| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2016/0569/И |
| Дугаар | 130/ШШ2016/00624 |
| Огноо | 2016-10-18 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 130/ШШ2016/00624
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, Б овогт Хын Аийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 16 дугаар цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ө сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 35 дугаартай Хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус цэцэрлэгийн гэрээт цагаан хэрэглэл угаагчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.
Нэхэмжлэгч Х.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.А миний бие тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн "Ажилд томилох тухай" 09 дугаартай тушаалаар "цэцэрлэгийн гэрээт цагаан хэрэглэл угаагч"-ийн ажилд томилогдсон бөгөөд ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргээ зохих журмын дагуу чанд гүйцэтгэж ирсэн билээ. Гэтэл эрхлэгч Б.Б нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн тул эрхлэгчийн 35 дугаар тушаалыг эс зөвшөөрч хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохоор энэхүү гомдлыг иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна. Ө сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн "Хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцлах тухай" 35 дугаартай тушаалыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд:
4. Хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцлах тухай 35 дугаартай тушаалдаа Хөдөлмөрийн хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй байх тул уг тушаал нь "Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино" гэх хуулийн шаардлагыг хангаагүй.
5. Намайг анх ажилд томилохдоо 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ /2016.03.01-2016.06.01/ байгуулсан ба уг гэрээг цуцлах тушаалыг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гаргасан байна. Харин хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах үед аль нэг тал гэрээ цуцлах санал гаргаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт "Хөдөлмөрийн хугацаатайгэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно" гэж заасны дагуу надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа анх заасан хугацаагаар буюу 3 сарын хугацаагаар дахин сонгогдсон мөртлөө эрхлэгч 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн мөн оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гэрээг цуцалсан мэт болгож нөхөн гаргасан 34 тоот тушаал нь хуулийн дээрх заалтад нийцээгүй байна.
6. Х.А би 6 сартай жирэмсэн эх байсан боловч үүнийг харгалзан үзээгүйгээр тус цэцэрлэгийн эрхлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг ноцтой зөрчиж намайг ажлаас халсан байна. Иймд Ө сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн "Хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцлах тухай" 35 дугаартай тушаал нь хуульд нийцээгүй бөгөөд ажилтан Х.А миний хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар хязгаарласан байх тул уг тушаалыг хүчингүй болгож намайг тус цэцэрлэгийн гэрээт цагаан хэрэглэл угаагчийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч Ө сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд Х.Аийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Тус хүүхдийн 16-р цэцэрлэг нь 2016 оны 2 дугаар сард байгуулагдан би эрхлэгчээр нь томилогдсон бөгөөд аймгийн Засаг дарга болон бусад холбогдох хэлтсүүдээс хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулан ажиллуулахыг үүрэг болгож хэдэн хүн өгсний нэг нь Х.А юм. Би Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг үндэслэн 2016.03.01-ний өдрөөс 2016.06.01-ний өдөр хүртэл хөдөлмөрийн хугацаатай гэрээ хийж цагаан хэрэглэл угаагчаар авч ажиллуулсан бөгөөд 06 дугаар сарын 01-ний өдөр хүүхдүүдийг тарааж, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсохтой зэрэгцэн Х.Аийн гэрээний хугацаа ч дуссан. Тэрээр мөн өдрөөс эхлэн ажилдаа ирээгүй бөгөөд ирэх шаардлага ч байгаагүй. 7-р сард түүний авах ёстой үр дүнгийн урамшууллын мөнгийг өгсөн. Нэгэнт хөдөлмөрийн хугацаатай гэрээ нь 2016.06.01-ний өдөр дуусгавар болсон тул би түүнийг ажлаас чөлөөлөх тушаалыг нь гаргахад яараагүй. Харин чөлөөлөх тушаалдаа гэрээний хугацаа дуссан өдрөөс бус 7-р сарын 01-ний өдрөөс тасалбар болгон чөлөөлснийг дурдсан байна. Өөрөөр хэлбэл гэрээнд заасан хугацаа дуссан өдрөөс хойш Х.А нь ажил үүрэг гүйцэтгээгүй болно. Би Х.Аийн авах ёстой урамшууллын мөнгө 7-р сард ирж, 7-р сарын цалингийн цэсээр гарсан. Уг тушаалд 07-р сарын 01-ний өдрөөс чөлөөлсөн гэж дурьдсан нь техникийн алдаа болсон байна. Иймд Х.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Нэхэмжлэгч Х.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие Х овогт А Ө сумын 9 дүгээр багт оршин суудаг, эцэг, эх маань нас барсан бүтэн өнчин хүн байгаа. Эцэг маань даралтын улмаас, эх маань авто осолд ороод нас барсан. Сургуулиа төгсөөд 3-4 жил зовж зүдэрч байж арай гэж ажилд орсон. Энэ жилийн өвөл нөхөрт гарсан. Ажилд ороод амьдралын боломж одоо нэг гайгүй болоод ирж байхад ажлаас халагдсан. Одоо ам бүл 6, хадам ээж, хадам дүү нар, нөхрийн хамт амьдардаг бөгөөд гэрт надаас өөр ажил хийдэг хүн байхгүй, амьдралын боломж муу. 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр арай гэж ажилд орсон. Ажилд орох үед анхны цалингаа аваагүй байгууллагын дотор хивс зэрэг хэрэгцээний эд хогшил авсан. Ажилтнууд чадах чинээгээрээ ажиллаж байсан. 2016 оны 06 дугаар сарын 15-ний өдөр хүртэл ажил хийсэн бөгөөд тэгээд зуны амралтдаа явсан. Би ажил гараад хөдөө явсан байсан. Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр эрхлэгч дуудаж ажлаас чөлөөлөгдсөн гэж хэлсэн. Баян-Өлгий аймгийн Ө сумын Хүүхдийн 16 дугаар цэцэрлэгт угаагчийн ажил хийж байсан. Ө сумын Хүүхдийн 16 дугаар цэцэрлэгчийн эрхлэгчийн 2016 оны 08 дугаар сарын 03-ний өдрийн тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан угаагчийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна. Одоо хүртэл миний орон тоонд хүн аваагүй. Ер нь нэмж 2 хүн шинээр ажилд авсан байсан бөгөөд нэг нь туслах тогооч. Ажлаас гарсан тушаалыг бид нарыг дуудаж 2016 оны 09 дүгээр сарын 06-ний өдөр гардуулсан. Тухайн үед өөрийгөө түр хугацаагаар ажиллаж байсан гэдгийг мэдээгүй, 2016 оны 09 дүгээр сарын 06-ний өдөр тушаал гардуулах үед мэдсэн гэв.
Хариуцагч Ө сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Аийг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулсан. Хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг баримтлан ажлаас чөлөөлсөн тул ямар нэгэн байдлаар Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн асуудал байхгүй. Хариуцагчийн зүгээс холбогдох бүх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөн тул шүүх хэргийг нотлох баримтын хүрээнд шийдэх байх гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Х.А нь Ө сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 35 дугаартай Хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус цэцэрлэгийн гэрээт цагаан хэрэглэл угаагчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ
Нэхэмжлэгч Х.А нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хуулийн хугацаанд гомдлоо шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч Х.Аийг Ө сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалт, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн тус цэцэрлэгийн гэрээт цагаан хэрэглэл угаагчийн ажилд түр томилон авч ажиллуулсан байна.
Нэхэмжлэгч Х.А нь Баян-Өлгий аймгийн Ө сумын 16 дугаар цэцэрлэгт 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэрээт цагаан хэрэглэл угаагч-ийн ажилд томилогдож, ажил олгогчтой хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан нь хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Ө сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаартай тушаал болон ажилтан ажил олгогч нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр тус тус нотлогдож байна.
Ө сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 35 дугаартай Хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцлах тухай тушаалаар Х.Атэй байгуулсан хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дууссан тул 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцалсан байна.
Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримтлах, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргана гэж заасан байхад ажил олгогч Ө сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нь 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 35 дугаартай Хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцлах тухай тушаал гаргахдаа дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.
Хариуцагч Ө сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нь ажилтан Х.Ад Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан үүргээ зөрчиж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэн зуруулж, баталгаажуулаагүй бөгөөд хариуцагч талаас энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгч чадаагүй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасан бөгөөд ажил олгогч Ө сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Б 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаартай тушаалаар Х.Атэй 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулснаар уг хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан өдөр ажил олгогч нь ажилтан Х.Аийг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй тул ажилтан ажил олгогч нарын хооронд байгуулагдсан хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа үргэлжлэн сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Х.А нь 6 сартай жирэмсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан 136 дугаартай эмнэлгийн тодорхойлолтоор нотлогдож байгаа ба Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, эхийг . ажлаас халахыг хориглоно гэж заасныг зөрчиж, ажил олгогч Ө сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нь Х.Аийг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Шинжлэн ухаан Боловсролын сайд, Сангийн сайдын 1995 оны 227/119 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Хүүхдийн цэцэрлэгийн захиргаа, үйлчилгээний ажилтны орон тооны үлгэрчилсэн норматив-ыг баримталж, хүүхдийн цэцэрлэгийн бүтэц орон тоог тогтоох ёстой байтал Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр А/208 дугаартай захирамж гаргаж, Ө сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн бүтэц орон тоог баталсан нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна.
Мөн хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Ш.Хын 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2-01/1783 дугаартай албан бичиг нь цэцэрлэгийн эрхлэгч нарт 50 хүүхдийн цэцэрлэгт ажиллах үндсэн орон тооноос бусад гэрээгээр ажиллагсдад олгох сарын цалин хөлсийг дахин тооцоолж төсвийн хуулийн дагуу бүрэн эрхийнхээ хэмжээнд шийдвэрлэхийг мэдэгдье гэсэн чиглэл өгсөн байна.
Ажилтан Х.А нь Ө сумын 16 дугаар цэцэрлэгт 2016 оны 03 дугаар сараас 07 дугаар сар хүртэл тусцэцэрлэгийн гэрээт цагаан хэрэглэл угаагчаар ажиллаж, цалин авч байсан болох нь ********* дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилт, мөн тус цэцэрлэгийн ажилчдын цагийн бүртгэл, цалингийн тооцооны хүснэгтээр нотлогдож байна.
Иймд Ө сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 35 дугаартай Хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Х.Аийг урьд эрхэлж байсан тус цэцэрлэгийн гэрээт цагаан хэрэглэл угаагчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч Х.А нь шүүхэд нэхэмжлэл гаргахад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ө сумын 16 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ө сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 35 дугаартай Хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Х.Аийг урьд эрхэлж байсан Ө сумын 16 дугаар цэцэрлэгийн гэрээт цагаан хэрэглэл угаагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.А улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ө сумын 16 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН