Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 189

 

 

 

 

 

 

 

 

     2020        02          19                                    189      

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                             

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Г.Энхтуул, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч: Т.Төмөр  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Төмөр т холбогдох эрүүгийн 1905 0491 30066 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ах, дүү нарын хамт Төмөр .

 

Шүүгдэгч Т.Төмөр  нь 2019 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фаяр” баарны гадна хохирогч Б.Хуяг ийн нүүрэн тус газарт гараараа цохин, толгойгоороо мөргөж, түүний биед 1 шүдний булгарал, уруулын дотор салстын шарх үүсгэн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Т.Төмөр  мэдүүлэхдээ:

Тухайн үед манай найз нилээн их согтолттой байсан, хохирогч залуутай маргалдаад байсан. Тэднийг би “боль” гэсэн боловч болихгүй зууралдаад, тавихгүй байхаар нь хохирогчийг цохисон. Хохирогчийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Би өмнө нь ажил хийдэг байсан боловч зодооноос болоод ажлаасаа гарсан тул хохирол төлбөрийг төлж чадаагүй байгаа. Гэхдээ хохирлыг төлнө. Найз маань мөнгө зээлнэ гэсэн. Өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй.  Хохирогчоос утсаар уучлалт гуйсан гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч-Б.Хуяг  мэдүүлэхдээ:

2019 оны 12 дугаар сарын 01-ний орой 22 цагт найз Эрдэнэхүү, Сүхбат, Сэдэнсодном нарын хамт Алтай хороололд уулзаад Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фаяр” баар руу орохоор явсан. Тэгээд бааранд ороод 0.5 литрийн Соёрхол нэртэй архи, 0.5 литрийн 8 шил пиво захиалаад уусан. Тэгээд манай найз Эрдэнэхүү бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад үл таних эрэгтэй хүнтэй танилцаад, юм яриад баарнаас гарсан. Би найз Эрдэнэхүүг хайгаад баарнаас гарахад үл таних эрэгтэйгийн хамт юм яриад зогсож байсан. Найз Цэдэнсодномыг гарч ирэхээр нь би “Эрдэнэхүүг дагуулаад оръё” гэж хэлсэн чинь найз Цэдэнсодном буцаад баар руу орсон. Тэгээд би найз Эрдэнэхүүг дагуулаад баар руу орох гэсэн чинь найз Эрдэнэхүү үл таних эрэгтэй хүнтэй “юм ярьж байгаад оръё” гэхээр нь би “за за хамт байж байя” гээд байж байтал үл таних эрэгтэйн найз гэх 2 үл таних эрэгтэй гарч ирээд найзыгаа оруулах гэсэн. Гэтэл Эрдэнэхүү юм “ярьж байгаад орлоо” гэсэн чинь баарнаас гарч ирсэн үл таних 2 эрэгтэйн улаан хүрэн цамцтай нь “охин шиг юмнуудаас салаач” гэхээр нь би “ юм ярьж байгаад орох гэж байна” гэтэл над руу улаан цамцтай эрэгтэй нь дайрсан. Тэр үед улаан цамцтай залуугийн найз эрээн цамцтай залуу салгаад байж байсан чинь улаан хүрэн цамцтай эрэгтэй миний хамар хэсэг рүү нэг удаа хүчтэй цохихоор нь би “яаж байна аа” гэж хэлэхэд, хүрч ирээд толгойгоороо ам хэсэг рүү мөргөсөн. Тэгээд миний үүдэн нэг шүд унасан. Улаан хүрэн цамцтай залуу баар руу орсон. Би найз нарын хамт баарны гадаа улаан хүрэн цамцтай эрэгтэйн хамт явж байсан эмэгтэйтэй хүлээж байхад улаан хүрэн цамцтай эрэгтэй баарнаас гарч ирэхээр нь “чи сая намайг мөргөөд, шүд унагаасан байна” гэхэд “уучлаарай хөгшөөн” гээд надад овог, нэр, утасны дугаараа үлдээгээд “маргааш уулзъя” гээд салсан. Маргааш нь залгахад “ажил руугаа явж байна, орой уулзъя” гэхээр нь “за” гэж хэлээд утсаа тасласан. Тэгээд орой нь утас руу нь залгахад утсаа авахгүй байсан бөгөөд өөрөө над руу залгаад “мөнгө байхгүй ээ, шүдийг чинь төлж чадахгүй” гэхээр нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан гэжээ. (хэргийн 10-12 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1224 тоот дүгнэлтэд:

1. Б.Хуяг ийн биед 1 шүдний булгарал, уруулын дотор салстын шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувиар тогтонги алдагдуулна гэжээ. (хэргийн 18-19 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Т.Төмөр  ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 35 дугаар хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Т.Төмөр  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 12  дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фаяр” баарны гадна хохирогч Б.Хуяг ийн нүүрэн тус газарт гараараа цохин, толгойгоороо мөргөж, 1 шүдний булгарал, уруулын дотор салстын шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Хуяг ийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1224 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Т.Төмөр т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой 700 000 төгрөгийн эмчилгээний зардал гаргуулна гэж мэдүүлснийг шүүгдэгч төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгчээс 700 000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Батбаярт олгохоор шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Боржигон овогт Тогтохжаргалын Төмөр ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Төмөр ийг 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Төмөр  320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Т.Төмөр өөс 700 000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Батбаярт олгосугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Төмөр  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Төмөр т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН