Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 137

 

 

 

 

 

 

 

 

   2020          02           07                                         137    

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганхөлөг,

шүүгдэгч: Я.Бат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бат ад холбогдох эрүүгийн 1905 0491 10034 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Увс аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 18 дугаар байр, 80 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Бат .

 

Шүүгдэгч Я.Бат  нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын гуравдугаар төв эмнэлэгийн орчимд баригдаж буй барилгын талбай дээр иргэн Б.Сүх тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар Б.Сүх ийн биед халдаж, баруун гуяны цус хуралт, доод эрүүний 4, 5 дугаар шүд хөдөлсөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Я.Бат  мэдүүлэхдээ:

Хохирогчтой ажлын шаардлагаас болоод маргасан. Хохирогчийн хохирол төлбөрт эмнэлэгээр явах үед нь 100 000 төгрөг төлсөн. Хохирогчийн зүгээс гомдол саналгүй байгаа гэдгээ хэлсэн. Цаашид хохирогчид эмчилгээний зардал гарвал төлнө. Улсын яллагчаас 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Өөрийнхөө гэм бурууг ойлгосон. Ажилчидтайгаа эв зүйгээр харилцаж цаашид ийм асуудал гаргахгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Сүх  мэдүүлэхдээ:

2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 13 цагт Баянгол дүүргийн 3 дугаар эмнэлгийн хажууд шинээр баригдаж байгаа эмнэлгийн барилгад ажиллаж байхад хамт ажилладаг Бат  гэх залуу намайг хог цэвэрлээдэх гэхээр нь дараа цэвэрлэнэ гэж хэлэхэд шаардлага биелүүлэхгүй яагаад байгаа гэж хэлээд маргалдаад байж байхад миний хоолойг боосон. Тэр үед хамт ажилладаг Алтан-Од, Отгонбаяр нар ирээд салгасан. Тэгээд салаад байж байхад Бат  газарт байсан тал тоосго аваад над руу дайрах үед Отгонбаяр салгах гэж байхад Бат  миний нүүрний зүүн талын шанаа хэсэгт барьж байсан тоосгоороо цохисон. Тэгээд Бат ыг Отгонбаяр салгаад холдуулах гээд байж байхад Бат  миний баруун хөлний гуя хэсэг рүү 3-4 удаа өшиглөсөн. Миний зүүн шанаа хэсэгт цохисноос болж 2 шүд хөдөлсөн. Мөн баруун гуя хэсэгт 3-4 удаа хүчтэй өшиглөж, хөхөрч хавдсан.

Миний бие Бат тай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Хохирол нэхэмжлэх зүйл байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хэргийн 7, 57 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ц.Отгонбаяр мэдүүлэхдээ:

2019 оны 12 дугаар сарын 05-ны өглөө 09 цагт би өөрийн ажил болох Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа эмнэлгийн барилга дээр ажиллаж байхад 13 цагийн орчим би барилгын 4 давхарт нэг өрөөнд дүүжин тааз хийгээд шатан дээр ажиллаж байсан. Уг барилгын 4 давхарын коридор хэсэгт хамт ажилладаг Сүх  ах, Бат  нар хоорондоо маргалдахаар нь би гарч ирэхэд Бат  нь Сүх  ахын хоолойг боож хана руу шахсан байсан. Тэгэхээр нь би голоор нь ороод салгах үед Бат  нь Сүх  ахын баруун хөл рүү удаа дараалан хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд би Сүх  ах Бат  нарыг холдуулаад байж байхад Сүх  ах миний ажиллаж байсан өрөө рүү ороод Бат ыг чи яагаад хүн зоддог юм бэ гэж хэлээд өрөөний хаалга хэсэгт маргалдаад байж байсан чинь Бат  нь Сүх  ахыг зайл гэж хэлээд хөөгөөд газраас тоосго аваад дайрах үед би холдуулах гэхэд Бат  нэг гараараа заамдаад нөгөө гартаа барьсан тоосгоороо Сүх  ахын нүүр хэсэгт хальт цохисон. Тэгээд би тэр хоёрыг салгаад явуулсан. Тэр өдөр Сүх  ах хөл эвгүй болчихлоо гэж хэлээд яваад өгсөн. Тэр хоёр барилгын цэвэрлэгээнээс болоод маргалдсан. Сүх  ахын баруун хөл эвгүй болсон хазайгаад яваад байсан. Нүүрний зүүн хацар хэсэгт тоосгоор цохих үед хацар нь зурагдаж шалбарсан байсан гэжээ. (хэргийн 9-10 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ч.Сумъяасүрэн мэдүүлэхдээ:

2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар эмнэлгийн зүүн хойд талд шинээр баригдаж байгаа эмнэлгийн барилга дээр ажиллах гээд 9 цагт очсон. Тэгээд барилгын 3 давхарт би барилгын хог цэвэрлэж байхад 12 цагийн үед 3 давхарын коридор хэсэгт барилгын инженер Бат  ирээд ажилтан Сүх ийг надтай хамт барилгын хог цэвэрлээд гаргаад асгачих гэсэн чинь Сүх  ах “цэвэрлэж чадахгүй, би ажилтай байна” гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр маргалдаад заамдалцаж байхад Отгонбаяр салгах гэж ирсэн. Тэр хоёрыг боль гээд хэлсэн чинь салахгүй байсан. Би барилгын хогийг гадагшаа гаргаж хаях гээд барилгаас гараад явсан. Яг юу болсон талаар бол сайн хараагүй гэжээ. (хэргийн 15-16 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дүгээр сарын 11-ний өдрийн 90 тоот дүгнэлтэд:

1. Б.Сүх ийн биед баруун гуяны цус хуралт, доод эрүүний 4, 5 дугаар шүд хөдөлсөн гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. (хэргийн 20-21 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Я.Бат  ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 36 дугаар хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Я.Бат  нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын гуравдугаар төв эмнэлгийн орчим баригдаж буй барилгын талбай дээр хохирогч Б.Сүх тэй “хог цэвэрлэ” гэсэн шаардлага биелүүлэхгүй байна гэж маргалдан улмаар түүнийг зодож, баруун гуяны цус хуралт, доод эрүүний 4, 5 дугаар шүд хөдөлсөн гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Сүх , гэрч Ц.Отгонбаяр, Ч.Сумъяасүрэн нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дүгээр сарын 11-ний өдрийн 90 дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Я.Бат ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Сүх  нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтлийн эмчилгээтэй холбоотой 3 685 000 төгрөгийн эмчийн тодорхойлолтыг гаргаж өгсөн боловч “Я.Очирбаттай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин хохирогч Б.Сүх  нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Я.Бат  нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Зүнтэг овогт Ядамдоржийн Бат ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Я.Бат ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Я.Бат  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.  

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Я.Бат  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Б.Сүх  нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

            6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Я.Бат ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН