэглэсэн нь буруу байна.
Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан үндэслэл нь шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт, хэргийн бодит нөхцөл байдалтай холбоотой “өөр бусад үндэслэлээр” нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тохиолдолд хэрэглэгдэнэ.
Гэтэл энэ тохиолдолд анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг нотлох талаар бололцоотой бүхий л үйл ажиллагааг явуулсан гэж үзэхээргүй байна.
Тодруулбал, анхан шатны шүүх энэ төрлийн маргаанд Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан арга, журмын дагуу явагдсан эсэхэд дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх учиртай бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасны дагуу гомдол гаргагчийн “... “А” ХХК-тай гэрээ байгуулан ажилласан ба тухайн компанийн барааг хүргэхдээ шатахуун авсан нь манай компанийн тайланд тусгагдах ёсгүй байсан, мөн “Д” ХХК-аас 2,409,090.31 төгрөгийн орлогыг тайландаа дутуу тусгасан гэж үзэж байгаа бол энэ талаар нэхэмжлэгч компанийн санхүүгийн анхан шатны баримттай танилцаж холбогдох баримтуудыг гаргаж өгөх байсан, “Д” ХХК-аас орж ирсэн орлого тодорхойгүй” гэх тайлбаруудыг бүрэн тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулах үүрэгтэй.
Түүнчлэн анхан шатны шүүхээс холбогдох нотлох баримтуудыг цуглуулсны дараа гомдлын шаардлагын хүрээнд гаргасан зөрчил бүрт дүгнэлт өгөх шаардлагатай байжээ.
Өөрөөр хэлбэл, дээрх ажиллагаануудыг хийлгүйгээр маргаан бүхий актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай бөгөөд Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн нөхцөл байдлыг сайтар тодруулж, хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардагдах баримтуудыг цуглуулж “Д” ХХК-аас орж ирсэн 2,409,090.91 төгрөгийн орлогыг тодруулах, “А” ХХК-тай байгуулсан “Битум тээвэрлэх, нийлүүлэх тухай” 15-03 дугаар гэрээний дүн болох 558,665,000 төгрөгөөс хэдэн хувийг шатахуунаар, хэдэн хувийг бэлэн мөнгөөр тооцож авсан талаар тодруулж, мөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хэн төлөх байсан талаар холбогдох баримтуудыг цуглуулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Мөн анхан шатны шүүх шийдвэрийн Үндэслэх хэсэгт маргаан бүхий актын огноог буруу бичсэн байгааг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 168 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ