Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 1305

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:135/2016/01016/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж,

Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ****** дугаар баг, ****** тоотод оршин суух ****** ****** /РД: ****** , утас: ****** /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** дугаар баг, ****** тоотод байрлах ****** ХХК /утас: ******/-д холбогдох

“Байрны төлбөрт төлсөн 41,349,897 төгрөг, алданги болох 21,915,235 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,500,000 төгрөг, нийт 65,765,132 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ****** амйаг, ****** сум, ****** дугаар баг, ****** тоотод байрлах, “*** ” ХХК-тай гэрээг байгуулж, гэрээнд заасан ёсоор гүйцэтгэгч тал ****** сумын ****** дугаар баг ****** дүгээр хороололд орших ******* хотхоны 56 айлын орон сууцны *** тоот 65 мкв бүхий 3 өрөө орон сууцыг 2015 оны 3 дугаар улиралд багтааж барьж гүйцэтгэж хүлээлгэн өгөх, захиалагч тал нь төлбөрийг нь гэрээний 2.2-д заасан хуваарийн дагуу төлж дуусгахаар хэлэлцэн тохирч гэрээ байгуулж, гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлж хуулийн хүчин төгөлдөр гэрээг байгуулсан. Тус гэрээг байгуулсан өдөр буюу 2015 оны 06 дугаар сарын 14-ний өдөр урьдчилгаа төлбөр болох 26,784,097 төгрөгийг бэлнээр төлж, төлбөрийн хуваарийн дагуу төлбөрөө сар бүр төлж байсан бөгөөд хамгийн сүүлд 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 3,200,000 төгрөгийг төлж нийт 41,349,897 төгрөг одоогийн байдлаар төлөөд байна.

Иймд гэрээний үүргээ зөрчиж, гэрээний хугацаандаа орон сууц хүлээлгэж өгөөгүй, гэрээгээ цуцлах талаар мэдэгдэл хүргүүлснийг хүлээн зөвшөөрсөн энэ бүхэнтэй холбоотойгоор байрны төлбөрт төлсөн 41,349,897 төгрөг, алданги болох 21,915,235 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,500,000 төгрөг, нийт 65,765,132 төгрөг гаргуулж өгнө үү.

Гэрээний дагуу бол хариуцагч тал 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр багтаан барьж захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй өдий хүрсэн байна. Гүйцэтгэгч тал байраа хүлээлгэн өгөлгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцно гэж гэрээнд заасан байгаа. Гэтэл *** ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтэрсэн бөгөөд энэ хугацаанд алданги тооцоход, байрны үнэд төлсөн мөнгөний 50 хувиас хэтэрсэн боловч, хуульд нийцүүлэн төлсөн төлбөрийнхөө 50 хувиар тооцож алдангийг тооцож байгаа юм. Мөн өмгөөллийн хөлсийг нэхэмжлэлийн шаардлага дээр нэмж нэхэмжилсэн юм. Нэхэмжлэгч нь байр ашиглалтад орсны дараа гүйцэтггэгч талд хандан байрандаа орох хүсэлтэй байгаагаа мэдэгдэхэд байрны үлдэгдэл төлбөр болох 25,000,000 төгрөгийг төлөөд байрандаа ор гэсэн хариу өгсөн юм. Захиалан бариулах гэрээнд байр ашиглалтад оронгуут захиалагч талыг оруулна, харин төлбөрийг нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сар бүр төлж дуусгахаар гэрээнд заасан байсан юм. Т.Г*** нь гүйцэтгэгч талыг 25,000,000 төгрөгийг нэмж төлөөд байранд ор гэхэд нь ийм боломж байхгүй, гэрээний дагуу төлбөрөө төлж барагдуулъя, байрандаа оръё, үгүй гэвэл гэрээгээ цуцалж байрны үнэд төлсөн төлбөрөө авъя гэж албан бичгийг гүйцэтгэгч талд өгсөн боловч гүйцэтгэгч тал ямар нэгэн хариу өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Нэхэмжлэлийн шаардлага 64 524 845 төгрөг гэж байгаагаас 1 204 087 төгрөгийг хасаад, алдангид 20 674 948 төгрөгийг нэхэж байгаа. Байр ашиглалтад орж, захиалагчийг байранд оруулах хугацаа 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байх ёстой байсан. Гэрээний хугацаа өнгөрснөөс хойш 1 сарын дараа очиход байр бэлэн болоогүй байсан. Байр бэлэн болоогүй байхад гүйцэтгэгч тал ямар нэгэн үйлдэл хийгээгүй байна. Байр 2016 оны 02 дугаар сард ашиглалтад орсон өдрөөс хойш байрандаа оръё гэж гүйцэтгэгч талд хандаж байсан. 2016 оны 02 дугаар сарын байдлаар 39,000,000 төгрөг төлсөн байсан. *** ХХК-ийн захирал хүлээн зөвшөөрөөгүй. Т.Г*** нь гүйцэтгэгч талтай байрны төлбөрөө 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны  07 дугаар сарын 01-ний өдрийн хооронд төлж барагдуулна гэж гэрээ байгуулсан юм. Гэтэл байр ашиглалтад ороод байрандаа оръё гэсэн шаардлага тавихад, гүйцэтгэгч тал үлдэгдэл төлбөр болох 25,000,000 төгрөгөө төлж барагдуулаад байрандаа ор гэж хэлсэн учир нэхэмжлэгч нь 2016 оны 3,4 дүгээр саруудад  байрны төлбөр хийсэн юм. 2016 ны 04 дүгээр сарын 14-ний өдөр 3,200,000 төгрөг төлсөн, энэ талаар нотлох баримтыг гаргаж өгсөн байгаа. Энэ мөнгийг төлсний дараа байрандаа оръё, үлдэгдэл төлбөрөө 2017 оны  07 дугаар сарын 01-ний өдөр гэхэд төлж дуусгана гэхэд зөвшөөрөөгүй тул 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Т.Г*** нь байр захиалгын гэрээнээс татгалзаж байгаа талаараа гүйцэтгэгч талд мэдэгдэл өгсөн боловч гүйцэтгэгч тал мэдэгдэлд хариу өгөөгүй. Энэ гэрээний 6.1, 6.2-т зааснаар хугацаандаа байраа ашиглалтад өгч, захиалагчийг байранд оруулаагүй тохиолдолд 0,2 хувийн алданги тооцохоор заасан байгаа, бид 2015 оны 3 дугаар улирал дууссанаас хойш тооцоход алданги өндөр гарч байна. Мөн өмгөөллийн хөлс болох 2,500,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Иргэн Т.Г*** нь 2015 онд манай компаниас байр захиалсан. Энэхүү захиалгын гэрээний урьдчилгаа төлбөр гэх 26,784,097 төгрөгийг манай компанид бэлнээр төлөөгүй бөгөөд *** ХХК-иас аах авлага, алдангид тооцуулсан болно. Үлдэгдэл төлбөрийг сар бүр 2,000,000 төгрөгөөр төлөхөөр гэрээ хийсэн боловч хуваарийн дагуу төлөөгүй. 2016 оны 2 дугаар сард байр ашиглалтад орсон. Үлдэгдэл төлбөрөөр төлж байрандаа орох эрхтэй. Хэрэв гэрээгээр цуцлана гэвэл төлсөн мөнгөө буцаан авах эрхтэй. Харин алданги төлөх үүрэг байхгүй гэж үзэж байна.

Манай талаас үндсэн төлбөр болох 41,349,897 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа. 20,400,000 төгрөгийн алдангийг төлөхгүй, өмгөөллийн хөлсийг төлж болох юм. Хариуцагч нь гэрээ хийгээд төлбөрөө цаг тухай бүрт нь төлж явах үүрэгтэй байсан боловч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Төлбөрөө төлөхгүй явж байсан болохоор байрыг нь өгөөгүй юм. Байр нь ашиглалтад ороход бид захиалагчид байрандаа ороорой гэж мэдэгдсэн боловч, чимээгүй байж байгаад гэнэт байр авахаа болилоо, төлсөн мөнгөө эргүүлж авъя гэж хэлсэн юм.

Сар болгон гэрээний дагуу төлбөрөө төлөөд явна гэж гэрээ байгуулсан юм билээ. Гэтэл энэ үүргээ биелүүлэхгүй байсан юм.

2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр манай барилга ашиглалтад орж, улсын комисс хүлээж авсан юм. Бид нэхэмжлэгч Т.Г*** эд үлдэгдэл төлбөрөө төлөөд байрандаа орж болох талаар мэдэгдсэн боловч төлбөрөө төлөхгүй чимээгүй байж байгаад гэнэт байраа авахгүй мөнгө авъя гэсэн” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

Нхэмжлэгч Т.Г*** нь М*** ХХК-иас  2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн *** тоот Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зөрчсөнөөс төлсөн төлбөр 41 349 897 төгрөг, алданги 20 674 948 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2 500 000 төгрөг  тус тус гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг дараахь байдлаар зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Талуудын хооронд  ****** сум, ****** дугаар баг, ****** дүгээр хороолол, ******* хотхоны 56 айлын орон сууцны*** тоот 65 м.кв 3 өрөө орон сууцыг  гүйцэтгэгч тал болох хариуцагч М*** ХХК 2015 оны 3 дугаар улиралд багтаан барьж, түлхүүр гардуулахаар  захиалагч тал болох нэхэмжлэгч ****** төлбөрийн урьдчилгаа 26 784 100 төгрөгийг урьдчилан төлж үлдэгдэл төлбөр 54 465 900 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 01-нээс 2017 оны 07 дугаар сарын 01 хүртэл хугацаанд  2 000 000 төгрөгөөс доошгүй сар бүр хувааж төлөх гэрээ байгуулагдсан, урьдчилгаа төлбөр 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төлөгдсөн энэ талаар маргаангүй байна.

Гэрээний 2.2-т заасан төлбөрийг талууд  хэсэгчилсэн төлбөр болон үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор төлж барагдуулахаар тохиролцсон бөгөөд захиалагч нь төлбөрийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн төлж  болно гэсэн  байна.

Нэхэмжлэгч Т.Г*** нь гэрээний 2.5-д зааснаар орон сууцны төлбөрийг М*** ХХК–ийн данс болон компанийн дансанд бэлнээр төлөх үүргийн дагуу 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 1 000 000 төгрөг,  2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 1 570 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1 500 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 02-ны  өдөр  1 250 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1 700 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 302 800 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 473 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр  1 000 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр  1 570 000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 3 200 000 төгрөг тус тус төлсөн байна.  

Талуудын байгуулсан гэрээний зүйл болсон ****** сум, ****** дугаар баг, ****** дүгээр хороолол, ******* хотхоны 56 айлын орон сууцны *** тоот 65 м.кв 3 өрөө орон сууцыг  гүйцэтгэгч тал болох хариуцагч М*** ХХК 2015 оны 3 дугаар улиралд багтаан түлхүүр гардуулахаар  гэрээгээр тохирсон бөгөөд гэрээний 5.4-т заасан гүйцэтгэгчээс үл хамаарах, урьдчилан мэдэх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаан бий болсоноос  дээрхи хугацаа хойшлогдсон эсэх, энэ талаар нэхэмжлэгч Т.Г*** эд мэдэгдэн шинээр хугацаа тогтоосон эсэх нь тодорхойгүй байх тул гэрээний 6.2-т зааснаар гүйцэтгээгүй мөнгөн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагч талд төлөхөөр гэрээнд тусгасан, алданги тооцох талаар бичгээр тохиролцох хуулийн шаардлагыг хангасан  тул  хугацаа хэтрүүлсний алдангийг шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн бөгөөд гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр гэрээний зүйлийг гүйцэтгэн, захиалагчид хүлээлгэн өгч, захиалагч уг ажлыг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон  хөлс төлөх үүргийг хүлээх тул гэрээнд заасан хугацаа болоогүй байхад  хэлэлцэн тохиролцсон хөлсөө төлж байраа авах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д зааснаар гүйцэтгэгч  гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх,  351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар захиалагч ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй бөгөөд 355 дугаар зүйлийн 355.2-т зааснаар захиалагч нь ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй тул нэхэмжлэгч Т.Г*** гэрээний  7.1-д зааснаар гэрээ цуцлах саналаа хариуцагч талд илгээснийг хүлээн авсан тал болох хариуцагч ажлын 14 хоногийн дотор хариуг бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, энэ хугацаанд хариуг бичгээр мэдэгдээгүй тул гэрээ цуцлах саналыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор байна.

Иймд Т.Г*** эд хариуцагч М*** ХХК-иас урьдчилгаа төлбөр 26 784 097 төгрөг, гэрээний дагуу төлсөн 14 565 800 төгрөг, нийт 41 349 897 төгрөгийг гаргуулан олгох үндэслэлтэй байна.

Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолод алданги төлөхөөр тохиролцсон тул  түлхүүр гардуулах хугацаа болох 2015 оны 10 дугаар сарын 01-нээс  гэрээ цуцлах санал хүргүүлсэн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дээр, санал хүлээн авсан талын хариу ирүүлэх хугацаа 14 хоногийг тооцон нийт 180 хоногийн алдангид 14 885 962 төгрөг гаргуулан,  илүү нэхэмжилсэн 5 788 985 төгрөгийн алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар шүүхийн өмнө талууд тэгш байх зарчимтай, мөн хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг  нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлзэх эрхтэй, мөн хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч гэрээгээр оролцуулах эсэх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэл зоригоор илэрхийлэгдэн   гэрээний  дагуу эрх зүйн туслалцаа авсны хөлсийг хэдий хэмжээгээр  төлөх  нь мөн талуудын харилцан тохиролцоо  тул нэхэмжлэгч Т.Г*** ийн өмгөөлөгчийн ажлын хөлсөнд төлсөн  гэх   2 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь үндэслэлгүй байна.

Талууд гэрээний 2.2-т  үлдэгдэл төлбөр төлөх хугацааг 2017 оны 7 дугаар сарын 01 гэж хэсэгчлэн төлж байхаар болон орон сууцыг  2015 оны 03 дугаар улиралд багтаан түлхүүр өгөхөөр төлөвлөн хугацааг  тохиролцсон атлаа ... 2016 оны  02 дугаар сард байр ашиглалтад орсон, үлдэгдэл төлбөрөө төлж байрандаа орох эрхтэй, харин гэрээгээ цуцална гэвэл төлсөн мөнгөө буцаан авах эрхтэй, алданги төлөх үүрэг байхгүй ... гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар татгалзаж байгаа нь үндэслэлгүй, энэ талаархи нотлох баримтг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзалын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө  гаргаж өгөх, цуглуулах, шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч М*** ХХК-ийн удирдлага хуулийн этгээдэд холбогдуулан иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа талаар 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлхи хугацаанд мэдэж байсан атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3, 25.2.4-т зааснаар шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүргээ биелүүлээгүй болно.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр мөн хуулийн 25.1.8-д заасан хуульд заасан бусад эрх буюу эрх зүйн туслалцаа авах эрхээр хангах үүднээс шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулан, боломжит хугацаа олгосон болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.1, 355 дугаар зүйлийн 355.1, 355.2, 232 дугаар зүйлийн 232.4, 232.5-д зааснаар хариуцагч М*** ХХК-иас байрны төлбөр 41 349 897 төгрөг, алданги 14 885 962 төгрөг, нийт 56 235 859 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Г*** эд олгож,  илүү нэхэмжилсэн алданги  5 788 985 төгрөг, өмгөөллийн хөлс 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Төрийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 486 776 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох   56 235 859 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 439 129.3 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Г*** эд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг  сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

   

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.ОЮУНДАРЬ