Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 170

 

 

 

 

 

 

 

 

   2020          02           14                                        170    

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганхөлөг,

шүүгдэгч: Г.Бат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Батт холбогдох эрүүгийн 2005 0014 90094 дугаар хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1962 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автомеханик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Бат.

 

Шүүгдэгч Г.Бат нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ц.Туяа гийн эзэмшлийн 63-52 УБД улсын дугаартай “Тоёота камри” загварын тээврийн хэрэгслийн урд, хойд хаалга, урд, хойд крыло, капут, хойд гуфер зэргийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 780 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.Бат мэдүүлэхдээ:

Тухайн үед хохирогчийг 1 цаг гаруй хугацаанд хүлээсэн. Удаан хүлээсэн болохоор даараад уурлаад хохирогчийн автомашиныг түлхүүрээр зурж гэмтээсэн. Тухайн үед би сотууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцсан. Үнэлгээ, хохирлыг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн эмчилгээнд цуглуулж байсан мөнгөнөөсөө хохиролд 750 000 төгрөг төлсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ялын талаар тохиролцсон гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ц.Туяа  мэдүүлэхдээ:

2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр би оёдолчин орох ажилтай байсан тул Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, арктай шар байрны баруун буланд байрлах грашнуудын үүдэнд машины зай байхаар нь өөрийн унаж явсан 63-52 УББ улсын дугаартай, “Тоёота камри” загварын автомашинаа байрлуулж тавиад оёдолчин орсон. Тэгээд 10 орчим минутын дараа машин дээрээ ирэхэд грашийн хаалгыг нэг эрэгтэй хүн дэлгэсэн зогсож байсан. Тэгэхээр нь би машинаа холдуулах гээд машиндаа суух гэтэл жолоочийн хаалга хэсэг зурагдсан байхаар нь тэр ахаас “та машин зурсан байна” гэхэд тэр ах “би зураагүй” гээд гүйгээд явсан.

Үнэлгээгээр шууд зардал нь 780 000 төгрөг, урсгал зардал нь 120 000 төгрөг гэж гарсан байсан. Үнэлгээ хийлгэхдээ 40 000 төгрөгөөр үнэлүүлсэн.

Цагдаа ирэхээс өмнө тэр приус машинтай залуугийн дугаарыг мэдсэн байсан учир дугаар руу нь залгаад машин хэн зурсан талаар асуухад тэр залуу “би зураагүй, манай хадам аав зурсан юм, цагдаа дуудахаа түр хүлээж байгаарай. Манай хадам аав согтуу байгаа юм” гэж хэлсэн. Би машиныхаа засварын хохирлыг гаргуулж авмаар байна. Өөр нэмж ярих зүйл, санал гомдол байхгүй. Машины засварын үнэлгээ хийлгэхэд 40 000 төгрөг болсон. Тэр мөнгөн дээр нэмээд 900 000 төгрөг, нийт 940 000 төгрөг нэхэмжилж байна.

Хохиролд 750 000 төгрөг хүлээн авлаа. Г.Баттой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хэргийн 8, -11, 54 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Л.Батсүх мэдүүлэхдээ:

2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр би хадам аав Батын хамт 80-85 УБЯ улсын дугаартай, “Тоёота приус 30” загварын автомашинтай гадуур явж байгаад гэртээ орох гээд граш дээрээ очтол грашийн хаалгыг нэг хар өнгийн “Тоёота камри” загварын автомашин хаалга таглаад тавьсан байхаар нь уг машины шилэн дээр байсан дугаар руу залгахад холбогдохгүй байсан. Тэгэхээр нь авто тээврийн үндэсний төв рүү залгаад машиных нь дугаарыг хэлээд залгуулахад холбогдох боломжгүй байсан. Тэр үед аав согтуу байсан бөгөөд машиных нь хаалга хэсэг рүү өшиглөөд байх шиг байсан. Тэгээд над дээр аав ирээд “машиныг нь би түлхүүрээр зурчихлаа” гэхээр нь “яаж байгаа юм бэ” гээд хэлсэн. Тэгээд би хүүхэд сургалтнаас аваад иртэл нэг ах машин дээр ирсэн “машин зурсан байна” гэхээр нь би “манай аав жаахан халамцуу байна. Маргааш архи нь гарахаар ирээд уулзчих” гэж хэлсэн. Орой нь тэр машины жолооч над руу залгаад “камер шүүсэн, та нар зурсан байна” гэхээр нь “би зураагүй, манай хадам аав зурсан, маргааш учраа ол” гээд утсаа салгасан. Тэрнээс хойш холбогдоогүй.

Уг машины дугаарууд холбогдохгүй маш их удсан. Хадам аав бид хоёр бараг 2 цаг гаруй хүлээсэн. Хадам аав арга ядаад уурлаад уг машиныг халааснаасаа түлхүүр гаргаж ирээд баруун гар талд нь хаалга, крыло хэсэгт зурсан байсан. Би яг зурсныг нь сайн хараагүй гэжээ. (хэргийн 15-18, 21-22 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Т.Цэгмид мэдүүлэхдээ:

Би эхнэр Туяа гийн хамт оёдолчин орж дээл эсгүүлэх гээд явсан. Тэгээд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах оёдолчин орохоор очсон. Оёдолчингийн гадна зогсоол байгаагүй учир урт үргэлжилсэн граш байхаар нь түүний урд машинаа тавьсан. Тухайн үед машиныг манай эхнэр Туяа  барьж явсан. Машинаа тавьчихаад эхнэр бид хоёр оёдолчин ороод эхнэр дээлийн хэмжээ өгөөд, би дээл эсгүүлээд 20 орчим минут болоод гарч ирсэн. Манай эхнэр гэнэт надад хандаж “машин зурсан байна” гэсэн. Эхнэр бид хоёр тойроод харж байтал нэг өвгөн ирсэн. Тэр өвгөнөөс манай эхнэр “та машин зурсан байна шүү дээ” гэхэд тэр өвгөн “үгүй, үгүй” гээд явсан. Эхнэр бид хоёр ойр орчмыг нь хартал засварын газар камертай байсан. Бас бид хоёрын таглаж тавьсан грашийн хаалга нь онгорхой, нэг “Приус” машин ирсэн байсан. Засварын газар орж камер шүүсэн. Камер шүүж байхад өвгөн манай машиныг тойроод зурж хөлөөрөө өшиглөж байгаа дүрс бичлэг байхаар нь утсан дээрээ авч цагдаад өгсөн. Приус машиныг барьж байсан залуу манай эхнэр рүү залгасан байсан. Би тэр залуу руу яриад “машин яагаад зурчихваа” гэхэд тэр залуу “манай хадам аав байгаа юм. Өнөөдөр бага зэрэг согтуу байна. Цагдаа гээд яахав. Маргааш эрүүл болохоор нь уулз” гэж байсан гэжээ. (хэргийн 19-20 дугаар хуудас)

 

2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Хар хөх өнгийн дугаар нь харагдахгүй Камри загварын автомашин грашийн үүдэнд зогсож байх ба машины баруун талд грашийн хаалга онгойлгосон байдалтай, ард нь гэрэл асаалттай, дугаар нь харагдах боломжгүй “Приус 30” загварын автомашин зогсож байв. Уг приус 30 загварын автомашинаас хар малгайтай, үстэй түрийтэй гуталтай, эрэгтэй хүн бууж ирээд Камри загварын автомашины ард зогсож байв. Онгорхой граш руу приус 30 загварын машин орох гээд багтахгүй байх ба жолоодож явсан хүн нь куртикны малгай дээрээ үстэй, саарал өнгийн куртиктэй эрэгтэй гарч ирээд граш руу ороод буцаж гарч ирээд гар утсаараа оролдож байгаад машин руугаа явтал хар өнгийн саравчтай малгайтай, үстэй урт түрийтэй гуталтай эрэгтэй хүн машины урд хаалга хэсэг рүү нэг удаа өшиглөж байгаа бичлэг байв. 20191222-182133 гэсэн нэртэй бичлэг рүү ороход хар өнгийн малгайтай, үстэй гуталтай эрэгтэй хүн машины баруун ард талаар гарахдаа хар өнгийн Камри загварын автомашиныг зураад гарч байгаа дүрс бичлэг байв гэжээ. (хэргийн 26-28 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Г.Бат ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 36 дугаар хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Г.Бат нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “грашийн хаалга таглаж машин тавьлаа” гэх шалтгаанаар хохирогч Ц.Туяа гийн эзэмшлийн 63-52 УБД улсын дугаартай, “Тоёота камри” загварын тээврийн хэрэгслийн урд, хойд хаалга, урд, хойд крыло, капут, хойд гуфер зэргийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш 780 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Туяа , гэрч Л.Батсүх, Т.Цэгмид нарын мэдүүлэг, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, “Кости-эстимэйт” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №16069083 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Батт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ц.Туяа  нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой 940 000 төгрөгийн нотлох баримтыг гаргаж өгсөн боловч “хохиролд 750 000 төгрөг хүлээн авсан. Г.Баттой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхэгийг хэрэгт хавсарган хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Г.Бат нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Боржигин овогт Гомбын Батыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Батыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Бат нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.  

 

4. Шүүгдэгч Г.Бат нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай. 

 

            6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Батт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН