Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 110

 

 

 

 

 

 

 

 

 

    2020           01            31                                     110

 

 

                                      

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

  

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбат,

шүүгдэгч, хохирогч Н.Билэг, түүний өмгөөлөгч Ж.Баярсайхан /0217/,

шүүгдэгч, хохирогч Г.Сүх, түүний өмгөөлөгч Г.Тамир /2571/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Билэг нарт холбогдох  эрүүгийн 1905 0237 30654 дугаар хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сард 800 000  төгрөгийн цалинтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт

 

Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 872 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Сүх.

 

Монгол Улсын иргэн, 1962 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 2, эхнэрийн хамт ял шийтгэлгүй, Билэг.

 

Шүүгдэгч Г.Сүх нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун Ард-Аюушийн 1 дүгээр гудамжны За тоотод иргэн Н.Билэгтэй маргалдан зодож, биед нь цээж, зүүн даланд цус хуралт, хамар, баруун шанаа, цээж, хэвлий, зүүн мөр, зүүн дал, бүсэлхий, зүүн бугалга, баруун тохой, зүүн шуу, хоёр өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

 

шүүгдэгч Н.Билэг нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун Ард-Аюушийн 1 дүгээр гудамжны За тоотод иргэн Г.Сүхтэй маргалдан гараараа толгойн тус газар цохиж, тархи доргилт, хоёр хацар, баруун нүдний дээд зовхи, хүзүү, баруун өвдөгт цус хуралт, баруун хацар, эрүү, уруул, зүүн чихний дэлбэнд зулгаралт, баруун гуянд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.Сүх мэдүүлэхдээ:

Би хохирогч Эрдэнбилэгийг цохиж, зодоогүй. Түүнийг эхнэр нь цохиж байсан тул үүнээс болж түүнд гэмтэл учирсан байх. Би хэрэг хийгээгүй. Харин өөрөө хохирсон гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Н.Билэг мэдүүлэхдээ:

Г.Сүх бид хоёр зодолдоогүй, бид бие биенийгээ заамдалцсан. Хэрэг гарсан өдөр бид шүүх эмнэлэгт үзүүлсэн. 3 хоногийн дараа гэхэд Г.Сүхэд ямар нэгэн сорви байхгүй байсан. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр Г.Сүхийн биед гэмтэл учирсан гээд гарчихсан байна. Түүний биед учирсан гэмтэл надтай заамдалцаж байхад үүссэн байж болно гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Г.Сүх мэдүүлэхдээ:

Н.Билэг нь манай өмчлөлийн хашаанд дур мэдэн тоосгон байшин бариад 2 жил гаруй өнгөрсөн. Н.Билэгээс “хэзээ явах вэ” гэхэд тэр “яв гэж хэлсэн үед чинь явна” гэдэг байсан. Таван толгой түлш ХХК нь “танай хашааг түрээслэе, хашаанд өөр хүн байлгаж болохгүй” гэсэн тул би 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Эрдэнбилэгийн гэрт эхнэртэйгээ хамт очсон. Тэгээд “манай хашааг хөлслөх гэж байгаа хүн хашаандаа хэнийг ч байлгахгүй” гэж байна гэж хэлтэл Н.Билэг “энэ чинь манай газар, би насан туршдаа амьдарна” гээд намайг заамдаад авсан. Би Н.Билэгийг хажуу тийш нь түлхээд гарыг нь тавиулсан. Түүнийг түлхэх үед тэр газар унаагүй. Би гарыг нь тавиулчихаад сууж байтал гаднаас охин нь ороод ирсэн. Надад Н.Билэгийг цохисон зүйл байхгүй. Харин Н.Билэгийг түүний эхнэр нь 3 удаа цохисон. Гэрт байхдаа 1 удаа, гадаа байхдаа 2 удаа цохисон. Харин Билэг миний тархи, толгой руу хүчтэй цохисон. Сансармаа гаднаас орж ирээд миний дээрээс дараад балбаад эхэлсэн. Охинтойгоо нийлээд намайг нилээн олон удаа цохисон. Н.Билэг манай автомашиныг зогсоолыг түрээсэлж байсан бөгөөд бид анх түрээсийн гэрээ байгуулж байсан. Би  Н.Билэгээс гэм хорын хохирол нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Н.Билэг мэдүүлэхдээ:

Би 2007 оноос эхлэн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Н.Билэгийн хашаанд дулаан зогсоолд нь ажиллаж, машин оруулж, гаргадаг, олсон орлогыг нь өгдөг байсан болохоос автомашины зогсоолыг нь түрээслэж байгаагүй. 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Г.Сүх манай гэрт эхнэртэйгээ хамт ирсэн. Хэрэг гарахын өмнөх өдөр Г.Сүх нэг хүнд автомашины зогсоолоо түрээсэлсэн байсан. Тэгээд надад “манай газрыг чөлөөлж өг” гэсэн. Тэгэхэд нь би “танайд 13 жил ажилласан, би гэр оронгүй, чи надад нэг гэр, машины мөнгө өг, би 4 ханатай гэр ч авч чадахгүй” гэснээс маргаан гарсан. Г.Сүх бид хоёр заамдалцаж байхад би унасан. Унахдаа юм мөргөсөн. Би өндөр настай тул шинжээчийн дүгнэлтэд бичсэн гэмтлүүд намайг унахад учирсан гэж бодож байна. Г.Сүх, Сансармаа нар бие биенээ заамдсан байсан, гэхдээ зодолдсон асуудал байхгүй. Манай эхнэр хагалгаанд ороод удаагүй байсан тул намайг цохиж, надад гэмтэл учруулж чадахгүй. Г.Сүх намайг гараараа угзрах үед би хойш унахдаа гэмтэл учирсан байх. Сүх бид хоёр зодолдоогүй. Би Г.Сүхээс эмчилгээний зардал нэхэмжлэхгүй, түүнд гомдолгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Г.Сүх мэдүүлэхдээ:

2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр оройн 21 цагийн үед эхнэр Янжинлхамын хамтаар бичил хорооллын 27 дугаар байрны ард байрлах өөрийн эзэмшлийн хашаанд зөвшөөрөлгүй буусан Н.Билэгийг “манай хашаанаас нүү” гэж хэлэх гэж очсон. Ингээд Н.Билэгт хэлтэл тэр “танай грашийг олон жил түрээслэлээ, нүүж чадахгүй” гэж хэлээд намайг заамдан авсан. Би гарыг нь арагш түлхсэн ба “бид нар хашаагаа авна” гэж хэлтэл Н.Билэг “бид эндээс нүүхгүй, насан туршдаа амьдарна” гэж хэлсэн. Би эхнэрийнхээ хамтаар зүүн талын орон дээр сууж байхад Н.Билэгийн эхнэр, охин Сансармаагаа утсаар дуудсан байсан. Удалгүй Сансармаа орж ирсэн. Сансармаа над руу дайраад “та яагаад байгаа юм бэ, яагаад аав, ээжийг минь дээрэлхээд байгаа юм бэ, өмөөрөх хүнгүй гэж бодоо юу” гээд миний нүүр рүү гараараа цохиод байсан. Энэ үед Н.Билэг босож ирээд намайг орон дээр дараад нүүр рүү гараа зангидаад цохисон. Мөн миний нүүрийг маажсан. Миний хөл рүү өшиглөөд байсан. Би энэ үед хариу үйлдэл үзүүлж чадахгүй манараад байсан. Энэ үед мөн Н.Билэгийн эхнэр Сайханаа ирээд Н.Билэгийг салгах гээд нүүр рүү цохиод байсан. Н.Билэг салахгүй над руу дайраад байсан. Би байшингаас нь зугтаад гарахад манай эхнэр Янжинлхам цагдаа дуудаад зогсож байсан. Миний араас Сансармаа гарч ирээд намайг хөөгөөд маажаад, бие рүү өвдөглөөд байсан. Мөн Н.Билэг гарч ирээд миний нүүр рүү гараараа цохисон. Энэ үед Н.Билэгийн эхнэр нь ирж салгаад,  Н.Билэгийг цохиод, түлхээд байсан. Н.Билэг газраас том чулуу аваад “энийг энд нь алчихъя” гээд над руу дайртал түүний эхнэр Н.Билэгийг цохиод унагасан. Энэ үед эхнэр Янжинлхам ирж салгах гэтэл Сансармаа түлхээд, цохиод Н.Билэг эхнэрийн үснээс нь зулгаагаад хашаанаас гараад граашийн урд зогсож байтал хоёр цагдаа ирсэн.Толгой руу гараараа 10-20 удаа цохисон. Бие рүү, гэдэс рүү, цээж рүү гараараа цохисон. ...Эмчилгээний зардлаа гаргуулан авмаар байна гэжээ. (хавтаст хэргийн 110-111 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Н.Билэг мэдүүлэхдээ:

Би эхнэр Ц.Энхсайханы хамтаар Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баруун Ард-Аюушийн 1 дүгээр гудамжны 3 тоот хаяганд одоогоос 13 жилийн өмнө буюу 2006 оноос хойш амьдарч байгаа юм. Г.Сүх намайг анх автомашины дулаан грашийн сахиулаар сар бүр цалин өгч ажиллуулсан юм. Хэрэг болсон тухайн өдөр би эхнэр Ц.Энхсайханы хамт гэртээ 21 цагийн үед байж байхад гаднаас Г.Сүх эхнэр Янжинлхамын хамтаар орж ирээд шууд “одоо энэ хашаанаас яв” гэхээр нь “би явж болж байна, гэхдээ чи ажлын цалин, энэ грашид 2007 оны 5 дугаар сард тавиад эзэн нь алга болсон тул уг автомашины төлбөрийг өдөр бүрийн тооцоог өөрт чинь өгсөн, мөн энэ хашааны хойд хэсэгт би өөрийн мөнгөөр 2х3 харьцаатай байшин барьсан тул 5 000 000 төгрөг гаргаж өг, эсвэл надад 5 ханатай Монгол гэр авч өг, би танай хашаанаас явахад надад амьдрах гэр орон байхгүй, энэ асуудлыг шийдээд өгвөл би танай хашаанаас нүүхэд бэлэн байна” гэхэд хариуд нь Г.Сүх надад “1 000 000 төгрөг өгье” гэхээр нь “1 000 000 төгрөгөөр ямар гэр авах юм” гэж хэлээд би уурлаад босч очоод Г.Сүхийн цамцны энгэрээс баруун гараараа заамдаад авсан чинь зөрүүлээд миний цамцны энгэрээс заамдаж бооход би унахдаа хажууд байсан модон шкафыг ор болгоод газар тавьсан байсныг баруун талаараа цохиж, баруун гараараа тулахад манай эхнэр хажуугаас “та нар одоо боль” гэхэд Г.Сүх бид хоёр хоёр тийшээ болсон. Тэр үед манай охин Сансармаа гэрт орж ирээд “та яагаад аавыг дандаа дээрэлхэж байдаг юм” гэж Г.Сүхэд хэлээд хэн нь эхэлж хэнийгээ заамдсаныг хараагүй, нэг мэдсэн чинь манай охин Сансармаа Г.Сүх хоёр нэг нэгнийхээ энгэрээс заамдаж байгаад гэрээс гараад эхнэр бид 2 гэрт үлдсэн. Тэгтэл гадаа манай охин Сансармаа, Г.Сүх 2 чанга, чанга дуугарч хоорондоо маргалдаж байхад хашаагаар хүн даваад орж ирж байгаа чимээ сонсогдохоор нь би гэрээсээ ганцаараа гараад очиход хашааны гадна Г.Сүхийн хашааг түрээсэлж байгаа Баяраа гэх залуу болон манай охин Сансармаа, Г.Сүх нар зогсож байсан. Нэг нэгнийгээ заамдсан болохоос биш ямар нэгэн байдлаар зодолдсон асуудал бол байхгүй гэжээ. (хэргийн 108-109 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Х.Янжинлхам мэдүүлэхдээ:

2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр нөхөр Г.Сүх ажлаа тараад ирэхээр нь гэрээсээ  гараад Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн грашийг өөрийн төрсөн дүү Асарсайханд түрээслүүлэхээр хашаанд очоод, Н.Билэгийн барьсан жижиг байшинд ороод “за сайн байна уу” гэхэд Н.Билэгийн эхнэр Сайханаа цай хийж өгсөн. Түүнийг уугаад ойр зуурын юм яриад нөхөр хагалгаанд орсноо ярилцаад суусан. Ингэж байгаад нөхөр грашаа түрээслэхээр болсноо хэлээд “урд байгаа айлыг нүүлгэнэ, танайх нүүх боломж байна уу” гэж хэлсэн чинь Н.Билэг, Сайханаа хоёр орилоод эхэлсэн. Н.Билэг нөхөр Г.Сүхийг өмсөж байсан куртикнээс нь заамдаад “ална” гэсэн. Нөхөр “яагаад байгаа юм бэ, би чамтай хэрүүл хийх гэж ирээгүй шүү” гэж хэлээд гарыг арагш нь түлхээд доороо суусан. Энэ үед Сайханаа нэг хүнтэй утсаар яриад байсан. Удалгүй 2 минутын дараа хаалгаар охин Сансармаа орж ирээд ханцуйгаа арагш нь шамлаад “муу хулгайчаа, чамайг ална” гээд нөхөр Г.Сүх рүү дайраад нөхрийн хоолойг боогоод арагш нь түлхсэн. Энэ үед би босч ирээд “юу болж байгаа юм бэ” гэсэн чинь Н.Билэг босч  ирээд мөн нөхөр рүү дайрсан. Нөхөр хариу үйлдэл үзүүлж чадаагүй. Би хориод дийлэхгүй байсан болохоор утсаар цагдаа дуудсан. Энэ үед нөхрийг ухаан алдсан байна гэж бодоод “алчихлаа” гэж орилсон. Сайханаа нөхөр Эрдэнбилэгээ татаад болиулсан. Би нөхөр Г.Сүхийг аваад хаалгаар гадагш гарсан. Би нөхрийгөө “чи биеэ хамгаалж чаддаггүй юм уу” гэж хэлсэн. Нөхөр “би хуулийн дагуу явна” гэж хэлсэн. Бид хоёр гадаа гараад 2-3 минут болж байсан чинь араас Сансараа орилоод гараад ирсэн. Гарч ирээд нөхрийг заамдаад авсан гэжээ. (хэргийн 117-118 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Х.Асарсайханы мэдүүлэхдээ:

Би гэрээс гараад хашаа даваад хартал Н.Билэг гэрээсээ гарч ирээд намайг “чи яах гээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Г.Сүхийн эхнэр гадаа тонгойгоод суусан байсан. Г.Сүхийг эхнэрийнх нь ойролцоо Сайханаа, Сансараа хоёр барьсан зогсож байсан. Сансармаа намайг “чи цаашаа бай, чи илүү” гэж хэлсэн. Ингээд зодоон болоогүй салаад Н.Билэг, Сайханаа, Сансармаа гурав гэртээ орсон. ... Зодоон болохыг би  хараагүй. Би дуусаж байх үед нь хашаан дээгүүр харсан гэжээ. (хэргийн 119 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ц.Энхсайхан мэдүүлэхдээ:

2019 оны 5 дугаар сарын 24-ний оройн 21 цагийн үед гэртээ амраад унтах гэж байтал Сүх эхнэр Янжинлхамын хамтаар гаднаас орж ирээд Сүх танайх  нүүх шаардлагатай байна. Би өөр хүнд түрээслүүлнэ гэж хэлсэн. Сүх Билэгийн хэвтэж байсан орон дээр очоод “чамайг нүү” гэж байна гээд заамдаад авсан. Ингээд Билэг, Сүх хоёр барьцалдаж аваад зодолдоод байсан. Би очоод “чи сэхээтэн хүн байж битгий орилоод байгаач” гэж хэлсэн. Энэ үед охин Сансармаагийн төрсөн охин Анхтуяа гэх 5 дугаар ангийн хүүхэд өвөөг зодоод байна гэж ээж рүүгээ ярьсан байсан. Билэг, Сүх хоёр зууралдаад гадагш гарсан. Гадаа гараад мөн нэг нэгнийгээ заамдаад зууралдаад байсан. Би Билэгийн мөр рүү нь гараараа нэг удаа цохиод Билэгийг гэрт оруулсан. Сүх эхнэрийн хамтаар хашаанаас гарсан. Тухайн өдөр Билэг, Сүх нарын хооронд зодоон болсон. Энэ хоёр хүн заамдалцаад л байсан гэжээ. (хэргийн 123-124 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтанд шинжээч-Ц.Бадрал мэдүүлэхдээ:

2019 оны 5 дугаар сарын 28-ний өдрийн 6483 дугаартай дүгнэлтэд тусгагдсан Н.Билэгийн биед цээж, зүүн даланд цус хуралт, хамар, баруун шанаа, цээж, хэвлий, зүүн мөр, зүүн дал, бүсэлхий, зүүн бугалга, баруун тохой, зүүн шуу, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зулгаралт гэмтлүүд нь мохоо газар, зүйл дээр шүргэх, нидрэгдэх, газар унах үед үүсэх боломжтой. Хумсаар маажих үед үүсэх боломжтой. Цус хуралт нь цохилтоос үүснэ. Дээрх гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэжээ. (хэргийн 122 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 27-ний өдрийн 6466 дугаартай дүгнэлтэд:

1. Г.Сүхийн биед тархи доргилт, хоёр хацар, баруун нүдний дээд зовхи, хүзүү, баруун өвдөгт цус хуралт, баруун хацар, эрүү, уруул, зүүн чихний дэлбэнд зулгаралт, баруун гуянд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Амь насанд аюултай гэмтэлд хамаарагдахгүй.

5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 25 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 28-ний өдрийн 6483 дугаартай дүгнэлтэд:

1. Н.Билэгийн биед цээж, зүүн даланд цус хуралт, хамар, баруун шанаа, цээж, хэвлий, зүүн мөр, зүүн дал, бүсэлхий, зүүн бугалга, баруун тохой, зүүн шуу, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Амь насанд аюултай гэмтэлд хамаарагдахгүй.

5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 26 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

 

Н.Билэг ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 54 дүгээр хуудас)

 

Г.Сүх нь Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 08-ны  өдрийн 872 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан гэжээ. (хэргийн 46 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Н.Билэг нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун Ард-Аюушийн 1 дүгээр гудамжны За тоот хашааг эзэмшигч, хохирогч Г.Сүх түүнийг “манай хашаанаас нүү” гэж хэлэхэд нь “танай хашаанаас нүүхгүй, надад гэр авч өг” гэж  маргалдан, улмаар гараараа хохирогчийн толгойн тус газар цохиж тархи доргилт, хоёр хацар, баруун нүдний дээд зовхи, хүзүү, баруун өвдөгт цус хуралт, баруун хацар, эрүү, уруул, зүүн чихний дэлбэнд зулгаралт, баруун гуянд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь 

хохирогч Г.Сүхийн ...Н.Билэг босож ирээд намайг орон дээр дараад нүүр рүү гараа зангидаад цохисон. Мөн миний нүүрийг маажсан. Миний хөл рүү өшиглөөд байсан. Би энэ үед хариу үйлдэл үзүүлж чадахгүй манараад байсан. Энэ үед мөн Н.Билэгийн эхнэр Сайханаа ирээд Н.Билэгийг салгах гээд нүүр рүү цохиод байсан. Н.Билэг салахгүй мөн над руу дайраад байсан. Би байшингаас нь зугтаад гарсан. Гадаа эхнэр Янжинлхам цагдаа дуудаад зогсож байсан. Миний араас Сансармаа гарч ирээд намайг хөөгөөд маажаад, бие рүү өвдөглөөд байсан. Мөн Н.Билэг гарч ирээд нүүр рүү гараараа цохисон. Энэ үед Н.Билэгийн эхнэр нь ирж салгаад Н.Билэг цохиод түлхээд байсан. Толгой руу гараараа 10-20 удаа цохисон. Бие рүү, гэдэс рүү, цээж рүү гараараа цохисон,

 

шүүгдэгч Г.Сүх нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун Ард-Аюушийн 1 дүгээр гудамжны За тоотод хохирогч Н.Билэгийг “манай хашаанаас нүү” гэж хоорондоо маргалдан, улмаар хохирогчийг зодож, эрүүл мэндэд нь цээж, зүүн даланд цус хуралт, хамар, баруун шанаа, цээж, хэвлий, зүүн мөр, зүүн дал, бүсэлхий, зүүн бугалга, баруун тохой, зүүн шуу, хоёр өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь

хохирогч Н.Билэгийн ...би уурлаад босч очоод Г.Сүхийн цамцны энгэрээс баруун гараараа заамдаад авсан чинь зөрүүлээд миний цамцны энгэрээс заамдаж бооход би унахдаа хажууд байсан модон шкафыг ор болгоод газар тавьсан байсныг баруун талаараа цохиж, баруун гараараа тулахад манай эхнэр хажуугаас “та нар одоо боль” гэхэд Г.Сүх бид хоёр хоёр тийшээ болсон. Манай эхнэр хагалгаанд ороод удаагүй байсан тул намайг цохиж, надад гэмтэл учруулж чадахгүй. Г.Сүх намайг гараараа угзрах үед би хойш унахдаа гэмтэл учирсан байх,

 

гэрч Х.Янжинлхамын ...Н.Билэг нөхөр Г.Сүхийг өмсөж байсан куртикнээс нь заамдаад “ална” гэсэн. Нөхөр “яагаад байгаа юм бэ, би чамтай хэрүүл хийх гэж ирээгүй шүү” гэж хэлээд гарыг арагш нь түлхээд доороо суусан. Энэ үед Сайханаа нэг хүнтэй утсаар яриад байсан. Удалгүй 2 минутын дараа хаалгаар охин Сансармаа орж ирээд ханцуйгаа арагш нь шамлаад “муу хулгайчаа, чамайг ална” гээд нөхөр Г.Сүх рүү дайраад нөхрийн хоолойг боогоод арагш нь түлхсэн. Энэ үед би босч ирээд “юу болж байгаа юм бэ” гэсэн чинь Н.Билэг босч  ирээд мөн нөхөр рүү дайрсан. Нөхөр хариу үйлдэл үзүүлж чадаагүй. Би хориод дийлэхгүй байсан болохоор утсаар цагдаа дуудсан. Энэ үед нөхрийг ухаан алдсан байна гэж бодоод “алчихлаа” гэж орилсон. Сайханаа нөхөр Эрдэнбилэгээ татаад болиулсан. Би нөхөр Г.Сүхийг аваад хаалгаар гадагш гарсан. Би нөхрийгөө “чи биеэ хамгаалж чаддаггүй юм уу” гэж хэлсэн. Нөхөр “би хуулийн дагуу явна” гэж хэлсэн, 

 

гэрч Ц.Энхсайханы ...2019 оны 5 дугаар сарын 24-ний оройн 21 цагийн үед гэртээ амраад унтах гэж байтал Сүх эхнэр Янжинлхамын хамтаар гаднаас орж ирээд Сүх танайх  нүүх шаардлагатай байна. Би өөр хүнд түрээслүүлнэ гэж хэлсэн. Сүх, Билэгийн хэвтэж байсан орон дээр очоод “чамайг нүү гэж байна” гээд заамдаад авсан. Ингээд Билэг, Сүх хоёр барьцалдаж аваад зодолдоод байсан. Би очоод чи сэхээтэн хүн байж битгий орилоод байгаач гэж хэлсэн. Энэ үед охин Сансармаагийн төрсөн охин Анхтуяа гэх 5 дугаар ангийн хүүхэд өвөөг зодоод байна гэж ээж рүүгээ ярьсан байсан. Билэг, Сүх хоёр зууралдаад гадагш гарсан. Гадаа гараад мөн нэг нэгнийгээ заамдаад зууралдаад байсан. Би Билэгийн мөр рүү нь гараараа нэг удаа цохиод Билэгийг гэрт оруулсан. Сүх эхнэрийн хамтаар хашаанаас гарсан.

Тухайн өдөр Билэг, Сүх нарын хооронд зодоон болсон. Энэ хоёр хүн заамдалцаад л байсан,

 

шинжээч Ц.Бадралын ...2019 оны 5 дугаар сарын 28-ний өдрийн 6483 дугаартай дүгнэлтэд тусгагдсан Н.Билэгийн биед цээж, зүүн даланд цус хуралт, хамар, баруун шанаа, цээж, хэвлий, зүүн мөр, зүүн дал, бүсэлхий, зүүн бугалга, баруун тохой, зүүн шуу, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зулгаралт гэмтлүүд нь мохой газар, зүйл дээр шүргэх, нидрэгдэх, газар унах үед үүсэх боломжтой. Хумсаар маажих үед үүсэх боломжтой. Цус хуралт нь цохилтоос үүснэ. Дээрх гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 27-ний өдрийн 6466, 6483 тоот дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй эрхийн дагуу Г.Сүх нь “би Билэгийг зодоогүй, түүнд гэмтэл учруулаагүй” гэж мэдүүлж байгаа боловч тэр хохирогчид хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байна

 

Иймд Г.Сүх, Н.Билэг нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч Г.Сүх, Н.Билэг нар нь хэн алинаасаа хохирол нэхэмжлээгүй.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэн аль нь бусдад төлөх төлбөргүй, гомдолгүй байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Сүх, Н.Билэг нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Г.Сүхийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдож шүүх гэм буруутайд тооцсон тул миний үйлчлүүлэгч Н.Билэгийг зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулаагүй тул түүнд холбогдох хэргийг цагаатгана уу гэсэн өмгөөлөгч Г.Тамирын хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Хиад Боржигон овогт Готовдоржийн Сүхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

 

шүүгдэгч Боржигон овогт Наранхүүгийн Билэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Сүхийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000 төгрөгөөр торгох,

 

шүүгдэгч Н.Билэгийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Сүх, Н.Билэг нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Сүх, Н.Билэг нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх  төлбөргүйг тус тус дурдсугай.

 

            5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Билэг, Г.Сүх нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН