Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 958

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “П” ХХК 

Хариуцагч: “Д” ТӨХК, 

Хариуцагч: Тендерийн үнэлгээний хороо,

Гуравдагч этгээд: “М” түншлэл

Нэхэмжлэлийн шаардлага: “Д” ТӨХК-д холбогдуулан “2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр зарласан ХО-1/2017 Үнсэн сан 7-г барих, /Үнсэн сан 4-ийн далан өндөрлөх/  ажил гүйцэтгэх” Д/2017-529 дугаар гэрээг хүчингүй болгуулах, 

“Д” ТӨХК-ийн 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 02/4480 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах 

2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр зарласан ХО-1/2017 Үнсэн сан 7-г барих, /Үнсэн сан 4-ийн далан өндөрлөх/ тендер сонгон шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг даалгуулах, 

“Д” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/128 дугаар тушаалаар байгуулагдсан  “Үнсэн сан 7-г барих, /Үнсэн сан 4-ийн далан өндөрлөх ажил ХО-1/2017 дугаартай тендерийн үнэлэх Үнэлгээний хороонд холбогдуулан “Үнэлгээний хорооны  2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №02 хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах”  шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н , А.А , хариуцагч “Д” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А , хариуцагч Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө , гуравдагч этгээд “М” түншлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б , түүний өмгөөлөгч Б.А нар ирсэн байна.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “П” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д  ТӨХК-иас 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ХО-1/2017 Үнсэн сан 7-г барих, /Үнсэн сан 4-ийн далан өрлөх/ ажлыг тусгай зөвшөөрөл бүхий этгээдээр хийлгэхээр тендер сонгон шалгаруулалт зарласан. 

Манай компани тендерт шаардсан тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулаад 24 жил болж байгаа бөгөөд сонгон шалгаруулалт зарласан ажлыг хийх олон жилийн дадлага туршлага, чадвартай, энэ салбарт мэргэшсэн цөөхөн компанийн нэг юм. Иймээс бид сонгон шалгаруулалтад оролцохоор холбогдох материалаа бүрдүүлэн хүргүүлсэн.

Гэтэл Д  ТӨХК-иас манай компанийг шалгаруулаагүй талаарх 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 02/4480 тоот  албан бичгийг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр и-майлээр ирүүлснийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр албан ёсоор хүлээж авсан.

Энэ мэдэгдэлд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т зааснаар шаардлагад нийцсэн тендерийн хамгийн бага үнэтэйг сонгосон гэдэг. Бид мэдэгдлийг хүлээн авмагц захиалагчаас хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ”, 28.11-д ‘‘Захиалагч шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлж «хамгийн сайн» үнэлэгдсэн тендерийг шалгаруулахад шалгуур үзүүлэлтүүдийг тендерийн баримт бичигт заасан журмын дагуу ашиглана” гэж заасныг Үнэлгээний хороо зөрчсөн тул мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасны дагуу дахин үнэлгээ хийлгүүлэх гомдлыг Захиалагчид гаргасан боловч төрийн захиргааны ******* байгууллагад ханд гэсэн хариу ирүүлсэн. Мөн бид Сангийн яаманд гомдол гаргасан боловч энэ хугацаанд тендерт шалгарсан “М*******т - У******* *******” түншлэлтэй гэрээ байгуулагдсан гэсэн хариуг захиалагч амаар хэлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана” гэж заасны дагуу дараах үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” гэж заасан. 

Гэтэл захиалагчаас шаардлагад нийцээгүй “М” түншлэлийн материалыг хүлээн авч үнэлгээ хийхэд оролцуулсан нь хууль бус юм.

Учир нь хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасныг захиалагч үл тоомсорлон тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангаагүй түншлэлийг шударга бусаар шалгаруулаад байна.

Захиалагчаас шалгаруулсан түншлэл нь бага үнийн санал ирүүлсэн байж болох ч дээрх хуульд зааснаар тендерийн бүх нөхцөл, шаардлагыг хангасан байх ёстой. Энэ тендер шалгаруулалтад оролцсон түншлэл нь Тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ-д заасан гэрээг хэрэгжүүлэх чадварын шаардлагыг болон бусад шаардлагыг хангахгүй байгаа гэж бид үзэж байна.

ТОӨЗ-ийн 4.4в-д уг гэрээг гүйцэтгэхэд тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай гэсэн бөгөөд ТОӨЗ-ний 6.3б-д “сүүлийн гурван жилийн аль нэгэнд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг нь тендерт санал болгосон үнийн дүнгээс багагүй байх” гэсэн шаардлага байгаа.

“М*******т” ХХК сүүлийн 3 жилийн аль нэгэнд тусгай зөвшөөрлийн хүрээнд ижил төстэй ажлын өртөг нь 6.0 тэрбум орчим үнийн дүнтэй ажил хийж гүйцэтгээгүй нь дээрх шаардлагыг хангахгүй байгаа гэж үзэж байна.

ТОӨЗ 6.За-д “ТШӨХ-д заасан жилийн хугацаанд гүйцэтгэсэн байгууламжийн зураг төсөл боловсруулах, барих түүний тоног төхөөрөмжийг хүргэх, суурилуулах ажлын нийт мөнгөн дүнгийн нэг жилд гүйцэтгэсэн арифметик дундаж борлуулалтын хэмжээ нь ТШӨХ-д заасан мөнгөн дүнгээс багагүй байх” буюу сүүлийн 1 жилд тендерт санал болгосон дүнгээс багагүй борлуулалт хийсэн байх шаардлага тавьсан.

Сүүлийн нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлыг тооцохдоо 6.4-т заасан “Тендерт оролцогч түншлэлийн хувьд 6.За-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг тодорхойлохын тулд түншлэлийн гишүүн тус бүрийн үзүүлэлтийг хооронд нь нэмнэ. Гэхдээ гишүүн тус бүр заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийн доод тал нь 25 хувийг, төлөөлөх эрх бүхий гишүүн доод тал нь 40 хувийг хангасан байх ёстой” гэсний дагуу тооцно. Энэ шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд түншлэлийг тухайн чадварын шаардлагыг хангаагүй гэж үзэж тендерээс татгалзана” гэжээ.

Харин тендерт шалгараад буй түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн “М*******т” ХХК нь дээрх шаардлага буюу 40 хувийг огт хангаагүй байгаа гэж үзэж байна.

Дээрх байдлаар гэрээг хэрэгжүүлэх чадварын нөхцөл шаардлагыг хангаагүй “М” түншлэлийг шалгаруулж бидний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой зөрчөөд байна.

Иймээс ХО-1/2017 Үнсэн сан 7-г барих, /Үнсэн сан 4-ийн далан өндөрлөх/ тендер сонгон шалгаруулалтын шаардлагыг хангаагүй түншлэл шалгаруулсан нь хууль бус болохыг тогтоож, холбогдох шийдвэрийг болон ажил гүйцэтгэх гэрээ байгуулсаныг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч “Д” ТӨХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  “Уг тендерт ирүүлсэн “П” ХХК-ийн хувьд тендерт шалгарсан “М” түншлэлээс 310,247,864 /Гурван зуун арван сая хоёр зуун дөчин долоон мянга найман зуун жаран дөрвөн/ төгрөгөөр илүү үнэ санал болгосон. Төрийн өмчит үйлдвэрийн хувьд бид үнийн хувьд илт харьцангуй өндөр тендерийн саналыг хүлээн авах боломжгүй юм. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7.3-д заасны бага харьцуулах үнэтэй буюу “М” түншлэлийн тендерийн саналыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. 

Уг түншлэл нь тендерт оролцогчид тавигдах шаардлагыг бүрэн хангасан бөгөөд ажлын гүйцэтгэл нь эхэлсэн болно. “ДЦС-4” ТӨХК нь М******* улсын цахилгааны 70%, У******* хотын 65%-ийг дангаараа хангадаг, улсын онц чухал объект юм. Бидний ажил үйлчилгээ нь улс орныг эрчим хүчээр найдвартай тасралтгүй хангаж байдаг. Тиймээс манай байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, төлөвлөгөөт ажил, худалдан авах ажиллагаа нь улсын эрх ашиг нийтийн эрх ашиг, улсын үндэсний аюулгүй байдалтай шууд хамааралтай байдаг.

Ийм учраас үйлдвэрийн дамжлагатай холбоотой ажил үйлчилгээний тасралтгүй хурдтай байдлыг анхаарч үздэг. Хэрэв үйлдвэрийн, аль нэг шат дамжлага зогсонги байдалд хүрвэл үр дагавар нь зөвхөн дан ганц ДЦС-4, эрчим хүчний салбараар бус айл өрх бүр, мөн эмнэлэгүүдээс эхлээд батлан хамгаалах салбар, цаашлаад улс орны хэмжээнд зогсонги байдалд хүрэх үр дагавартай. Одоо ашиглагдаж байгаа үнсэн сан нь 2018 онд дүүрэх тул шинээр байгуулахад маш богинохон хугацаа үлдсэн. Нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлгүй шаардлага нь ажлын явцад сөргөөр нөлөөлөх нөхцлийг бүрдүүлж байгаа бөгөөд тендерт шалгарсан түншлэл нь графикт заасан хугацаанд ажлаа дуусгахгүй бол үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд шууд нөлөөлөх, цаашлаад улс орны эрх ашиг, эрчим хүчний тасралтгүй үйлдвэрлэлд нөхөж баршгүй нөхцөл үүснэ. Иймд “П” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Үнсэн барих тендерийн шалгаруулалтанд “М” түншлэл шалгарсан бөгөөд энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа худалдах худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д заасны дагуу бага харьцуулах үнэтэйг шалгаруулсан. Манай үйлдвэр нь дулааны цахилгаан станц бөгөөд зуухнаас гарсан үнс нь 1200 градусын халуунд шатаж үнсэн сангийн шугамаар усаар шүүгдэж, 3, 5-ын зам бүхий шугамаар явж үнсэн санд хадгалагддаг. 

Энэхүү процесс нь шууд М******* Улсын цахилгаан үйлдвэрлэх процессын салшгүй хэсэг юм. Тиймээс уг үнсэн сангийн ажил нь гэрээ байгуулагдсанаас хойш шуурхай эхэлж амжилттай явж байна.  Хэрэв 2018 онд уг ажил дуусахгүй бол У******* хотын цахилгаан, дулааны асуудалд шууд зогсонги байдал үүснэ. Иймд үндэслэлгүй гаргасан “П” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд “М” түншлэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус компани нь “ДЦС-4” ТӨХК -с зарласан Үнсэн сан №7-ийг барих тендер шалгаруулалтад “У******* *******” ХХК, “Х******* Б*******” ХХК-уудтай хамтран “М******* М*******–У******* *******” түншлэл байгуулан оролцож, улмаар тус тендерт шалгаран, гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг гүйцэтгээд явж байна. Гэтэл тус тендерт оролцож тендерийн бичиг баримтын шаардлага хангаагүй хэмээн шалгараагүй “П” ХХК шүүхэд гомдол гаргасан байх тул доорхи хариу тайлбар гаргаж байна. Үүнд:

Бидний түншлэл ТОӨЗ-ний шаардлагуудыг хангаж байгаа бөгөөд үүнийг нотолж тендерийн үнэлгээний хороо тендерт оролцогчдын дундаас манай компанийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан байдаг. Иймд нэхэмжлэгч талын гомдол нь ямар ч үндэслэлгүй юм. Харин ч “П” ХХК нь ТОӨЗ-ний шаардлагуудыг хангаагүй мөн манай түншлэлээс үнийн санал өндөр байсан учир шалгараагүй гэж бид үзэж байна. Мөн олон жил үйл ажиллагаа явуулсан гэж байгаа нь тус ажлыг гүйцэтгэх бүх шаардлагыг хангах нөхцөл биш бөгөөд, тендерт заавал шалгарах үндэслэл биш юм.

Нэхэмжлэгч тал тендерт шалгараагүй тухай гомдолоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.1-д заасны дагуу хуулийн хугацаанд гомдол гаргаагүй байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл юм. Ингэж гомдол гаргаагүй гэдэг нь анхнаасаа тендерт шалгараагүй байдлаа хүлээн зөвшөөрсөн байна гэж харагдаж байна. Дээрх нөхцөл байдлын улмаас “ДЦС-4” ТӨХК нь манай түншлэлтэй хууль  журмын хүрээнд гэрээ байгуулж, бид гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгээд явж байна. Иймд дээр дурдсан зүйлүүдийг харгалзан үзэж нэхэмжлэгч “П” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ: 

Анх нэхэмжлэгчээс “Дулааны IV дүгээр цахилгаан станц” ТӨХК-иас 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр зарласан ХО-1/2017 Үнсэн сан 7-г барих, Үнсэн сан 4-ийн далан өндөрлөх тендер сонгон шалгаруулалт “М” түншлэлийг шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр болон байгуулагдсан гэрээг хүчингүй болгуулах, үнэлгээг дахин хийхийг даалгуулах” шаардлага гаргасан  боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “П” ХХК-иас “Д” ТӨХК-д холбогдуулан “2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр зарласан ХО-1/2017 Үнсэн сан 7-г барих, /Үнсэн сан 4-ийн далан өндөрлөх/  ажил гүйцэтгэх” Д/2017-529 дугаар гэрээг хүчингүй болгуулах, 

“Д” ТӨХК-ийн 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 02/4480 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах 

2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр зарласан ХО-1/2017 Үнсэн сан 7-г барих, /Үнсэн сан 4-ийн далан өндөрлөх/ тендер сонгон шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг даалгуулах, 

Харин “Д” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/128 дугаар тушаалаар байгуулагдсан  “Үнсэн сан 7-г барих, /Үнсэн сан 4-ийн далан өндөрлөх ажил ХО-1/2017 дугаартай тендерийн үнэлэх Үнэлгээний хороонд холбогдуулан “Үнэлгээний хорооны 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №02 хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодруулсан болно

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаж байгаа асуудлаар дүгнэж, энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлэн,  маргааны үйл баримтад дүгнэлт өгч нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

Нэг: Үнэлгээний хорооны  2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №02 хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах”  нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Хариуцагч Д” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/128 дугаар тушаалаар   байгуулагдсан Тендерийн үнэлгээний хороо тус цахилгаан станцын “Үнсэн сан 7-г барих, /Үнсэн сан 4-ийн далан өндөрлөх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт ирүүлсэн нэр бүхий компаниудын тендерийг хэлэлцэж шалгаруулжээ.

Үнэлгээний хорооны 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар энэ тендерт оролцсон “М”  түншлэл, “И Си Си” ХХК, “П” ХХК-иудаас ирүүлсэн тендерийн баримт бичгийг нягтлан хэлэлцэж “М” түншлэлээс ирүүлсэн тендер нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн /цаашид хуулийн гэх/ 28 дугаар зүйлийн 28.7.3-д заасны дагуу “хамгийн бага харьцуулах үнэтэй” гэж үнэлэгдэн, “хамгийн сайн“ үнэлэгдсэн тендер гэж дүгнэн хуулийн  29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулахаар шийдвэрлэжээ.

Харин үнэлгээний хорооны дээрх шийдвэрийг тендерт оролцсон “П” ХХК-иас эс зөвшөөрч “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасны дагуу гомдлыг “захиалагчид” , хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу гаргасан гомдлыг Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны ******* байгууллага болох Сангийн яаманд  тус тус гаргасаныг холбогдох байгууллагууд хүлээн авч хянаад 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 02/4565 , 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 6-1/6070  дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн байна.

Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Тендерт оролцогчидод өгөх зааварчилгааны 4.4 /в/, 6.2 /з/, 6.2 /н/, 6.3 /а-д/ буюу 6.4-д  заасан шаардлагыг  хангаагүй тул хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.10-д заасныг зөрчсөн гэж маргажээ. 

Энэхүү үндэслэлийн талаар хариуцагч Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө ээс “...тендерийн материалыг бодитойгоор үнэлсэн...”, харин хариуцагч “Д” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А  “...нэхэмжлэгчийн зүгээс материалаа эх хувиар өгөөгүй, эрх бүхий байгуулагаар албажуулаагүй, мөн хамгийн гол шалгуур болох энэхүү тендерийг гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байсан...” гэж,  гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...тендерийг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй хэдий ч Үнэлгээний хороо нь 2 компанийг материалд үнэлгээ хийж манай компанийг шаардлага хангасан гэж үзсэн. Гэтэл нэхэмжлэгч нь захиалагч компанийг зориудаар хохироох байдал гаргаж,...ард түмэнд хохирол учруулж болзошгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тайлбарлан үгүйсгэв.

1.1. Тендерт оролцогчидод өгөх зааварчилгааны 6.3./а-д/ заасныг 6.4-өөр тодорхойлсон. Үүнд “Тендерт оролцогч түншлэлийн хувьд 6.3 (а) ба (д)-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг тодорхойлохын тулд түншлэлийн гишүүн тус бүрийн үзүүлэлтийг хооронд нь нэмнэ. Гэхдээ гишүүн тус бүр 6.3 (а) ба (д)-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийн доод тал нь 25 хувийг, төлөөлөх эрх бүхий гишүүн доод тал нь 40 хувийг хангасан байх ёстой. Тендерт оролцогч 6.3 (б), (в), (г)-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг тодорхойлохын тулд түншлэлийн гишүүн тус бүрийн нөөц бололцоог хамтад нь харгалзан үзнэ” гэж заасан. 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “...Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй тендерийн жишиг баримт бичгийн 6.3 /а/-д үзүүлэлт тооцох жилийн тоо буюу сүүлийн 1 жил гэсэн байна. Гуравдагч этгээд “М” түншлэлээс ирүүлсэн тендерийн материалаас  тооцон үзэхэд ТӨШХ-д заасан мөнгөн дүнгээс багагүй байх үзүүлэлтийг хангасан байна.

Тодруулбал, “М*******т *******” ХХК, “Х******* б*******” ХХК, “У******* *******” ХХК нар хамтарч түншлэл болж оролцсон бөгөөд тэдгээрийн тухайн жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажил, түүний төсөвт өртгийг судалж үзвэл “Х******* ” Олон Улсын нисэх онгоцны буудлын Үерийн хамгаалалтын далангын барилга угсралтын ажил, Шүрэнгийн УЦС-ын далан боомтын ТЭЗҮ боловсруулах ажил, Орхон аймгийн Жаргалант сумын ЗДТГ-ын өмчлөлийн “Хангалын гол” далан боомтыг шинээр барих зэрэг томоохон ажлуудыг хийж гүйцэтгэн улсын коммист хүлээлгэн өгч 6.3./б/-д заасны дагуу сүүлийн гурван жилийн аль нэгэнд ижил төстэй ажлын өртөг тендерт санал болгосон үнийн дүнгээс багагүй байх тендерийн баримт бичгийн нөхцөлийг бүрэн хангаж байна .

Түүнчлэн тус түншлэлийн боловсон хүчний хувьд дээр дурьдсан ажлуудыг гардан удирдаж хийж гүйцэтгэсэн М******* Улсын зөвлөх инженер  болон бусад мэргэжлийн боловсон хүчинтэй байна .

Нөгөөтээгүүр “Ч ” банкнаас 6.000.000.000 /зургаа тэрбум/ төгрөгийн зээлийг олгох боломжтой болохыг тодорхойлсон  байх бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Түншлэлийн гэрээ”-нд заасны дагуу “У******* *******” ХХК нь үнсэн сан байгуулах ажилд шаардагдах санхүүгийн дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд тус компанийн хөрөнгийн чадварын талаар Үндэсний татварын албаны тодорхойлолт , Бизкон аудитын тайлан, 2014-2016 онуудын санхүүгийн болон өмчийн өөрчлөлтийн тайлан  зэрэг баримтаар  тодорхойлогдохын сацуу ТОӨЗ-ийн  6.2./н/ заасан шалгуурыг хангаж байна.

1.2. 6.2./з/-д заасан шаардлагын тухайд: 

ТОӨЗ-ийн 6.2./з/-д “тендерт оролцогч нь гэрээний дагуу нийлүүлэх болон суурилуулах  тоног төхөөрөмжийг суурилуулах тоног төхөөрөмжийг өөрөө үйлдвэрлэдэггүй, суурилуулдаггүй тохиолдолд тухайн байгууламж, тоног төхөөрөмжийг захиалагчийн улсад угсарч, суурилуулах зөвшөөрлийг үйлдвэрлэгчээс нь авсан байх” гэж заасан байх боловч  шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас үзвэл маргаан бүхий тендерийн хийж гүйцэтгэхэд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “H.A.S” гэсэн цементийг орлох  сайжруулсан бүтээгдэхүүнийг түүхий эдийн материал болгон ашиглахаас өөр аргагүй бөгөөд уг материал нь 50 кг-аар савлаж шуудайлсан цемент бөгөөд Хятад улсын зах зээлд нээлттэй  худалдаж авах боломжтой. 

Энэхүү материалыг тендерт оролцогч хэн аль нь түүхий эд болгон ашиглахаар саналаа ирүүлсэн бөгөөд харин гуравдагч этгээдийн зүгээс түүнийг ашиглан хэрхэн барилгын ажлыг гүйцэтгэх технологийг боловсруулсан танилцуулсан байна . 

Тендерт оролцогчидод өгөх зааварчилгааны 4.4 /в/ тухайд: 

ТӨШХ-д шаардсан бол тухайн төрлийн ажил, бараа, үйлчилгээг гүйцэтгэх, нийлүүлэх, үзүүлэх тусгай зөвшөөрөл” эрх бүхий зөвшөөрөл зайлшгүй байхыг шаардсан байна. Уг гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай Барилга угсралтын 2.3.2 заалтад заасан Хөрсний ус доошлуулах, шүүрүүлэх, эргийн бэхэлгээ, далан суваг үүний дотор төмөр замын далан, хоолой болон газар шорооны тусгай ажил,

 2.3.3 заалтад заасан “Усан барилга, байгууламж, тоног төхөөрөмжийг угсралт” бүхий тусгай зөвшөөрлийг гуравдагч этгээд “М” түншлэлийн “М*******т *******” ХХК-д Барилга хот байгуулалтын яамнаас олгосон байна .

Харин нэхэмжлэгч “П” ХХК-иас ирүүлсэн тендерийн баримтаас үзвэл 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр зарлагдсан маргаан бүхий тендерын хүчинтэй хугацааны дотор нэхэмжлэгчид дээрх тусгай зөвшөөрлийг  олгох асуудлаар Барилга хөгжлийн *******өөс дүгнэлт гаргаагүй, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны байдлаар ажлын хэсгийн хурлаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байсан . 

Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийг буруутгаад байгаа үндэслэлээс илүүтэй  үр дагавар бүхий тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ-4.4 /в/-д заасан шаардлагыг хангаагүй баримтыг нэхэмжлэгч тендерын материалдаа хавсаргасан атлаа Үнэлгээний хорооны дүгнэлт буюу 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №02 хурлын тэмдэглэлийг хууль бус гарсан гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

Хоёр: “Д” ТӨХК-иас “М”  түншлэлтэй байгуулсан Үнсэн сан 7-г барих, /Үнсэн сан 4-ийн далан өндөрлөх/ ажил гүйцэтгэх “Д/2017-529 дугаар гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Нэхэмжлэгчээс “...Үнэлгээний хорооны хууль бус дүгнэлтийг үндэслэж гарсан гэрээг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байгаа. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2-т “...захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна...”гэж уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлах боловч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн нэгд дурьдсан үндэслэлүүдээр Үнэлгээний хорооны  2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №02 хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хянаад Үнэлгээний хорооны гишүүдийн үнэлгээгээр гуравдагч этгээд “М”  түншлэлээс тендерийг “хамгийн сайн “ үнэлэгдсэн тендер  гэж дүгнэн гэрээ байгуулах эрх олгосон нь хууль зөрчөөгүй болохыг шүүх тогтоосон тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ. 

Гурав: Д” ТӨХК-ийн 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 02/4480 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 

Харин Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт” гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”,  37.2-д “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” –оор бөгөөд захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын захиргааны хууль бус акттай холбоотой маргааныг хянан шийдвэрлэдэг.

Гэтэл Д” ТӨХК-ийн 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 02/4480 дугаар албан бичгийн агуулгаас үзэхэд энэ нь зөвхөн тендерын шалгаруулалтын үр дүнг албан ёсоор албан хэргийн стандартын дагуу мэдээлэн хүргүүлж буй мэдээллийн шинжтэй байх бөгөөд түүнд захиргааны актад тооцогдох захирамжилсан үйлдэл хэрэгжүүлдэг, эрх зүйн шууд үр дагавар бий болгодог бодит шинж агуулагдаагүй, уг албан бичгийн улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол, субьектив  эрх хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

Дөрөв: 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр зарласан ХО-1/2017 Үнсэн сан 7-г барих, /Үнсэн сан 4-ийн далан өндөрлөх/ тендер сонгон шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хариуцагч Д” ТӨХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж тодорхойлсоноос үзэхэд Захиргааны байгууллага, албан тушаалтны зүгээс захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл огт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгахыг ойлгохоор байна. 

Харин Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна”, “...47.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно...” гэж зааснаас үзвэл хариуцагч Д” ТӨХК-д нэхэмжлэгчээс гаргаж байгаа “үнэлгээг дахин хийх” эрх олгогдоогүй байх тул нэхэмжлэгчээс гаргасан даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж шүүх үзлээ. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ  нь:

 

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “П” ХХК-иас “Д” ТӨХК-д холбогдуулан гаргасан “Д” ТӨХК-ийн 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 02/4480 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.  

2.“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.7.3, 28.7.4,  29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-т заасныг баримлан “П” ХХК-иас “Д” ТӨХК-д холбогдуулан “2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр зарласан ХО-1/2017 Үнсэн сан 7-г барих, /Үнсэн сан 4-ийн далан өндөрлөх/ ажил гүйцэтгэх “Д/2017-529 дугаар гэрээг хүчингүй болгуулах, 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр зарласан ХО-1/2017 Үнсэн сан 7-г барих, /Үнсэн сан 4-ийн далан өндөрлөх/ тендер сонгон шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг даалгуулах, “Д” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/128 дугаар тушаалаар байгуулагдсан  “Үнсэн сан 7-г барих, /Үнсэн сан 4-ийн далан өндөрлөх ажил ХО-1/2017 дугаартай тендерийн үнэлэх үнэлгээний хороонд холбогдуулан тус үнэлгээний хорооны  2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №02 хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.БАТБААТАР