Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2017/0475/З |
Дугаар | 921 |
Огноо | 2017-12-12 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 921
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.Б ,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга,
Гуравдагч этгээд: З.Э
Гуравдагч этгээд: У.Б
Гуравдагч этгээд: Д.А
Гуравдагч этгээд: О.Т
Гуравдагч этгээд: Ж.Н
Нэхэмжлэлийн шаардлага:
“Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн анхдугаар хурлыг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хуралдуулсан тухай тус хурлын хуурамчаар үйлдсэн тэмдэглэлийг хүчингүй болгуулах,
Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгон батлах тухай тогтоол №1, иргэдийн Нийтийн хурлын тэргүүлэгчдийг сонгон батлах тухай тогтоол №2,
Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоол №1 зэргийг тус тус хүчингүй болгуулах,
Сонгинохай дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн анхдугаар хурлыг дахин хуралдуулахыг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурал болон хурлын дарга Л.А****т даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э , Л.Б , З.А , хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б , гуравдагч этгээд З.Э гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бо***-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Т.Б би Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Анхдугаар Хурлыг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хуралдуулсан тухай тус хурлын хуурамчаар үйлдсэн протуколыг хүчингүй болгуулах тухай
Т.Б би Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Анхдугаар хуралдааны хурлын протуколыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга Л.А****ын 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хуурамчаар үйлдсэн иргэдийн Нийтийн Анхдугаар Хурлын санал хураалтын протуколыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Хурлыг зарыг хуулийн дагуу зарлаагүй, иргэдийн Нийтийн Анхдугаар хурал хуралдах байрыг нууцалж битүүмжилсэн, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд харьяалалгүй иргэдийг тус хуралд оролцуулсан, дээд шатны байгууллага болох Сонгинохайрхан дүүргийн иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгч Т.В****** нь доод шатны байгууллага болох Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Анхдугаар хуралд шууд нөлөөлж хуурамч хурлын протукол үйлдсэн. Тухайн өдөр хууль бусаар хуралдахыг завдах тэр агшинд огт байгаагүй иргэнийг иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчээр сонгосон зэрэг ноцтой зөрчил гаргаж Сонгуулийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг санаатайгаар зөрчсөн тул 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Л.А****ын үйлдсэн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Анхдугаар хуралдааны хуурамч хурлын протуколыг хүчингүй болгож өгнө үү.“ гэжээ.
Нэхэмжлэгч Т.Б 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Монгол улсын холбогдох хуулиудыг бүдүүлгээр зөрчин хуралдаж улмаар уг хурлаас гарсан хууль бус тогтоол шийдвэрүүд одоо болтол хэрэгжиж байгаа тул хууль бус хурлаас гаргасан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгон батлах тухай тогтоол №1, иргэдийн нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай тогтоол №2, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоол №1 зэргийг тус тус хүчингүй болгож өгнө үү.
Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, 2017 оны 01 дүгээр сарын 15-ы өдөр 10 цагаас Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Анхдугаар Хуралдааны хурлын товыг зарлахдаа хурал болохоос 17 цаг 30 минутанд уг хороонд огт амьдардаггүй иргэдийг хорооны хууль ёсны оршин суугчдыг оруулахгүй, хаягийн зөрчилтэй иргэдээр ирцээ бүрдүүлэн дээд шатны байгууллагын нөлөөлөлтэйгөөр уг хурлыг хуралдуулахыг завдсан болно.
Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Анхдугаар Хурлыг дахин хуралдуулахыг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хуралд болон хурлын дарга Л.А****т даалгаж өгөхийг хүсэж байна” гэжээ.
Хариуцагч Л.А**** шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөгч Г.Б нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “Хороодын иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг дарга нарын ээлжит сонгуулийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу хороодын иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хуралдуулж тухайн хуралдааны шийдвэрийг дүүргийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд ажлын 3 өдөрт багтаан ирүүлнэ үү гэсний дагуу Анхдугаар хуралдаан 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цагт хуралдуулахаар 01 тоот хурлын тогтоол гарган бэлтгэл ажлыг хангуулахаар Хорооны Засаг даргад үүрэг болгон өгсөн болно. Хурал хуулийн заалтын дагуу тогтоосон хугацаанд товлосон зааланд тус хорооны иргэн Т.В****** хуралдаан даргалан хуралдуулж Иргэдийн нийтийн хурлын даргад миний бие Л.А****, Засаг даргад З.Э , тэргүүлэгчид У.Б*****, О.Т*******, Ж.Н*****, Д.А нар нь тус тус санал оруулж “Өөр нэр дэвшигч байна уу?” гэсэн асуултанд үгүй гэсэн иргэдийн саналаар өрсөлдөгч нэр дэвшигч үгүй Сонгуулийн үйл ажиллагаа хуулийн хүрээн болж байх үед, 10 цаг 30 минутанд Гаднаас дүүргийн төлөөлөгч Д.А****, Б.Бо***, Г.Сү*****, Т.Б нар санаатайгаар хурал үймүүлж Хурлыг хүчингүй болгох талаар иргэд рүү дайрч давшлах ба Хурал даргалагчийг хэл амаар доромжилж сонгогчдыг үл ойшоох зэргээр хандаж хурал үймүүлсэн боловч иргэд эдгээр хүмүүсийг илт эсэргүүцэж Хурлыг цааш үргэлжлүүлэн санал хураалт явуулахыг хурал даргалагчаас шаардсан Хурал даргалагч Иргэдээс цааш санал хураалтанд орох уу гэснээр санал хураалт ямар нэгэн өрсөлдөгч нэр дэвшигчгүйгээр гар өргөн 100 хувийн саналаар дээрх нэр бүхий хүмүүсийг сонгон баталж, хууль бус үйлдэл гаргаагүй. Миний бие гаднаас хурлын зааланд найман жил Засаг даргаар уг хороонд ажиллаж байсан С.Д***** даргын хамт 09 цаг 50 минутанд орж ирэхэд хурлын заал дүүрсэн хөл тавих зайгүй шахам болсон байсан иргэд хурлаа эхлүүлэхийг надаас шаардсан хурал 10 цаг 00 минутанд эхэлсэн. Бидний зүгээс ямарваа нэгэн хуулийг зөрчсөн үйлдэл гаргаагүй, Хурлын зарыг цаг тухайд нь тавьсан, хурлын байрыг битүүмжилсэн, харъяалалгүй иргэд оролцуулсан, дээд шатны байгууллагаас ямар нэгэн байдлаар нөлөөлсөн гэх зүйл огт байхгүй, Т.В****** нь тус хорооны Толгойтын 114-02 тоотод оршин суугч хаягтай, тус хорооны иргэн юм, Тухайн үед тэргүүлэгчээр сонгогдсон дөрвөн иргэн мөн хорооны хэсгийн ахлагчид байсан учир ямар ч ноцтой зүйлгүй. Хуралдааны явцад ямарваа нэгэн хууль бус зүйл үйлдэгдээгүй ба хуралдаанд нийт 215 иргэн оролцож нийт сонгогчид санал нэгтэйгээр гар өргөн баталж хуулийн дагуу хурал дууссан болно. Хуралдааныг хянагчаар Сонгинохайрхан дүүргийн Хууль зүйн тасгийн дарга Б.М****** хяналт тавин ажилласан. Нэхэмжлэл гаргагч Т.Б дүүргийн төлөөлөгч Д.А****, Б.Бо***, Г.Сү***** нар нь хурал тарсаны дараагаар ямар ч тогтоол шийдвэр үгүй товлоогүй зааланд иргэдийг уруу татан тус дүүргийн 1 дүгээр хорооны харъяа 107 дугаар сургуулийн спорт зааланд Д.А**** хурал даргалан хуралдуулж сонгогч олны сэтгэлээр тоглож 07 тоот хурлын протуколыг хуурамчаар үйлдэж ард иргэдийн тархийг угааж ямар ч үндэслэлгүй хурал зохион байгуулсан байна. Хуралдааны анхдугаар хуралдааны протукол 01 гэсэн тогтоол гардаг, 07 гэсэн протукол гарах ёс үгүй тэр хүмүүсийн гар дээр тогтоолын баланк байх ёсгүй хаанаас тогтоол олж авсан хэний даалгавраар хийсэн нь гайхал төрүүлж байна, иймд хуулийг дэндүү уландаа гишгэсэн явдал гэж үзэж байна.
2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус хорооны иргэний танхимд зохион байгуулагдсан иргэдийн Нийтийн хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23.4, 23.10, 23.5, 26 дугаар зүйлд заасны дагуу зохион байгуулагдсан тус хуралдаанаас гарсан тогтоол, шийдвэр нь хуулийн дагуу гарсан тул Т.Б ын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.
Гуравдагч этгээд О.Т шүүхэд гаргасан хариу тайлбар болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн нийтийн анхдугаар хурал 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цагт хорооны иргэдийн танхимд хуралдсан энэ хурал нь товлосон цагтаа товлосон газраа хуулийн дагуу болсон гэж үзэж байна. Хурлаар иргэдийн нийтийн хурлын дарга Хорооны Засаг дарга, иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдийг сонгосон болно. Хуралд иргэдийн Нийтийн Хурлын дарга Л.А****, Засаг дарга З.Э тэргүүлэгчид О.Т*******, У.Б*****, Д.А*****, Ж.Н нар оролцон сонгогдсон ба одоогоор ажил үүргээ гүйцэтгэж ажиллаж байна
Нэхэмжлэгчийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргасан Т.Б ын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй, хууль бус шаардлага гэж үзэж байгаа тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд Д.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Анхдугаар хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цагт хорооны Иргэний танхимд хурлын ирц бүрдсэнээр эхэлж хуулийн хүрээнд явагдсан. Уг хуралдаанаар хорооны Засаг дарга, иргэдийн нийтийн хурлын дарга тэргүүлэгчдийг сонгосон. Сонгогдсон нэр бүхий тэргүүлэгчид бүгд хуралдаанд оролцсон нь үнэн болно. Уг хуралдаан нь хуулийн хүрээнд явагдсан бөгөөд ямар ч хууль бус шийдвэр гаргаагүй гэж үзэж байна.
Иргэн Т.Б ын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг дэмжихгүй байна. Уг шаардлага нь хууль бус шаардлага байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд Ж.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Анхдугаар Хурал 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цагт хорооны иргэний танхимд хуралдсан болно. Уг хурал нь товлосон цагтаа товлосон газраа хуулийн хүрээнд болсон гэж үзэж байна. Хурлаар иргэдийн Нийтийн Хурлын дарга, хорооны засаг дарга, иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчдийг сонгосон болно. Хуралд иргэдийн нийтийн хурлын дарга Л.А****, Засаг дарга З.Э , тэргүүлэгчид У.Б*****, Д.А*****, О.Т*******, Ж.Н нар оролцож сонгогдсон ба одоогоор ажил үүргээ гүйцэтгэж ажиллаж байна.
Миний бие нь Т.Б ын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй хууль бус шаардлага байгаа тул тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд У.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Анхдугаар Хурал 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цагт хорооны иргэний танхимд хуралдсан. Уг хуралдаанаар иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг дарга, иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгч нарыг сонгосон ба ирц бүрэн, хуулийн хүрээнд хуралдаан явагдсан гэж үзэж байна. Уг хуралдаанаар иргэдийн Нийтийн Хурлын даргад Л.А****, Засаг дарга З.Э , тэргүүлэгчид У.Б*****, Д.А*****, О.Т*******, Ж.Н нар сонгогдож одоог хүртэл ажил үүргээ хуулийн хүрээнд хийж гүйцэтгэж байгаа.
Миний бие нь Т.Б ын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй хууль бус шаардлага байгаа тул тус шаардлагыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд З.Э ий нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Ж.Л нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Т.Б ын нэхэмжлэлтэй Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн нийтийн хуралд холбогдох гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны анхдугаар хуралдааныг тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны 1 дүгээр тогтоолоор 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн байна. Тус шийдвэрийн дагуу иргэдийн Нийтийн Хурал хуралдаж дарга, тэргүүлэгчид, хорооны Засаг даргын сонгосон. Тус хуралд миний бие З.Энхтүшин хорооны Засаг даргад нэр дэвшиж сонгогдсон.
Иймд хорооны иргэдийн Нийтийн Хурал нь хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүтнээр хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23.4 дэх хэсэгт заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлыг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цагт хуралдуулахаар шийдвэрлэсэн байна.
Тус шийдвэрийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурал хуралдсан З.Э г Засаг даргад нэр дэвшүүлэн сонгосон байна. Сонгогдсон З.Э г Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн хурал, хорооны Засаг даргаар томилуулахаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад санал болгосны дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад 1 хорооны Засаг даргаар томилсон байна.
Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 37.3-т эс үйлдэхүйг тодорхойлсон байна. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурал нь Захиргааны ерөнхий хуулийн 37.3-т заасан эс үйлдэхүй гаргаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т заасан шийдвэр гаргах зохицуулалт байхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
“Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн анхдугаар хурлыг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хуралдуулсан тухай тус хурлын хуурамчаар үйлдсэн тэмдэглэлийг хүчингүй болгуулах,
Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгон батлах тухай тогтоол №1, иргэдийн Нийтийн хурлын тэргүүлэгчдийг сонгон батлах тухай тогтоол №2,
Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоол №1 зэргийг тус тус хүчингүй болгуулах”,
Сонгинохай дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн анхдугаар хурлыг дахин хуралдуулахыг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурал болон хурлын дарга Л.А****т даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодруулсан болно .
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн хурлын танхимд болсон 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаан, уг хуралдаанаас гарсан шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаж байгаа асуудлаар дүгнэж, энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлэн маргааны үйл баримтад болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23.4, 23.10, 23.11, 25.1, 26.2, 26.3 заалтыг зөрчсөн, ...иргэн хүний хувьд сонгох, сонгогдох эрхээ эдлэх зорилгоор хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргад, Засаг даргад нэр дэвшин өрсөлдөх сонирхолтой байсан гэж тодорхойлон маргаан үүсгэсэн байна.
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Хорооны бүх насанд хүрсэн иргэн хуралд төлөөлөгчөөр оролцох эрхтэй. Харин хурлын тэргүүлэгчдийг урьдчилан сонгосон зүйл байхгүй. Хуралд ирсэн 215 иргэдийн саналыг авч хурлын тэргүүлэгчид, хорооны Засаг дарга нарыг сонгосон. Нэхэмжлэгч Т.Б ыг ямар нэг байдлаар ялгаварлаагүй. Т.В****** тус хорооны иргэний хувьд саналаа өгсөн. Түүнийг иргэд заалнаас сонгож хуралдаанаа даргалуулсан...хуралд ирсэн хүмүүс олонхийн саналаар шийдвэр гаргаж тогтоолыг баталж, тооллогын шийдвэр хэрэгт авагдсан байгаа. Хорооны засаг даргыг иргэдийн төлөөлөгчийн хурлаас томилж, тухайн дүүргийн Засаг даргад санал болгож томилдог...” гэж, гуравдагч этгээд З.Э гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хийхээр товлоод хуралдсан байдаг. Энэ хурлаас Засаг даргад нэр дэвшигч З.Э хуралд ирсэн иргэдийн олонхийн саналыг авсан тул “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу 1 дүгээр хорооны Засаг даргаар томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд санал болгосон байдаг. Үүний дагуу дүүргийн засаг дарга дээрх санал хураалт хуульд нийцсэн эсэхийг шалгаад энэхүү хурлын ажиллагаа хуульд нийцсэн байна гэж үзсэн тул З.Э г Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргаар томилсон байдаг. Тухайн хурлаас гарсан тогтоолуудыг холбогдох хуулийн дагуу гарсан гэж үзэж байна...” гэж тайлбарлан хариу маргаж байна.
Нэг: Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн анхдугаар хурлыг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хуралдуулсан тухай тус хурлын хуурамчаар үйлдсэн тэмдэглэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1.1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэж заажээ.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хорооны бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор 2016 оны орон нутгийн сонгуулийн дараах хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10.00 цагт буюу хуралдаан эхлэхээс 18 хоногийн өмнө хуралдуулахаар товлосон, энэ нь хуулийн дээрх заалттай нийцсэн байна.
Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримт , энэхүү хуралдааны явцыг видео бичлэгээр CD-д хуралдааны үйл ажиллагаанд оролцсон хэргийн оролцогчдийн тайлбар зэргээр энэ өдрийн Иргэдийн нийтийн хуралдаанд тус хорооны нийт 3736 өрхийг төлөөлөн нийт 215 хүний ирцтэйгээр хурал хийсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д заасан “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж заасантай нийцжээ.
Тодруулбал хуралдааны товыг иргэдэд мэдэгдсэн, мэдэгдсэний үндсэн дээр товлогдсон цагаас өмнө хуульд заасан тооноос хавьгүй илүү иргэд цугларсан болох нь нэхэмжлэгчийн тавьсан хүсэлтийн дагуу гэрч нарт хууль сануулж, эрх үүрэг тайлбарлан авсан М.О******гийн “...хорооны хэсгийн байцаагч надад ”маргааш өглөө 10 цагаас хурал болно”, өглөө 9 өнгөрөөгөөд очиход танхим руу ордог хаалга нь хаалттай байсан. Ер нь хүн дүүрсэн гээд хүн оруулахгүй байсан...”, О.Ц******ийн “...хурал товлосон цагтаа эхэлсэн...” , Д.А*******гийн“...хэсгийн ахлагч нарыг урьд өдөр нь 16 цагт хурал дээр дуудаад 10 цагт хуралтай гэж мэдэгдсэн...” , Д.Х****** -ийн “... хүмүүстээ өглөө 10 цагт хуралтай гэж хэлүүлсэн...”, Д.А*****ийн “...хуралтай гэдгийг манай намын гишүүд хэлээд 9 цагт хуралд ирсэн. Л.А**** дарга урьд өдрийн 21 цагт хэлсэн...” , Г.Сү*****ын “...зарыг ил тодоор Түц, дэлгүүр, худаг дээр тавьсан. Хурал 10 цагт эхэлнэ гэж байхад 9:30 цагт эхэлсэн байсан. Дотор битүү хүнтэй байсан...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл тус хорооны иргэдийн Нийтийн Хуралдаанд хамгийн багадаа 125 иргэн оролцсоноор хүчинтэйд тооцогдохоор байх тул хариуцагчийг энэ үүргээ хуульд нийцүүлэн хэрэгжүүлсэн гэж дүгнэхээр байна.
Дээрхээс үзвэл Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурал өөрөө Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д заасантай нийцэж байх тул уг хурлыг үйл явцыг тодорхойлж тэмдэглэсэн тэмдэглэл нь өөрөө хууль бус байх боломжгүй.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Тэмдэглэл хөтөлж байсан н.Х***** гэх залууг цохиод ширээн дээр байсан бичиг, цаасыг нь урсан байдаг. Тухайн цаас нь нэлээн урагдчихсан тул эвлүүлж наагаад тэмдэглэлээ бичсэн. Би тэмдэглэл хөтөлсөн залууд цаасаа тэр чигт аваад ирэхгүй яасан юм гэж асуутал урагдчихсан тул архив авахгүй байх гээд хаясан...” гэх тайлбар нь хэрэгт авагдсан СD №1-ийн А6 дугаар бичлэгийн 0:01:57-0:02:00 хүртэлх дүрс бичлэгээр тогтоогдож байна.
Нөгөөтээгүүр хуулинд хурлын тэмдэглэлийн бичиглэлийн хэлбэрийг заавал гараар тэмдэглэх талаар зохицуулаагүй байх тул нэхэмжлэгчээс “...хуралдааны тэмдэглэл байхгүй, шивсэн тэмдэглэл өгсөн, тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн...” гэж маргаж буй нь үндэслэлгүй болно.
Хоёр: Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн иргэдийн Нийтийн хурлын даргыг сонгон батлах тухай тогтоол №1, иргэдийн Нийтийн хурлын тэргүүлэгчдийг сонгон батлах тухай тогтоол №2, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоол №1 зэргийг тус тус хүчингүй болгуулах“ нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д “...Хурлын хуралдааны дарга, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох...”, 17.1.2-т “....баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, ... дүүргийн Засаг даргад уламжлах...”, бүрэн эрхийг баг хорооны хурал хэрэгжүүлэхээр тодорхойлжээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн нэгд дурьдсан үндэслэлүүдээр 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хуралдсан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн анхдугаар хуралдааны ирц Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д заасан шаардлагыг хангаснаар хийгдэж, уг хурлын хуралдааныг хууль зөрчөөгүй болохыг шүүх тогтоосон тул уг хуралдаанаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2-д заасан бүрэн эрхийн хүрээнд Хурлын хуралдааны дарга, Хурлын Тэргүүлэгчдийг сонгож, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх саналыг хэлэлцэн дүүргийн Засаг даргад уламжилсан үйл ажиллагаа хуульд нийцжээ.
Хэдийгээр нэхэмжлэгч С.Б аас “...миний сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн... “ гэх боловч шүүхийн хэлэлцүүлэгт түүний “...Бичлэг дээр гарсан хүн бол Сонгинохайрхан дүүргийн намын үүрийн дарга байсан н.О******* гэх хүн. 1 дүгээр хорооны иргэн. Энэ хуралд нэрээ дэвшүүлэх гэж байсан...” , Би хороондоо бүтээлч ажил хийдэг учраас хүмүүс намайг хорооны Засаг дарга, иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгох бодолтой байсан. Би хариуд нь сургуульд сурч байгаа, төрийн ажлыг хийж чадахгүй гэж хэлсэн. Ер нь эхнээсээ албан тушаал, ашиг сонирхлын төлөө байгаагүй,... иргэдийн хурлын зааланд болсон хуралд нэрээ дэвшүүлээгүй ... иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1 дүгээр хорооны Засаг даргад нэрээ дэвшүүлэхээс татгалзсан ...гэх тайлбар зэргээс үзвэл маргааны бүхий актуудын улмаас түүний ямар хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн эсэх нь тогтоогдохгүй байна.
Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” –оор заажээ.
Нөгөөтэйгүүр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах учиртай.
Гэтэл дээрх хуульд заасан нэхэмжлэгчийн өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх, үүний улмаас эрхийг сэргээх нөхцөл байдал энэ маргааны тухайд хангагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс иргэн хүний хувьд сонгох, сонгогдох эрхээ эдлэх зорилгоор хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргад нэр дэвшин өрсөлдөх сонирхолтой байсан гэсэн үндэслэлээр түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж, хуульд заасан журмын дагуу явагдсан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн анхдугаар хурлыг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хуралдаанаас гарсан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн иргэдийн Нийтийн хурлын даргыг сонгон батлах тухай тогтоол №1, иргэдийн Нийтийн хурлын тэргүүлэгчдийг сонгон батлах тухай тогтоол №2, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоол№1 тогтоолуудыг хүчингүй болгох боломжгүй байна.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэр дэвшүүлсэн З.Э г 01 дүгээр хорооны Засаг даргаар нэр дэвшүүлсэн захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.
Гурав: Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн анхдугаар хурлыг дахин хуралдуулахыг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурал болон хурлын дарга Л.А****т даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох”, харин Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж тодорхойлжээ.
Гэтэл нэхэмжлэгчээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор хариуцагчид хандан өргөдөл хүсэлт гаргаж, санал хүргүүлж байгаагүй, өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн зүгээс захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл огт гаргахгүй байгаа эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчээс гаргасан даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Харин Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн хурал болон Засаг дарга хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн акт гаргавал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтын баримтлан “чөлөөлөх, огцруулах” асуудлаар маргах эрх нь нээлттэй болохыг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.4, 23.10, 26 дугаар зүйлийн 26.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Б ын “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн анхдугаар хурлыг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хуралдуулсан тухай тус хурлын хуурамчаар үйлдсэн тэмдэглэлийг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн иргэдийн Нийтийн хурлын даргыг сонгон батлах тухай тогтоол №1, иргэдийн Нийтийн хурлын тэргүүлэгчдийг сонгон батлах тухай тогтоол №2, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоол №1 зэргийг тус тус хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн анхдугаар хурлыг дахин хуралдуулахыг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурал болон хурлын дарга Л.А****т даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР