Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 223

 

 

 

 

 

 

 

 

    2020         3            06                                     223

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                          

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: О.Бямбасүрэн,

улсын яллагч: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах,

өсвөр насны шүүгдэгч: Б.Тулга, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Жаргал,

өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг /3245/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тулгад холбогдох эрүүгийн 2002 0005 50052 тоот дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2003 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 16 нас, 11 сар, 8 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянгол дүүргийн 96 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн 4 дүгээр бүлгийн сурагч, ам бүл 3, эцэг, эгч нарын хамт оршин суух, ял шийтгэлгүй, Тулга.

 

             Өсвөр насны шүүгдэгч Б.Тулга нь 2020 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “СU” түргэн хоолны газрын орчим өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, 24,8692 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Тулга мэдүүлэхдээ:

Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Тухайн өвс гэх мансууруулах төрлийн ургамлыг киноноос үзэж байсан бөгөөд мөн байж магадгүй гэж бодоод, сонирхоод 2020 оны 01 дүгээр сарын эхээр найзуудтайгаа парк дээр уулзах гэж явж байгаад замдаа ганцаараа түүсэн. Энэ үйлдлээс өөр энэ төрлийн ургамлыг түүж, бэлтгэж байгаагүй. Түүсэн ургамлаа өмсөж явсан куртикныхээ халаасанд хийсэн ба байнга тэр куртикээ өмсдөггүй болохоор мартсан байсан. Тэр хугацаанд халаасанд маань байх явцдаа өнөөх ургамал хатсан байсан. Тэгээд 01 дүгээр сарын 20-ны өдөр халааснаасаа олоод нэг удаа сонинд ороогоод татаж үзсэн. Гэхдээ ямар нэгэн нөлөө байгаагүй. Гэрч Болор-Эрдэнэ нь манай найзын ах юм. Намайг уулзъя гэсэн болохоор түүнтэй уулзсан. Түүнтэй хамт мансууруулах бодис хэрэглээгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч-Э.Жаргал мэдүүлэхдээ:

Би 2017 онд гэр бүлээ цуцлуулаад Улаанбаатар хотод 2 хүүхэдтэйгээ амьдарч байгаа. Миний хүүхэд буруу зан байхгүй. Бусдад тусалдаг, тусархүү хүүхэд юм. Сургуульдаа нэр хүндтэй, спортоор хичээллэдэг. Өөрөө эмч болох хүсэлтэй хүүхэд. Ийм хэрэг хийсэнд нь харамсаж гэмшиж байна. Залуу хүүхэд учир сонирхоод хэрэглэсэн байх гэж бодож байна. Ээжтэйгээ уулзъя гэсэн үед нь ээжтэй нь уулзуулдаг. Сургууль амрахаар ээж рүү очоод ирье гээд явсан. Би өөрөө автобусны жолооч хийдэг учир зав муутай байдаг. Цаашид хүүхдийнхээ сургууль соёлд нь анхаарна. Хүүхдээ хүмүүжүүлж чадна гэв.

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч-У.Болор-Эрдэнэ мэдүүлэхдээ:

2020 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 105 дугаар байрны 75 тоот гэртээ байж байгаад цагдаа нарт баригдсан. Тэгээд цагдаа нар манай гэрт нэгжлэг хийгээд ямар нэгэн зүйл илрээгүй. Өнөөдөр шөнө би өөрийн найз Тулгатай хамт өвс хэрэглэх гэж байгаад Тулга цагдаад баригдсан. Би ганцаараа 2 хоногийн өмнө гэмтлийн эмнэлгийн гадна хэрэглэсэн. Би өвс хэрэглэсэн ба уг өвс гэх бодисоо Төв аймгийн Зуунмод сумын ойролцоо байх амралтын газрын тэндээс 2019 оны 12 дугаар сарын эхээр түүсэн. Тухайн үед ганцаараа явган очиж түүсэн. Харин Тулгад өөрт нь өвс байгаа гэж ярьж байсан. Гэхдээ хаанаас авснаа надад хэлээгүй гэжээ. (хэргийн 25 дугаар хуудас)

 

2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Б.Тулгаас “Танд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эд зүйл, түүнийг хэрэглэхэд ашигладаг багаж хэрэгсэл болон өөр хууль бус ямар нэгэн эд зүйл байна уу” гэж асуухад “өвс байгаа” гэж хариулан өөрийн үүрч явсан хар өнгийн үүргэвчнээс скочдож боосон “өвс” гэх нэршилтэй бодисыг гаргав гэжээ. (хэргийн 10 дугаар хуудас)

 

2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд:

-МЕТ хэсгийн Т, С түвшинд 2 улаан зураас сөрөг / илрээгүй /

-АМР хэсгийн Т, С түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/

-СОС хэсгийн Т, С түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/

-ТНС хэсгийн Т, С түвшинд 2 улаан зураас сөрөг / илрээгүй /

-КЕТ хэсгийн Т, С түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/

-OPI хэсгийн Т, С түвшинд 2 улаан зураас сөрөг / илрээгүй /

-TML хэсгийн Т, С түвшинд 2 улаан зураас сөрөг / илрээгүй /

-LSD хэсгийн Т, С түвшинд 2 улаан зураас сөрөг / илрээгүй /

-MOR хэсгийн Т, С түвшинд 2 улаан зураас сөрөг / илрээгүй /

-MDMA хэсгийн Т, С түвшинд 2 улаан зураас эерэг / илрээгүй / гэж зааж байгаа нь Б.Тулга Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн гэж урьдчилсан байдлаар зааж байгаа болохыг тэмдэглэлд тусгав гэжээ. (хэргийн 8 дугаар хуудас)

 

Мөрдөгчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд:

Б.Тулга нь 2020 оны 01 дүгээр сарын 25-наас 01 дүгээр сарын 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “CU” гэх нэртэй түргэн хоолны газрын орчим өөрийн биедээ “өвс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх хэрэгт Б.Мөнгөнтулгын биед үзлэг хийх явцад хураагдсан гялгар уутны хамт 28.6 грамм өвс гэх нэршилтэй ургамлыг эд мөрийн баримтаар тооцох үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон эрүүгийн 200200055 дугаартай хэрэгт Б.Мөнгөнтулгын биед үзлэг хийх явцад хураагдсан уутны хамт 28.6 грамм “өвс” гэх нэршилтэй ургамлыг эд мөрийн баримтаар тооцов гэжээ. (хэргийн 21 дүгээр хуудас)

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 759 тоот дүгнэлтэд:

1.2.Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Гялгар уутанд хийсэн бор шаргал өнгийн ургамал мэт зүйлээс Дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно.

З. Бор шаргал өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 29.1056 грамм, цэвэр жин нь 24.8692 грамм байна гэжээ. (хэргийн 33-34 дүгээр хуудас)

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 132  тоот дүгнэлтэд:

1. Б.Тулга нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Б.Тулга одоо сэтгэцийн ямар нэг эмгэггүй байна.

3.  Б.Тулга сэтгэцийн ямар нэг эмгэггүй байна.

4. Б.Тулга мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Б.Тулга нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна.

6. Б.Тулга сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.

7. Б.Тулгад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

8. Б.Тулга мансуурах донтой, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна гэжээ. (хэргийн 39-40 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудасанд:

Б.Тулга нь урьд ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 55 дугаар хуудас)

 

             ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Тулга нь 2020 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “СU” түргэн хоолны газрын орчим өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, 24,8692 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч У.Болор-Эрдэнийн мэдүүлэг, 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 759 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгасан, Нийслэлийн прокурорын газраас Б.Тулгад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн үйл баримттай тохирч байна.

 

Иймд шүүгдэгчийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. 

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Б.Тулгад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хувийн байдлаар төлөв, томоотой, анх удаа гэмт хэрэг үйдсэн зэрэг байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж хуульчилжээ.

 

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Б.Мөнгөнтулгын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, 11 дүгээр ангийн сурагч, хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, уг гэмт хэргийн улмаас Үндэсний аюулгүй байдал болон олон нийтийн эрх ашигт учрах хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялын доод хэмжээг хоёр дахин багасгаж, 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д “Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил түүнээс доош хугацаагаар  тогтоосон ... гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3-т заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно”,

          мөн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн ...хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж тус тус заажээ.

 

          Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Тулгад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 06 /зургаа/ сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Тулгад оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг үлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэж, шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гялгар ууттай 24.8692 грамм “Каннабис” гэх зүйлийг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгах нь зүйтэй.

 

          Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

   1. Өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Жаргалын Мөнгөнтулгыг  хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Мөнгөнтулгыг 06 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Тулгад оногдуулсан 06 /зургаа/ сарын хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Тулгад 06 /зургаа/ сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Тулгад оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Тулга нь шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд Б.Тулга нь санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг дурдсугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Б.Тулга” гэсэн бичиглэл бүхий сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган хадгалж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “Каннабис” гэх 24.8692 грамм ургамал мэт зүйлийг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

 

            10. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            12. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тулгад хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

              

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ОЮУН