Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 190

 

 

 

 

 

 

 

 

   2020          02           19                                           190  

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Боорчи, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Хатанцэцэг,

шүүгдэгч, хохирогч: Б.Үүн,

шүүгдэгч, хохирогч: Б.Туул  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Туул , Үүн нарт холбогдох эрүүгийн 1905 0502 90065 дугаар хэргийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сард 800 000 төгрөгийн цалинтай, ам бүл 4, эх, эгч нарын хамт Туул .

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Эрдэнэт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зураглаач мэргэжилтэй, Үүн.

 

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны 99 тоотод шүүгдэгч Б.Туул , Б.Үүн нар нь согтуугаар харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Үүн мэдүүлэхдээ:

Би өөрийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Б.Туул ын биед учирсан гэмтлийг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд түүний эрүүл мэндэд учирсан гэмтлийг би учруулсан тул түүний эмчилгээний зардалыг би төлнө. Улсын яллагчийн санал болгосон 450 000 төгрөгөөр торгох ялыг сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хуульд заасан хугацаанд төлнө. Дахиж гэрт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Туул  мэдүүлэхдээ:

Тухайн өдөр бид найз нарынхаа хамт уулзсан бөгөөд зургуулаа байсан. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд болсон явдлын талаар тодорхой санахгүй байна. Хохирогч Б.Үүний биед учирсан гэмтлийг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, дахиж гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Б.Үүн мэдүүлэхдээ:

Б.Туул аас нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Б.Туул  мэдүүлэхдээ:

Би Б.Үүнээс эмчилгээний зардал нэхэмжлэхгүй, түүнд гомдолгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Үйлст мэдүүлэхдээ:

Би 2019 оны 12 дугаар сарын 18-нд 14 цагийн үед 3, 4 дүгээр хороололд өөрийн найз Очироогийнд найз охин Баярцэцэг, найз Энххишиг, Үүн, Бархасмаагийн хамт зургуулаа 2 шил 0,75 литрийн архи авч уусан. Тэгээд Очироо найз Батукааг дуудаж, гаднаас Батука 1 шил архитай орж ирсэн. Тэгээд тэр архийг мөн хувааж уусан. Тухайн үед би нилээн муудаад тасраад нэг сэрсэн чинь Үүн, Батука хоёр хоорондоо дээр доороо гараад, ноцолдож, зодолдож байсан. Тэгээд Очироо бид нар салгаад бүгд тайвшраад унтсан. Батука унтаж байгаад гараад явсан. Буцаж ирэхдээ ахтайгаа орж ирээд ах нь сүрдүүлээд байхаар нь би 102-т дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар ирээд бид нарыг авч яваад Үүнийг эрүүлжүүлэхэд хийсэн. Би хэн нь хаашаа яаж цохисныг мэдэхгүй байна. Тухайн үед Үүн, Батука хоёр зодолдож байхад ам, хамраас нь цус гарсан харагдсан. Туул  Үүн рүү дайраад Очироо бид хоёр зодооныг салгасан гэжээ. (хэргийн 19-20 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-С.Очирболд мэдүүлэхдээ:

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр манай найз Үйлст найз охины хамтаар мөн манай найз охин Баярцэцэг бид дөрөв манай гэрт хоносон. Тэгээд маргааш нь Билүүн найз охинтойгоо манайд өдөр 12 цагийн үед хоёр том савтай пиво аваад ирсэн. Бид нар хоол хийж идээд 2 шил 0,75 литрийн архи авч уусан. Батука над руу чат бичихээр нь би гэртээ байна гэхэд яваад очъё гээд өдөр 16 цагийн үед гаднаас 1 шил архи, 1 том савтай пивотой ирсэн. Тэгээд бид нар хувааж ууж байгаад би муудаад тасраад унтсан. Намайг сэрэхэд Батука над руу агсараад байсан. Тэгэхэд Үүн намайг өмөөрөөд “чи айлд ирчихээд агсам тавиад байх юм” гээд тэр хоёр хоорондоо муудалцаад зодолдоод эхэлсэн. Тэгэхэд Үйлсээ бид хоёр тэр хоёрыг салгаад би Батукаг, Үйлсээ Үүнийг салгасан. Тэр үед манай найз охидууд мөн салгасан. Тэр хоёр дахиад зууралдаад бие биерүүгээ дайраад зодолдох гээд байсан. Ингээд бид нар тайвшраад унтаж амарсан. Нэг сэрэхэд Батука ахтайгаа манайд ирээд бид нар цагдаа дуудаад өгсөн. Туул ын биед учирсан гэмтлийг Үүн учруулсан. Тухайн үед зодоон болсны дараа Туул ын ам, хамраас нь цус гарсан байсан. Мөн Үүний баруун чихний дээд талаас хазуулсан гээд цус гарсан байсан гэжээ. (хэргийн 21-22 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Энххишиг мэдүүлэхдээ:

Би 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өөрийн найз залуу Үйлст, найз Очироо, түүний найз охин Баярцэцэг нарын хамтаар Баярцэцэгийн гэрт хоносон. Тэгээд маргааш нь бид нар хоол хийж идээд сууж байхад Үүнээ бас нэг охины хамтаар ирээд 2 шил 0,75 литрийн архи, 1 том савтай пиво авч ирж, хувааж уусан. Тухайн үед би архи уугаагүй, пиво уусан. Тэгээд өдөр 18 цагийн үед Батука 1 шил архи, 1 том савтай пивотой ирсэн. Гаднаас нилээн халсан ирсэн. Тэгээд тэрийгээ хувааж ууцгаасан. Тухайн үед Очироо унтаж байгаад өрөөнөөсөө гараад ирэхэд Батука, Очироотой муудалцаад байх шиг байсан. Тэр үед охидууд гал тогооны өрөөнд юм яриад пиво ууцгааж байсан. Үүнээ тэр хоёрыг болиулах гээд “айлд битгий агсам тавь” гэхэд Батука “чи яах гээд байгаа юм” гээд Үүнээг цохиод авсан. Тэгээд тэр хоёр зууралдаад газар унаад Билгүүий толгойноос хазаад, үснээс нь зулгаагаад байсан. Тэгэхэд Үйлс, Очироо хоёр очиж салгасан. Тэр үед Батукагийн хамраас цус гарсан харагдсан. Батука гарч явах гээд бид нар хориглоод тайвшруулаад унтуулсан. Бид ч мөн унтацгаасан. Нэг сэрсэн чинь Батука гаднаас ээж, ахыгаа дагуулаад ороод ирсэн. Мөн араас нь цагдаа нар орж ирсэн гэжээ. (хэргийн 24-25 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Баярцэцэг мэдүүлэхдээ:

Би 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр найз залуу Очирболд, найз Үйлст, Хишигээ бид нар Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 44-99 тоот манай гэрт хоносон. Тэгээд маргааш нь 18-ны өдөр 14 цагийн үед Үүн найз охины хамтаар ирээд 2 шил 0.75 литрийн архи авч ууцгаасан. Тэгээд Батукаг ирж байна гэж Очироо хэлсэн. 17 цагийн үед Батука гаднаас 1 шил 0.75 лиртийн архи барьсан орж ирсэн. Тухайн үед Очироо бид хоёр өрөөндөө ороод унтаад өгсөн. Тэгээд Очироо босоод өрөөнөөсөө гарахад Батука,  Очироо руу орилоод агсам тавиад тэр хоёр маргалдаад байсан. Би өрөөнөөсөө гараад очиход тэр хоёр хэрэлдэж байхад Үүнээ хажуунаас нь та нар больцгоо гэхэд Батука Үүн рүү дайраад агсам тавиад байсан. Тэгээд Үүнийг заамдаж аваад тэр хоёр дээр доороо ороод Очироо, Үйлсээ хоёр салгаад татаж босгосон. Тэр үед Батука дахиж орилж, чарлаад зодолдох гээд дахиад зууралдаад байсан. Тухайн үед Хишигээ бид хоёр хол зайнаас харж байсан. Зодоон салахад Батукагийн амнаас цус гарсан байсан. Батукааг тайвшруулж унтуулаад бид ч бас унтсан. Тэгээд би босоод гэрээ цэвэрлэх гэж байхад Батука босч ирээд манай гэрийн гацуур мод руу шээчихээд, буцаад унтаад өгсөн. Тэгээд би буцаж хэвтэж байхад Батука орой 22 цагийн үед гарч яваад буцаж ирэхдээ 1 ахтайгаа орж ирээд “одоо үзье” гээд байсан. Тэгээд бид нар асуудал гарч магадгүй гээд цагдаа дуудсан гэжээ. (хэргийн 27-28 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад шинжээч-Т.Амартүвшин мэдүүлэхдээ:

Б.Туул ын биед тархи доргилт, доод үүдэн 2 дугаар шүдний хугарал, доод уруулд шарх, дээд уруулд зулгаралт, зүүн зовхи, алимны салстын цус хуралт зэрэг гэмтлүүд нь тус тусдаа болон бүхлээрээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бүсэлхийн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин тухайн үед үзүүлэгч Б.Туул  нь зүүн дээд хойд нэгдүгээр араа гэмтэлтэй эсэхийг тодорхой хэлээгүй тул дүгнэлтэнд тусгаагүй байна гэжээ. (хэргийн 59-60 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 532 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Туул ын биед тархи доргилт, доод үүдэн 2 дугаар шүдний хугарал, доод уруулд шарх, дээд уруулд зулгаралт, зүүн зовхи, алимны салстын цус хуралт, бүсэлхийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Нэг шүдний хугарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5 хувиар нөлөөлнө.

6. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэжээ. (хэргийн 47-48 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 539 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Үүний биед тархи доргилт, нүүрэнд зулгаралт, чамархайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 54-55 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 183 дугаартай хэргийн материалаар хийгдсэн дүгнэлтэд:

1.2.3. Б.Туул ын биед хийсэн үзлэгээр зүүн дээд 8 дугаар араа шүдний дотор булангийн паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

4. Б.Туул  нь 2019 оны 12  дугаар сарын 21-нд Шүүх эмнэлэгт үзүүлэхдээ зүүн дээд 8 дугаар араа шүдний эмтэрэл гэмтэл учирсан байх боломжтой ба үзүүлээгүй байна.

5. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. (хэргийн 65-66 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

 

Б.Туул  ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 125 дугаар хуудас)

 

Б.Үүн ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 126 дугаар хуудас)

 

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Туул  нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны 99 тоотод согтуугаар Б.Үүнтэй харилцан зодолдож, эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүрэнд зулгаралт, чамархайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Б.Үүн нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны 99 тоотод согтуугаар Б.Туул тай харилцан зодолдож, эрүүл мэндэд нь тархи доргилт, доод үүдэн 2 дугаар шүдний хугарал, доод уруулд шарх, дээд уруулд зулгаралт, зүүн зовхи, алимны салстын цус хуралт, бүсэлхийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Д.Үйлст, С.Очирболд, Г.Энххишиг, Б.Баярцэцэг, шинжээч Т.Амартүвшин нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 532, 539, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 183 дугаартай хэргийн материалаар хийгдсэн дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Туул , Б.Үүн нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Б.Туул , Б.Үүн нар нь хэн алинаасаа хохирол нэхэмжлээгүй.

 

Шүүгдэгч  нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Б.Туул , Б.Үүн нар өөрсдийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Боржигон овогт Батхүрэлийн Туул ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

 

шүүгдэгч Нангил овогт Батхуягийн Үүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Туул ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох,

 

шүүгдэгч Б.Үүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Туул , Б.Үүн нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Туул , Б.Үүн нар цагдан хоригдсон хоноггүй, хэн алинаасаа хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Туул , Б.Үүн нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН