| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2020/0044/э |
| Дугаар | 57 |
| Огноо | 2020-03-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 57
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Д-ийн С-т холбогдох 2035000240034 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Б ургийн овогт Д-ийн С, 1996 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэргийн ангийн буудагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах, эгчийн хамт Увс аймгийн Баруунтуруун сумын 01 дүгээр багийн Нарлаг хорооллын 4-27 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: .............
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.С нь 2020 оны 01 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт байрлах Саяана буудлын өрөөнөөс иргэн С.Н-н Хуавэй вай-6 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 550’460 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000240034 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч С.Н-н “...2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 21 цагийн үед найз Янжмаагийн хамт Улаангом сумын 11 дүгээр багт байрлах Их наяд бааранд орж 2 лааз пиво аваад 2 давхарт гарч суусан юм. Тэгээд удалгүй 2 залуу хамт суугаад юм ярьж байгаад баар хаах үеэр гарч Улаангом сумын 11 дүгээр багт байх Саяана зочид буудлын 02 тоот өрөөнд орж 0.75 литрийн “Хараа” нэртэй нэг шил архи хувааж уугаад дууссаны дараа би утсаар ярих гэтэл миний утас олдохгүй байсан юм. Тэгээд утсаа хайгаад хамт явсан хүмүүсээс асуухад аваагүй гээд байсан юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
“...Би тухайн Хуавэй вай-6 загварын гар утсыг лизингээр 2019 оны 12 дугаар сарын эхээр 559’000 төгрөгөөр худалдаж авсан юм. ...2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд байрлах Саяана зочид буудалд хоноод өглөө нь миний гар утас хулгайлагдсан болох талаар мэдсэн юм. С гэгч нь надад миний гар утсыг хамт явсан залуу нь авсан байх гэж хэлсэн. Намайг дагуулаад тухайн залуугийн гэрийг хайж байна гэж хэсэг явсан. Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, согтуу байсан учраас миний гар утсыг хаанаас хэн хэрхэн авсан талаар мэдэхгүй байна. Шөнө Саяана зочид буудалд миний Хуавэй вай-6 загварын гар утас байсан. Өглөө босоход байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
2. Ц.А-ийн “...Н гэгч нь хажуудаа нэг эмэгтэй хүнтэй хамт явсан бөгөөд надтай уулзаад 2020 оны 01 дүгээр сарын 08-ны шөнө хамт буудалд орсон 2 залуу миний гар утсыг хулгайлаад аваад явчихсан. Би хэн авч явсныг мэдэхгүй байна, би нэрийг нь мэдэхгүй надад утасны дугаар нь байна гээд надад гар утасны дугаар өгсөн. Би тухайн 94694331 дугаар луу залгаад ярихад Зүүнговь сумын харьяат хүн байсан бөгөөд би Н-н гар утсыг чи авсан уу? гэхэд би аваагүй гэж хэлсэн. Тухайн залуугийн дугаарыг надад өгсөн. ...Тэгээд би Н гэгчээс салж яваад С гэгчтэй яриад чи Нн гар утсыг чи авсан байна гэхэд би аваагүй гэж хэлээд тасалсан. Түүний дараагаар би дахин залгаад ахын дүү чамайг гар утас авсныг харсан хүн байна, хяналтын камерт бичигдсэн байна, наад утсаа эзэнд нь өгөөд гялс салж ав гэхэд С гэгч надад байгаа, би замын унаанд тавиад нөгөө хүн рүү явуулчихна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,
3. Гэрч Ц.Д-ийн “...2020 оны 01 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө 23 цагийн ойролцоо манай тус аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт байрлах Саяана зочид буудалд намайг ажиллаж байхад С гэх залуу хажуудаа 1 залуу, Н гэх зүс таних эмэгтэй, түүний найзын хамтаар 4 хүн ирсэн юм. С гэх өөрийгөө Баруунтуруун сумын гэж танилцуулсан залуу надад 25’000 төгрөг өгөөд манай буудлын 3 дугаарын өрөө аваад тэд нар дөрвүүлээ тухайн өрөө лүү орсон юм. ...Н, С нар хоорондоо маргалдаад ороод ирсэн бөгөөд Н гэгч нь 3 дугаарын өрөө лүү орсны дараагаар С гэх залуу надад мэдрэгчтэй, шинэвтэр гар утас гаргаж өгөөд ахаа та энэ гар утсыг хадгалж бай гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн гар утсыг аваад өөрийн сандал доор хийчихсэн. Түүний дараа хэн хэн явсан талаар мэдэхгүй, би амарцгаа гэж хэлчхээд өрөө лүүгээ ороод унтчихсан. Өглөө тэд нар гарсныг мэдээгүй манай эхнэр Ц буудалд ирээд цэвэрлэгээ хийж байсан. С гэх залуу орж ирээд гар утсаа авмаар байна гэж хэлсэн. Би өөрөө сандал доор байсан гар утсыг авч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
4. Увс Финанс-Аудит ХХК-ий эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар Увс аймгийн Улаангом суманд Хуавэй вай-6 загварын гар утасны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 550’460 төгрөг болохыг тодорхойлов” гэх 19 дугаартай дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/,
5. Шүүгдэгч Д.С-ын яллагдагчаар өгсөн “...Өрөөнөөс гарахаас өмнө орон дээр Н гэгчийн ашиглаж байсан гар утас байхаар нь би аваад куртикний баруун талын дотор халаасандаа хийчихсэн. Бид хоёр бие засах газар газарт очоод бие засчхаад буцаж өрөө лүү орохдоо эхлээд Н гэгч нь орсон бөгөөд би араас нь орохдоо буудлын ресефшин ахад та энэ утсыг хадгалж бай өглөө авъя гэж хэлээд өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 дугаар хуудас/ зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.С нь Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт байрлах Саяана буудлын өрөөнөөс 2020 оны 01 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө хохирогч С.Н-н Хуавэй вай-6 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 550’460 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх шинжийг хангаж байна. Иймд шүүгдэгч Д.С-ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.С нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахай сэдэлттэй, шууд санаатайгаар гэмт үйлдэлдээ хандсан байх ба өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Д.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Н-д 550’460 /таван зуун тавин мянга дөрвөн зуун жар/ төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээний хохирлоос дээш хэмжээний хохирол учирсан байна. Шүүгдэгч Д.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь “...Би өөрийн гар утсыг буцаан авсан. Надад одоо ямар нэг хохирол байхгүй, гомдол, санал, хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хохирогч С.Н-н мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байх тул шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Д.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Ч.О /хх-ийн 40-41 дүгээр хуудас/-ийн мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар хуудас/, Увс аймгийн Баруунтуруун сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 72 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.С нь ах, эгч нарын хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, цэргийн ангийн буудагч мэргэжилтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.
Улсын яллагчийн гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялын санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-т нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт Д-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-ыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Ялтан Д.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Ялтан Д.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор ялтнаас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.С-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА