Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 219

 

 

 

 

 

 

 

   2020         3          06                                       219   

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                             

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбат,

хохирогч: Ч.Сүрэн,

шүүгдэгч: У.Идэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн  Идэрад холбогдох эрүүгийн 1905 0503 10108 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, уурхайн тоног төхөөрөмжийн ашиглалт, засварлалтын инженер мэргэжилтэй, хувийн харуул хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, сард 600 000 төгрөгийн цалинтай, ам бүл 4, эхнэр, 0-2 насны 2 хүүхдийн хамт оршин суух,

2008 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 5 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар,

2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сар, 20 хоногийн баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Идэр.

 

Шүүгдэгч У.Идэр нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Макс” караокены хажууд Ч.Сүрэнгийн нүүрэн тус газар цохих, цээжин тус газар өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь дух, хацар, цээж, шуу, чамархайд зулгаралт, 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-У.Идэр мэдүүлэхдээ:

Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний зүгээс хохирогчид хохирол төлбөр төлсөн зүйл байхгүй бөгөөд барилга дээр ажиллаж байгаад цалингаа авч чадаагүй юм. Хохирогч надаас баримтаар хохирол нэхэмжлээгүй. Шүд суулгуулна гэж хэлж байсан. Хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг боломжоороо төлнө. Эгчээсээ мөнгө зээлнэ гэж хэлсэн. Мөн хөдөө байгаа гурван адуугаа зараад хохирлыг төлнө гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Ч.Сүрэн мэдүүлэхдээ:

Тухайн өдөр Идэр бид хоёр юм ярьж байгаад хоорондоо маргалдсан. Идэрад зодуулсаны улмаас би шүдэндээ гэмтэл авсан. Шүдээ янзлуулах талаар түүнд хэлж байсан. Хоёр шүд суулгах шаардлагатай байгаа. Учир нь нэг шүд унаад нэг шүд хөдөлгөөнд орсон. Шүүгдэгчээс шүд суулгах 4 сая төгрөгийн зардал нэхэмжилж байна. Надад Сонота-6 загварын автомашин өгнө гэж хэлсэн. Гэхдээ тэр машиныг нь би хараагүй. Тэр машин нь үнэхээр байгаа эсэх талаар мэдэхгүй байна гэв.

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 401 тоот дүгнэлтэд:

1. Ч.Сүрэнгийн биед дух, хацар, цээж, шуу, чамархайд зулгаралт, 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. (хэргийн 20-21 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

У.Идэр 2008 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 5 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар,

2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сар, 20 хоногийн баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан гэжээ. (хэргийн 29 дүгээр хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч У.Идэр нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Макс” караокены хажууд Ч.Сүрэнгийн нүүрэн тус газар цохих, цээжин тус газар өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь дух, хацар, цээж, шуу, чамархайд зулгаралт, 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Сүрэнгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 401 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас У.Идэрад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлж имплант шүд хийлгэхэд 4 000 000 төгрөгийг нэхэмжилсэнийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлж байх тул У.Идэраас 4 000 000 төгрөг гаргуулж, хохирогч Ч.Сүрэнд олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Хишиг овогт Улаанхүүгийн Идэрыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч У.Идэрыг 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч У.Идэр 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч У.Идэр нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар У.Идэраас 4 000 000 төгрөг гаргуулж, хохирогч Ч.Сүрэнд олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол У.Идэрад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН