| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/01517/и |
| Дугаар | 1552 |
| Огноо | 2016-12-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 1552
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01517/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****** аймаг ****** сум, ****** дугаар баг, *** банкны ****** аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймгийн ****** сум, ****** дүгээр баг, *** тоотод оршин суух Ж***н Э*** /РД: ***/,
Хариуцагч: ****** аймгийн ****** сум, ****** дүгээр баг, *** тоотод оршин суух Ж*** Г***/РД: ***/ нарт холбогдох,
“Зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөр 12,186,951 төгрөг, зээлийн хүү 2,533,718 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 98,594 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг, нийт 14,834,263 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г***, хариуцагч Н.Э***, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** банкны Дархан-Уул аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Н.Э*** болон хамтран зээлдэгч Г.Г***нар нь *** банктай 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр***дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 21,0 сая төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 25,2 хувийн хүүтэй, зээлийн гэрээний хавсралтад заасан графикийн дагуу хэсэгчлэн эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлдэн авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож, Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, ***тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-*** тоот дугаартай, 35,5 м,кв талбайтай 2 өрөө орон сууц барьцаалуулсан. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нар нь үндсэн зээлийн төлбөрт 7,813,048,98 төгрөг, зээлийн хүүнд 7,313,716,89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 31,677,07 төгрөг тус тус төлсөн байна. Зээлийн гэрээний хугацаа 2017.4.21-ний өдөр дуусах боловч зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчиж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, банкны ажилтны удаа дараагийн албан ёсны тавьсан шаардлагыг үл биелүүлж байх тул зээлийн үлдэгдэл төлбөрийг хугацаанаас өмнө биелүүлэхийг шаардаж байна. Иймд зээлдэгч Н.Э***, Г.Г***нараас зээлийн үлдэгдэл үндсэн зээл 12,186,951,02 төгрөг, зээлийн хүү 2,553,718,17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 98,594,15 төгрөг, нийт 14,819,263,35 төгрөг дээр нотариатын зардал 15,000 төгрөг нийт 14,834,263,35 төгрөгийг гаргуулж, банкийг хохиролгүй болгох, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тусгаж өгнө үү” гэв.
Хариуцагч Н.Э*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би *** банктай 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 20,0 сая төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр авсан. 2015 оны 12 дугаар сараас хойш зээлийн гэрээгээ төлж чадаагүй, харин бага багаар хүү төлж байсан, Өвчтэй хүн асарч байсан учраас зээлээ төлж чадахаа больсон. Хамгийн сүүлд 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 400,000 төгрөг төлсөн, түүнээс хойш зээл огт төлөөгүй байгаа. Одоо 14,834,263,35 төгрөгийн зээлийн эргэн төлөлт байгаа нь үнэн. Миний зээлийн гэрээний хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр дуусах бөгөөд гэрээний хугацаа дуусаагүй байгаа. 2015 оны 12 дугаар сараас хойш манай аавын бие муудаад 2016 оны 4 дүгээр сар хүртэл аавыгаа асраад зээлээ төлж чадаагүй. *** банк нь зээлээ хугацаанд нь төлөөгүй учраас намайг зээлийн гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж байгаа байх. Гэтэл миний хувьд зээлээ төлнө гэж байгаа бөгөөд манай нөхрийн цалингийн зээл дууссан, тиймээс миний 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр дуусах зээлийн гэрээний хугацааг дахин сунгаж, зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж, зээлийн гэрээний хугацааг дахин сунгаж гэрээндээ өөрчлөлт оруулах юм бол надад зээлээ төлөх боломж гарч байсан, гэтэл банк надад тийм боломжгүй гэсэн хариу өгсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, эсвэл боломжтой бол миний *** банктай 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр дуусах тул хугацаанаас өмнө зээлийн гэрээг цуцлахгүй байх арга хэмжээ авч өгнө үү” гэв.
Хариуцагч Г.Г***шүүхэд гаргасан тайлбартаа: “Би эхнэр Н.Э***гийн хамт *** банкнаас 2014 оны 04 сарын 21-нд***тоот зээлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөг зээлж аваад графикийн дагуу төлөлт хийж байтал эхнэр Н.Э***гийн аав хүндээр өвдөж сүүлдээ нас барсан хүнд байдлын улмаас манай гэр бүл графикийн дагуу төлөлт тасалдсан. Цаашид графикийн тасалдлыг нөхөн хугацаанд нь төлөлтийг хийх тул тус банкны зээлийн гэрээний хугацаа дуусах болоогүй байгаа тул 2017 оны 04 сарын 21-нд дуусах тул банкны шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** банкны Дархан-Уул аймаг дахь салбар нь хариуцагч Н.Э***, Г.Г***нараас зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөр 12,186,951 төгрөг, зээлийн хүү 2,533,718 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 98,594 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг нийт 14,834,263 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч *** банк нь хариуцагч Н.Э***, Г.Г***нартай 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, сарын 2,1 хувийн хүүтэйгээр зээлсэн, мөн өдрөө Үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн*** дугаар, эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэгдсэн, Дархан-Уул аймгийн Дархан сум, 9 дүгээр баг, *** тоот, 35,5 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан зэрэг нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан “ хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ”, 156 дугаар зүйлийн 156.2-т заасан “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэсэн шаардлагуудыг хангасан байгаа бөгөөд талууд зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.
Хариуцагч Н.Э***, Г.Г***нар нь зээлийн гэрээний 4.2.5-д заасан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний хавсралт-1-д заасан хуваарийн дагуу хугацаанд нь төлөх үүргээ удаа дараа зөрчиж, 2015 оны 12 дугаар сараас эхлэн үндсэн зээлийн төлбөрөөс төлөлт хийгээгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г***гийн шүүх хуралдаанд гаргасан “хариуцагч нар нь 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс сарын төлөлтийн график хоцорч төлөгдөж байсан. 2015 оны 05 дугаар сараас эхлэн дутуу төлөлттэй явж байгаад 2015 оны 12 дугаар сараас үндсэн зээл огт төлөгдөөгүй, хүү ч гэсэн бүрэн төлөгдөөгүй, хамгийн сүүлд 2016 оны 7 сарын 09-ний өдөр 100,000 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэг ч төгрөг төлөөгүй...” гэсэн, хариуцагч Н.Э***гийн шүүх хуралдаанд гаргасан “... Зээлийн гэрээнд заасан график зөрчсөн нь үнэн. 2015 оны 12 дугаар сараас хойш зээлийн төлбөрөө төлж чадаагүй. Аав минь нас барж, эдийн засгийн байдал хүндэрсэн. Би барааны лангуу ажиллуулдаг бөгөөд орлого маш муу болсон...” гэсэн тайлбаруудаар тус тус тогтоогдож байна.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний 8.3-т зээлдэгч зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, зээлдэгч энэхүү гэрээнд заасан зээл, зээлийн хүү болон бусад төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй /энэ нь 60 хоног үргэлжилсэн/, зээлийн болон барьцааны гэрээний заалтыг удаа дараа зөрчсөн зэрэг тохиолдолд банк өөрийн санаачилгаар гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү,нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр, хохирлыг шаардахаар заажээ.
Хариуцагч Н.Э***, Г.Г***нар нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн нь үнэн боловч хугацаанаас нь өмнө гэрээ цуцлахыг зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг болно.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т: “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заажээ.
Хариуцагч Н.Э***, Г.Г***нар нь 2015 оны 12 дугаар сараас хойш зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийг зөрчиж, гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн үндсэн төлбөрөөс төлөлт хийгдээгүй, банкны зүгээс хариуцагч нарт үүргээ биелүүлэх талаар удаа дараа мэдэгдэж байсан гэсэн тайлбарыг хариуцагч нар зөвшөөрч, шүүх хуралдаанд гаргасан “... ер нь 2014 оны сүүлээр бидний зээл төлөлтөнд хүндрэл гарч байсан тул банкинд энэ талаар мэдэгдэж, зээлийн эргэн төлөлтийн графикт өөрчлөлт оруулах талаар банкинд хүсэлт гаргасны дагуу хэсэгчлэн сарын төлбөрийг 500,000 төгрөг болгож байсан. Тэгээд 2015 оны 12 дугаар сараас аавын бие муудсанаас болж төлбөрөө төлж чадахгүй, хүндрэл учирсан. Банкны зүгээс олон удаа бидэнд зээл төлөх талаар мэдэгдэж байсан нь үнэн...” гэсэн тайлбар, Н.Э***гийн *** банкинд гаргасан сарын зээлийн төлөлтийг 2016 оны 07 сарын 25-ны өдрийг хүртэл 500,000 төгрөг болгох тухай өргөдөл, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн нөхцөл өөрчлөх тухай гэрээ зэргээс дүгнэж үзэхэд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарт гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдэл өгч байсан болох нь тогтоогдож байна.
Мөн хариуцагч Н.Э***гийн шүүх хуралдаанд гаргасан “Би хувиараа бэлэн хувцасны лангуу ажиллуулдаг, зээлийн гэрээний хугацаа дуустал ямар нэг аргаар зээлээ төлнө, сүүлийн үед ер нь бол миний бизнесийн орлого муудаад хэцүү байна” гэсэн тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “банкны зүгээс шүүхэд нэхэмжлэл өгсөн өдрөөс хүүг бүрэн зогсоосон, хариуцагч Н.Э***гийн хувьд барааны лангуу ажиллуулдаг, нөхөр нь хамгаалалтын албанд ажилладаг бөгөөд 2-лаа ажилтай байж зээл төлөх талаар санаачлага гаргахгүй байна” гэсэн тайлбар зэргээс үзэхэд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т заасан үндэслэл тогтоогдож байх тул нэхэмжлэгч *** банкны гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үүргийг бүхэлд нь гаргуулах тухай шаардлага үндэслэлтэй байна.
Хариуцагч нар нь зээлийн төлбөр, хүүгийн тооцооллын талаар маргаагүй болохыг дурдаж байна.
Иймд хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөр 12,186,951 төгрөг, зээлийн хүү 2,533,718 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 98,594 төгрөг, нийт 14,819,263 төгрөгийг гаргуулж *** банкны Дархан-Уул аймаг дахь Салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол гэрээний нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал … -ыг хохиролд тооцно” гэж тус тус заасан байх тул хариуцагч нараас нотариатын зардалд 15,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч Н.Э***, Г.Г***нарын зээлийн барьцаанд тавьсан орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасныг баримтлан *** банк, Н.Э***, Г.Г***нарын хооронд байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан,***дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Н.Э***, Г.Г***нараас зээлийн үндсэн төлбөр 12,186,951 төгрөг, зээлийн хүү 2,533,718 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 98,594 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг, нийт 14,834,263 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *** банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар хариуцагч нар төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох Дархан-Уул аймгийн Дархан сум, 9 дүгээр баг, *** тоотод байрлах, Ү-*** дугаарт бүртгэгдсэн,*** дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 35,5 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,122 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Э***, Г.Г***нараас улсын тэмдэгтийн хураамжид 232,122 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *** банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ