Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 124

 

 

 

 

 

 

 

 

   2020          02           05                                   124    

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Г.Энхтуул, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч: З.Од нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Одод холбогдох эрүүгийн 2005 0033 80126 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ял шийтгэлгүй, Од.

 

З.Од нь согтууруулах ундаан хэрэглэсэн үедээ, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр 2020 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кензо” бааранд үйлчлүүлж байсан иргэн Д.Баяргийн өмдний арын халааснаас түүний эзэмшлийн 328 000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне-6 плас” загварын 1 ширхэг гар утсыг хууль бусаар хулгайлан авч, багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-З.Од мэдүүлэхдээ:

Хохирогчийн гар утсыг авсан нь миний буруу. Тухайн үед гар утсыг нь аваад хаана хийснээ санахгүй байсан. Тэгээд буцааж өгч чадахгүй байсан юм. Хулгай хийх үедээ өмсөж явсан цамцаа дахин өмсөөгүй бөгөөд халаасанд нь үзэхэд утас нь байсан тул хохирогчид буцааж өгсөн. Одоо би Автобус баазад ажиллаж байгаа. Миний буруу, дахиж ийм үйлдэл гаргахгүй, гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Баяр мэдүүлэхдээ:

2020 оны 01 дүгээр сарын 11-ний орой Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Кензо” бааранд өөрийн найзуудтайгаа хамт орж пиво ууж бүжиглэсэн. Тэгээд хэсэг бүжиглэж байгаад манай найзууд ихэнх нь яваад өгсөн. Би Жаргалсайханы хамт буйдан дээр сууж байхад бид хэдтэй бүжгийн талбай даар бүжиглээд байсан эрэгтэй бид хоёртой хамт элдэв янзын зүйл ярьж хэсэг суусан. Тэгээд Жаргалсайхан бид хоёр нөгөө залуутай хамт баарнаас гараад цуг такси бариад таван шарын тэнд бууж гэртээ орсон. Гэртээ ороод “Айфоне-6 плас” загварын гар утсаа үзтэл байхгүй байсан. Тэгэхээр нь яг нөгөө залуу авсан байх гэж бодоод Жаргалсайхан руу залгаад нөгөө залууг баарны гадаа дуудаад цагдаа дуудаж өргөдөл өгсөн. Гар утсаа Теди төвөөс 380 000 төгрөгөөр худалдаж авсан.

Миний бие алдсан гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хэргийн 14-16, 60 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Жаргалсайхан мэдүүлэхдээ:

2020 оны 01 дүгээр сарын 11-ний орой 22 цаг 30 минутын үед найз Баяр, Болороо, Энхцэцэг нарын хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Кензо” бааранд сууцгаасан. Тэндээ би ус, ундаа ууж харин манай найзууд пиво ууж бүжиглэцгээсэн. 2020 оны 01 дүгээр сарын 12-ны 03 цаг өнгөрч байхад Баяр гар утсаа алга болсоныг мэдээд бид хэд тус баарны хяналтын камерийг шүүлгэтэл манай найз Энхцэцэгтэй бүжиглэж байсан залуу манай ширээн дээр ирж суугаад гар утсыг халааснаас нь унахад авч байгаа бичлэг байсан. Тэр залуу Энхцэцэгт гар утасныхаа дугаарыг өгсөн байсан болохоор Энхцэцэг утсаар түүнийг дуудаж ирүүлсэн. Тэгээд бид нар баарнаас гараад машиндаа суух гэтэл араас нэг ширээн дээр сууж байсан залуу машинд орж ирэхээр нь хөөж буулгасан. Тэр буугаад удаагүй байхад миний “Самсунг Эс-7” загварын шаргал өнгөтэй гар утас алга болсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн гэжээ. (хэргийн 3-4 дүгээр хуудас)

 

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

"Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 528 000 төгрөгөөр үнэлэгдэв гэжээ. (хэргийн 25 дугаар хуудас)

 

Хяналтын камерын бичлэгт 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлд:

Уг баарны заал хэсэгт ертөнцийн зүгээр урд талын эгнээний зүүн талаасаа тоолоход 3 дахь ширээн дээр урт үстэй, харааны нүдний шилтэй, ноосон цамцтай, өнгө нь тодорхойгүй женсэн өмдтэй, хар өнгийн аралтай тэлээтэй, халимаг үстэй эрэгтэй суусан, харин уг залуугийн эсрэг талд нь урт үстэй, өнгө нь тодорхойгүй цамц, өмдтэй эмэгтэй нийт 3 хүн сууж байв. 01 минут 41 секундэд буйдан дээр сууж байсан эрэгтэй баруун гар талынхаа эмэгтэйн мөрөөр нь давуулж, араар нь гараа оруулаад уг эмэгтэйн өмдний арын хэсэгт байсан халааснаас татаад уг эмэгтэйд мэдэгдэлгүй буйдан дээр /эрэгтэй нь баруун гар талд нь сууж байсан эмэгтэй нь ар хэсэгт нь утсыг буйдан дээр гаргаж ирэв/ ингээд уг эмэгтэй гар утсаа өмднийхөө халааснаас гаргаж ирснийг мэдэлгүй найз хүүхнийхээ хамт ярьж сууцгааж байв. Энэ үед буйдангийн голд сууж байсан эрэгтэй баруун гараараа буйдан дээр унасан гар утсыг дарж хэсэг сууж байгаад 03 минут 03 секундэд утсыг татаад өмднийхөө баруун хойд халаасанд хийв. 03 минут 11 секундэд буйдангийн голд сууж байсан эрэгтэйгийн зүүн гар талд сууж байсан эмэгтэй өмднийхөө баруун урд талын халаасыг ухаж гар утсаа гаргаж ирэн, найз эрэгтэй, эмэгтэй хоёрт утсаараа хэсэг юм үзүүлж байгаад 03 минут 32 секундэд буцааж утсаа баруун урд талынхаа халаасанд хийв. Ингээд цааш уг гурван хүн хоорондоо ярилцаж сууж байгаад 04 минут 15 секундэд бичлэг дуусав гэжээ. (хэргийн 31 дүгээр хуудас)

 

2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэлд:

Яллагдагч З.Одоос сайн дураар гарган өгсөн хохирогч Д.Баяргийн эзэмшлийн шаргал өнгийн гадаргатай “Айфоне” загварын гар утсыг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цаг 48 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв гэжээ. (хэргийн 49 дүгээр хуудас)

 

2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд:

Яллагдагч З.Одоос сайн дураар гарган өгсөн хохирогч Д.Баяргийн эзэмшлийн шаргал өнгийн гадаргатай “Айфоне” загварын гар утсыг хохирогч Д.Баярд 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цаг 10 минутанд хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв гэжээ. (хэргийн 51 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

З.Од ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 19 дүгээр хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч З.Од нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кензо” бааранд үйлчлүүлж байсан хохирогч Д.Баяргийн өмдний арын халааснаас түүний эзэмшлийн 328 000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне-6 плас” загварын 1 ширхэг гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Баяргийн мэдүүлэг, гэрч Б.Жаргалсайханы мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, хяналтын камерын бичлэгт 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

 

Баянгол дүүргийн прокурорын газраас З.Одод  холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хулгайн эд зүйл болох “Айфоне-6 плас” загварын гар утсыг хохирогчид биет байдлаар нь буцаан өгч хохиролгүй болгосон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирогч Д.Баяр нь “миний бие алдсан гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан плаш диск 1 ширхэгийг хэрэгт хавсарган хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдлаа. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Боржигон овогт Занданлхагвын Одыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч З.Одыг 450 /дөрвөн зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч З.Од 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч З.Од нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан плаш диск 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай. 

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол З.Одод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН