Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 111

 

 

 

 

 

 

 

 

   2020          01           31                                    111  

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Н.Зулаа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхболд,

шүүгдэгч: Ц.Тогоо  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тогоо д холбогдох эрүүгийн 1905 0357 30059 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1971 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Баяндэлгэр сумд малчин ажилтай, сард 450 000 төгрөгийн цалинтай, ам бүл 1,

2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 698 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Тогоо .

 

Шүүгдэгч Ц.Тогоо  нь 2019 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 65-36 тоотод иргэн М.Утас тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар ор руу авч шидэн зүүн хөлийг нь мушгин биед нь цээж, баруун гуя, зүүн тавхайд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ц.Тогоо  мэдүүлэхдээ:

Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн биед би гэмтэл учруулсан. Тийм болохоор прокурорын санал болгосон 600 000 төгрөгөөр торгох ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн юм. Цаашдаа дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч-М.Утас  мэдүүлэхдээ:

Би 2019 оны 8 дугаар сарын 20-нд манай хажуу өрөөнд байдаг Тогоо  хөдөөнөөс ирсэн. Тэгээд хэд хоног манай хажуу өрөөнд байсан юм. 2019 оны 8 дугаар сарын 28-ны орой 21 цагийн үед гаднаас орж ирээд надаас мөнгө нэхээд архи авч уумаар байна гэсэн. Тэгээд би 2000 төгрөг өгөхөд тэр мөнгөөр жижиг архи авч ганцаараа уусан. Гэтэл дахиад надаас мөнгө нэхээд архи авч уумаар байна гэхэд нь гэртээ байсан тал шил архийг өгөхөд мөн ганцаараа уусан. Тэгээд шөнө 03 цагийн үед архиа уучихаад унтахгүй, янз бүрийн юм яриад, үглээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би зурагт унтраахад зурагт унтраалаа гэж уурлаад намайг барьж аваад түлхсэн. Тэр үед уулгүй үлдээсэн, газарт байсан жаахан архи нь унахад архи унагаалаа гээд намайг өргөж аваад ор руу шидээд миний зүүн хөлийг дотогш нь мушгисан. Тэгэхэд зүүн хөлийн өвдөгний доор яс нь дуугарах шиг чимээ гараад их өвдөөд би орилсон. Тэгээд Тогоо  тайвшраад унтаад өгсөн. Маргааш нь би босоод гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд зөөлөн эдийн гэмтэл байна гэсэн. Намайг буцаад гэртээ очиход Тогоо  надаас уучлалт гуйсан. Тогоо  нь надад тал шил архи өглөө, шавхаруу өглөө гээд агсам тавьсан. Гомдол санал, нэхэмжлэх зүлгүй гэжээ.  

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 10712 тоот дүгнэлтэд:

1. М.Өлзий-Утсын биед цээж, зүүн өвдөг, шилбэ, зүүн шагайн үеийн дотор хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гуя, зүүн тавхайд цус хуралт гэмтэл  тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна гэжээ. (хэргийн 22 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Ц.Тогоо  нь 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 698 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 46 дугаар хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Ц.Тогоо  нь 2019 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 65 дугаар байрны 36 тоотод хохирогч М.Утас тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүнийг ор руу шидэн зүүн хөлийг нь мушгиж, биед нь цээж, баруун гуя, зүүн тавхайд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Өлзий-Утсын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 10712 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд Ц.Тогоо г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч М.Утас  нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой зардлыг нотлох баримтаар нэхэмжлээгүй бөгөөд “бид хоёр эвлэрсэн, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Ц.Тогоо  нь 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 698 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж,

2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр торгуулийн ялыг бүрэн биелүүлсэн нь эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгчийн 1614 дугаартай тогтоолоор тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Ц.Тогоо  өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Боржигон овогт Цэндсүрэнгийн Тогоо г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Тогоо г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Тогоо  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.  

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.Тогоо  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Тогоо д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН