Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 191

 

 

 

 

 

 

 

 

        2020          02           19                                         191

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Анхбаяр,

шүүгдэгч: Б.Дорж  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дорж ид холбогдох эрүүгийн 1905 0392 70134 дугаар хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1962 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, охин, 2-8 настай зээ хүүхдүүдийн хамт оршин суух,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 126 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Дорж .

 

Шүүгдэгч Б.Дорж  нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 20 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Туулын 4-71 тоотод хүний сэтгэл санаанд дарамт учруулж, бие махбодид нь халдан эхнэр болох Т.Дий г хувийн таарамжгүй харьцааны улмаас марган “надад мөнгө өг” гэх шалтгаанаар зүүн гуяан тус газар нь хутгалж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Дорж  мэдүүлэхдээ:

Би хохирогч Т.Дий тай эхнэр нөхрийн холбоотой бөгөөд гэр бүлийн баталгаатай. Гэхдээ эхнэрээсээ тусдаа амьдардаг. 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн үед эхнэртэйгээ маргалдсаны улмаас түүнийг хутгалсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь архины эмчилгээнд явж байсан. Захиргааны зөрчлөөр гэр бүлийн маргааны улмаас баривчлагдаж байсан гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Т.Дий  мэдүүлэхдээ:

2019 оны 10  дугаар сарын 03-ны орой 20 цагийн үед өөрийн түрээслэдэг Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 4-71 тоот нийтийн байрандаа ганцаараа байж байхад хаалга нүдээд байхаар нь онгойлгоход манай 7 настай зээ хүү Амархүү, манай нөхөр Дорж той хамт орж ирсэн. Тухайн үед манай нөхөр Дорж  согтуу байсан ба орж ирээд намайг элдвээр хэлээд, хэрүүл хийгээд байсан. Тэгээд манай зээ хүү Амархүүг “гараад байж бай” гээд гаргасан. Тэгээд нөхөр надаас мөнгө нэхээд миний цүнхийг авах гээд байхаар нь би өгөхгүй булаацалдаж байх үед ширээн дээр байсан хутга аваад, миний зүүн гуя руу хатгачихаад гараад зугтаасан. Тэгээд би 102-т дуудлага өгсөн. Манай нөхөр урьд нь 9 сард намайг хүнтэй хардаад хэрүүл маргаан хийдэг байсан. Тэгээд тэр өдөр гэртээ байхад манай нөхөр ирээд мөнгө нэхээд хэрүүл өдөөд байсан. Манай нөхөр байнга архи ууж, зодож, хэрүүл хийгээд байдаг болохоор 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Манай нөхөр 9 сард Баянхошууныхаа гэрийн гадна намайг хүнтэй хардаад хөл рүү өшиглөж, үсдэж зодож байсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.

Миний гуя одоо эдгэрсэн. Дорж оос нэхэмжлээд байх зүйлгүй. Дорж  архи уугаад байдаг юм. Архи уухаа болиод үр хүүхэддээ нэмэр болоод явна биз гэжээ. (хэргийн 26-27, 30 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад шинжээч-Ж.Ганцэнгэл мэдүүлэхдээ:

Т.Дий н биед үүссэн гэмтэл нь хурц, ир үзүүртэй хутгаар үүсгэгдсэн шарх байна гэжээ. (хэргийн 42 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 12034 тоот дүгнэлтэд:

1. Т.Дий н биед зүүн гуяны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 39 дүгээр хуудас)

 

2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1905039270134 дугаартай хэргийн газраас хураан авсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэлд:

Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 4-71 тоотод 2019 оны 10 дугаар сарын 03-ны оройн 20 цагийн үед Т.Дий  нь нөхөр Б.Дорж ид зүүн гуя орчимоо хутгалуулсан гэх хэрэгт хэргийн газраас хураагдсан хохирогч Т.Дий г хутгалсан гэх шар бор иштэй, хутганд үзлэг хийв. Үзлэгээр ажлын хэсгийн өргөн нь 18 мм, урт нь 11 см, бор шар металл оруулгатай, бариул хэсэг нь 9 см, 5 мм нийт 20 см, 5 мм урттай хутга байв гэжээ. (хэргийн 44 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Дорж ийг Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 126 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан гэжээ. (хэргийн 60 дугаар хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Дорж  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 20 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Туулын 4-71 тоотод эхнэр Т.Дий г “мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар зүүн гуяан тус газар нь хутгалж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд нь зүүн гуяны зүсэгдсэн шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Дий , шинжээч Ж.Ганцэнгэл нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 12034 тоот дүгнэлт, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1905039270134 дугаартай хэргийн газраас хураан авсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Дорж ид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Т.Дий  нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Б.Дорж  нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Хөхнүүд овогт Батаагийн Дорж ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Дорж ийг 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Дорж  250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Б.Дорж  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэгийг устгасугай. 

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Дорж ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН