Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 918

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.У 

Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий аудитор

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/239 тоот “Д.У-г ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, Нийслэл дэх төрийн Аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.У , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц , С.Э , хариуцагчийн өмгөөлөгч Б.О , нарийн бичгийн дарга Б.Баярдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэг. Нэхэмжлэгч Д.У 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс туршилтын 3 сарын хугацаатай ажиллаж, дараа нь шинжээч албан тушаалд томилогдож, ажлаас чөлөөлөгдөх өдөр хүртэл 4 жил 6 сар ажилласан.

Миний бие 1995-1999 онд “Ирээдүй” Дээд Сургуулийг санхүү, эдийн засагч мэргэжлээр, 2001-2003 онд Япон улсын “Осака” Олон Улсын Их Сургуулийн Япон хэлний сургуулийг, 2004-2006 онд тус сургуулийг хууль эрх зүйн удирдлагын чиглэлээр тус тус суралцаж төгссөн. 

2008-2010 онд Удирдлагын академид суралцаж Удирдахуйн ухааны магистрын зэрэг хамгаалсан бөгөөд Төрийн аудитын газар ажиллаж байхдаа төрийн албан хаагчийн ёс зүйн болон сахилгын зөрчил гаргаж байгаагүй. 

2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/239 дүгээр тушаалаар Аудитын байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй, төрийн байгууллагад ажилласан жил хүрэхгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. 

Шинээр баталсан ажлын байрны тодорхойлолтод төрийн байгууллагад 5-аас дээш жил ажилласан гэх шаардлага тавьсан ба түүнд нийцээгүй гэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй тул Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Д.У******* ажлаас чөлөөлсөн Б/239 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн томилж, ажилгүй байх үеийн цалин олгож нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэв.  

Хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О  2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ажлаас халсан үндэслэл нь ажлаас байрны орон тоо цөөрсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан ажлын байрны орон тоо цөөрсөн байдал харагдахгүй байна. 

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлаас халах үндэслэл болж чадахгүй байна. Орон тоо цөөрсөн гэдэг нь 2014 оны 01 дүгээр сарын 30 дугаар тушаалаар 27 орон баталсан ч бодит байдал дээр 26 хүн ажиллаж байсан. Тиймээс орон тоо цөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Нийт 22 шинжээч ажиллаж байснаас 9 хүн халагдаж, 14 хүний 4 хүн нь ахлах аудитор, 9 хүн нь аудитор албан тушаалд томилогдон ажиллаж байна. 

Бүтэц орон тоо өөрчлөгдсөн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Бүтэц зохион байгуулалтад алба, хэлтсийг нэмж, хассан зүйл байхгүй байна. Ажилтныг халахгүйгээр бүтэц  орон тооны өөрчлөлт хийх боломжтой байсан. 

Шинжээч албан тушаал нь аудитор болж нэршил нь өөрчлөгдөн, чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн байна. Нэхэмжлэгч нь байгууллагаас зохион байгуулсан шалгалт өгч тэнцсэн. Төрийн албан хаагчийн шалгалт өгөөгүй нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа биш байна. 

Төрийн    албаны   тухай   хуулийн   27   дугаар   зүйлийн   27.2.4-д    төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамааран шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэсэн баталгааг дэс дарааллан авах боломжтой байсан ч хамгийн сүүлд заасан 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг шууд олгосон байна. 

Нэхэмжлэгч Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын албан тушаалд ажиллах боломжтой юм. Хариуцагчийн зарим нэг тайлбар үндэслэлгүй, мушгин гуйвуулсан байгаа нь нотлох баримтаар харагдаж байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/239 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд буюу Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудитороор томилж өгнө үү” гэв.  

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц  2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шинэ бүтцээр 3 хэлтэс бий болсон. 

Шинжээчээр аудитор хийлгэхгүй гэж үзээд бүтэц зохион байгуулалт хийсэн. Чиг үүргээрээ 3 салж байгаа. Хуучин шинжээч албан тушаал байхгүй. 

Монгол Улсын Ерөнхий аудиторт хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Төрийн аудитын байгууллагын бүтэц, орон тоо, ажил албан тушаал, чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, ажлын байрны тодорхойлолт зэргийг шинэчлэн баталж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор дараах тушаал шийдвэрүүдийг гаргасан байдаг. 

Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасантай нийцүүлэн Үндэсний аудитын харьяа Нийслэлийн аудитын газар байсныг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/59 дүгээр тушаалын хавсралтаар Нийслэл дэх Төрийн аудитын газар” болгож өөрчилсөн ба энэ нь Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 13 дугаар зүйлийн 13.4.7-д заасан бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан.

Нэхэмжлэлд дурдагдсан Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/60 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан. Мөн өөрчлөн зохион байгуулагдсан бүтэц нь Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасан стандартын хэрэгжилтийг хангах, Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.3, 13 дугаар зүйлийн 13.4.7-д заасан бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан тушаал юм. 

Мөн нэхэмжлэлд дурдсан Монгол Улсын Ерөнхий аудиторын Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/88 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын албан тушаалын жагсаалт, ажлын байрны тодорхойлолтыг баталсан. Энэ нь Төрийн аудитын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.2 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын дагуу батлан гаргасан нь тухайн ажлын байрны зорилго, зорилт, гүйцэтгэх үндсэн үүрэг, ажлын төрлүүд, мэдлэг, ур чадвар, хандлага, төлөвшил, гүйцэтгэлийн шалгуур зэргийг нарийвчлан тогтоож гаргасан хүчин төгөлдөр тушаал юм. 

Дээр дурдсан тушаалууд нь Монгол Улсын Ерөнхий аудиторын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гарсан бөгөөд Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “...Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан  ..” гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хууль тогтоомж, тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангах үүднээс Үндэсний аудитын газрын харьяа Нийслэлийн аудитын газрын албан хаагчдыг Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3-т заасны дагуу батлагдсан Нийслэл дэх Төрийн аудитын газрын ажилтан албан хаагчдыг шинэ бүтэц, зохион байгуулалтын дагуу томилох шаардлага үүссэн. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх Сонгон шалгаруулах комисс ажлын байрны тодорхойлолтод заасан ерөнхий шаардлагыг шалгуур үзүүлэлт болгон сонгон шалгаруулалт явуулж, танилцуулсан. 

Нэхэмжлэгч нь Нийслэлийн аудитын газарт шинжээчийн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд шинэчлэн баталсан бүтэц, орон тоо, албан тушаалын чиг үүргээр Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтцэд шинжээч буюу аудиторын туслах гэсэн орон тоо хасагдсан нь түүнийг ажил, албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/239 дүгээр тушаал нь хууль тогтоомжийн хүрээнд, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг эдлүүлж зохих журмын дагуу гарсан хуулийн хүчин төгөлдөр шийдвэр юм. Уг тушаалын дагуу түүний үүрэгт ажлаас чөлөөлөгдсөний тэтгэлэг болох 3 сарын цалинтай тэнцэх тэтгэлгийг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд батлагдсан төсвийн хүрээнд 1,200,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн болно. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.  

Дөрөв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э  2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Ерөнхий  аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны  өдрийн Б/239 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан. Нэхэмжлэгчийн тайлбарт энэ тушаал яг ямар хууль тогтоомж зөрчиж гаргасан шийдвэр гэдгийг тодорхой хэлэхгүй байна. 

Захиргааны ерөнхий хуульд захиргааны актыг хууль бус, илт хууль  бус байх нөхцөл энд байхгүй юм. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны  өдрийн Б/239 дүгээр тушаал нь Төрийн аудитын тухай хууль, төрийн албаны тухай хуульд  нийцэж гарсан тушаал юм. 

2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/60 дугаар тушаал батлахын өмнө сонсох ажиллагаа хийсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтыг судалж үзэхэд нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан шинжээчийн албан тушаал хасагдсан байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасан Нийслэлийн ерөнхий аудитын газар өөрчлөн байгуулагдаж, бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байна. 

Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан 3 баталгааг дараалан авна гэсэн зохицуулалт байхгүй юм. Төрийн алба мэргэшсэн байх гэдэг нь Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-т тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин  болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж зааснаас дүгнэвэл мэргэшсэн гэдэг нь зөвхөн нягтлан бодох бүртгэл биш инженер, хуульч гэх мэт мэргэжлээр мэргэшсэн байхыг ойлгоно. 

Ажилтныг халах зохицуулалт энэ маргаанд хамаарахгүй. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйл, Төрийн аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Төрийн аудитын байгууллагын ажилтан үүрэгт ажлаа үр нөлөөтэй гүйцэтгэх мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байхыг заасан. Төрийн аудитын байгууллага  төрөлжсөн аудитын байгууллага бөгөөд Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг тусгай алба юм. Санхүүгийн аудитын хэлтэс нь санхүүгийн аудит хийж гүйцэтгэдэг.  Гүйцэтгэлийн аудитын хэлтэс нь орон нутгийн төсөв болон улсын төсвийн гүйцэтгэлд хяналт тавих санхүүгийн аудитороор хянагдсан ноцтой зөрчлийг шалгаж үздэг чиг үүрэгтэй юм. Нийцлийн аудитын хэлтэс нь тухайн байгууллага албан тушаалтан хууль тогтоомж, зөрчсөн эсэх, батлагдсан дүрэм журам нь хууль дүрэмд нийсэн эсэхийг хянаж шалгадаг үндсэн чиг үүрэгтэй тусгай алба юм. Хууль тогтоомжийн хүрээнд энэ тушаал захирамжийг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Тав. Хариуцагчийн өмгөөлөгч Б.О   2017 оны 12 дугаар сарын              12-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн аудитын байгууллага бол тусгайлсан хууль үйлчилдэг, тусгайлсан чиг үүрэгтэй бусад төрийн байгууллагаас онцгой байгууллага юм. Төрийн аудитын тухай хууль 2003 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр батлагдаж хоёр удаа өөрчлөлт орж, хамгийн сүүлд 2013 онд өөрчлөлт орсон ба тус хуулиар Монгол Улсын Ерөнхий аудиторт тусгайлан эрх олгосон. Энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Төрийн аудитын байгууллагын тогтолцоо нь төрийн аудитын дээд байгууллага, түүний харьяа төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагаас бүрдэнэ. Төрийн аудитын дээд байгууллага нь Үндэсний аудитын газар, төрийн аудитын төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллага нь аудитын төрөл болон нутаг дэвсгэрийн зарчмаар зохион байгуулагдсан аудитын байгууллага байна” гэж заагаад, 6.З-д “Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг үндэслэн төрийн аудитын төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагыг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг Монгол Улсын Ерөнхий аудитор шийдвэрлэнэ” гэж, 71.З-т “Төрийн аудитын төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагын тэргүүлэх аудитор, аудитын менежер, ахлах аудитор, ахлах шинжээч, аудитор, шинжээчид тавих шаардлага, ажлын байрын тодорхойлолтыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална” гэж бүрэн эрхийг нь олгосон.

Түүнчлэн 7 дугаар зүйлийн 7.2 -т Үндэсний аудитын газар нь Монгол Улсын аудитын дээд байгууллага бөгөөд Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт захирагдана. Үндэсний аудитын газар болон Монгол Улсын Ерөнхий аудиторын үйл ажиллагаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Улсын Их Хурлаас бусад байгууллага, албан тушаалтан хяналт тавих, үүрэг даалгавар өгөхийг хориглоно гэж заажээ.  

2012 оны ажлын байрны тодорхойлолтыг бүрэн өөрчилж хуульд нийцүүлэн шинэчлэн баталсан ба бүтэц зохион байгуулалтыг мөн хуульд нийцүүлэн, төрөлжүүлэн, бүрэн эрхийн хүрээнд  А/59, А/6, А/88 тушаалуудыг баталсан.  Үүнтэй холбоотой орон тоо цөөрсөн, хасагдаж, нийцлийн аудит шинээр үүсэж, Санхүүгийн аудит, Гүйцэтгэлийн аудитын хэлтэс бий болсон. Энэ бүтцэд мэргэжил, мэргэшлээр нь ажилтан сонгон шалгаруулж, томилсон бөгөөд шаардлага хангахгүй ажилтныг ажлаас чөлөөлөх тухай сонсох ажиллагаа явуулан хүн бүрт танилцуулсны үндсэн дээр ажлаас  чөлөөлсөн юм. 

Сонгон шалгаруулж томилохдоо хамгийн олон жил ажилласан, мэргэжил таарч байгаа хүнийг ажлын комисс гарч сонгон шалгаруулсан. Ажлын байрны тодорхойлолтод 5-аас дээш жил ажилласан, мэргэшсэн байх гэсэн шаардлага тавигдсан. Д.У******* энэ шаардлагыг хангаагүй, ажилласан жил хүрээгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. 

Төрийн ерөнхий аудитын газрын өмнөх удирдлага болон ажилчид хууль зөрчин ажиллаж байсныг энэ бүтэц зохион байгуулалтаар засаж, шинэчилж, өөрчилсөн. Тиймээс Д.У ажлаас чөлөөлсөн А/239 дүгээр тушаал хууль бус биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Д.У-г ажлаас чөлөөлөх тухай”  Б/239 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” гэж тодорхойлж байгаад шүүх хуралдаанд “Нийслэл дэх төрийн Аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” гэж тодруулжээ.

           Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Д.У******* ажлаас чөлөөлөх тухай” Б/239 дүгээр тушаалаар,  Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/60 дугаар тушаал, мөн оны А/88 дугаар тушаалаар “Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, өөрчлөгдөн, орон тоо цөөрч ажлын байрны тодорхойлолтонд заасан шаардлагад нийцэхгүй байх тул” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг шинжээчийн албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Нийслэлийн Ерөнхий аудиторын 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Д.У албан тушаалд томилох тухай”  Б/26 дугаар тушаалаар 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 6 сарын туршилтын хугацаагаар Д.У-г Нийслэлийн Аудитын газрын шинжээчийн албан тушаалд томилжээ.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Тангараг өргүүлэх тухай” 367 дугаар тушаалаар Д.У 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс төрийн жинхэнэ албан хаагчаар томилж, нэхэмжлэгч аудитын байгууллагын ажилтны тангараг өргүүлжээ. 

 Д.У******* 2013 онд Нийслэлийн аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн шинжээчийн албан тушаалд томилогдох үед Нийслэлийн Ерөнхий аудиторын 2012 оны 31 дүгээр тушаалаар батлагдсан “Ажлын байр”-ны тодорхойлолт  мөрдөгдөж  байсан бөгөөд Нийслэлийн Ерөнхий аудиторын 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр баталсан Аудитор /шинжээч/-ийн ажлын байрны тодорхойлолтын “ажлын байранд тавигдах шаардлага”-ыг нягтлан бодогч болон бусад мэргэжилтэй байж болохоор заасан шалгуурын дагуу нэхэмжлэгчийг албан тушаалд томилсон байна.

Харин Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/88 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын ажлын байрны тодорхойлолтод “Бусад мэргэжилтэй байх” гэсэн шаардлагыг ажлын байранд тавигдах шаардлагаас хасч, “Төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан байх” гэсэн шалгуур нэмэгдсэн байх бөгөөд дээрх ажлын байрны шаардлагад нийцэхгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлсөн нь буруу байна. 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг анх шинжээчийн албан тушаалд буюу төрийн жинхэнэ албан тушаалд томилохдоо мэргэжлийн хувьд ажлын байранд тавигдах шаардлагыг хангана гэж үзэж томилсон атлаа уг албан тушаалаас чөлөөлөхдөө ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хариуцагчийн үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Нэхэмжлэгч анх төрийн албанд томилогдохдоо төрийн албаны шалгалт өгөөгүй, холбогдох хууль, журмыг зөрчиж төрийн албанд томилогдсон” гэж маргаж байгаа нь төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг зохион байгуулж, шалгаруулан томилох нь захиргааны байгууллага, албан тушаалтны хуулиар хүлээсэн үүрэг тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм.

Мөн нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаал нь аудитор буюу шинжээч гэж нэрлэгддэг байсан ба Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр баталсан аудитор /шинжээч/-ын ажлын байрны тодорхойлолт, шинжээчийн албан тушаалын чиг үүрэг Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын албан тушаалын чиг үүрэгт хадгалагдан үлдсэн болох нь Аудитор /шинжээч/-ын ажлын байрны тодорхойлолт болон Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын ажлын байрны тодорхойлолтуудаар  нотлогдож байна. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...” гэж заасан ба Монгол Улсын Ерөнхий аудиторын 2012 оны 31 дүгээр тушаалаар баталсан аудитор /шинжээч/-ийн ажлын байрны тодорхойлолт болон Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/88 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын ажлын байрны тодорхойлолтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын гүйцэтгэлийн аудитын үндсэн чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн  болох нь тогтоогдож байна. 

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн  23 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар Нийслэлийн Аудитын газарт нийт 27 аудитор, шинжээчийн орон тоо батлагдаж байсан байх бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/60 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын орон тоо, албан тушаалын жагсаалт батлагдаж нийт 26 аудиторын орон тоо баталж, аудитор буюу шинжээчийн орон тоог нэгээр цөөрүүлсэн болох нь тогтоогдож байгаа хэдий ч ийнхүү шинжээч болон аудиторын орон тоог цөөрүүлэн батлах үед тус аудитын газарт батлагдсан 26 орон тооноос илүү аудитор болон шинжээч ажиллаж байгаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, мэдүүлэг зэргээр нотлогдож байна. 

Иймд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Д.У ажлаас чөлөөлөх тухай” Б/239 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Д.У урьд эрхэлж байсан Нийслэлийн дэх төрийн Аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоож байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг  691.610 (зургаан зуун ерэн нэгэн мянга зургаан зуун арван) төгрөгөөр тооцож, нийт 3.341.734 (гурван сая гурван зуун дөчин нэгэн мянга долоон зуун гучин дөрвөн) төгрөгөөс тэтгэмжид олгосон 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийг хасч, үлдэх 2.141.734 (хоёр сая нэг зуун дөчин нэгэн мянга долоон зуун гучин дөрвөн) төгрөгийг Д.У д олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 14 дүгээр зүйлийн 14.1.5, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Д.У-г ажлаас чөлөөлөх тухай” Б/239 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Д.У******* Нийслэлийн дэх Төрийн аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс  2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх  ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.341.734 (гурван сая гурван зуун дөчин нэгэн  мянга долоон зуун гучин дөрвөн) төгрөгөөс Д.У д олгосон тэтгэмж болох 1.200.000 (нэг сая хоёр зуун мянган) төгрөгийг хасч, үлдэх 2.141.734 (хоёр сая нэг зуун дөчин нэгэн мянга долоон зуун гучин дөрвөн) төгрөгийг Д.У д олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Монгол Улсын Ерөнхий аудиторт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу)-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                  Д.ЧАНЦАЛНЯМ