Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/00939

 

Д.А-гийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2017/00624 дүгээр шийдвэртэй,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаар магадлалтай,

Д.А-гийн нэхэмжлэлтэй

Ховд аймаг дахь ХПТК-ид холбогдох,      

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Отгонбаяр, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Д.А-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие Ховд аймаг дахь ХПТК-ид хичээлийн 2-р байрны жижүүрээр ажилладаг байсан. Гэтэл Ховд аймаг дахь ХПТК-ийн захирал 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/162 дугаартай тушаал гаргаад намайг хичээлийн 2-р байрны жижүүрээр томилсон 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 128 дугаартай тушаалыг хүчингүй болгосон. Захирал Т.Д- нь Хөдөлмөрийн тухай хуульд заагаагүй үндэслэлээр Б/162 дугаар тушаал гаргаж, ажлаас халсан. Иймд Ховд аймаг дахь ХПТК-ийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/162 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан хичээлийн 2-р байрны жижүүрийн ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг дуусталх хугацааны цалин нөхөн гаргуулж, энэ хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Т.Д-ы шүүхэд гаргасан тайлбарт: ...өмнөх захирал Д.Б- нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд захирлын эрх, үүрэг дуусгавар болсон байхдаа нэхэмжлэгч Д.А-г тогоочийн ажлаас чөлөөлж, хичээлийн 2-р байрны жижүүрийн ажилд томилсон. Энэ нь Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2007 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 401 дугаартай тушаалаар батлагдсан Дээд боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм-ийн 3.15-д Сургуулийн захирал өөрийн эрх хүрээний асуудлаар тушаал гаргана гэснийг зөрчсөн тул эрх хэмжээгүй этгээдийн гаргасан тушаалыг хүчингүй болгож, хууль бус тушаалын үндсэн дээр үүссэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс албан шаардлага, архив албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагчаас дүгнэлт ирүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-д хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл байхаар заасан тул дээрх эрх бүхий этгээдээс ирүүлсэн шаардлагыг хэрэгжүүлэх үүднээс Ховд аймаг дахь ХПТК-ийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/162 дугаартай тушаалыг гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй. Дээрх тушаалыг хүчингүй болгосноор Д.А- нь урьд эрхэлж байсан тогоочийн ажлын байранд үргэлжлүүлэн ажиллах эрх нээгдсэн. Хууль бус тушаал гаргасан захирал Д.Б- нь хичээлийн 2-р байрны жижүүрийн ажлын байранд Д.А-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолт батлаагүй, жижүүрийн ажлын цалин хөлс олгоогүйгээс үзэхэд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй гэж үзэх үндэстэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2017/00624 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Ховд аймаг дахь ХПТК-ийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/162 дугаартай тушаалын Д.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.А-г Ховд аймаг дахь ХПТК-ийн хичээлийн 2-р байрны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд аймаг дахь ХПТК-ээс Д.А-гийн ажилгүй байсан 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг дуусталх хугацааны буюу 2 сар 13 өдөрт ногдох олговорт 2.099.265 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.А-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А-гийн ажилгүй байсан 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Ховд аймаг дахь ХПТК-ид үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.А- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ховд аймаг дахь ХПТК-ээс улсын тэмдэгтийн хураамжид 118.738 төгрөг гаргуулан Төрийн сангийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2017/00624 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гиймаа, өмгөөлөгч Ж.Энхжаргал нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Захирал Д.Б- нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ажлаас халагдаж, мөн сарын 25-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн. Энэ нь захирал Д.Б-гийн эрх зүйн харилцаа дуусгавар болсон, тушаал шийдвэр гаргах эрхгүй болсон гэдгээ мэдэж байж санаатайгаар Д.А-г 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 128 дугаар тушаалаар тогоочийн ажлаас чөлөөлж, хичээлийн 2 дугаар байрны жижүүрийн ажилд томилсон. Тухайн үед Д.Б- нь жижүүийн орон тоо байгаагүй байтал нэмж Д.А-г томилсон. Эрх үүрэг нь дуусгавар болсон захирал албажуулан гаргасан гэж үзсэн хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлтэй байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Захирал  Т.Д-ы Нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 8 сарын 25-ны өдрийн Б/80 дугаартай тушаалаар ажилд орсон өдөр нь Д.Б- гарын үсэг, зурж албажуулсан байсныг тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасан хуулийн зүйл заалтыг зөв баримтлан тушаал гаргасан. Дээрх тушаалыг хүчингүй болгосноор Д.А- нь урьд эрхэлж байсан тогоочийн ажлын байр хэвээр байхад нэхэмжлэгч нь өөрөө ажиллахгүй гээд уг саналыг хүлээж аваагүй. Хууль бус тушаал гаргасан захирал Д.Б- нь хичээлийн 2-р байрны жижүүрийн ажлын байранд Д.А-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрыг нь батлаагүй, жижүүрийн ажлын цалин хөлс олгоогүйгээс үзэхэд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн хичээлийн 2-р байрны жижүүрийн сул орон тоо байхгүй байхад урьд нь ажиллаж байсан жижүүрийг чөлөөлөлгүйгээр нэмж Д.А-г томилсон нь анхнаасаа хууль зөрчснийг нотлож байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд “..Д.Б-гийн ажлыг хэзээ хүлээлцсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй. Иймд Д.Б-гийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 128 дугаартай тушаалыг эрх үүрэг нь дуусгавар болсон үед гаргасан тушаал гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ. Гэтэл хавтаст хэрэгт авагдаагүй талуудын нотлох баримтаар гаргаж өгөөгүй хэрэгт авагдаагүй эргэлзээтэй нотлох баримтыг үнэлээд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасныг хэрэглэсэнд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхийн Төрийн албаны салбар зөвлөлийн албан шаардпага, Архив албан хөтлөлтийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт хэрэгт авагдсан боловч тэдгээр нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусавар болгохоор ажил олгогчоос шаардах эрхтэй гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Архивын тухай хууль, Төриин хяналт шалгалтын тухай хууль, Архивын Ерөнхий газрын даргын 68 дугаартай Төрийн албан хэрэг хөтлөлтиин ажлын үндсэн заавар, Төрийн албаны зөвлөлийн 128 дугаартай тогтоолоор баталсан Төрийн албаны салбар зөвлөлийн ажиллах журам зэрэг хууль тогтоомж түүнтэй нийцүүлсэн дүрэм, журам нь нотлох баримт болохгүй бөгөөд шүүгч нар өөрсдөө судлах үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчид, зохигчид хавтаст хэрэгт хавсаргах нотлох үүрэггүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-д хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангах үндэслэлгүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Д.А-, Ховд аймаг дахь ХПТК-ид холбогдуулан тус коллежийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/162 тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасныг  хариуцагч  эс зөвшөөрч маргажээ.

Тогооч ажилтай Д.А-г 2 дугаар байрны жижүүрээр томилсон Ховд аймгийн ХПТК-ийн захирал Д.Б-гийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 128 тоот тушаалыг, шинээр томилогдсон захирал Т.Д- 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/162 тоот тушаалаар хүчингүй болгосон үйл баримт, зохигчийн хооронд үүссэн маргааны үндэслэл болжээ.

Б/162 тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 89 дүгээр албан бичгээр ирүүлсэн албан шаардлага, Архив, албан бичиг хөтлөлтийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 20 дугаар дүгнэлтийг үндэслэн захирлаар ажиллаж байсан Д.Б-гийн эрх, үүрэг нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс дуусгавар болсон байхдаа гарын үсэг зурж, албажуулсан тушаалуудыг 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөр тасалбар болгон хүчингүй болгож, тушаалын хавсралтад дурдсан нэр бүхий ажилтнуудын хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, ажлын байрнаас халахаар заажээ.

Захирал Д.Б- нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/79 тушаалаар мөн өдрөөс ажлаас халагдаж, үүрэгт ажлаа 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгсөн нь тогтоогдсон байна.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч захирал Д.Б-гийн ажлаас халагдсан буюу энэ хэргийн маргаанд хамааралгүй үйл баримтад дүгнэлт хийсэн нь буруу байна. Тухайлбал шүүх “...Д.Б- 2017.08.25-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн тул түүнийг тухайн өдрөөс ажлаас халагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. ...2017.08.23-ны өдрийн 128 тоот тушаалыг эрх үүрэг нь дуусгавар болсон захирал албажуулсан гэж үзэх боломжгүй” гэжээ.

Харин хоёр шатны шүүхийн Б/162 тоот тушаалаар ажил олгогч Д.А-гийн хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгосон нь буруу, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хэргийн баримтад тулгуурласан, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 40 дүгээр зүйлд заасантай нийцжээ.

Д.А- Ховд аймгийн Политехник коллежид хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тогоочийн ажил үүрэг гүйцэтгэж цалин хөлс авч байсан талаар зохигч маргаагүй байна. Түүнийг тогоочийн ажлаас жижүүрийн ажилд томилсон 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 128 тоот ажил олгогчийн тушаалыг нэхэмжлэгч эсэргүүцээгүй ба харин уг тушаалыг гаргасан этгээд нь тухайн тушаалыг гаргах эрхтэй, эсхүл эрхгүй байсан нь ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, энэ үндэслэлээр түүнийг ажлаас халах нь хуульд нийцэхгүй.

Эрхгүй этгээд, хуульд нийцээгүй тушаал, шийдвэр гаргасан бол ажил олгогч нь алдааг залруулах боломжтой боловч, ийнхүү залруулахдаа ажилтан Д.А-г ажлаас халж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон, тодруулбал өмнөх эсхүл дараагийн ажилд томилоогүй байх тул захирал Т.Д-ы Б/162 тоот тушаалын Д.А-д холбогдох заалт хуульд нийцээгүй гэж үзнэ.

Нөгөө талаар Б/162 тоот тушаалын үндэслэлд заасан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасан нөхцөл үүсээгүй байна.

Тушаалд заасан Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 89 дүгээр албан бичгээр ирүүлсэн албан шаардлага, Архив, албан бичиг хөтлөлтийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 20 дугаар дүгнэлт нь ажилтны хөдөлмөрлөх эрх, үүрэгтэй холбоотой бус байгууллагын захирлаар ажиллаж байсан Д.Б-гийн шийдвэр гаргах эрх, үүрэгтэй холбоотой байхад эдгээр баримтыг үндэслэж Д.А-г ажлаас халах үндэслэлгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй,  Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул “эрхгүй этгээд тушаал гаргасан, ...эрх бүхий этгээдийн шаардлагыг биелүүлж тушаал гаргасан... шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2017/00624 дүгээр шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ