| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2016/0568/И |
| Дугаар | 130/ШШ2016/00623 |
| Огноо | 2016-10-18 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 130/ШШ2016/00623
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, Х овогт Жийн Аийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 16 дугаар цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгчид А.С, С.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ө сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаартай Хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус цэцэрлэгийн гэрээт үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.
Нэхэмжлэгч Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.А миний бие тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн "Ажилд томилох тухай" 11 дугаартай тушаалаар "цэцэрлэгийн гэрээт үйлчлэгч"-ийн ажилд томилогдсон бөгөөд ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргээ зохих журмын дагуу чанд гүйцэтгэж ирсэн билээ. Гэтэл эрхлэгч Б.Б нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн тул эрхлэгчийн 37 дугаар тушаалыг эс зөвшөөрч хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохоор энэхүү гомдлыг иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна. Ө сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн "Хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцлах тухай" 37 дугаартай тушаалыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. үүнд:
7. "Хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцлах тухай" 37 дугаартай тушаалдаа Хөдөлмөрийн хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй байх тул уг тушаал нь "Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино" гэх хуулийн шаардлагыг хангаагүй.
8. Намайг анх ажилд томилохдоо 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ /2016.03.01-2016.06.01/ байгуулсан ба уг гэрээг цуцлах тушаалыг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гаргасан байна. Харин хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах үед аль нэг тал гэрээ цуцлах санал гаргаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт "Хөдөлмөрийн хугацаатайгэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно" гэж заасны дагуу надтай байгуулсан, хөдөлмөрийн гэрээний хугацаа анх заасан хугацаагаар буюу 3 сарын хугацаагаар дахин сонгогдсон мөртлөө эрхлэгч 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн мөн оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гэрээг цуцалсан мэт болгож нөхөн гаргасан 37 тоот тушаал нь хуулийн дээрх заалтад нийцээгүй байна. 9. Ж.А би бага насны хүүхэдтэй байсан боловч тус цэцэрлэгийн эрхлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг ноцтой зөрчиж намайг ажлаас халсан байна. Иймд Ө сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн "Хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцлах тухай" 37 дугаартай тушаал нь хуульд нийцээгүй бөгөөд ажилтан Ж.А миний хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар хязгаарласан байх тул уг тушаалыг хүчингүй болгож намайг тус цэцэрлэгийн гэрээт үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч Ө сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд Ж.Аийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Тус хүүхдийн 16-р цэцэрлэг нь 2016 оны 2 дугаар сард байгуулагдан би эрхлэгчээр нь томилогдсон бөгөөд аймгийн Засаг дарга болон бусад холбогдох хэлтсүүдээс хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулан ажиллуулахыг үүрэг болгож хэдэн хүн өгсний нэг нь Ж.А юм. Би Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг үндэслэн 2016.03.01-ний өдрөөс 2016.06.01-ний өдөр хүртэл хөдөлмөрийн хугацаатай гэрээ хийж үйлчлэгчээр авч ажиллуулсан бөгөөд 06 дугаар сарын 01-ний өдөр хүүхдүүдийг тарааж, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсохтой зэрэгцэн Ж.Аийн гэрээний хугацаа ч дуссан. Тэрээр мөн өдрөөс эхлэн ажилдаа ирээгүй бөгөөд ирэх шаардлага ч байгаагүй. 7-р сард түүний авах ёстой үр дүнгийн урамшууллын мөнгийг өгсөн. Нэгэнт хөдөлмөрийн хугацаатай гэрээ нь 2016.06.01-ний өдөр дуусгавар болсон тул би түүнийг ажлаас чөлөөлөх тушаалыг нь гаргахад яараагүй. Харин чөлөөлөх тушаалдаа гэрээний хугацаа дуссан өдрөөс бус 7-р сарын 01-ний өдрөөс тасалбар болгон чөлөөлснийг дурдсан байна. Өөрөөр хэлбэл гэрээнд заасан хугацаа дуссан өдрөөс хойш Ж.А нь ажил үүрэг гүйцэтгээгүй болно. Би Ж.Аийн авах ёстой урамшууллын мөнгө 7-р сард ирж, 7-р сарын цалингийн цэсээр гарсан. Уг тушаалд 07-р сарын 01-ний өдрөөс чөлөөлсөн гэж дурьдсан нь техникийн алдаа болсон байна. Иймд Ж.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Нэхэмжлэгч Ж.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие Жийн А, Ө сумын 9 дүгээр багт нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2010 онд математик мэдээлэл зүйн багш мэргэжлээр сургууль төгссөн. Сургуулиа төгсөөд олон газар өргөдөл өгөөд ажилд орж чадаагүй. 2015 онд цэцэрлэгийн туслах багшийн курс төгссөн. Ажил голохгүй ямар ажил байсан ч хийнэ гэж олон газарт өргөдөл өгсөн. 2016 онд шинээр баригдсан 4 цэцэрлэгийн нэг болох 16 дугаар цэцэрлэгт үйлчлэгчээр ажилд орсон бөгөөд тухайн үед ажилд орсондоо маш их баярласан. Учир нь төрүүлсэн хүүхдүүдээ тэжээн тэтгэх нь эцэг эхийн үүрэг. Нөхөр маань ажилгүй бөгөөд гэртээ би ганцаараа хөдөлмөр эрхэлдэг. 2016 оны 03 дугаар сард ажилд орсон, ажилд ороод ямар нэгэн зөрчил гараагүй. Сарын цалин 225000 төгрөг бөгөөд анхны цалингаа аваагүй. Анхны цалингаараа ажилтнууд тус цэцэрлэгт хивс, хогийн сав зэрэг хэрэгцээний зүйл авсан, дотоод засал чимэглэл хийсэн мөн цонхны хөшгийг өөрсдийн гар урлалаар чимэглэж тохижуулсан. Үйлчлэгчээр ажиллаж байх хугацаанд 3 сар тус цэцэрлэгийн 2 бүлэгт давхар дуу хөгжмийн хичээл зааж байсан. Яамаха хөгжим тоглоод дуу хөгжмийн хичээл зааж байсан боловч үүнд ямар нэгэн цалин хөлс нэхээгүй. Учир нь өөрөө хүүхэдтэй эх хүн учраас хүүхдүүдийн авьяасыг нээх ажилд чадах чинээгээрээ ажилласан. Ажилд орохдоо байнгын ажлын байранд ажилд орсон гэж бодож явсан. Эрхлэгч бид нарыг 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хараагүй гэж хэлсэн байна, энэ бол худлаа бид нар 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл гадаа хашаа будаж гадны ажил хийсэн. Байгууллагын эрэгтэйчүүд нь агуулах барьсан бөгөөд эмэгтэйчүүд нь сэтгэл гаргаж хүрз барьж цэцгийн мандал хийсэн. 30 ширхэг модыг 3, 3-аар нь хувааж авч өөрсдөө тарьсан. Газар ухахад гарсан шороог шуудайёд хийж өөрсдөө гаргасан.Тэгж хүнд, хортой ажил хийсний улмаас 2 сартай жирэмсэн байсан бөгөөд зулбасан. Гэхдээ үүнд ямар нэгэн гомдол гаргаагүй. Анх ажилд ороход уг цэцэрлэг нь хоосон байшин байсан, ажилчдын хамтран гар нийлж ажилласны үр дүнд босгосон.Надад чиний авъяасыг үнэлж байна, 09 дүгээр сараас эхлээд туслах багшаар дэвшүүлж ажиллуулна гэж хэлж байсан. Бид нар 06 дугаар сард амралтаа аваад явсан байсан. Би хотод хадам ээжийгээ сахиж байсан бөгөөд 08 дугаар сарын 17-ний өдөр утсаар ажил юу болж байна, би хадам ээжийгээ сахиад хотод байна гэж холбоо барихад та нар ажлаас гарсан шүү гэж хэлсэн. Яагаад ажлаас гарсан бэ гэж асуухад 9 дүгээр сард эргээд орж ирж магадгүй хэл ам гаргахгүй байж байгаарай гэж хэлсэн. 9 дүгээр сард ирээд очоод биечлэн очиж уулзахад төсөв хүрэлцэхгүй, цалин хөлс байхгүй тул та нарыг ажлаас чөлөөлсөн гэж хэлсэн. Анх ажилд ороход гэрээ өгөөгүй. Бид нар дуугүй яваад байсан, зарим нэг хүмүүс гэрээгээ авъя гээд нэхэж байсан боловч ямар ч гэрээ өгөөгүй. Тэгж явж байгаад ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдсөний удаа дараа очиж ажилд авахыг хүссэн боловч нааштай хариу өгөөгүй. Дээшээ бас олон өргөдөл гаргасан боловч мөн адил нааштай хариу өгөөгүй. Тийм учраас шүүхэд хандсан. Түүнчлэн миний хоёр хүүхэд Ө сумын Хүүхдийн 16 дугаар цэцэрлэгт байсан, намайг шүүхэд нэхэмжлэл өгсний дараа хоёр хүүхдийг маань цэцэрлэгээс гаргасан. Багш нартай нь очиж уулзахад бид нар мэдэхгүй, эрхлэгчтэй очиж уулз гэж хэлсэн. Эрхлэгчтэйочоод учир байдлыг асуухад бид нар 60 хүүхэдтэй ачаалалтай ажиллаж байгаа тул сүүлд орсон 10 хүүхдийг гаргахаар болсон гэж хэлсэн. Тэгэхэд би нэг хүүхэд маань анх цэцэрлэг нээгдэх үед буюу 3 дугаар сард орсон шүү дээ, сүүлд орсон хүүхэд маань бэлтгэл ангид 6 хүүхэд ороход тухайн үед гуйж байгаад компьютерт шивүүлээд нэг хүүхдээ оруулж байсан, нэр нь байгаа шүү дээ гэж хэлсэн. Ажлаас халагдсан Он А гэх хүний хүүхдийг бас цэцэрлэгээс гаргасан бөгөөд тэр хүний хүүхэд нь сүүлд орсон 10 хүүхдийн тоонд орсон байсан тул ямар нэгэн маргаан үүсгээгүй. Ажлаас орсон, гарсан тушаал, хөдөлмөрийн гэрээ зэргийг асууж байсан боловч байхгүй гээд өгөхгүй байгаад 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр бид нарыг дуудаж өгсөн. Баян-Өлгий аймгийн Ө сумын Хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Ө сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Ж.Аийн нэхэмжлэлтэй холбогдуулан хариуцагчийн зүгээс дараах тайлбарыг хэлье. Хариуцагчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн нолтлох баримтууд, надад үзүүлсэн, ойлгуулсан, надад шилжүүлж өгсөн нотлох баримтын хүрээнд тайлбараа хэлье. 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж ажлаас гарсан 4 хүнийг авч ажиллуулсан байна, энэ 4 хүний 2-ыг нь шүүхээс ажилд нь эгүүлэн тогтоосон байна. Өнөөдөр Ж.А, Х.А нарын хэргийг авч хэлэлцэх гэж байна. Энэ хүмүүс бүгдээрээ адилхан бөгөөд 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж уг хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссанаар дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн, ийм л явцтай байгаа. Тэгэхдээ 06 дугаар сарын 01-ний өдөр гэдгийг 07 дугаар сарын 01-ний өдөр гэж буруу бичсэн болохоо хариуцагч өөрөө надад тайлбарлаж хэлсэн. Тушаалыг 06 дугаар сарын 01-ний өдрөөр бичсэн болохоос биш тушаал нэлээд хойно гарсан нь үнэн. Хариуцагч үүнийг тайлбарлахдаа нэгэнт 06 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учраас ажлаас чөлөөлөх шалтгаан болсон гэж тайлбарласан. Хэрэв ажилтан, ажил олгогчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ үндэслэлгүй болсон гэж үзвэл тухайн үед холбогдох байгууллагад хандаж гомдол гаргах эрхтэй байсан. Бага насны хүүхэдтэй, жирэмсэн байсан зэрэг нь хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байгаа ажилтанд хамаарахгүй гэж үзэж байна. Тийм учраас хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч ажлаас чөлөөлөгдсөн учраас ажилд авах ямар нэгэн боломж байхгүй гэдгийг хариуцагчийн зүгээс тайлбарлаж байгаа. Аймгийн Засаг даргаас захирамж гаргаад шинэ тутам байгуулагдсан 4 цэцэрлэгийн орон тоог баталсан. Ингэхдээ зарим нь үндсэн орон тоо, зарим нь гэрээт орон тоонд хамаарна гэсэн жишиг тогтоож өгсөн. Энэ нь өмнөх төр засгийн үеийн Засаг даргын захиргаадсан, хууль дүрмийг үл ойшоосон хэлбэр байсан. Цэцэрлэгийн орон тоог аймгийн Засаг дарга тогтооно гэсэн жишиг хаана ч байгаагүй. Өөрөөр хэлбэл цэцэрлэгийн орон тооны жишгийг Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, Сангийн яамны хамтарсан тушаалаар баталдаг. Энэ нь эргэж 2016 онд явагдсан сонгуультай холбоотой. Өөрөөр хэлбэл сонгууль явагдах хүртэл захирамж гаргаад хэдэн хүний санал авахын тулд гаргасан захирамж байсан. Уг захирамжийг өчигдөр хүчингүй болгосон. Нөхцөл байдлыг харгалзаж үзвэл цэцэрлэгт хуваарилагдах төсөв багассан, хүрэлцээгүй болсон учраас өмнөх засаг даргын баталсан орон тоон дээр хүн ажиллуулах боломжтой эсэхийг судалж байгаа юм байна. Нэгэнт мөнгө төгрөг нь хуваарилагдаагүй, төсөв нь хүрэлцээгүй тул нэхэмжлэгч Ж.Аийг үйлчлэгчийн орон тоонд эгүүлэн авч ажиллуулах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг хариуцагч дамжуулж өгөхийг хүссэн болно гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ж.А нь Ө сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаартай Хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус цэцэрлэгийн гэрээт үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ
Нэхэмжлэгч Ж.А нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хуулийн хугацаанд гомдлоо шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч Ж.Аийг Ө сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 11дугаартай Ажилд томилох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалт, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн тус цэцэрлэгийн гэрээт үйлчлэгчийн ажилд түр томилон ажиллуулсан байна.
Нэхэмжлэгч Ж.А нь Баян-Өлгий аймгийн Ө сумын 16 дугаар цэцэрлэгт 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэрээт үйлчлэгч-ийн ажилд томилогдож, ажил олгогчтой хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан нь хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Ө сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаартай тушаал болон ажилтан ажил олгогч нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр тус тус нотлогдож байна.
Ө сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаартай Хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцлах тухай тушаалаар Ж.Атэй байгуулсан хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дууссан тул 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцалсан байна.
Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримтлах, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргана гэж заасан байхад ажил олгогч Ө сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нь 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаартай Хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцлах тухай тушаал гаргахдаа дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.
Хариуцагч Ө сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нь ажилтан Ж.Ат Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан үүргээ зөрчиж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэн зуруулж, баталгаажуулаагүй бөгөөд хариуцагч талаас энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгч чадаагүй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасан бөгөөд ажил олгогч Ө сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Б 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаартай тушаалаар Ж.Атэй 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулснаар уг хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан өдөр ажил олгогч нь ажилтан Ж.Аийг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй тул ажилтан ажил олгогч нарын хооронд байгуулагдсан хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа үргэлжлэн сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ж.А нь 3 хүртэлх насны хүүхэдтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан ************* бүртгэлийн дугаартай, **************** регистрийн дугаартай 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн Ожых овогт Жйн Жын төрсний гэрчилгээгээр нотлогдож байгаа ба Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Ажил олгогч нь .... гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг ... ажлаас халахыг хориглоно гэж заасныг зөрчиж, ажил олгогч Ө сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нь Ж.Аийг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Шинжлэн ухаан Боловсролын сайд, Сангийн сайдын 1995 оны 227/119 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Хүүхдийн цэцэрлэгийн захиргаа, үйлчилгээний ажилтны орон тооны үлгэрчилсэн норматив-ыг баримталж, хүүхдийн цэцэрлэгийн бүтэц орон тоог тогтоох ёстой байтал Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр А/208 дугаартай захирамж гаргаж, Ө сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн бүтэц орон тоог баталсан нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна.
Мөн хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Ш.Хын 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2-01/1783 дугаартай албан бичиг нь цэцэрлэгийн эрхлэгч нарт 50 хүүхдийн цэцэрлэгт ажиллах үндсэн орон тооноос бусад гэрээгээр ажиллагсдад олгох сарын цалин хөлсийг дахин тооцоолж төсвийн хуулийн дагуу бүрэн эрхийнхээ хэмжээнд шийдвэрлэхийг мэдэгдье гэсэн чиглэл өгсөн байна.
Ажилтан Ж.А нь Ө сумын 16 дугаар цэцэрлэгт 2016 оны 03 дугаар сараас 07 дугаар сар хүртэл тусцэцэрлэгийн гэрээт үйлчлэгчээр ажиллаж, цалин авч байсан болох нь ********* дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилт, мөн тус цэцэрлэгийн ажилчдын цагийн бүртгэл, цалингийн тооцооны хүснэгтээр нотлогдож байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/582 дугаартай Захирамж хүчингүй болгох тухай захирамжаар Ө сумын нутаг дэвсгэрт шинээр байгуулагдсан 16, 18 дугаар цэцэрлэгийн бүтэц орон тоог баталсан аймгийн Засаг даргын 2016 оны А/206, А/208 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгч Ж.Аийг ажлаас чөлөөлөх тухай тушаал гарснаас хойш гарсан эрхийн акт байх ба энэ нь Шинжлэн ухаан Боловсролын сайд, Сангийн сайдын 1995 оны 227/119 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтыг зөрчсөн эрхийн акт байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Иймд Ө сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаартай Хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Ж.Аийг урьд эрхэлж байсан тус цэцэрлэгийн гэрээт үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч Ж.А нь шүүхэд нэхэмжлэл гаргахад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ө сумын 16 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ө сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаартай Хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Ж.Аийг урьд эрхэлж байсан Ө сумын 16 дугаар цэцэрлэгийн гэрээт үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.А улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ө сумын 16 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН