Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/00942

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/02407 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2018/00387 дугаар магадлалтай,

Д.Б-ын нэхэмжлэлтэй

Б.Б-, Н.О- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 5.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Хариуцагч Б.Б-, түүний эхнэр Н.О- нар 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 5.000.000 төгрөгийг зээлсэн. Талууд харилцан тохиролцож  5.000.000 төгрөгийг 12 сарын хугацаанд буцааж төлөхөөр зээлийн эргэн төлөлтийн хуваарь гаргасан. Гэтэл Б.Б-, Н.О- нар нь зээлсэн мөнгөө одоог хүртэл янз бүрийн шалтгаан тоочсоор өгөөгүй. Иймд 5.000.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б-ы шүүхэд гаргасан тайлбарт: Миний бие ээжийн буян дэлгүүрийн эзэн Д.Б-аас 2.800.000 төгрөгийг авсан бөгөөд үүнээс 1.000.000 төгрөгийг нь буцааж өгсөн. Одоо үлдэгдэл 1.800.000 төгрөг өгөх ёстой байтал 5.000.000 төгрөг надаас нэхэмжилсэн байна. 5.000.000 төгрөгийн гэрээ гээд байгаа зүйлийг намайг халамцуу байхад машиндаа суулгаж байгаад бичүүлсэн. Тухайн үед би ямар их мөнгө вэ гэхэд хүү гэж хэлж байсан. Нэхэмжлэгч 5.000.000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу бэлнээр өгсөн гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжилсэн мөнгөнөөс 1.800.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Н.О-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Д.Б-ын нэхэмжилж буй 5.000.000 төгрөгт миний бие ямар ч хамааралгүй. Уг мөнгийг Б.Б- нь өөрийн дүүг Сингапур улс руу явуулахаар авсан, бид одоогоор хамт амьдрахгүй байгаа. Д.Б- нь Б.Б-д мөнгө зээлсэн бол тэр хүнээсээ авах нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/02407 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-аас 2.800.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.200.000 төгрөгийн болон хариуцагч Н.О-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 59.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2018/00387 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/02407 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-, Н.О- нараас 2.800.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.200.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын ...хариуцагч Б.Б-аас гэснийг ...хариуцагч Б.Б-, Н.О- нараас гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Д.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.150 төгрөгийг буцаан олгохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д заасан үндэслэл журмын дагуу дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хариуцагч Б.Б-, Н.О- нар нь 2016 оны 3 сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Д.Б-тай зээлийн гэрээ хийж 5.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай авч, зээлийг хэсэгчлэн төлөхөөр тохирч өөрийн гараар зээл төлөх хуваарийг бичиж өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “хэргийн нотлох баримт нь зохигчийн тайлбар эсхүл баримт бичиг зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж хуульчилсан байна. Б.Б нэхэмжлэлийн шаардлагаа нотолж шүүхэд гаргаж өгсөн зээлийн гэрээ үүсгэсэн баримт бичгийг үндэслэн хариуцагч Б.Б- 5 сая төгрөг авсан болохоо нотолж, түүнийг хэсэгчлэн төлөх хуваарь гаргаж өгсөн баримтыг хоёр шатны шүүх огт үнэлээгүй, үгүйсгэж байгаа талаараа дүгнэлт хийгээгүй. Хэрэв хариуцагч нар 5.000.000 төгрөгийг аваагүй бол дээрхи баримтыг үйлдэж өгөхгүй байсан. Анхан шатны шүүхэд өгсөн тайлбартаа хариуцагч Н.О- нэхэмжилж буй 5.000.000 төгрөгт би хамааралгүй. Уг мөнгийг Б.Б- өөрийн дүүг Сингапур улс явуулахаар авсан гэснээс үзэхэд хариуцагч Б.Б Н.О- нар хамт байж зээлийн гэрээ үүсгэх бичиг баримт дээр гарын үсэг зурснаар нотлогдож байгаа ба энэхүү 5.000.000 төгрөгийг авсан болон зарцуулалтын талаар бичсэн нь нэг хариуцагч мөнгө авсан болохыг нотолж байгаа асуудал юм. Хариуцагч Б.Б- нь шүүхэд болон шүүх хуралд гаргасан тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд тайлбарт дурьдсан татгалзлалаа нотлох баримтаар нотлоогүй байхад шүүх түүний тайлбар үнэн зөв гэж дүгнэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 2.200.000 төгрөгийг хариуцагч Б.Б-, Н.О- нараас гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн магадлалыг эс зөвшөөрсөн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Д.Б- нь Б.Б-, Н.О- нараас зээлийн гэрээний үүрэгт 5.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, “...5.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлсэн” гэх бичгийн гэрээг үндэслэснийг, хариуцагч Б.Б- “...2.800.000 төгрөг зээлж, 1.000.000 төгрөг буцаан төлсөн, ...1.800.000 төгрөг төлнө... хожим бичгийн гэрээнд гарын үсэг зурсан боловч 5.000.000 төгрөг шилжүүлж аваагүй, нэхэмжлэгч хүү тооцсон гэсэн...” гэж, хариуцагч Н.О- “...зээл авахаар тохиролцож, мөнгийг аваагүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тус тус маргажээ.

Нэхэмжлэгч Д.Б-, хариуцагч Б.Б- нарын хооронд зээлийн харилцаа үүссэн ба зохигч гэрээний үнийн дүнгийн талаар маргасан байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрлийн чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохыг заасан ба зохигч мөнгийг шилжүүлэн өгсөн үйл баримтад маргасан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээр шаардсан  5.000.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлснээ нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч нотлох баримтаар бичгийн хэлцлээс өөр баримт гаргаагүй бөгөөд тухайн баримт нь гэрээ байгуулагдсныг нотолсон боловч уг гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид бүрэн шилжүүлсэн гэж үзэхэд хангалттай бус гэсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна. 

Хариуцагч Б.Б- зээлээс 1.000.000 төгрөг төлсөн гэх өөрийн тайлбарын үндэслэлээ нотлоогүй байна.

Хариуцагч Н.О- нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй тайлбар гаргасан тул түүний тайлбар нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй. Иймд энэ талаар   нэхэмжлэгчийн гомдолд дурдсныг хүлээн авах боломжгүй.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх Б.Б-, Н.О- нар зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь хариуцах хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэж, 2.800.000 төгрөгийг хоёр хариуцагчаас гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсанд хариуцагч нар гомдол гаргаагүй байна.

Иймд магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2018/00387 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 50.150 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ