Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 221

 

 

 

 

 

 

 

 

2020           3         06                                            221

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Марал,

хохирогч: С.Төвшин, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт /1954/,

шүүгдэгч: Г.Гүүн  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Гүүн д холбогдох эрүүгийн 2005 0001 10050 дугаар хэргийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Төв аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, “Кока кола” ХХК-д түгээгч ажилтай, сард 1 000 000 төгрөгийн цалинтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн оршин суух,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 396 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Гүүн .

 

Шүүгдэгч Г.Гүүн  нь 2019 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Кастел” шөнийн цэнгээний газарт иргэн С.Төвшинтэй “бүжиглэж байхдаа түлхлээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь 2 удаа мөргөж, дух ясны гадна ялтсын цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дээд хананд зөрүүгүй далд хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, дух, хамрын нуруу, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.Гүүн  мэдүүлэхдээ:

2019 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Кастел” нэртэй шөнийн цэнгээний газарт хохирогчтой “мөрлөсөн” гэх шалтгаанаар маргалдсан. Би өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эмчилгээ болон хагалгааны зардалд нэхэмжилж байгаа 3 438 254 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Одоо надад 1 200 000 төгрөг байгаа. Энэ мөнгийг эхний ээлжинд хохирогчид өгье. Үлдэгдэл төлбөрийг цалингийн зээл аваад төлмөөр байна. Цалингийн зээл авах гэтэл өвчин гарсантай холбоотой зээл олголтыг хойшлуулаад, 2020 оны 3 дугаар сарын 10-наас зээл авч болно гэж хэлсэн. Иймд 2020 оны 3 дугаар сарын 10-наас хохирлыг нөхөн төлөх боломжтой. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-С.Төвшин мэдүүлэхдээ:

2019 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Болд-Эрдэнэ гэх найзтайгаа хамт Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Кастел” нэртэй шөнийн цэнгээний газарт орсон. Тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэж байхад Гүүн  намайг мөрлөсөн. Тэр үед нь би тоогоогүй. Гэтэл намайг эргээд харахад миний нүүр рүү мөргөсөн. Намайг эмнэлэгт хэвтэж байхад Гүүн  огт ирээгүй. Харин түүний эгч гэх хүн ирж уулзсан. Би 3 сая төгрөг нэхэмжилж байгаа талаар хэлэхэд төлөх боломжгүй гэж хэлсэн. Өөрт учирсан гэмтлийг эмчлүүлж, хагалгаанд орсон. Мөн дээрх гэмтлийн улмаас ажилдаа явж чадахгүй байдалд хүрч ажлаасаа гарсан. Намайг хүлээж байх ажлын байр гэж байхгүй шүү дээ. Тэгээд намайг ажлаас чөлөөлсөн. Одоо өөрт учирсан хохирол болох 3 438 254 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Э.Хишигбат мэдүүлэхдээ:

2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 18-аас 23 цаг хүртэл манай байгууллагын шинэ жил болсон. Тэгээд тараад ажлынхаа 7, 8 залуучуудтай Бичил  хороололд байрлах “Кастел” бааранд орсон. Тэндээ 2 шил 0.75 литрийн архи, 14 ширхэг пиво захиалж уугаад, бөөнөөрөө бүжгийн талбай дээр бүжиглэж байхад Гүүн ийг танихгүй залуу хажуугаар нь гарахдаа мөрлөөд гарсан. Тэгээд эргэж муухай хараад байхаар нь бидэнтэй хамт явсан хүмүүс салгасан. Тэгээд би хажуу талын ширээн дээр очиж пиво уугаад зогсож байхад бүжгийн талбай дээр бужигнаан болоод байхаар нь яваад очтол Гүүн ээ нөгөө залуу хоёр салсан байсан. Тэгээд би зүгээр юм байлгүй гэж бодоод тамхи татчихаад гараад ирэхэд цагдаа нар ирээд Гүүн ийг аваад явсан. Тухайн үед юунаас болж зодоон үүссэнийг мэдээгүй. Гүүн ээ уг залууг мөргөсөн байсан. Намайг очиход зодоон салсан байсан. Уг зодоонд өөр оролцсон хүн байхгүй гэжээ. (хэргийн 18-19 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 697 тоот дүгнэлтэд:

1. С.Төвшингийн биед дух ясны гадна ялтсын цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дээд хананд зөрүүгүй далд хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, дух, хамрын нуруу, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Уг гэмтлүүд нь нийлээд болон дан дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 27-28 дугаар хуудас)

 

2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Уг бичлэгт Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастел” баарны дотор талын бүжгийн талбайн хэсэг харагдах ба бүжгийн талбай дээр хүмүүс бүжиглэж байгаа бичлэг байв. Бичлэгт гэрч Г.Гүүн  нь цагаан цайвар өнгийн сорочкон цамц, гадуур нь бараан өнгийн жилетиктэй бүжиглэж харагдана. Мөн бичлэгт түүний хажууд саарал бараан өнгийн фудболктай, баруун гартаа шилтэй зүйл барин ууж байгаа хохирогч С.Төвшин бүжгийн талбай дээр бүжиглэж байна. Энэ үед хохирогч С.Төвшин гэрч Г.Гүүн ий хажуугаар гарах гэх үед түүнийг Г.Гүүн  гаргахгүй хашин зогсож байгаад хохирогч С.Төвшинг 1 удаа нүүр рүү нь мөргөхөд арагшаа нүүрээ даран зогсоход хажууд нь бүжиглэж байсан хар бараан цамцтай эрэгтэй түүн дээр очиж холдуулна. Ингээд хар цамцтай залуу гэрч Г.Гүүн ийг дуудан хохирогч С.Төвшиний хажууд зогсоход хар цамцтай залуу болон цагаан фудболктай залуу гэрч Г.Гүүн ийг холдуулна. Энэ үед хохирогч С.Төвшин хамраа даран зогсоно. Энэ үед гэрч Г.Гүүн  цагаан фудболктай залууг нэг удаа цохин, цаана зогсож байсан саарал юүдэнтэй цамцтай эрэгтэйг цохин цаашаа явна. Уг бичлэг 2 минут 27 секундын хугацаатай үргэлжлэх ба бичлэгт өөр ач холбогдол бүхий зүйл илрээгүй гэжээ. (хэргийн 11-13 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Г.Гүүн  нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 396 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 61 дүгээр хуудас)

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Г.Гүүн  нь 2019 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Кастел” шөнийн цэнгээний газарт хохирогч С.Төвшинг “бүжиглэж байхдаа түлхлээ” гэж нүүрэн тус газар нь мөргөж, дух ясны гадна ялтсын цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дээд хананд зөрүүгүй далд хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, дух, хамрын нуруу, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Төвшин, гэрч Э.Хишигбат нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 697 тоот дүгнэлт,  2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Прокуророос шүүгдэгч Г.Гүүн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд дээрх зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэж өөрчилсөн тул прокурорын яллах дүгнэлтийг зөвтгөж, Г.Гүүн ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Г.Гүүн  нь мөрдөн байцаалтын үед хохирогчийн эмчилгээний төлбөрт 239 600 төгрөг төлсөн байна.

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлж, хамрын хагалгаа хийлгэхэд 3 438 254 төгрөгийн зардал гарсан гэж нэхэмжилсэн нь  нотлох баримтаар нотлогдож байх ба шүүгдэгч төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 1 200 000 төгрөгийг хохирогчийн дансанд шилжүүлсэн болно.

Үлдэх 2 238 254 төгрөгийн хохирлыг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төлнө гэж шүүгдэгч илэрхийлж байх тул түүнээс 2 238 254 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Төвшинд олгохоор шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн си ди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Боржгон овогт Ганбатын Гүүн ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Гүүн ийг 720 нэгжтэй тэнцэх хэмжээний 720 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Гүүн  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Г.Гүүн ээс 2 238 254 төгрөг гаргуулж, хохирогч С.Төвшинд олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг си ди бичлэгийг энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Гүүн  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Гүүн д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН