Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 130/ШШ2016/00622

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Б овогт Нийн Рийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 7 дугаар цэцэрлэгийн эрхэлэгчид холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Р, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А, хариуцагч Ө сумын 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Ж, хариуцагчийн өмгөөлөгч К.З, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К.К, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ө сумын 7 дугаар цэцэрлэгт шинээр нэмэгдсэн бүлэгт үндсэн багшаар томилохыг даалгахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Н.Р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус 7 дугаар цэцэрлэгт Монгол улсын Засгийн газрын боловсролын шинэчлэлийг хөгжүүлэх, 2015-2016 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрийг нэвтрүүлэх зорилтын хүрээнд саяхан нэг шинэ анги, бүлгийг төсвийн хамт нэмж өгсөн юм. Аймгийн хэмжээнд энэ хөтөлбөрийн хүрээнд гурван анги, бүлэг цэцэрлэгт нэмж оруулсны 3 нь Ө сумын 7, 9, 10 дугаар цэцэрлэгт орсон юм. Бусад хоёр цэцэрлэг шинээр нээгдсэн анги бүлэгт өөрсдийн ажилтан, багш нараас боловсрол мэргэжил, ур чадвар, зэргийг харгалзаад томилж одоо ажиллуулж эхэлчихсэн юм.

2. Гэтэл тус 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Ж нь хувийн ашиг сонирхлыг урьдал болгон боловсрол, мэргэжил, болон багш ажилчдын ур чадвар, давуу байдлыг харгалзан үзэхгүйгээр бүлгийн үндсэн багшид танил талыг харж томилохоор элдэв чирэгдэл гаргаж шалгаруулалт, ажил боловсрол, мэргэжил, ур чадвараар эхний байранд байгаа намайг томилолгүй миний дэвшин ажиллах, албан тушаалд томилогдох эрхийг зөрчиж байна гэж үзэж эрхээ хамгаалуулах, бүлгийн үндсэн багшаар томилохыг даалгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

3. Тус 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Ж нь миний гаргасан бүлгийн үндсэн багшаар томилж өгөхийг хүссэн өргөдөл, хүсэлтийн хариуг албан ёсоор бичгээр өгөөгүй, чирэгдүүлж байгаагаас гадна Боловсролын газар, аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга /С.Е/, аймгийн Засаг дарга /Х.Д/ нараас өгсөн үндсэн багшаар авч ажиллуулахыг санал болгосон албан бичигт ч хариу тайлбар гаргаагүй нь ажилтан багш ажилчдын эрхийг санаатайгаар зөрчиж байгаа явдал мөн гэж үзэж байна. Үндсэндээ би бүлгийн үндсэн багшаар томилуулахын тулд урьдчилсан арга хэмжээг авсан юм.

Гурав. Миний боловсрол, мэргэжил, давуу байдлын талаар:

1.Казакстан улсын Ахмола хотод багш, сурган хүмүүжүүлэгч, цэцэрлэгийн багш, мэргэжлээр 1995 онд коллеж төгссөн. Дипломын хуулбарыг хавсаргав.

2. Монгол улсын Газарчин дээд сургуулийн багш, сургуулийн өмнөх хүүхдийн /цэцэрлэгийн/ багш мэргэжлийн ангийг 2014 онд Боловсролын судлалын ухааны бакалавр зэргээр сурч төгссөн. /хуулбарыг хавсаргав/.

3. Багшлах эрхийн №********* тоот үнэмлэхийг 2014 онд курсэд сурч шалгалт өгч тэнцэж авсан /Хуулбарыг хавсаргав/.

4. Хүүхдийн хувийн онцлогийг судлах нь сэдэвт сургалтад хамрагдаж ******* дугаарын сертификат авсан /хуулбарыг хавсаргав/.

5. Хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын технологи, арга зүйн сургалтад хамрагдаж, арга зүй эзэмшсэн гэрчилгээ авсан. /хуулбарыг хавсаргав/.

6. Сургуулийн өмнөх боловсролын багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдаж, №************ тоот батламж авсан. /хуулбарыг хавсаргав/.

7. Цэцэрлэгийн багшаар 2010 оноос эхлэн 7 дахь жилдээ энэ мэргэжлээр тасралтгүй ажиллаж байна.

8. Миний боловсрол, мэргэжил, СӨБ-ын чиглэлээр олон жил үр бүтээлтэй ажилласан энэ байдлыг болон ажлын арга туршлага, чадварыг үнэлж, аймгийн Засаг дарга, ЗДТГазрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, мөн Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны СӨБ-ын хэлтсийн дарга /Б.Г/ нараас сургуулийн өмнөх боловсролын хүний нөөцийн асуудлаар зөв сонгож ажилтныг ажиллахыг дэмжих намайг 7 дугаар цэцэрлэгт шинээр нээгдсэн анги, бүлгийн үндсэн багшаар авч ажиллуулахыг тус цэцэрлэгийн эрхлэгч С.Жд албан бичиг явуулсан байдал зэргээр нотлогдож байна.

9. Цэцэрлэгийн багшаар ажилласан ажлын амжилтыг маань үнэлж аймгийн Боловсрол, соёлын газраас 2015 онд Багшийн алдар тэмдгээр шагнагдсан. /Хуулбарыг хавсаргав./

Дөрөв. Нэхэмжлэлийн үндэслэл.

1.Аймгийн Боловсрол, соёлын газар түүний харьяа байгууллагад Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас ирүүлсэн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн №13/3317 тоот албан бичигт: Сургуулийн өмнөх боловсролын талаар төрөөс баримтлан явуулж буй бодлого, чиглэлийн талаар дурдаж, нийт цэцэрлэгийн эрхлэгч нарт нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлоос сэргийлж ажиллах, ажлын байрны ёс зүйг чанд сахих талаар сайд үүрэг болгосныг мэдэгдсэн байна. Энэ нь боловсон хүчнийг зөв сонгон ажиллуулах болон хувийн ашиг сонирхол гаргахгүй байхыг үүрэг болгон анхааруулсан явдал бөгөөд энэ байдал нь Монгол улсын бусад холбогдох хуульд ч гэсэн тодорхой заалт зүйлээр тусгагдсан билээ.

2. Төрийн болон үйлчилгээний алба, ажил нь хэн нэг албан тушаалтны хувийн мэдлийнх бус бөгөөд тэдгээр албан тушаалтан нь эрх мэдлээ ашиг сонирхлын зөрчил, ёс зүйн алдаа гаргаж ардын хүүхдийн хүмүүжил боловсролд саад тээг болох учиргүй юм. Албан тушаал, эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглахыг хуулиар хориглосон гэдгийг 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгч ойлгоосой гэж хүсэж байна.

Иймд Ө сумын 7 дугаар цэцэрлэгт нэмж байгуулагдсан нэг анги бүлэгт Н.Р намайг үндсэн багшаар томилуулахыг тус цэцэрлэгийн эрхлэгчид даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө сумын 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Ө сумын Хүүхдийн 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгч ажилтай С.Ж миний бие нэхэмжлэгч Н.Рийн нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Тус Ө сумын 7 дугаар цэцэрлэг нь Ө сумын 8 дугаар багт байрлА бөгөөд тус сумын 2,3,8 дугаар багуудын айл өрхүүдийн / тойргийн / цэцэрлэгийн насны хүүхдийг Сургуулийн Өмнөх Боловсролд хамруулан ажилладаг. Улсын хэмжээнд СӨБ-ын байгууллагууд нь нэг бүлэгт 20-25 хүүхэд хамруулахаар тогтоосон стандарт мөрддөг боловч тус 7 дугаар цэцэрлэгт баталж өгсөн 4 бүлгийн тус бүрт 30-35 хүүхэд хамрагдаж тогтоосон стандарт,норм норматив нь алдагдаж ачаалА ажиллаж ирсэн юм. Энэ асуудлыг холбогдох газруудад удаа дараа тавьж, "бүлэг" нэмүүлэх асуудлыг хүсэлт болгосноор 2016 оны 03-р сарын 04-ний Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 68 дугаар тогтоол. Аймгийн Засаг даргын 2016 оны 04-р сарын 14-ний өдрийн Б/232 тоот захирамжаар манай цэцэрлэгт нэг бүлэг нэмж ажиллуулах шийдвэр гарсан. Тухайн цэцэрлэгт Аймгийн Засаг даргын 2016 оны 04-р сарын 14-ний өдрийн Б/232 тоот захирамжаар нэг бүлэг нэмж ажиллуулах шийдвэр гарсан хэдий боловч уг бүлгийн төсөв нь 05-р сарын 25-нд батлагдсан болно.Нэгэнт жил бүрийн 06-р сарын 01-нээс тухайн оны "хичээлийн жил11 дуусвар болох учир шинээр нэмэгдсэн бүлгийг нээн ажиллуулах боломжгүй болсон билээ.Манай Ө сумын Хүүхдийн 7 дугаар цэцэрлэгт шинээр төсөв нь батлагдсан нэг бүлэгт орон тооны хувьд үндсэн багш 1, туслах багш 1 тус тус ажиллах юм. Нэгэнт төсөв батлагдсан мөчид "хичээлийн жил" дуусаж байсан учир үндсэн багш болон туслах багшийг томилоогүй болно. Нөхцөл байдал ийм байгаа бөгөөд одоо нэхэмжлэгч Н.Рийн нэхэмжлэлийн өргөдөлтэй холбоотой тайлбарыг түүний нэхэмжлэлд дурдсан дэс дарааллын дагуу гаргахыг зорив:

2. Н.Р нь Ө сумын Хүүхдийн 7 дугаар цэцэрлэгт шинээр нээгдсэн бүлэгт үндсэн багшаар ажиллуулахыг даалгах тухай шийдвэр гаргаж өгөхийг шүүхээс хүссэн байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Учир нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар "хөдөлмөрийн гэрээ", мөн хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар " хөдөлмөрийн гэрээ байгуулах" Сургуулийн Өмнөх Боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т заасны дагуу " ажил олгогч болон ажилтны хооронд" зохицуулагдах харилцаа учраас сул байгаа орон тооны ажилд ажилтан томилуулан ажиллуулах үйл ажиллагаанд шүүхийн байгууллага хөндлөнгөөс оролцох боломжгүй гэж үзэж байна. Мөн Н.Р нь нэхэмжлэлийн өргөдөлд тус цэцэрлэгийн эрхлэгч ажилтай С.Ж намайг элдвээр гүтгэж, ашиг сонирхлын зөрчилтэй, Н.Рийн хөдөлмөрлөх эрхэд саад хийж байгаа мэтээр бичсэн нь миний хувийн болон ажил хэргийн нэр хүндэд халдсан явдал болж байна.

3. Н.Р нь шинээр нээгдсэн бүлэгт үндсэн багшаар томилон ажиллуулж өгөхийг хүсэж Аймгийн Засаг даргаХ.Д, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Е нарт болон надад хандаж өргөдөл ирүүлсэн нь үнэн.Энэ асуудлыг Н.Р шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө шийдвэрлээгүй учир хариу өгөөгүй байгаа юм. Нөгөө талаар Н.Рийн ямар нэгэн эрх ашиг зөрчигдөөгүй болно. Учир нь Н.Р нь 2012 оноос эхлэн Ө сумын Хүүхдийн 7дугаар цэцэрлэгт хувилбарт сургалтын гэр цэцэрлэгийн үндсэн багшаар ажиллаж байгаа болно.Одоо хүртэл түүний орон тоо хэвээр хадгалагдаж байгаа бөгөөд томилогдсон орон тоонд хэвээр ажиллаж байгаа болно.

4. Нэхэмжлэлд Н.Р нь БСШУЯ-наас ирүүлсэн 2016 оны 04-р сарын 22-ны өдрийн 13/3317 тоот албан бичгийг дурдаж бичсэн байх бөгөөд энэ нь Аймгийн боловсролын газрын нэр зааж хаяглан ирсэн байх тул цэцэрлэгийн эрхлэгч миний бие хариу өгөх боломжгүй байна. Миний бие цэцэрлэгийн үйл ажиллагааг хувийн эрх ашигт нийцүүлэн явуулж байгаа явдал байхгүй бөгөөд Н.Рийн бичсэнчлэн "Ардын хүүхдийн хүмүүжил боловсрол"-д саад тээг болсон асуудал байхгүй байна.Харин Н.Р нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үндэслэлтэй бөгөөд хуулийн хүрээнд,асуудлыг тавьж,бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байхыг анхаарах нь зүйтэй. Н.Р нь одоогийн байдлаар гэр цэцэрлэгийн "'үндсэн багш" гэсэн албан тушаалд ажиллаж байгаа учир шинээр нэмэгдсэн бүлэгт "үндсэн багш"-аар томилогдсоноор өөрийн бичсэнчлэн албан тушаал дэвших" боломжгүй байх болно. Эцэст нь тайлбарлахад шинээр нээгдсэн бүлэгт ажиллуулах үндсэн багшийн сул орон тоонд багш томилон ажиллуулахад шүүх хөндлөнгөөс оролцох боломжгүй. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасан "шүүхээр хянан шийдвэрлэх маргаан"-д хамаарахгүй байгаа тул Н.Рийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К.К шүүхэд гаргасан хүсэлтэд: Баян-Өлгий аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Ж Б овогт Кын К миний бие 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Ө сумын 7-р цэцэрлэгийн эрхлэгчийн 14 тоот тушаалаар тус цэцэрлэгт шинээр нэмэгдсэн бүлгийн багшаар томилогдон ажиллаж байгаа билээ. Уг орон тооны ажилд Ө сумын 7-р цэцэрлэгийн дэргэдэх гэр цэцэрлэгийн үндсэн багшаар ажиллаж байгаа Р нь шүүхийн журмаар томилохыг даалгах шийдвэр гаргуулахаар Иргэний хэргийн шүүхэд гомдол гаргаж, шүүхээс иргэний хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Рийн гомдолтой, Ө сумын 7-р цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхэд Ө сумын 7-р цэцэрлэгт шинээр нэмэгдсэн бүлгийн багшаар ажиллаж буй К.К миний хууль ёсны эрх, ашиг хөдөлмөрлөх ашиг сонирхол хаагдаж болзошгүй учир тухайн хэрэгт К.К намайг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахыг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Н.Р шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: 2016 оны 04 дүгээр сарын 14-нйи өдөр аймгийн Засаг даргын захирамжаар Ө сумын Хүүхдийн 7, 9, 10 дугаар цэцэрлэгт тус бүр нэг бүлэг нэмж ажиллуулсан. Ө сумын Хүүхдийн 9,10 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нар аймгийн Засаг даргын захирамжийн дагуу үндсэн болон туслах багшийг ажилд авч үйл ажиллагаагаа 2016 оны 04 дүгээр сараас эхлэн хэвийн явуулж эхэлсэн. Ганцхан Ө сумын Хүүхдийн 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Ж нэмж байгуулсан бүлгийг янз бүрийн шалтгаан хэлж, санаатайгаар хасаж ард түмний хүүхдийг хохироож, төрийн үйл ажиллагааг зогсоосон гэж үзэж байна. Энэ нэмсэн бүлэг нь зүгээр ирээгүй 10-аад багш нар 2016 оны 02 дугаар сард 300-400 хүнийг дагуулж аймгийн Засаг даргад шаардлага гаргасны үндсэн дээр бүлэг нэмүүлж авсан. Аймгийн Засаг дарга намайг Ө сумын Хүүхдийн 7 дугаар цэцэрлэгт үндсэн багшаар ажиллуулах талаар захирамж гаргасан. Гэтэл тус цэцэрлэгийн эрхлэгч С.Ж албан тушаалаа ашиглаж намайг галзуу, тэнэг хүүхэн, монгол хэлээр ярьж, бичиж чадахгүй гээд доромжилсон. Мөн захирамж гаргасан аймгийн Засаг дарга Х.Д, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Е нарыг доромжилж салавч гаргаж, чи эдгээр хүмүүст хэдэн төгрөг өгсөн бэ, гаргасан захирамжийг урж хаяна гээд намайг доромжилсон. Намайг болон тэдгээр хүмүүсийг доромжилж хэлсэн үгийг бичлэгт бичиж авсан бөгөөд СД бичлэгт байгаа. Миний бодлоор аймгийн Засаг дарга Х.Д болон Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Е нарт салаавч гаргаж байгаа биш төр засгийг хүндлэхгүй байна гэж үзэж байна. Ийм ёс суртахуунгүй хүн яаж эрхлэгч хийж байгаад харамсаж байна. Би тухайн үед арга ядаад Улсын Их Хурлын гишүүн А.Б, Боловсролын сайд С.Г нар хандаж хүсэлт гаргасан. Тэдгээр хүмүүсээс намайг ажилд авах талаар хариу ирсэн. Түүнчлэн шинэ Засаг дарга А.Гд болсон явдлыг тайлбарлаж өргөдөл гаргахад цэцэрлэгийн эрхлэгч С.Жд Н.Рийг ажилд авч хариу өгнө үү гэсэн захирамж гаргасан. Гэтэл хариуцагч С.Ж шинэ засаг дарга намайг мэдэх болоогүй гээд мөн адил доромжилсон. 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр аймгийн Засаг даргаас байгууллагын дарга, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт хандаж ямар нэгэн томилгоо хийж болохгүй гээд захирамж гаргасан. Гэтэл эрхлэгч С.Ж засаг төрийг үл тоож, хуулийг үл хүндэтгэж өөрийн албан тушаалаа ашиглаж 5 хүнийг шинээр ажилд авч, ноцтой зөрчил гаргасан. 1. Нэг биш хоёр засаг даргын захирамжийг үл тоож, намайг ямар шалтгаанаар ажилд аваагүй вэ, 2. Шалгалт авна гээд миний сэтгэл зүйгээр тоглосон, ямар ч шалгалт аваагүй. 3. Хоёр жилийн өмнө эрхлэгч С.Ж Төрийн албаны шалгалтаар тэнцээгүй байж намын бодлогоор ажилд орсон. Гэтэл тэрийг өнөөдөр мартсан сууж байна. 4. Эрхлэгч С.Ж хувийн ашиг сонирхолтой гэж үзэж байна. Аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 13-ний өдрийн томилгоо хийж болохгүй гэсэн захирамжийг үл тоож 5 хүнийг ажилд авсан. Ө сумын Хүүхдийн 7 дугаар цэцэрлэгт ажиллаж байгаа хүмүүсээс авсан гэж тайлбар бичсэн боловч энэ нь худлаа. Туслах тогооч Ж, аяга угаагч Г нарыг гаднаас авсан. Өнгөрсөн зун цэцэрлэгийн 3 сарын махыг би өөрөө хадгалж, мөнгийг нь гаргуулж авсан. Эрхлэгч С.Ж нь 09 дүгээр сард 550000 төгрөгийг хүнсний мөнгө гэж миний данснаас гаргуулж авсан. Үүнээс гадна 7 зөрчлийг Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Х.Х шалгаж байна. Аймгийн хэмжээд бүх цэцэрлэгт ажиллаж байгаа багш, тогооч нар ногдох амралтын мөнгийг 09 дүгээр сард гаргаж өгсөн. Ганцхан Ө сумын Хүүхдийн 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Ж уг мөнгийг одоо хүртэл гаргаж өгөөгүй. Намайг ажилд авах талаар аймгийн Засаг даргаас чиглэл өгсөн захирамж гаргасан байхад намайг ажилд авахгүйгээр туслах багш К.Кг ажилд авсан байна. К.К бид хоёр нь хамаатан хүмүүс. Хэрэв К.К нь ажилгүй, аймгийн Засаг даргын захирамжаар ажилд орсон бол би булаацалдахгүй байсан. 2010 онд К.К манайд ирээд Казахстан улсаас төгссөн дипломоо өгөөч би бакалаврт суралцах гэсэн юм гээд асууж байсан. Тэгэхэд би өгөөгүй бөгөөд К.К ямар ч сургууль төгсөөгүй мөртлөө хуурамч бичиг баримт бүрдүүлэн Х Их сургуулийн бакалаврын зэрэг авсан байна. Үүнийг би хүчингүй гэж үзээд аймгийн Прокурорын газарт хүсэлт гаргасан бөгөөд одоо хүртэл шалгаж байгаа. Гэтэл эрхлэгч С.Ж нь 2016 оны 08 дугаар сард хамт олны хурлын шийдвэрийг үндэслэж ажилд авсан гэж байгаа нь жүжиглэж байгаа хэрэг. Яагаад гэвэл 2016 оны 05 дугаар сард туслах багш К.Кг уг бүлгийн үндсэн багшаар авна гэж хэлж байсан бөгөөд тухайн үед би аймгийн Мэргэжлийн хяналтын газарт К.К бид хоёрын хэн нь давуул эрхтэй болох талаар хүсэлт гаргахад Н.Р давуу эрхтэй байна гэж дүгнэлт гаргасан. 2012 оны бакалавр элсүүлэх журманд зөвхөн тусгай дунд, дээд боловсролтой хүмүүс нэг юм уу хоёр жилийн дотор бакалавр зэрэгтэй төгсөх боломжтой юм байна. 2012 онд Газарчин дээд сургууль элсэлт авсан бөгөөд тухайн үед 45 хоногийн сургалтад хамрагдсан туслах багш нар бүртгүүлсэн байсан. Гэтэл аймгийн Боловсролын газрын дарга И ирээд та нар болохгүй журам зөрчиж байна гэж хэлсэн. Үүнийг С.Ж эрхлэгч сайн мэдэж байгаа. Эрхлэгч С.Ж бид хоёр 2 жил хамт суралцаж бакалаврын зэрэг төгссөн. К.К олон жил туслах багш хийсэн гэж байна. Энэ хугацаанд цэцэрлэгийн багшаар суралцаж төгсөн боломжтой байсан. Гэтэл К.К нь амархан замаар хуурамч диплом гаргуулж, миний нэмүүлсэн бүлэгт эрхлэгч С.Жтай гуйвалдаж амархан замаар багш болсон байна. Баян-Өлгий аймгийн Ө сумын Хүүхдийн 7 дугаар цэцэрлэгт нэмж байгуулсан анги бүлэгт үндсэн багшийн ажилд томилж өгөхийг даалгах тухай шийдвэр гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ө сумын 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Ж шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Ө сумын Хүүхдийн 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгч ажилтай С.Ж миний бие нэхэмжлэгч Н.Рийн нэхэмжлэлтэй танилцаад Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тайлбараа бүрэн гаргасан. Тус Ө сумын 7 дугаар цэцэрлэг нь Ө сумын 8 дугаар багт байрлА бөгөөд тус сумын 2, 3, 8 дугаар багуудын айл өрхүүдийн /тойргийн/ цэцэрлэгийн насны хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулан ажилладаг. Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд нь нэг бүлэгт 20-25 хүүхэд хамруулахаар тогтоосон стандарт мөрддөг боловч, тус 7 дугаар цэцэрлэгт баталж өгсөн 4 бүлгийн тус бүрт 30-35 хүүхэд хамрагдаж, тогтоосон стандарт, норм норматив нь алдагдаж ачаалА ажиллаж ирсэн. Энэ асуудлыг 2 жил холбогдох газруудад удаа дараа тавьж, бүлэг нэмүүлэх асуудлыг хүсэлт болгосноор 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 68 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/232 тоот захирамжаар манай цэцэрлэгт нэг бүлэг нэмж ажиллуулах шийдвэр гарсан. Тухайн цэцэрлэгт аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/232 тоот захирамжаар нэг бүлэг нэмж ажиллуулах шийдвэр гарсан хэдий боловч уг бүлгийн төсөв нь 05 дугаар сарын 25-нд батлагдсан. Нэгэнт жил бүрийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс тухайн оны хичээлийн жил дуусгавар болох учир шинээр нэмэгдсэн бүлгийг нээн ажиллуулах боломжгүй болсон. Ө сумын Хүүхдийн 7 дугаар цэцэрлэгт шинээр төсөв нь батлагдсан нэг бүлэгт орон тооны хувьд үндсэн багш 1, туслах багш 1 тус тус ажиллах юм. Нэгэнт төсөв батлагдсан мөчид хичээлийн жил дуусаж байсан учир үндсэн багш болон туслах багшийг томилоогүй болно. Н.Р нь Ө сумын Хүүхдийн 7 дугаар цэцэрлэгт шинээр нээгдсэн бүлэгт үндсэн багшаар ажиллуулахыг даалгах тухай шийдвэр гаргаж өгөхийг шүүхээс хүссэн байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Учир нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээ, мөн хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулах, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т заасны дагуу ажил олгогч болон ажилтны хооронд зохицуулагдах харилцаа учраас сул байгаа орон тоонд ажилтан томилуулан ажиллуулах үйл ажиллагаанд шүүхийн байгууллага хөндлөнгөөс оролцох боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Н.Р нь нэхэмжлэгчийн өргөдөлд тус цэцэрлэгийн эрхлэгч ажилтай С.Ж намайг элдвээр гүтгэж, ашиг сонирхлын зөрчилтэй, Н.Рагзүлийн хөдөлмөрлөх эрхэд саад хийж байгаа мэтээр бичсэн нь миний хувийн болон ажил хэргийн нэр хүндэд халдсан явдал болж байна. Н.Р нь шинээр нээгдсэн бүлэгт үндсэн багшаар томилон ажиллуулж өгөхийг хүсэж аймгийн Засаг дарга Х.Д, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Е нарт болон надад хандаж өргөдөл ирүүлсэн нь үнэн. Энэ асуудлыг Н.Р шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө шийдвэрлээгүй учир хариу өгөөгүй байгаа юм. Нөгөө талаар Н.Рийн ямар нэгэн эрх ашиг зөрчигдөөгүй болно. Учир нь Н.Р 2012 оноос эхлэн Ө сумын Хүүхдийн 7 дугаар цэцэрлэгт хувилбарт сургалтын гэр цэцэрлэгийн үндсэн багшаар ажиллаж байгаа болно. Одоо хүртэл түүний орон тоо хэвээр хадгалагдаж байгаа бөгөөд томилогдсон орон тоонд хэвээр ажиллаж байгаа болно. Нэхэмжлэлд Н.Р нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас ирүүлсэн 2016 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн 13/3317 тоот албан бичгийг дурдаж бичсэн байх бөгөөд энэ нь аймгийн Боловсролын газрын нэр зааж хаяглан ирсэн байх тул цэцэрлэгийн эрхлэгч миний бие хариу өгөх боломжгүй. Миний бие цэцэрлэгийн үйл ажиллагааг хувийн эрх ашигт нийцүүлэн явуулж байгаа явдал байхгүй бөгөөд Н.Рийн бичсэнчлэн Ардын хүүхдийн хүмүүжил боловсрол-д саад болсон асуудал байхгүй байна. Харин Н.Р нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үндэслэлтэй бөгөөд хуулийн хүрээнд асуудлыг тавьж, бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байхыг анхаарах нь зүйтэй. Нөгөө талаар Н.Р багшийн багшлах эрхийн хүчинтэй хугацаа 2016 оны 06 дугаар сарын 30-ний өдөр дууссан. Тийм учраас багшлах эрхийн хугацаагаа цаашид сунгуулаагүй тохиолдолд хувилбарт гэр цэцэрлэгт ч ажиллах шалгуур болзлыг хангахгүй гэж үзэж байна. Н.Р шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Ө сумын Хүүхдийн 7 дугаар цэцэрлэгт нэмэгдсэн бүлэгт шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан багш авч ажиллуулах шаардлагатай болсон. Уг орон тоонд ажиллахаар өргөдөл өгсөн хүмүүсийн өргөдлийг хамт олны хурлаар авч хэлэлцсэн бөгөөд Н.Рийн өргөдлийг ч мөн адил хамт олны хурлаар авч хэлэлцсэн. Хамт олны хурлаар олонхын санал авсан тус цэцэрлэгт 1988 оноос туслах багшаар тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа К.Кг үндсэн багшаар ажиллах саналыг хамт олноос гаргасан. Энэхүү саналыг харгалзаж туслах багшаар ажиллаж байсан К.Кг дэвшүүлж үндсэн багшаар томилон ажиллуулсан. К.Ктай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, диплом зэрэг бүх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. К.К нь тус цэцэрлэгт ажиллаж байх хугацаанд Х их сургуулийн Баян-Өлгий салбарын сургуулийн өмнөх боловсролын хүүхдийн багш мэргэжлээр бакалаврын зэргээр суралцаж төгссөн. 2016-2017 оны хичээлийн жилд багшаар ажиллах багшийн эрхийн үнэмлэхээ авсан бөгөөд үүнийг бас хавсаргаж өгсөн. К.К нь тус цэцэрлэгийн үндсэн багшаар ажиллах хүсэлтээ цэцэрлэгийн захиргаанд удаа дараа гаргаж байсан. Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, мөн тус цэцэрлэгийн дотоод дүрэм, журмын дагуу томилгоо хийсэн. Эцэст нь тайлбарлахад шинээр нээгдсэн бүлэгт ажиллуулах үндсэн багшийн сул орон тоонд багш томилон ажиллуулахад шүүх хөндлөнгөөс оролцох боломжгүй. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байгаа тул Н.Рийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К.К шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н.Рийн Ө сумын Хүүхдийн 7 дугаар цэцэрлэгт шинээр нээгдсэн бүлгийн үндсэн багшаар томилохыг даалгах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийг авч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувьд дараах тайлбарыг гаргаж байна. Ө сумын Хүүхдийн 7 дугаар цэцэрлэгт бүлэг нэмж ажиллуулах талаар шийдвэр гаргасан боловч төсөв мөнгө нь төсөв мөнгөний асуудал 2016 оны 05 дугаар сард шийдэгдсэн. Уг шинээр нэмэгдсэн бүлэгт үндсэн багшаар томилогдон ажиллахыг хүсэж олон хүн өргөдөл өгсөн боловч тухайн жил хичээлийн жил дуусаж байгаатай холбоотой тус бүлэгт үндсэн болон туслах багш томилох ажил хойшлогдсон байсан. 2016 оны 08 дугаар сарын сүүлээр шинэ хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулж тус бүлэгт үндсэн болон туслах багш авах асуудлыг хамт олны хурлаар авч хэлэлцэхэд шинээр нэмэгдсэн бүлэгт үндсэн багшаар намайг авч ажиллахыг хамт олон санал болгосон тул К.К миний бие тус бүлэгт үндсэн багшаар томилогдсон. Н.Р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ мэргэжил, ур чадвар, давуу байдлыг харгалзан үзээгүй байна гэсэн байна. Миний бие тус 7 дугаар цэцэрлэгт 1988 оноос эхлэн туслах багшаар одоо хүртэл ажиллаж байгаа. Дадлага, ур чадвар, туршлагын хувьд нэхэмжлэгч Н.Рээс өөрийгөө илүү гэж дүгнэдэг бөгөөд тайлбартаа нийгмийн даатгалын дэвтрээ хавсаргасан. Миний бие туслах багшаар ажиллаж байх хугацаанд Х их сургуулийн харьяа Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулиас сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд цэцэрлэгийн багшийн дээд боловсролтой хүн байгаа. Удаа дараа мэргэжил, боловсрол дээшлүүлж байсан бөгөөд энэ талаарх гэрчилгээ, диплом зэргийг тайлбартаа хавсаргаж өгсөн. Н.Р нь цэцэрлэгийн эрхлэгч С.Ж нь мэргэжил, чадвар, давуу байдлыг харгалзаж үзэлгүй, танил талыг харж томилгоо хийсэн, мэргэжил, туршлага, шалгуур зэргээр эхний байранд байсан намайг томилж ажиллуулаагүй гэж гомдол гаргасан байна. Н.Р нь хэнээс ямар шалгуур, боловсрол, мэргэжлийн хувьд илүү болж, бид бүхнээс тасархай гарсныг нотлох баримтаар нотлох хэрэгтэй байна. Н.Р нь ажлын туршлага мэдлэг, боловсролын хувьд надаас илүү болох нь түүний төгссөн сургууль, ажилласан жил, мэргэжил дээшлүүлсэн байдал зэргээс тодорхой харагдаж байна. Шинээр нэмэгдсэн бүлэгт туслах багшаар ажиллаж байсан намайг дэвшүүлж үндсэн багшаар томилохдоо тус цэцэрлэгийн эрхлэгч С.Ж нь хамт олны санал, миний төгссөн сургууль, боловсрол, багшлах эрх олгох асуудлыг шийдвэрлэсэн байдал зэргийг харгалзан авсан нь зүйд нийцсэн байна. Тухайн орон тоонд ажиллахыг хүссэн бүх хүмүүсийн өргөдлийг хамт олны хурлаар авч хэлэлцсэн бөгөөд хурлын тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан байгаа. Н.Р нь Ө сумын Хүүхдийн 7 дугаар цэцэрлэгийн дэргэдэх хувилбарт цэцэрлэгийн гэр цэцэрлэгийн үндсэн багш болох нь нотлогдож байгаа тул түүний ямар нэгэн эрх ашиг нь зөрчигдөөгүй байна. Шинээр нэмэгдсэн орон тоонд ажилтан авч ажиллуулах нь шүүхээс шийдвэрлэх маргаан биш болох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар батлагдаж байгаа тул нэхэмжлэгч Н.Рийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж, дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н.Р нь Ө сумын 7 дугаар цэцэрлэгт шинээр нэмэгдсэн бүлэгт үндсэн багшаар томилохыг даалгахыг хүсжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Н.Р нь Баян-Өлгий аймгийн Ө сумын 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 04 дугаартай тушаалаар гэр цэцэрлэгийн багшаар томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа юм байна.

Нэхэмжлэгч Н.Рийн Ө сумын 7 дугаар цэцэрлэгт шинээр нэмэгдсэн бүлэгт үндсэн багшаар томилохыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч Н.Р нь Ө сумын 7 дугаар цэцэрлэгийн гэр цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллаж байгаа, түүнийг ажлаас халсан буюу ажлаас чөлөөлсөн ямар нэгэн эрхийн акт гараагүй, ажлаас халаагүй, орон тоо нь хасагдаагүй байх тул шинээр нэмэгдсэн бүлэгт үндсэн багшаар томилон ажиллуулахыг хүссэн нь хуулинд нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч Н.Р нь Ө сумын 7 дугаар цэцэрлэгт шинээр нэмэгдсэн бүлгийн үндсэн багшаар би томилогдон ажиллах ёстой гэж маргаж байгаа боловч энэ нь бодит байдалд нийцэхгүй байна. Учир нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т Цэцэрлэгийн эрхлэгч нь багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрхтэй гэж хуульчилжээ. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд багш ажилтныг сонгон авч ажиллуулах нь ажил олгогч буюу цэцэрлэгийн эрхлэгчийн бүрэн эрхийн асуудал бөгөөд түүнд шүүх хөндлөнгөөс оролцож ажилд авахыг даалгах эрх зүйн үндэслэл байхгүй болно.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дий 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1-01/813 дугаартай албан бичигт, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн Хөгжлийн хэлтсийн дарга С.Егийн 2016 оны 05 сарын 27-ний өдрийн 6-03/1163 дугаартай албан бичигт, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мийн 2016 оны 05 сарын 24-ний өдрийн 3/257 дугаартай албан бичгүүдэд Ө сумын 7 дугаар цэцэрлэгт шинээр нэмэгдсэн бүлэгт Н.Рийг үндсэн багшаар ажиллуулахыг санал болгож зөвлөсөн байна.

Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гы 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1-01/1638 дугаартай ... Н.Рийг даруй ажилд авч бидэнд хариу мэдэгдэнэ үү гэх албан бичиг, Санхүүгийн Хяналт, Аудитын албаны дарга Х.Хы 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаартай Ө сумын 7-р цэцэрлэгийн эрхлэгч С.Жы талаар ирсэн өргөдлийг үндэслэн, санхүүгийн зөрчил дутагдлыг шалгаж байгаа болно гэх албан бичгүүд нь Ө сумын 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаартай Кын Кг ажилд томилох тухай тушаал гарсны дараа уламжилсан албан бичиг бөгөөд санхүүгийн зөрчил дутагдлыг шалгаж байгаа асуудал нь энэ хэрэгт хамааралгүй байна.

Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны Сургуулийн өмнөх бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулгын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 13/3317 дугаартай Сургуулийн өмнөх боловсролын хүний нөөцийн талаар Баян-Өлгий аймгийн Боловсрол, Соёлын газрын дарга К.Ид хүргүүлсэн албан бичигт ...Ө сумын 5 дугаар багийн иргэн Н.Р, Ж.А нарын хүсэлтийг судлан шийдвэрлэхийг хүсье, ...анхаарч ажиллахыг үүрэг болгосныг үүгээр мэдэгдэж байна гэжээ. Уг албан бичиг нь нэхэмжлэгч Н.Рийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотлох баримт байна гэж үзлээ.

Хариуцагч Ө сумын 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн хуулинд заасан эрх үүргийнхээ дагуу К.Кг ажилд томилсон 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаартай Кын Кг ажилд томилох тухай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан тушаал байна гэж үзлээ. Уг тушаал гарах үед нэхэмжлэгч Н.Рийн багшлах эрхийн үнэмлэхийн хугацаа дуусан болох нь шүүх хуралдааны шатанд өгсөн зохигч нарын тайлбар болон нэхэмжлэгч Н.Рийн шүүх хуралдааны шатанд гаргаж өгсөн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн аймгийн Боловсрол, Соёл урлагийн газрын дарга Х.Згийн тодорхойлолтоор нотлогддог ба мөн Н.Р нь Ө сумын 7 дугаар цэцэрлэгийн гэр цэцэрлэгт бүлгийн багшаар ажилладаг болох нь давхар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Н.Р нь багш К.К нь хуурамч диплом ашигласан, үүнийг хуулийн байгууллага шалгаж байгаа гэх боловч энэ үндэслэлээр уг хэргийг түдгэлзүүлэх үндэслэлд хамаарахгүй тул энэ хүсэлтийг хүлээн авах боломжгүй. Учир нь хуулийн байгууллага нь энэ асуудлыг шалгаж, Н.Рийн гаргасан гомдолд хуулийн хугацаанд хариу мэдэгдэх үүрэгтэй ба уг асуудал нь энэ хэрэгт ач холбогдолгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн СД диск нь хуулинд заасан нотолгооны шаардлага хангаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзлээ.

Иймд Н.Рийн Ө сумын 7 дугаар цэцэрлэгийн шинээр нэмэгдсэн бүлэгт үндсэн багшаар томилохыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т зааснаар нэхэмжлэгч Н.Рийн Ө сумын 7 дугаар цэцэрлэгт нэмэгдсэн бүлэгт үндсэн багшаар томилохыг даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Р нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН