Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 122

 

 

 

 

 

 

 

   2020          02           05                                      122

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,   

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч: О.Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Очирад холбогдох эрүүгийн 1905 00416 30043 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа Гурвалжин барилгын зах дээр ачигчаар ажилладаг, сард 700 000 төгрөгийн цалинтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ял шийтгэлгүй, регистрийн Очир.

 

Шүүгдэгч О.Очир нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 21-22 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шонхор плаза” төвийн гадна иргэн Б.Золыг “тамхи гуйлаа” гэх шалтгаанаар маргаан үүсгэн улмаар түүний нүүр рүү нь гараараа түлхсэнээр харилцан заамдалцах явцад бие рүү нь цохиж унагаан өшиглөж,  эрүүл мэндэд нь уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, 2 шүдний сулрал бүхий хүний хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-О.Очир мэдүүлэхдээ:

Тухайн үед маргааныг хүчээр шийдвэрлэх шаардлага байгаагүй. Би эхнэртэйгээ маргалдсан байсан болохоор тэр уурандаа хохирогчтой маргалдаж, түүнийг зодож биед нь гэмтэл учлуулсан нь үнэн. Дахиж хүнтэй маргалдахгүй, хүний биед гар хүрч болохгүй гэдгийг ойлгосон. Хохирогчид 550 000 төгрөгийг хохирол төлбөрт төлсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Прокурорын санал болгосон 450 000 төгрөгөөр торгох ялыг өөрийн сайн дураар хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Зол мэдүүлэхдээ:

2019 оны 10 дугаар сарын 04-нд санагдаж байна. Орой 20 цагийн үед манай найз Чинзориг, Даваабаатар нар манай гэрт ирээд хамт гэртээ 4 ширхэг 2.5 литрийн Сэнгүр гэх пиво аваад хувааж уугаад 21 цагийн үед гарч караоке орж дуулахаар хорооллын эцэст байдаг “Шонхор плаза” гэх газар очиж үйлчлүүлсэн. Хүний нэг шил 0.5 литрийн Сэнгүр гэх пиво мөн дундаа нэг шил 0.75 литрийн Соёрхол гэх архи аваад уусан. Тэгээд бид нар 22 цаг дөхөж байхад тамхи татах гээд гарсан. Гэтэл бид нарын дунд тамхи авч гарсан хүн байхгүй байхаар нь гадаа тамхи татаж байсан нэг эрэгтэй, эмэгтэй хоёроос “тамхи байвал өгөөч” гээд хэлсэн чинь эрэгтэй нь надад хандаад “чи надаас тамхи асуудаг хэн бэ” гээд намайг мангасдаад авсан. Тэгээд би өөдөөс нь “яаж байгаа юм бэ” гээд очих үед өөдөөс гараараа цохиод би бултаад цээжээр нь тэврээд авсан. Энэ үед манай найз нар ирээд салгах гээд байсан. Тэгээд би нөгөө залуутай хэрүүл маргаан хийж байгаад ахин нэг, хоёр удаа цохилцсон. Тэгээд нөгөө залуугийн хамт явсан найз нь ирээд салгах гэж байгаад нэгнээ өмөөрөөд ганц нэг цохилцсон. Энэ үед би ноцолдож байгаад газар унасан чинь надтай маргаан хийгээд байсан залуу миний эрүү орчимд нэг, хоёр удаа өшиглөсөн санагдаж байна. Тэгээд хүмүүс бид нарыг салгасан. Энэ үед миний үүдэн хоёр шүд хөдөлсөн, мөн эрүүний гадна талд язралт өгөөд 9 оёдол тавьсан. Тэгээд би шөнө орой болсон байсан учир гэртээ харьсан.

Миний үүдэн хоёр шүд хөдөлсөн, нэг шүд нь үхжээд өнгө алдсан. Хөвсгөл аймгаас зардал мөнгө төлж ирсэн. Томографийн зураг авахуулсан. Ганц нэг эм тариа авч хэрэглэсэн. Эрүү орчимд язарч 6 оёдол тавиулсан байгаа. Эдгээр зардал мөнгө нийлээд 2 сая орчим төгрөгийн зардал гарна. Шууд хэрэгт хавсаргах баримт одоогоор байхгүй.

Би Очиртай эвлэрсэн. Хоорондоо ямар нэгэн маргаантай зүйл байхгүй болсон учир надад одоо уг хүнтэй холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй. Надад учирсан хохирлын мөнгийг бүрэн барагдуулсан гэжээ. (хэргийн 36-38, 48-50 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Амаржаргал мэдүүлэхдээ:

Амарсанаатай хамт эргээд ирж байхад ах нэг үл таних туранхай залуутай маргаан болоод зодолдоод байсан. Тэгээд манай дүү Амарсанаа бид хоёр салгасан. Салгаж байх үед нөгөө хоёр өөд өөдөөсөө дайраад байсан. Тэгээд нөгөө залуугийн найз нь гээд бас нэг залуу маргаанд оролцох гээд байсан. Би нөгөө залууг нь болиулах гэтэл ард дахин зодоон болсон. Тэгээд маргаан болоод байгаа хэдийг салгах гээд нэгийг нь бариад авахад нөгөөх нь зөрөөд байсан. Тэгээд Очир хэд хэд цохилцож байгаад салаад салгах гэж байгаа хүнээсээ сулрах гэж байгаад нөгөө залууг унах үед Очир нөгөө залууг 4 хөллөөд өндийж байх үед өөдөөс нь өшиглөсөн. Тэгээд Очироог боль гээд цаашаа аваад караоке оруулсан гэжээ. (хэргийн 21-23 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дүгээр сарын 18-ны өдрийн 12522 тоот дүгнэлтэд:

1. Б.Золын биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, 2 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэжээ. (хэргийн 29 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

О.Очир ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 53 дугаар хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч О.Очир нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 21-22 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шонхор плаза” төвийн гадна хохирогч Б.Золыг “надаас тамхи гуйдаг хэн бэ” гэж маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, 2 шүдний сулрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Зол, гэрч Д.Амаржаргалын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дүгээр сарын 18-ны өдрийн 12522 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас О.Очирад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Зол нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд “О.Очир нь хохирлоо барагдуулсан тул цаашид цагдаагийн байгууллагаар гомдол санал, гэж явах шаардлагагүй” гэж мэдүүлсэн, шүүгдэгч нь 550 000 төгрөг төлсөнийг хохирогч хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, О.Очир нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Жалайр овогт Оюунгэрэлийн Очирыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Очибатыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.Очир нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.  

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, О.Очир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Очирад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН