| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/01405/и |
| Дугаар | 1543 |
| Огноо | 2016-11-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 1543
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2016/01405/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, *** тоотод байрлах “***” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймгийн ****** сум, ****** дугаар баг, *** тоотод байрлах “А***” ХХК /хуулийн этгээдийн РД: ***/-д холбогдох,
"Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр, алданги нийт 8,730,000 төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х***, хариуцагчийн төлөөлөгч Ц.А***, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Б***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “***” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*** ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр А*** ХХК-ийн захирал Ц.А***тай харилцан тохиролцож, 40 тоот гэрээ байгуулж, 2015 оны 07 сарын 10-ны өдөр Монгол улсад зөвшөөрөгдсөн *******, ******* нэрийн ургамал хамгааллын бодисыг А*** ХХК-д нийлүүлж, 11,080,000 төгрөгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд *** ХХК-д төлөхөөр гэрээ байгуулсан. Талуудын байгуулсан гэрээнд заасны дагуу *** ХХК нь тогтоосон хугацаанд ургамал хамгааллын бодисыг нийлүүлж, А*** ХХК-иас урьдчилгаа нийт үнийн дүнгийн 50 хувь болох 5,500,000 төгрөгийг гэрээ байгуулахад авч, үлдэгдэл 5,580,000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлөхөөр тохирсон ч санхүүгийн боломжгүй гэх шалтгаанаар үлдэгдэл төлбөрөө төлөлгүй өнөөдрийг хүрээд байна. А*** ХХК-иас гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 5,580,000 төгрөг, гэрээний 4.1.Б-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй хуулийн шаардлагад нийцүүлэн алданги 2,790,000 төгрөгийг гаргуулж өгнө үү”гэв.
Хариуцагч “А***” ХХК-ийн захирал Ц.А*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани *** ХХК-тай гэрээ байгуулан 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2 төрлийн ургамлын хорыг авч, 7 дугаар сарын 11-ний өдөр өөрийн 160 га талбайд цацсан. Гэтэл уг бодисуудын хугацаа дууссан байсан учир үр дүн өгөөгүй улмаар хэвийн ургаж байсан рапс хатаж ургац авч чадаагүй. Тухайн үед нь хорын чанарын талаар *** ХХК-д утсаар мэдэгдсэн боловч хүлээж аваагүй, 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр үлдсэн 30 литр хорыг компани дээр нь аваачиж өгөхөд аваагүй тул манайх буцаагаад аваад явсан. Тэгээд энэ жилийн ургацын үеэр талбайд дахин цацахад мөн л үйлчлээгүй. Хороо анх авахдаа урьдчилгаа 5,500,000 төгрөгийг төлсөн. Үлдсэн мөнгийг төлөхөөс татгалзаж байна. Учир нь хорны хугацаа дууссан байснаас манайд хохирол учирсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “***” ХХК нь хариуцагч “А***” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 5,580,000 төгрөг, хугацаандаа үүргээ биелүүлээгүйн алданги 2,790,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч “***” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нийт үнийн дүнг 8,730,000 төгрөг гэж бичсэн байх боловч нэхэмжлэлийн нийт үнийн дүн нь 8,370,000 төгрөг байна./5,580,000+2,790,000=8,370,000 төгрөг/
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үнийн дүнг нэгтгэхдээ тооцооны алдаа гаргасан байна гэж үзэхээр байна.
Хариуцагч “А***” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ гэрээний зүйл болох ургамал хамгааллын 2 төрлийн бодисыг худалдан авч рапсны талбайд цацахад үр дүн өгөөгүй, хугацаа нь дууссан байсан гэж тайлбарладаг болно.
Талуудын хооронд 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ургамал хамгааллын бодис болох лорнет, форвард гэх 180 литр бодисыг нийт 11,080,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу нэхэмжлэгч “***” ХХК нь гэрээний зүйл болох нэр бүхий бодисыг гэрээнд заасан хэмжээгээр хариуцагч “А***” ХХК-д шилжүүлэн өгсөн, хариуцагч нь төлбөрийн 50 хувь болох 5,500,000 төгрөгийн барааг хүлээн авахдаа төлсөн зэрэг нь хэрэгт авагдсан 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 40 дугаартай гэрээ, мөн өдрийн зарлагын баримт, кассын орлогын ордер, зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон дээрх үйл баримтын талаар маргаагүй байна.
Талуудын тохиролцоо, гэрээний агуулгыг дүгнэн үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй байна.
Хэрэгт авагдсан 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 40 дугаартай гэрээнд нэхэмжлэгч “***” ХХК нь Монгол улсад хэрэглэхэд зөвшөөрөгдсөн ургамал хамгааллын бодисын жагсаалтанд орсон бодис болох лорнет, форвард гэх бодисуудыг гэрээнд заасан хэмжээгээр нийлүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд энэхүү үүргээ биелүүлсэн байна.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал зуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн *******, ******* дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар “Монгол улсад 2015 онд хөдөө аж ахуйд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох *******ийн жагсаалт, хэрэглэх хэмжээ” батлагдсан бөгөөд гэрээнд заагдсан нэр бүхий бодисууд энэхүү жагсаалтын 26, 46 дугаарт тус тус бичигдсэн байна.
Иймд нэхэмжлэгч “***” ХХК-ийг дээрх хуульд заасны дагуу биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн байна гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний зүйлийн үнийг шаардах эрхтэй юм.
Гэрээний 4.1.Б-д үлдэгдэл төлбөр болох 5,580,000 төгрөгийг хариуцагч 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохирсон боловч энэхүү үүргээ хариуцагч “А***” ХХК нь биелүүлээгүй болох нь түүний төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч “А***” ХХК нь гэрээний зүйл болох бодисуудын хугацаа дууссан байсан тул үлдэгдэл төлбөр төлөхөөс татгалзаж байгаа гэж тайлбарладаг болно.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 254.6-д зааснаар баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч дээрх шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй байна.
Хариуцагч “А***” ХХК нь гэрээний зүйл болох нэр бүхий бодисыг 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан бөгөөд хугацаа дууссан байсан гэдгийг 2015 оны 07 дугаар сарын 11-ний өдөр рапсны талбайд цацсанаас хойш 3-4 хоногийн дараа мэдсэн гэж тайлбарладаг боловч дээрх хуульд заасан хугацаанд гомдлын шаардлага гаргаагүй байна.
Мөн хариуцагч худалдан авсан бодис хугацаа дууссан байсан талаар тухайн үедээ утсаар “***” ХХК-ийн ажилтанд мэдэгдсэн, үлдсэн 30 литр бодисыг буцаан хүргэж өгсөн боловч аваагүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаан дээр гэрч ******* “... Хороо авч ирээд маргааш нь зааж өгсөн хэмжээгээр нь би өөрөө цацсан, 30 литр хор илүү гарсан. 3 хоногийн дараа очиж үзтэл тарьсан рапс доороосоо шарлаад навч нь цоорсон байсан. Хугацаа нь дууссан хор байна гэсэн. Тухайн үед нь “***” ХХК-ийн хүн рүү ярьсан, *******ийн дугаартай байсан, нэрийг нь мэдэхгүй, эмэгтэй хүн байсан. Дараа нь үлдсэн 30 литр хорыг аваачиж өгөхөд авахгүй гэсэн тул буцаан авч ирсэн...” гэж мэдүүлсэн боловч энэхүү мэдүүлэг нь өөр бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул дан ганц гэрчийн мэдүүлгийг үндэслэн хариуцагч “А***” ХХК-ийг доголдлын талаар шаардлага гаргаж байсан гэж үзэх боломжгүй юм. Гэрчийн мэдүүлгээр *** ХХК-ийн хэн гэдэг, ямар албан тушаалтанд бодисын доголдлын талаар мэдэгдэж байсан нь тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч “А***” ХХК нь энэхүү үүргээ биелүүлээгүй байна.
Мөн Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д: “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан”, 255.1.2-т: “аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй” тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдахаар заажээ.
Хариуцагч “А***” ХХК нь газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болох нь түүний захирал Ц.А***гийн шүүх хуралдаанд гаргасан “... Манай компани 2 гишүүнтэй, би Ерөнхий захирал нь юм. Манай компани газар тариалангийн үйл ажиллагаа эрхлээд 5 жил болж байгаа...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нь гэрээний зүйл болох бодисыг хүлээн авахдаа хугацаа дууссан эсэх талаар мэдэх боломжтой байсан, нөгөө талаар аж ахуйн үйл ажиллагаандаа зориулахаар авч байгаа бодисоо нэн даруй буюу хүлээн авах үедээ шалгаж авах үүргээ биелүүлээгүй байна гэж үзэхээр байна.
Иймд хариуцагч “А***” ХХК нь гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөр төлөхөөс татгалзах үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан гэрээний 4.1.Б-д: “... Хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги нэмж төлнө...” гэж заажээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т: “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, 232.6-д: “Хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч “***” ХХК гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 5,580,000 төгрөгийн 50 хувиар тооцож, 2,790,000 төгрөгийн алданги нэхэмжилж байгаа нь энэхүү хуульд заасантай нийцэж байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч “А***” ХХК-иас төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 5,580,000 төгрөг, алданги 2,790,000 төгрөг, нийт 8,370,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “***” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү тооцсон 360,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “А***” ХХК-иас 8,370,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “***” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 360,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “***” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,700 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А***” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 148,870 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “***” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ