Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 109

 

 

 

 

 

 

 

 

    2020        01            30                                    109

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Н.Зулаа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Билгүүжин,

насанд хүрээгүй хохирогч: О.Баяр, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Энхмөнх,

өсвөр насны шүүгдэгч: М.Тулга, түүний хууль ёсны төлөөлөгч С.Бүжидмаа,

өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Долгорсүрэн /0929/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Тулгад холбогдох эрүүгийн 1905 0440 51368 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2003 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 нас, 9 сар, 18 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Тулга.

 

Өсвөр насны шүүгдэгч М.Тулга нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны орчимд насанд хүрээгүй иргэн О.Баярыг гараараа цохиж, зодон биед нь халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний цус хуралт” бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч-М.Тулга мэдүүлэхдээ:

Хохирогчид учирсан гэмтлийг би учруулсан. Хохирогчоос чатаар уучлалт гуйсан. Надаас хохирол төлбөр нэхэмжлээгүй тул төлбөр төлөөгүй. Би өөрийн үйлдэлдээ харамсаж байна. Дахин ийм алдаа гаргахгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч-О.Баяр мэдүүлэхдээ:

Отгонгэрэл нь надаас гадна Тулгатай давхар үерхэж байсан асуудлаас болоод Тулга бид хоёрын хооронд үл ойлголцол үүсэх болсон. Тэр өдөр Тулга надтай зүгээр уулзъя гэж ирчихээд хүний нүдэнд харагдахгүй газар намайг аваачиж зодсон. Харин би Энхтулгын биед огт гар хүрээгүй. Миний хацрын зөөлөн эд гэмтсэн, цээжний хэсэг хөндүүртэй байсан. Эмчилгээний зардал гарсан боловч баримтыг нь өгч чадаагүй байна. Энхтулгын хувьд цагдаа руу орсныхоо дараа надаас уучлалт гуйсан. Одоо би Отгонгэрэлтэй үерхэхгүй байгаа. Гомдолтой байна гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-Т.Энхмөнх мэдүүлэхдээ:

Хэрвээ шүүгдэгчийн зүгээс бидний эмчилгээнд зарцуулсан 600 000 төгрөгийг гаргаж өгвөл анх удаа гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхэд учраас М.Тулгад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харж үзнэ үү. Хохирлын талаарх баримтаа цуглуулсан боловч хаана хийсэнээ мэдэхгүй, олохгүй байна. 500 000 төгрөг 7 хоногийн дотор өгвөл хохирлын талаар эвлэрхэд татгалзах зүйлгүй. Гомдолтой байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Бүжидмаа мэдүүлэхдээ:

Эмчилгээ хийлгэсэн талаар нотлох баримтаа гаргаж ирвэл бид хохирол төлбөрийг барагдуулж төлнө гэв.

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч-Л.Отгонгэрэл мэдүүлэхдээ:

О.Баярыг би 5 сараас мэддэг болсон юм. Тэгээд 2019 оны 7 дугаар сараас үеэрхэж эхлэсэн. Баяртай үерхээд хэсэг хуагцаа өнгөрхөд надад их дарамттай болж эхэлсэн. Баяр бид хоёр маргалдаж, Баяр намайг хэт өөрийнхөө эрхшээлд байлгах гээд, сална гэхээр уурлаад байдаг. Одоо бид хоёр салчихсан байгаа бөгөөд би Тулгатай үерхэж байгаа. Баяр нь Тулга бид хоёрыг фейсбүүкээр харилцдаг болсныг мэдээд Баяр өөрөө эхлээд Тулга руу залгаад уулзахаар болсон. Тэгээд манай сургуулийн гадна Баяр ирээд Тулгатай уулзсан. 11 дүгээр байрны гадна намайг очиход Баяр, Тулга хоёр зэрэгцээд зогсчихсон юм яриад байх шиг байсан. Гэтэл хоёулаа барьцалдаж аваад Тулга нь Баярыг цохисон. Баяр ч мөн адил Энхтулгыг цохисон. Би тэр хоёрыг боль гэж хэлэхэд Энхтулгын найз Бадрах гэж хүүхэд очиж салгасан. Би тэр хоёрыг хэн альныхаа хаана нь яаж цохисон талаар санахгүй байна гэжээ. (хэргийн 21-22 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 13062 тоот дүгнэлтэд:

1. О.Баярын биед тархи доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна гэжээ. (хэргийн 16-17 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

М.Тулга ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 42 дугаар хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Өсвөр насны шүүгдэгч М.Тулга нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны орчимд насанд хүрээгүй хохирогч О.Баяртай маргалдан биед нь халдан зодож, эрүүл мэндэнд нь тархи доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч О.Баяр, насанд хүрээгүй гэрч Л.Отгонгэрэл нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 13062 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч М.Тулгад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь насанд хүрээгүй хохирогч О.Баярын биед учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхэд 600 000 төгрөгийг зарцуулсан гэж шүүгдэгчээс 600 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ талаар нотлосон баримтыг гаргаагүй тул шүүх хохирлыг шийдвэрлэх боломжгүй, харин хохирогч О.Баяр нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч М.Энхтулгыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, өсвөр насны шүүгдэгч М.Тулгад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар тогтоож шийдвэрлэсэн болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Өсвөр насны шүүгдэгч Монгол овогт Мөнхжаргалын Энхтулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч М.Тулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 120 /нэг зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Тулгад оногдуулсан 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар эдлүүлэхийг дурдсугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Тулга нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Тулга цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч О.Баяр нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарсан зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч М.Тулгад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН