Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2021/0289

 

 

 

 

 

 

 

А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я нарыг оролцуулан Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, А-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Алтай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр: “...Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн г, 23 дугаар зүйлийн 23.7, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2, 26.5-д заасныг тус тус баримтын нэхэмжлэгч А-ийн “Баян-Өлгий аймгийн Алтай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэн өргөн мэдүүлэх тухай” 05 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хууль зүйн үндэслэлдээ маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч А-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж дүгнэсэн алдаатай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно” гэж заасан.

А-ийн нэхэмжлэлийг анхан шатны шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэхдээ түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн ба зөрчигдөж болзошгүй гэсэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан. Хэрвээ маргаан бүхий захиргааны актын улмаас А-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй буюу захиргааны акт түүний эрх ашигт хамааралгүй гэж үзвэл А-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргах ёстой байсан.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д “Хурлаас гарсан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасан. Гэтэл хариуцагч буюу Алтай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Ш нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан зарлан маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох боломжгүй, ээлжит бус хуралдаан зарлахгүй гэж тайлбар гаргасан нь 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр явагдсан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлын тэмдэглэлд тусгагдсан. Тухайлбал хариуцагч Ж.Ш “...Бид сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг ойрдоо зарлан хуралдуулах боломжгүй, Учир нь А-ийн нэхэмжлэлийн талаар шүүхээс эцсийн шийдвэр гараагүй байгаа буюу маргаан үргэлжилж байгаа. Нөгөө талаас гуравдагч этгээд Р-ээс Алтай сумын Засаг даргад нэр дэвшигчээс татгалзсан хүсэлтийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон шүүхэд гаргасан нь захиргааны актыг шууд хүчингүй болгох үндэслэл болохгүй” гэж тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн удаа дараа шүүхэд гаргасан тайлбарт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй гэж үзэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасан. Нэгэнт хариуцагч маргаан бүхий захиргааны актыг шууд хүчингүй болгохоос татгалзаж байгаа тайлбар гаргасан, түүнчлэн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр батлагдсан захиргааны акт 2021 оны 04 дүгээр сарын 05-ны хүртэл 5 сарын хугацаанд огт хэрэгжээгүй, гуравдагч этгээд Р-ээс сумын Засаг даргад нэр дэвшихээс татгалзсан хүсэлт гаргаснаар захиргааны акт цаашид хэрэгжих боломжгүй болсон нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзээд шүүх бүрэн эрхийн хүрээнд захиргааны актыг шууд хүчингүй болгон шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүхээс маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгоогүй учраас уг захиргааны акт хүчинтэй хэвээр байсны улмаас хожим үүсэх үр дагаврыг анхаарч үзээгүй байна.

Захиргааны акт одоо хүртэл хүчин төгөлдөр байх тул А-ийн сумын Засаг даргад дахин нэр дэвших эрх нь зөрчигдсөн гэж үзэж байна. Учир нь урьд гарсан сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоол хүчинтэй байхад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дахин сумын Засаг даргад нэр дэвшүүлэх үйл ажиллагааг эхлүүлэх боломжгүй. Иймээс Алтай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Алтай сумын Засаг даргад шинээр нэр дэвшигчийг тодруулан нэр дэвшүүлэх ажиллагаа явуулахын тулд эхлээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэн өргөн мэдүүлэх тухай” 05 дугаар тогтоол хүчингүй болох ёстой гэж үзэж байна.

А-ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нэр дэвшигч Р нь төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, нэр дэвшүүлэх ажиллагаанд А- намайг биечлэн оролцуулаагүй гэж дурдсан. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С би анхан шатны шүүх хуралдаанд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлээ “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гуравдагч этгээдээр татагдсан буюу Алтай сумын Засаг даргад нэр дэвшигч Р.Р нь нэр дэвшигчээс татгалзсан тухай хүсэлт гаргаснаар маргаан бүхий захиргааны акт цаашид бодитой хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн, хариуцагч буюу Алтай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Ш нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан зарлахгүй, захиргааны актыг хүчингүй болгохгүй гэж тайлбар гаргасан учраас захиргааны актыг зөвхөн шүүх хүчингүй болгохыг хүссэн боловч” анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн тайлбаруудыг үнэлээгүй явдалд гомдолтой байна. Анхан шатны шүүх уг маргааныг алдаатай шийдвэрлэсний улмаас өөрөөр хэлбэл захиргааны актыг хариуцагч буюу Алтай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга хүчингүй болгохоос татгалзсан, шүүх хүчингүй болгох шаардлагагүй гэж байгаа нь цаашид А-ийн Алтай сумын Засаг даргад дахин нэр дэвших эрх нь хаагдаж, ер нь Алтай сумын Засаг даргад нэг нэгэн этгээд нэр дэвших боломжгүй байдал буюу нийтийн эрх ашигт хор уршиг хүргэж болзошгүй үр дагавар үүсч байгааг давж заалдах шатны шүүх онцгойлон анхаарч анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндсийг хянан үзэхийг хүсье.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 24 дүгээр шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул түүнийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч А- нь Баян-Өлгий аймгийн Алтай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэн, өргөн мэдүүлэх тухай” 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, түүний үндэслэлээ “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх хуралд намайг оролцуулаагүй ... сумын Засаг даргад нэр дэвшсэн Р.Р нь төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн байхад төрийн алба хаах насны хязгаараас хэтэрсэн иргэнийг нэр дэвшүүлсэн тогтоол нь хууль бус” гэж тайлбарлан маргажээ.

 Анхан шатны шүүх “...Алтай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн анхдугаар хуралдаанд 21 төлөөлөгч бүгд оролцож, хуульд анхдугаар хуралдаанаар хэлэлцэхээр заасан дээрх асуудлуудыг хуульд заасан журмын дагуу хэлэлцэж, хэлэлцсэн асуудлаар гаргасан тогтоолуудыг төлөөлөгчдийн олонхын саналаар баталсан нь, тухайлбал Хурал дахь Монгол Ардын намын бүлгээс сумын Засаг даргад нэр дэвшүүлж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авсан нэр дэвшигч Р.Р-ийг сумын Засаг даргаар томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгосон тогтоолыг олонхын саналаар баталсан нь тогтоогдож байх тул маргаан бүхий уг тогтоолыг Хурлын бүрэн эрхийн хүрээнд гарсан, хуульд нийцсэн шийдвэр байна ... улс төрийн албан хаагч болох бүх шатны Засаг даргын эрх зүйн байдал, уг албан тушаалд тавих тусгай шаардлагыг холбогдох хуулиар тогтоох, хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулах бөгөөд Засаг даргын хувьд төрийн алба хаах насны дээд хязгаар болох 65 нас хамаарахгүй байна” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Маргаан бүхий 05 дугаар тогтоолоор Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн г/, 26 дугаар зүйлийн 26.2, 26.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 66.67 хувийн санал авсан Р.Рискелдийг сумын Засаг даргад нэр дэвшүүлжээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ”, 18.1.1-д “Хурлын зохион байгуулалт, хяналт шалгалтын талаар”, 18.1.1.г-д “Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг нийслэлийн Засаг даргад уламжлах”, 23 дугаар зүйлийн 23.1-д “Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно”,  25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар тус тус батална”, 26 дугаар зүйлд 26.2-т “...аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын ... төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно”, 26.5-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь дараахь шаардлагыг хангасан байна”, 26.5.1-д “дээд боловсролтой;”, 26.5.2-т “төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан;”, 26.5.3-д “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;”, 26.5.4-д “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;”, 26.5.5-д “ялгүй байх” гэж тус тус зааснаар 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаар сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцээд тухайн хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн 66.67 хувь буюу 14 хүний саналаар Р.Р-ийг нэр дэвшүүлэхээр болсон байна.

Дээрх үйл баримтаас дүгнэж үзвэл хариуцагч Баян-Өлгий аймгийн Алтай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуульд заасны дагуу тус сумын Засаг даргыг томилуулах саналыг аймгийн Засаг даргад уламжилсан маргаан бүхий захиргааны акт болох Баян-Өлгий аймгийн Алтай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаар тогтоол хуулийн дагуу гарсан талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.

Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна” гэж зааснаас үзэхэд гуравдагч этгээд Р.Р нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох 65 нас хүрч түүнд тэтгэвэр тогтоолгох эрх хэдий үүссэн байх ч 65 наснаас хойш ажиллуулах эсэх нь нэхэмжлэгчээс бус хариуцагчийн эрх хэмжээнд хамаарах бөгөөд анхан шатны шүүхийн “улс төрийн албан хаагч болох бүх шатны Засаг даргын эрх зүйн байдал, уг албан тушаалд тавих тусгай шаардлагыг холбогдох хуулиар тогтоох, хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулах бөгөөд Засаг даргын хувьд төрийн алба хаах насны дээд хязгаар болох 65 нас хамаарахгүй” гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх  тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 140.400 төгрөгөөс 70.200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, үлдэх 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                Э.ЛХАГВАСҮРЭН 

ШҮҮГЧ                                                                Д.БААТАРХҮҮ