Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 206

 

 

 

 

 

 

 

 

        2020          02           27                                       206      

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Г.Энхтуул, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганхөлөг,

шүүгдэгч: Н.Өгс, түүний өмгөөлөгч Л.Чинбат /1772/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Өгсөд холбогдох эрүүгийн 2005 0046 90237 дугаар хэргийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сард 500 000 төгрөгийн орлоготой, ам бүл 1, Өгс.

 

Шүүгдэгч Н.Өгс нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Авзага 8а байрны орцонд урьд нь хамтран амьдарч байсан Б.Сайхан тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүр, гуя тус газарт нь цохих, өшиглөх зэргээр зодож, мэрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Н.Өгс мэдүүлэхдээ:

Би Б.Сайхан тай албан ёсны гэр бүлийн баталгаагүй боловч 5-6 сарын хугацаанд хамт амьдарч байсан юм. Б.Сайхан  нь намайг байнга утсаар ярьж дарамталдаг. Миний ах, эгч руу хүртэл ярьж доромжилдог. Тухайн өдөр би урьд шөнө нь Б.Сайхан тай ярьсан зүйлээс болж түүнтэй уулзаад “ийм зүйл ярьж хэлдгээ боль” гэж хэлэхээр очсон. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлийг би учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нийт 120 000 төгрөг нэхэмжилснийг төлсөн. Хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн. Цаашдаа дахин ийм үйлдэл гаргахгүй. Прокурортой 500 000 төгрөгийн торгох ял тохиролцсон бөгөөд сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. 

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Сайхан  мэдүүлэхдээ:

Би 2012 онд Н.Өгс гэх залуутай танилцаад дотно харилцаатай үерхэж эхэлсэн. Намайг Н.Өгс хардаж дарамтлаад байсан учир би хөндийрөөд 2 жил болсон ба сүүлийн 2 жилд би Өгсийг бие муутай юм чинь гээд сэтгэлийг нь бодоод утсаар ярилцдаг байсан. 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өгс миний утас руу залгасан бөгөөд би утсаа аваагүй. Гэтэл “янхан, гичий” гэх мэтээр мессеж бичээд байсан. Би ажлаа тараад 19 цагийн орчим гэртээ орох гээд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Авзага 8а байрны 2 давхарт гараад иртэл Өгс намайг хүлээгээд  орцонд сууж байсан. Тэгээд намайг харангуутаа “чи ямар овоо юм бэ” гээд заамдаад хана руу түлхэж шахаад толгой руу гараараа 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би доошоо суутал намайг орцноос чирч гаргах гээд байхаар нь “аллаа, авраарай” гэтэл 5 номерийн айлаас 2 эмэгтэй хүн гараад ирсэн. Тэгээд намайг орилтол хөлний хоёр талын гуя хэсэг рүү өшиглөөд байсан ба 5 номерийн айлаас гарч ирсэн хоёр эмэгтэй “чи хүн аллаа, цагдаа дуудна” гэхэд “тэрнээс чинь хэн айдаг юм” гэсэн. Тэр үед нь би өндийгөөд хартал миний нүүр рүү Өгс өшиглөсөн. Би нүүрээ дартал намайг хаяаад зугтаад гараад явсан. Би гэртээ ороод цагдаа дуудсан. Тэр үед Өгс над руу залгаад намайг дарамтлаад “хэн ч намайг яаж ч чадахгүй, чамайг ална” гээд дарамтлаад байсан.

Өгс намайг 2013 онд 2-3 удаа миний толгой болон нүүр рүү цохиж, зодож байсан. Энэ талаар би цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Гэрийнхэнээсээ хүртэл нууж байсан. Намайг зодуулж, цохиулж байсныг хүүхдүүд маань харж байсан.

Би 120 000 төгрөгийн томографийн зураг авахуулсан баримт, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Эм тариа авч хэрэглээгүй. Уг мөнгөө нэхэмжлэх хүсэлтэй байна.

Өгс над руу залгахаар нь би утсаа авахгүй байсан чинь янз бүрээр доромжилсон мессеж бичээд болохгүй байхаар нь би түүний эгч рүү нь залгаад “над руу мессеж бичээд байна. Наад дүүгээ болиул” гэж хэлсэн. Түүнээс би хэл амаар доромжилсон зүйлгүй. Ер нь салсан эхнэр, эгчийг нь би танихгүй. Гэхдээ тэр хүмүүс их муухай харьцаатай, бүдүүлэг хүмүүс байдаг. Баримтаар 128 000 төгрөг нэхэмжилсэнийг Өгс миний данс руу шилжүүлсэн учир өөр нэмж нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэжээ. (хэргийн 11-12, 14-17, 63 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Н.Марал мэдүүлэхдээ:

2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ээж “ажлаа тараад гэртээ харьж байна” гэж ярьсан. Тэгээд байж байтал 18-19 цагийн орчим гэрийн хаалгыг хүн аймаар нүдэхээр нь би хаалгаа тайлтал ээж байсан. Тэгээд гэртээ орж ирээд “надад хүйтэн жин аваад ир” гээд “нүүр, хөл рүү цохисон, чанга хашгирсан чинь хоёр давхараас хүмүүс гарч ирээд цагдаа дуудлаа гэхэд Өгс зугтаачихсан” гэж ярьсан. Тухайн үед ээжийн нүүрэнд ил харагдах шарх, гэмтэл нь гайгүй байсан хэдий ч ээж нүүр, хөл рүүгээ цохиулсаны улмаас зовиуртай байгаа нь харагдаж байсан. Би тэр үед “Өгсөөсөө та одоо болтол салаагүй юм уу” гэхэд “харин согтуу, гэрийн орцонд намайг хүлээгээд сууж байсан. Тэгээд таарчихлаа” гэж хэлсэн. Уг нь манай сүүлд түрээслэн амьдарч байгаа байрыг Өгс мэдэхгүй. Яг хэдэн давхарт, хэдэн тоотод амьдардагийг мэдэхгүй учир ээжийг 2 давхарт хүлээж байсан юм шиг байна лээ гэжээ. (хэргийн 27-28 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1285 тоот дүгнэлтэд:

1. Б.Сайхан ы биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэжээ. (хэргийн 20-21 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Н.Өгс ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 83 дугаар хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Н.Өгс нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Авзага 8а байрны орцонд хохирогч Б.Сайхан ыг “утас руу нь залгахад утсаа авсангүй” гэх шалтгаанаар нүүр, гуя хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Сайхан , гэрч Н.Маралын нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1285 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Өгсөд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Сайхан  нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой 128 000 төгрөгийн нотлох баримтыг гаргаж өгсөн, “хохиролд 128 000 төгрөг хүлээн авсан. Н.Өгстэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Цагаан гэртэнгүүд овогт Найдангийн Өгсийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Өгсийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.Өгс нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.Өгс цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Өгсөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН