Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/00941

 

Д.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/02904 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 583 дугаар магадлалтай,

Д.М-ийн нэхэмжлэлтэй

О.О-д холбогдох,    

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 31.505.250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ариунзул, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Д.М-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр О.О-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, ЭТӨЧ гудамж, 28г үйлчилгээний зориулалттай 4 давхар обьектын, дотор засварын ажлыг хийж гүйцэтгэхээр 53.529.700 төгрөгийн өртөгтэй гэрээ байгуулсан. Ажлаа 2015 оны 11-12 дугаар сарын хооронд хийж гүйцэтгэсэн бөгөөд 13.003.500 төгрөгийн сангийн материалыг таньдаг хүнээсээ зээлж 4 давхар байшингийн сангийн ажлыг бүхэлд нь хийж гүйцэтгэж, гадна болон дотор талын хог шороог цэвэрлэж ачуулсан. Гэрээгээр бараа материалын үнэ 48.000.000 төгрөг ажлын хөлс 15.000.000 төгрөг байхаар тохиролцож 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 8.000.000 төгрөгийн урьдчилгаа төлбөр өгөхөөр тохиролцсон. Маргааны зүйл болох 13.350.000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээлгэн өгөхөд О.О- нь өөрөө хүлээн авсан. Хэрэв бараа материал чанарын шаардлага хангахгүй бол хүлээн авахгүй байж болох байсан. Иймд хариуцагчаас ажлын хөлс 8.000.000 төгрөг, материалын зардал 13.003.500 төгрөг, алданги 10.501.750 төгрөг, нийт 31.505.250 төгрөгийг өгнө үү гэжээ.

Хариуцагч О.О-ы шүүхэд гаргасан тайлбарт: Бидний хооронд 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Үйлчилгээний барилгын дотоод засварын ажлыг 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр бүрэн хийж дуусгахаар тохиролцсон. 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б.Мөнгөнсүх ажлаа хийж дууссаны дараа тухайн ажлыг шалгахад анх тохиролцсон барилгын чанар бүхий материалаар хийгээгүй байсан. Д.М-эд бэлэн болон бэлэн бусаар 1.300.000 төгрөг өгсөн. Хамгийн сүүлд 150.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэхүү ажилд шаардагдах материалыг зах зээлийн үнэлгээнээс хэт өндөр үнэлсэн. Алдангийн хувьд гэрээнд заасан хугацаандаа мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй бол төлөх ёстой төлбөр. Гэтэл төлбөр төлөх хугацаа 2015 оны 12 сарын 30-ны өдөр байсан бөгөөд энэ хугацаа болоогүй байхад нэхэмжилсэн учир алданги нэхэмжлэх эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/02904 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4., 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.О-аас 20.277.750 төгрөгийг гаргуулж Д.М-эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11.227.500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315.480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 259.339 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 583 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/02904 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 20.277.750 төгрөгийг гэснийг 13.182.450 төгрөгийг гэж, үлдэх 11.227.500 төгрөгт гэснийг үлдэх 18.322.800 төгрөгт гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн 2 дахь заалтын 259.339 төгрөгийг гэснийг 223.862 төгрөгийг гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 236.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч О.О- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Миний бие 4.934.150 төгрөгийг алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Ажил гүйцэтгэгч Д.М- нь гэрээгээр тохирсон ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй гэсэн шинжээчийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх үндэслэсэн атлаа алданги тооцох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгтэй зөрчилдөж байна. Нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийг 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор 100 хувийн гүйцэтгэлтэйгээр хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх байсан. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлуудаас зөвхөн паарыг суулгаад 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажлаа хаяад явсан бөгөөд гэрээний хавсралтаар нэг бүр нь 200.000 төгрөгийн үнэ бүхий 45 ширхэг паарыг чанарын өндөр түвшинд угсарч суурьлуулах ёстой байсан атал чанарын шаардлага хангахгүй хямд үнэтэй буюу зах зээлийн ханш нь 30.000-40.000 төгрөгийн үнэтэй муу паарыг дутуу суурилуулж үүнийгээ нэг бүрийг нь 200.000 төгрөгийн үнэтэй гэсэн. Уг паарыг солихыг удаа дараа шаардаж байсан. Д.М- нь өөрөө гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэрээний дагуу төлбөр төлөх хугацаа дуусаагүй байхад дур мэдэн ажлаа хаяж явсан тул алданги 4.394.150 төгрөг гаргуулах үндэслэлгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.М-, О.О-аас 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлс 8.000.000 төгрөг, материалын үнэ 13.003.500 төгрөг, алданги 10.501.750 төгрөг, нийт 31.505.250 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч “...ажлаа бүрэн хийгээгүй, ...чанар муутай паар суурилуулсан...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 20.277.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 11.227.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс 13.182.450 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.

Хариуцагч О.О-ы хяналтын шатны шүүхэд гаргасан “алданги гаргуулсныг хэрэгсэхгүй болгуулах...” гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Зохигчийн хооронд 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр бичгийн хэлбэрээр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр Д.М- нь О.О-ы захиалгаар Сонгинохайрхан дүүргийн, 14 дүгээр хороо, ЭТӨЧ гудамж 28Г үйлчилгээний зориулалттай барилгын дотор заслын ажлыг 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх, О.О- ажлын хөлс 15.000.000 төгрөг, урсгал засвар, материалын үнэд 38.529.700 төгрөг, нийт 53.539.700 төгрөг төлөх үүргийг харилцан хүлээжээ. 

Дээрх  гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан, хүчин төгөлдөр болохыг хоёр шатны шүүх хуульд нийцүүлэн дүгнэсэн байна.

Анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу хэргийн нотлох баримтыг үнэлээгүй гэх  магадлалд заасан үндэслэлийг үгүйсгэх боломжгүй байна.

Талууд гүйцэтгэсэн ажил, материалын чанарын талаар маргасан боловч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хүлээлгэн өгсөн ажлын үр дүнгийн хэмжээнд ажлын хөлс төлөх үүргийг захиалагч хүлээх ба энэ үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлжээ.

Нэхэмжлэгч Д.М- нийт 34 паарыг суурилуулах ажлыг гүйцэтгэснийг  хариуцагч О.О- хүлээн авч, ашиглаж байгааг үгүйсгээгүй бөгөөд талуудын хүсэлтээр томилогдсон шинжээч нийт 8.788.300 төгрөгийн ажил гүйцэтгэснийг тогтоожээ.

Давж заалдах шатны шүүх дээрхи нотлох баримтыг үнэлэхдээ хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үздэг. Гэрээний 3-т талууд үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлбэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож хоног тутамд алданги төлөхөөр, гэрээний 1-д ажлын хөлсийг хугацаа зааж хэсэгчлэн төлөхөөр талууд тохиролцсон, уг хугацаа хэтэрсэн байна. Иймд ажлын хөлс, материалын зардал  8.788.300 төгрөгийн 50 хувиар алданги тооцож нэхэмжлэлийн шаардлагаас нийт 13.182.450 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 583 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 85.257 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ