Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 663

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ганбаатарт холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Х.Ням-Эрдэнэ,

Ялтан Б.Ганбаатарын өмгөөлөгч Г.Ганбадрах,  М.Хувцагаан,

Хохирогч Э.Бямбажав,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 363 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Б.Ганбаатар, ялтны өмгөөлөгч М.Хувцагаан, Д.Данзандорж нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Ганбаатарт холбогдох эрүүгийн 201625011362 дугаартай хэргийг 2017 оны 8  дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Бадарчийн Ганбаатар, 1969 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 13 дугаар хорооллын 13 дугаар байрны 145 тоотод оршин суух хаягтай, 

Улаанбаатар хотын шүүхийн 1987 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 118 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 168 дугаар зүйлийн в, 169 дүгээр зүйлийн 3-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1988 оны 7 дугаар сарын 26-ны өдөр эдлээгүй үлдсэн 11 сар 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Улаанбаатар гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1990 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 42 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан 155 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Улсын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1990 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хурлаар 1 жил хорих болгон өөрчилж, 1991 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар тус тус өршөөн хэлтрүүлсэн /РД:ХН69083091/,

Б.Ганбаатар нь 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Э.Бямбажавын 16-58 УНЭ улсын дугаартай Хьюндай Танклорри маркийн автомашиныг 41 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан залилан мэхлэн авч, 41 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Ганбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Ганбаатарт прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг болгон өөрчилж, Б.Ганбаатарыг залилах гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар Б.Ганбаатарыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Б.Ганбаатараас 41 000 000 төгрөгийг гаргуулан Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьтын эцсийн буудлын 700 тоотод оршин суух, Э.Бямбажавт олгохоор шийдвэрлэжээ.

Ялтан Б.Ганбаатар давж заалдах гомдолдоо: “...хохирогч, шүүгдэгч нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 15/03 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба гэрээний хариуцлагыг шууд гэрээний 7.1-д маргаан гарвал шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлнэ гэж харилцан тохирч гэрээ байгуулсан. Өөр нэг аман тохиролцоо нь хохирогч  гэх Бямбажав нь МТ, Жаст-Ойл, Содмонгол гэсэн 3 газар гэрээтэй учир ажил олж өгнө гэсэн учраас машиныг нь аваад тээвэр хийгээд мөнгийг нь төлчихнө гэж бодож гэрээ хийсэн. Энэ гэрээний зүйл болох машин 1997 онд үйлдвэрлэгдсэн, 2011 оны 1 дүгээр сарын 2-нд Монголд орж ирсэн, 2012 онд Бямбажавын нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ авсан, уг машиныг худалдан авах үед машин Монголд орж ирснээс хойш техникийн үзлэгт орсон болон оношлогоо хийлгэсэн ямар ч баримтгүй, гэрч болон хохирогч нарын мэдүүлгүүдээс үзэхэд: эвдрэлтэй машин бөгөөд уг машины үнэлгээг 2017 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Хьюндэй Танклорри гэх машины үнийг 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ханшаар 41 сая төгрөгөөр үнэлсэн гэх үнийг шүүх хохирлын үнэлгээ болгон шүүхийн шийдвэр гаргасан байна.Гэтэл машиныг үзэлгүй нэг талыг барьж хууль бус бүрэлдэхүүнээр үнэлгээ хийлгэсэн, мөн яллах дүгнэлт бичсэн, шүүхийн шийтгэх тогтоолд Ниссан Танклори маркийн машиныг залилан авсан гэж ял оногдуулсан нь эрс зөрүүтэй байгаа учир шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа үнэлгээ нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Хохирлын үнэлгээг хууль бусаар хийсэн...” гэжээ. 

Ялтны өмгөөлөгч М.Хувцагаан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч шүүгдэгч нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 15/03 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба гэрээний хариуцлагыг шууд гэрээний 7.1-д маргаан гарвал шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлнэ гэж харилцан тохирч гэрээ байгуулсан. Өөр нэг аман тохиролцоо нь хохирогч  гэх Бямбажав нь МТ, Жаст-Ойл, Содмонгол гэсэн 3 газар гэрээтэй учир ажил олж өгнө гэсэн учраас машиныг нь аваад тээвэр хийгээд мөнгийг нь төлчихнө гэж бодож гэрээ хийсэн. Энэ гэрээний зүйл болох машин 1997 онд үйлдвэрлэгдсэн, 2011 оны 1 дүгээр сарын 2-нд Монголд орж ирсэн, 2012 онд Бямбажавын нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ авсан, уг машиныг худалдан авах үед машин Монголд орж ирснээс хойш техникийн үзлэгт орсон болон оношлогоо хийлгэсэн ямар ч баримтгүй, гэрч болон хохирогч нарын мэдүүлгүүдээс үзэхэд: эвдрэлтэй машин бөгөөд уг машины үнэлгээг 2017 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Хьюндэй Танклорри гэх машины үнийг 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ханшаар 41 сая төгрөгөөр үнэлсэн гэх үнийг шүүх хохирлын үнэлгээ болгон шүүхийн шийдвэр гаргасан байна.Гэтэл машиныг үзэлгүй нэг талыг барьж, хууль бус бүрэлдэхүүнээр үнэлгээ хийлгэсэн, мөн яллах дүгнэлт бичсэн, шүүхийн шийтгэх тогтоолд Ниссан Танклори маркийн машиныг залилан авсан гэж ял оногдуулсан нь эрс зөрүүтэй байгаа учир шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа үнэлгээ нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Хохирлын үнэлгээг хууль бусаар хийсэн. Ганбаатар уг машиныг худалдан авах гэрээ байгуулах үед энэ машинаар тээвэр хийхэд нэг удаагийн явалтанд 2-3 сая төгрөгийн цэвэр ашиг олох боломжтой, үүгээр төлбөр хийнэ, мөн хадам дүү нь алтны уурхайтай учир түүнээсээ туслалцаа авна гэж бодсон. Харин гэрээ хийхэд хохирогч гэх Бямбажав нь насжилт хөгширсөн, олон ашиглаагүй, эвдэрхий машиныг хурдан хугацаанд бусдад өндөр үнээр өгч зөвхөн мөнгө авах санаа зорилгоор гэрээ хийсэн байдаг. Ганбаатар нь машинаа ав гэж 3-4 удаа хэлэхэд зөвхөн мөнгө авна гэж хэлж байсан байна. Ганбаатар машинаар тээвэрт гарч ашиг олоогүй, Бямбажав түүнд ажил олж өгөөгүй, талуудын хэн хэн нь харилцан тохирсон хэлцлээ биелүүлээгүй. Харин машин эвдэрхий байсан. Үүнээс үзэхэд Б.Ганбаатар санаа зорилго нь бусдыг залилан мэхэлсэн гэх зорилго тогтоогдохгүй байна. Мөн хохирлын үнэлгээ хууль бусаар хийгдсэн. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.1-т “их хэмжээний хохирол” гэж 50 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, мөн хуулийн 4.2-т “үлэмж хэмжээний  хохирол” гэж 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг гэж заасан. Мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т “нэг нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэнэ” гэжээ. Ийм байхад Иргэний хэргийг Эрүүгийн хэрэг гэж хохирлын гэрээний зүйлийг бодит байдлаар үзэлгүй, хууль бусаар үнэлгээ хийж, тэр хийсэн үнэлгээг шүүх дүгнэхдээ “үлэмж хэмжээ” гэдгийг хайхарч үзэлгүй “их хэмжээ” гэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3, 1.4, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1,1.3 дахь заалтуудыг зөрчсөн учраас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Ялтны өмгөөлөгч Д.Данзандорж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...иргэн Б.Ганбаатар, Э.Бямбажав нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн холбогдох зүйл заалтад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ бөгөөд талууд өөрсдийн хүсэл зоригоо бүрэн илэрхийлж үйлдсэн гэрээ юм. Тухайн гэрээнд тохиролцсон харилцаа хэрэгжсэн, талууд харилцан мэдээлэл солилцож,  гэрээний биелэлтийн талаар шаардлага, мэдэгдлийг амаар, бичгээр гаргаж, гэрээнд нэмэлт тохиролцоо, өөрчлөлтийг оруулж, хуулийн шаардлагад нийцүүлэн үйлдсэн байгааг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй гэрээгээр халхавчилж,залилсан гэж үзэж ял халдаасанд гомдолтой байна. Мөн автомашиныг худалдагч тал автомашинаа ажлын гэрээтэй, ажилтай машин гэж худалдан авагчид итгүүлж худалдсан, худалдан авагч автомашиныг өөрийн эзэмшилд аваад холбогдох засвар үйлчилгээг өөрийн зардлаар хийж гүйцэтгэсэн, худалдагчийн хэлсэн ажил байхгүй болох нь тодорхой болсон тул өөрийн танил хамаатан садны хүний уул уурхайн компанид уг автомашиныг явуулсан зэрэг баримт хавтас хэрэгт авагдсан байхад гэм буруутай талаас нь харж, хэт нэг талыг барьж ялласанд гомдолтой. Иймд шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэжээ.

Ялтны өмгөөлөгч Г.Ганбадрахаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Д.Данзандоржийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт  “их хэмжээний хохирлыг 50.000 нэгж буюу 50.000.000 төгрөгийг их хэмжээний хохирол” гэж үзэхээр заасан байна. Автомашиныг 43.000.000 төгрөгөөр үнэлсэн. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ял оногдуулж байгаа нь буруу. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан. Б.Ганбаатарын хувьд тухайн автомашины хохирлыг бүрэн барагдуулна. Автомашиныг биет байдлаар нь авчирч өгье гэдгээ бүрэн илэрхийлж байсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг байна гэж үзэхээр бол эрх зүйн байдлыг нь дээрдүүлж, ялыг тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх бүрэн боломжтой. Б.Ганбаатарын хувийн байдлын тухайд чихрийн шижин өвчний хүнд хэлбэр, зүрхний титэм судасны нарийсалтай учраас цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа учраас түүний эрүүл мэндийг байдлыг харгалзан үзнэ үү” гэв. 

Хохирогч Э.Бямбажав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Ганбаатарыг миний таньдаг хүүхэд дагуулж ирэн автомашин сонирхож байна, худалдаж авъя гэсэн яриа үүсэж, тэрнээс болж наймаа хийгдсэн. Б.Ганбаатар эхнээсээ автомашиныг сонирхож байсан. Автомашины стартерт шууд асахгүй байсан нь гэмтэл. Автомашины хөдөлгүүрийн эд зүйл нь алга болсон байна гээд засварын газраар яваад таньдаг хүнээрээ засуулаад уг автомашиныг өгсөн. Харин өөр гэмтэл автомашинд байгаагүй. Үүнийг Б.Ганбаатар сайн мэдэж байгаа. Одоо ярихдаа л гэмтэлтэй гэж яриад байна. Гэрээ хийх үед мөнгөө төлнө гэсэн. Яг гэрээ хийгээд “мөнгөө өг” гэхэд Б.Ганбаатар “мөнгө алга, уучлаарай. Би алтны уурхайтай. Тэнд манай дүү нар ажилладаг. Би хүнээс мөнгө авах ёстой байтал тэр хүн өгсөнгүй. Тийм учраас таны мөнгийг өгч чадахгүй болчихлоо. 9 дүгээр сарын 1-ний өдөр гэхэд таны мөнгийг баталгаатай төлнө. Уурхай өмнө ажиллаж байсан сайн уурхай. Алт сайн гарч байгаа. Найдвартай” гэж хэлсэн. Би нэгэнт танихгүй хүн, яриад үзэхэд залилах хүн биш байх гэж бодоод гэнэн сэтгэлээр “9 дүгээр сарын 10-ны өдөр гэхэд эцсийн тооцоогоо хий” гээд тохиролцсон. Ингэж хуурч мэхлэхээ анхнаасаа төлөвлөсөн. Алтны уурхай гэж бодит бус байдлыг нуун дарагдуулж зохиомол арга зохиож намайг төөрөгдүүлсэн. Б.Ганбаатар 9 дүгээр сарын 10-ны өдөр болж хугацаа дуусаад гар утас нь холбогдохгүй байж байгаад 9 дүгээр сарын 20-ны өдөр утсаар ярихад Б.Ганбаатар “автомашин маш сайн ажиллаж байгаа. Уурхайд их тус болж байгаа. Алт сайн гарч байгаа. Та санаа зоволтгүй. Алт сайн гарч байгаа учраас манай уурхай 10 дугаар сарын 25-ны өдөр буухаар болсон. Та тэр өдөр хүртэл хүлээчих гэж хэлсэн. Тэгээд 10 дугаар сарын 25-ны өдөр ярихад “уурхай сайн ажиллаж байгаа. Би алтаа хадгалж байгаад Монгол банкинд тушаагаад танд мөнгийг чинь төлчихнө. Та битгий санаа зов” гэж хэлсэн.  Тэгээд хэсэг гар утас нь холбогдохгүй, чимээгүй болоод 12 дугаар сарын эхээр холбогдоход “би Дарханд байна. Том автомашин осолд орсон. Жолооч нь энд хоригдсон байгаа. Би сахиж байгаа учраас 12 дугаар сарын 10-ны өдөр очиж чадахгүй байна” гэж хэлсэн. Тэгээд 12 дугаар сарын сүүлээр холбогдоход “би хамт архи уусан болохоор нөгөө хэрэгт холбогдчихлоо. Намайг энд байлгаад байна. Гэхдээ удахгүй гарна. Таны мөнгийг өгнө. Та битгий санаа зов” гэж нөгөө хэлдэг үгээ хэлсэн. Түүнээс хойш Б.Ганбаатар надад олдохоо байгаад шүүхэд хандахаас өөр аргагүй болсон. 1 удаа утсаар холбогдоход нь “би шүүхэд хандлаа. Гэрээ байгуулсан учраас автомашиныхаа үнийг төлөх ёстой. Автомашиныг ашигтайгаар ашиглалаа шүү дээ” гэхэд “та юунд санаа зовоод байгаа юм бэ. Би очоод төлнө” гэж хэлсэн. 2016 оны 5 дугаар сард цагдаад хандахад Б.Ганбаатар мөрдөн байцаагч бид хоёрт худал хэлээд явсан. Мөн дүүргийн шүүхэд би удахгүй төлнө гэж байцаалт өгдөг. Би Б.Ганбаатараас нэг ч төгрөг аваагүй. Намайг хохиролгүй юм шиг өмгөөлөгч яриад байна. Та миний амьдралыг мэдэхгүй шүү дээ. Би өөрөө Б.Ганбаатар төлбөрийн чадвартай эсэхийг судлахад хөрөнгөтэй, олон байшинтай, олон автомашинтай. Харин эдгээр зүйлүүд нь өөр хүний нэр дээр байдаг. Автомашины тухайн үеийн зах зээлийн үнэлгээ 55.000.000 төгрөг байхад Б.Ганбаатар гуйж байгаад 45.000.000 төгрөг болгосон. 45.000.000 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурах үед автомашины 12 дугуйны 8 дугуй нь шинэ, 4 нь хуучин байсан учраас 43.000.000 төгрөг болгосон. Ингэж үнэ тогтоосон. Эвдрэл, гэмтэлтэй байсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээн дээр энэ талаар тодорхой заасан. Автомашиныг хаана байгааг тогтоогоогүй гэж яриад байна. Б.Ганбаатар хаана байгааг нь мэдэхгүй бол худалдсан байх. Шүүх хурал дээр Увс аймгийн Хар нуур гэдэг газар байгаа гэж хэлсэн. Харин Увс аймагт тийм газар байхгүй. Тэгэхээр энэ бол Б.Ганбаатарын ээлжит заль. Автомашиныг буцааж өгөх тухай хэзээ ч тавьж байгаагүй. Харин байр, орон сууц ав гэж хэлэхэд нь авъя гэсэн боловч таг болдог. Зээл аваад удахгүй өгнө гэж хэлдэг ч зээл авсан зүйл байхгүй. Хохирогчид ноцтой хохирол учраагүй гэж өмгөөлөгч яриад байна. Харин надад ноцтой хохирол учирсан. Хохирлоо авмаар байна” гэв.

Прокурор Х.Ням-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Б.Ганбаатар нь өөрийн бодит байдлыг нуух зорилгоор бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг нь залилж авсан болох нь тогтоогдож байна. Гэм буруутай гэж үзсэн. Өмгөөлөгч Д.Данзандоржийн гомдолд худалдах, худалдан авах гэрээ байгуулаад явсан. Алтны уурхай гэж ярьж байсан гэдэг нь хохирогчийн мэдүүлэгт яригддаг. Эвдрэл, гэмтэлтэй автомашин авч байсан. Тэрийг нь засаж авсан талаар өмгөөлөгчийн давж заалдах гомдолд байна. Үүнийг хохирогч болон Бат-Оргил 2 хамт явж байгаад зах дээрээс сэлбэгээ аваад засварчнаар засуулсан талаар шүүх болон мөрдөн байцаалтын хэлэлцүүлэгт удаа дараа мэдүүлсэн. Мөн өмгөөлөгч Б.Хувцагааны гомдолд хохирлын талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг нь онц их хэмжээ нь 50.000.000 төгрөгөөс дээш гээд заасан байгаа боловч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан онц их хэмжээгээр байсан. Хохирогчид 2017 оны 1 дүгээр сараас өмнө хохирол учирсан учраас шүүх өмнөх хохирлын хэмжээгээр шийдвэрлэсэн байх. Хохирлын эд зүйлийн үнэлгээний талаар мөрдөн байцаагч үнэлгээний комиссоор тогтоолгож, тухайн автомашиныг тухайн зах зээлийн үнэлгээгээр хийсэн. Тухайн үед автомашин нь Б.Ганбаатарт шилжсэн байсан болохоор биет байдлаар хийх боломжгүй байсан учраас зах зээлийн ханшаар нь хийсэн. Алтны уурхайд Б.Ганбаатар ашигтай ажиллаж байна, эвдрэл гэмтэл байхгүй талаар ярьсан гэсэн мэдүүлгүүд байдаг. Мөн хохирогчтой гэрээ хийгээд гэрээний нөхцөлд автомашины эд зүйлийг хэлэхдээ эвдрэл, гэмтэлгүй бүрэн бүтэн хүлээн авсан гэсэн зүйл гэрээнд заагдсан. Өмгөөлөгч Б.Хувцагаан гэрээний үүргийг биелүүлээгүй бол иргэний журмаар шийдвэрлэнэ гээд тухайн үед заагаад өгсөн байгаа гэсэн мэдүүлгийг ярьж байна. Гэтэл энэ нь хавтаст хэрэгт авагдсан болон хохирогчийн хэлсэн үүргээ биелүүлэхгүй бол залилангийн гэмт хэргээр шийдвэрлэнэ гэсэн утгатай гэрээ хийсэн. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна” гэв. 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, Б.Ганбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 363 дугаар шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, өөрөөр хэлбэл шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй байна.

Прокуророос Б.Ганбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүхээс Б.Ганбаатарын үйлдлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг болгон өөрчилж, Б.Ганбаатарыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх Б.Ганбаатарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан шүүх хуралдааны дарааллыг зөрчин, шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэн шууд шийтгэх тогтоол гаргаж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг явуулалгүй хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5, 8 дахь хэсэгт зааснаар “...шүүх шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхдээ  зөвлөлдөх тасалгаанд  дараах асуудал тус бүрийг хэлэлцэнэ”, “шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэхээр зөвлөлдөх тасалгаанд дараахь асуудал тус бүрээр хэлэлцэнэ” гэсэн заалтуудыг хэрэгжүүлээгүй байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 363 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Ганбаатарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 363 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Ганбаатарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Ялтан болон түүний өмгөөлөгч М.Хувцагаан, Д.Данзандорж нарын гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисныг дурдсугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл Б.Ганбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

        4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧИД М.ПҮРЭВСҮРЭН

О.ЧУЛУУНЦЭЦЭГ