Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 230

 

 

 

 

 

 

 

 

   2020         3          10                                        230      

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                             

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Н.Өсөхжаргал, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Оюунжаргал,

хохирогч: Ж.Хал, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан /0741/,

шүүгдэгч: Б.Дах  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Дах ад холбогдох эрүүгийн 2005 0008 20222 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Дах .

 

Шүүгдэгч Б.Дах  нь 2019 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алмаз” гэх цэнгээний газарт иргэн Ж.Хал руу шил шидсэний улмаас биед нь хамар ясны бяцарсан хугарал, тархи доргилт, баруун, зүүн нүдний буланд цус хуралт, дух, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Дах  мэдүүлэхдээ:

Энэ хэрэг 2019 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө “Алмааз” гэдэг бааранд болсон. Хохирогч Хал тухайн үед эрээн цамцтай залууд 2-3 удаа түлхүүлж байсан. Тэрийгээ хэлэхгүй байгааг би гайхаж байна. Бас хоёр гурван хамгаалагч нартай түлхэлцээд муудалцаад байснаа хүртэл яриагүй байсан. Манай найз охины уруулыг сэтлээд, миний үснээс хүртэл зулгаасан. Миний үс халцарсан. Анх хохирогч болон түүнтэй хамт явж байсан хүмүүс эхэлж намайг өдсөн. Тэд гуталгүй хүртэл яваад байсан. Би “гутлаа өмсөөч миний дүү” гэсэн чинь “хөл өвдөөд байна, гуталгүй ингээд явмаар байна” гэсэн. Тэд ямар ч биеэ удирдах чадваргүй байсан. Би зүгээр байж байсан ба архины шил аваад буцаагаад тавьсан нь үнэн. Намайг бүгд л архины шил шидчихлээ гээд байсан. Гэхдээ би шил шийдээгүй. Цагдаад би дуудлага өгсөн. Камерийн бичлэг үзье гээд хяналтын камерийн өрөөнд байж байтал 20-30 минутын дараа гаднаас над руу пивоны шил шидчихлээ гээд орилсон. Гэтэл тэнд байсан хамгаалагч нар “та шидсэн” гээд над руу дайрсан. Би архи уудаггүй, архины харшилтай. Тэр өдөр 2 шил пиво уусан байсан. Согтоогүй байсан. Би хохирогчийн биед гэмтэл учруулаагүй. Хохирогч болон түүний найзууд намайг үсдээд, чирээд, татаад байсан. Би “цагдаа дууд” гэж хэлсэн. Цагдаа ирэхээр намайг гомдлоо бичээд өг гээд хоёр хамгаалагч цагдаа дуудаад байж байсан чинь энэ охинтой цуг явж байсан нэг охин идээд миний толгой руу цохиод “чи яахаараа цагдаа дууддаг юм” гэсэн. Тэгээд удаагүй энэ охин хамраа цохиулсан гээд ороод ирсэн. Би энэ охиныг цохиогүй гэж цагдаад харуулах гэж камерийн өрөөнд орсон байсан. Камерийн өрөө рүү орохдоо хамгаалагч, хоёр цагдаа гээд тавуулаа орсон. Камерийн өрөөнд ороод 20-30 минутын дараа би хохирогчийг хамраа гэмтээсэн гэдгийг мэдсэн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Ж.Хал мэдүүлэхдээ:

Би 2019 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө “Алмааз” бааранд 5 найзтайгаа орсон. Түрүүлж найз нараа буулгаад би машинаа зогсоолд байрлуулаад араас нь орсон. Найз нартайгаа бид нар вип өрөөнд ороод нэг 0.75 шилтэй архи захилсан. Би тэр архинаас 20 грамм л уусан. Бүжгийн талбай дээр очоод бид 6 бүжиглэсэн. Золжаргал гээд манай хуурай эгч бага зэрэг согтолтой байсан бөгөөд бүжиглэж байхдаа Золжаргал эгч энэ охины бэлхүүснээс татсан.  Тэгтэл энэ охин эргэж харснаа “гичий” гэж хэлсэн. Тэр үйлдлээс болж бид хоёр үсдэлцэж авсан. Удалгүй хамгаалагч нар ирээд бид хоёрыг салгасан. Тэр үед Дах  тэрүүгээр орилоод яваад байсан. Гэтэл нэг залуугийн хажуугаар зөрөх шиг болсон чинь пивоны шил ирээд намайг цохисон. Би доошоо болоод харсан чинь цус гарч байсан. Дах  намайг шилээр цохихыг хамгаалагч болон манай найзууд харсан. Тэгээд “миний хамрыг хараа, би ингэж орж ирээгүй биздээ эгчээ” гээд хажууд байсан хоёр эгчид хэлсэн чинь “тайван бай, цагдаа дуудсан” гэж хэлсэн. Би тэгээд энэ охиныг харсан чинь хамт явж байсан охинтойгоо мөн улаан куртиктэй залуутай гарах гэж байсан. Тэр үед манай найз охидууд очоод барьж авсан. Удалгүй цагдаа орж ирсэн. Хэрэг шалгагдах явцад байцаагч бид хоёрыг уулзуулсан. Гэтэл хүний нүүрийг ийм болгосон атлаа надаас огт уучлалт гуйгаагүй. Надад “би албадан ажил хийх ял авчихна, чи өөрөө ч зүгээр байгаагүй” гээд байсан. Эмэгтэй хүний нүүрийг ийм болгочихоод уучлалт гуйхгүй, “бүдүүн, тарган” гээд намайг доромжилсон. Би үнэхээр их гомдолтой байна. Адилхан эмэгтэй хүн, хүний амьдарлаар оролдоод яах вэ гэж бодсон ч надаас уучлалт гуйгаагүйд гомдолтой байна. Би хагалгаанд орсон боловч хагалгааны зардлыг маань гаргаж өгөөгүй. Би өөрөөсөө мөнгөө гаргаж хагалгаанд орсон. Хагалгааны зардал 3 050 000 төгрөг болсон. Би өдөр болгон эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэж байгаа. Нийт 3 400 000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд эм, тариа авсан болон хагалгааны зардал гээд бүгд орсон гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-А.Эрдэнэжаргал мэдүүлэхдээ:

Би Модны хоёрт байрлах “Алмааз” бааранд хамгаалагч хийдэг юм. 2019 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө ажил дээрээ байж байтал манай заал зохион байгуулагч бүжгийн талбай дээр зодоон болоод байна гэхээр нь би бүжгийн талбай дээр очиход манай баарны хамгаалагч Оргилболд, Батбаяр хоёр зодоон салчихлаа, энэ хоёр зодолдоод байна гээд хоёр эмэгтэйг бариад зогсож байсан. Зодолдсон гэх хоёр эмэгтэйн нэгийг нь ширээн дээр аваачиж суулгаад байж байтал бүжгийн талбай дээр муудалцаад байсан нөгөө эмэгтэй өөрийнхөө ширээн дээр ирж суусан. Тэр хоёр эмэгтэй зэргэлдээ ширээнд сууж үйлчлүүлж байсан юм билээ. Тэгээд тэр хоёр тус тусын ширээндээ суугаад нэг нэгнийгээ хэл амаар доромжлоод муудалцаж байтал нэг эмэгтэйнх нь найз бололтой эмэгтэй ирээд миний урд сууж байсан эмэгтэйн араас нь үсдэхэд манай хамгаалагч Оргилболд татаж салгаад өрөө рүү нь оруулахад миний урд сууж байсан, үснээсээ зулгаалгасан эмэгтэй өөрийнхөө ширээн дээрээс пивоны шил аваад нөгөө хоёр эмэгтэй рүү шидэхэд манай хамгаалагч Оргилболдын баруун мөрөн дээгүүр даваад цаана нь байсан хүнийг оносон. Яг хэнийг оносныг би хараагүй. Гэтэл Оргилболд цаанаас анх бүжгийн талбай дээр муудалцаад ширээн дээр ирсэн хойноо хэл амаар нэгнийгээ доромжилж муудалцаад байсан эмэгтэйн нүүрийг оночихлоо гээд хамар болон духнаас нь цус гарчихсан байсан. Би тухайн пиво шидсэн эмэгтэйг ширээн дээрээс шил аваад шидэхийг нь харсан боловч барьж авч амжаагүй. Шидсэнийх нь дараа барьж авсан. Тэгээд нөгөө эмэгтэйг барьж аваад ширээнийх нь цаад булан руу аваачаад байж байтал нөгөө пивоны шилэнд оногдсон эмэгтэйтэй цуг явсан эмэгтэй манай найз руу пивоны шил шидчихлээ гээд хэлсэн чинь нөгөө пивоны шил шидсэн эмэгтэй дахиад архины шил авч нөгөө эмэгтэй рүү шидэх гэхэд нь би гартаа барьсан архины шилийг нь булааж аваад ширээн дээр тавьсан. Тэгээд хүмүүс бужигнээд байж байтал нөгөө шил шидсэн эмэгтэй цуг явж байсан хүмүүсийн хамт манай баарнаас гарч явах гэхэд манай хамгаалалтын албаны ахлах Оргилболд “цагдаа дуудчихсан байгаа, иртэл нь байлгаж бай” гэж хэлэхээр нь би тэд нарыг камерийн өрөө рүүгээ оруулаад цагдаа ирэхэд нь хүлээлгэж өгсөн гэжээ. (хэргийн 24-25 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-С.Батбаяр мэдүүлэхдээ:

Би “Алмаз” бааранд хамгаалагч хийдэг юм. 2019 оны 12 дугаар сарын 28-наас 29-ний шилжих шөнө ажлаа хийгээд байж байтал бүжгийн талбай дээр хоёр эмэгтэй муудалцаад нэгнийгээ үсдчихсэн байсан. Тэгээд надтай нийлээд гурван хамгаалагч очиж, нөгөө хоёр эмэгтэйг салгаад тухайн хоёр эмэгтэйг сууж байсан суудал руу нь аваачсан. Тэр хоёр эмэгтэй зэргэлдээ ширээн дээр сууцгааж байсан юм. Суудал дээр сууцгаасныхаа дараа хүртэл нэгнийгээ янхан, гичий гэх мэтээр хараагаад байсан. Тэгж байтал урт үстэй, хар бараан өнгийн цамцтай эмэгтэй ширээн дээрээс нэг юм аваад нөгөө муудалцаж байсан эмэгтэйн зүг рүү шидсэн. Удалгүй нөгөө муудалцаж байсан эмэгтэй нүүрээ дараад аймаар орилоод үүд рүү гүйгээд явсан. Тэгээд араас нь би очиход нөгөө эмэгтэйн хамар болон зүүн нүд хэсэг нь битүү хавдаад, маш их цус гарч байсан гэжээ. (хэргийн 26 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ц.Оргилболд мэдүүлэхдээ:

Би “Алмаз” бааранд хамгаалагч хийдэг юм. 2019 оны 12 дугаар сарын 28-наас 29-ний шилжих шөнө би ажлаа хийж байтал манай Дижи микрофоноор хамгаалагчаа гээд дуудахаар нь бүжгийн талбай дээр очиход бүжгийн талбай дээр хоёр эмэгтэй хоорондоо үсдэлдчихсэн, манай хамгаалагч нар салгаж байсан. Тэгээд тухайн хоёр эмэгтэйг тус тусын ширээ рүү нь авч очоод байж байтал бүжгийн талбайгаас нэг эмэгтэйнх нь найз бололтой нэг эмэгтэй ирээд бид нарын ширээн дээр суулгах гэж байсан нөгөө эмэгтэйн араас нь үсдэх гэж оролдох үед би үсдэх гэж байсан эмэгтэйг кабин руу оруулаад байж байтал миний хажуугаар пивоны шил шидсэн. Тухайн үед шидсэн пивоны шил нь миний өргөж кабин руу оруулсан эмэгтэйн толгойн дээр нь эхлэж оноод ойгоод хажууд байсан эмэгтэйн нүүрэн тус газар болох хоёр хөмсөгний гол хэсэгт нь оносон. Тэгээд эргээд хартал манай хамгаалагч Эрка “энэ эмэгтэй шил шидчихлээ” гээд нөгөө бүжгийн талбай дээр үсдэлцсэн гээд бид нарын салгаж ширээн дээр нь авчирсан эмэгтэйг барьж авахаар нь би очиход нөгөө эмэгтэй ширээн дээрээсээ архины шил аваад дахин шидэх гэж оролдох үед нь болиулсан. Тэгээд нөгөө пивоны шилэнд оногдсон эмэгтэйн хамар нь тэгшрээд хавдчихсан, хоёр хөмсөгний гол хэсгээс нь цус гараад нойлын өрөө рүү явсан гэжээ. (хэргийн 27 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Золжаргал мэдүүлэхдээ:

2019 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Ундрах, Оюун-Эрдэнэ, Солонго, Саранзаяа нарын хамт бид тав Модны хоёрт байрлах “Алмаз” гэдэг бааранд орж үйлчлүүлсэн юм. Бид нар тухайн бааранд ороод нэг шил архи авч уунгаа бүжиглэцгээж байсан. Бүжгийн талбай дээр Халаа, Оюун-Эрдэнэ бид гурав бүжиглэж байгаад миний хөл хальтарч унах гэж байгаад хажуудаа бүжиглэж байсан эмэгтэйн бүсэлхийнээс нь түшээд босоход нөгөө эмэгтэй “чи яахаараа хүний биед хүрдэг юм” гээд миний нүүр рүү гараараа түлхээд, намайг унагаасан. Гэтэл манай дүү Хариунаа намайг түшиж босгоод нөгөө эмэгтэйг “чи яахаараа манай эгчийг түлхэж унагаадаг юм” гээд бид нар маргалдаж эхэлсэн. Тэгтэл манай дүү Халаа нөгөө эмэгтэйтэй маргалдаж байгаад нэг мэдсэн чинь тэр хоёр нэгнийгээ үсдээд эхэлсэн. Тэгэж байтал хамгаалагч нар ирээд тэр хоёрыг салгаад ширээ рүү нь аваад явсан. Би Солонгоог дагуулаад нойл руу явсан юм. Нойлоос гараад бүжгийн талбай дээр очиход манайхны хэн ч байгаагүй. Тэгээд сууж байсан кабин руугаа очиход манай дүү Халаагийн хамраас нь цус гарчихсан, “цагдаа дуудаарай, туслаарай” гээд орилоод байж байсан. Би сандараад очиход Халаагийн хамраас маш их цус гараад хамар нь аймаар том хавдчихсан байсан. Тэгтэл нөгөө бүжгийн талбай дээр муудалцаж Халаатай үсдэлцээд байсан эмэгтэй “хохь чинь, новш минь” гэхээр нь би “чи яаж байгаа юм бэ” гэтэл над руу ширээн дээр байсан пивоны шил аваад шидсэн. Тухайн шидсэн пивоны шил нь миний толгойн зүүн хэсэгт оносон. Би толгойгоо бариад цагдаа дуудаад өг гэхэд тухайн баарны тасалбар таслаж өгч байсан эмэгтэй цагдаад дуудлага өгсөн гэжээ. (хэргийн 28 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Бадамцэцэг мэдүүлэхдээ:

2019 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Дах , Сараа болон Сараагийн найз гэх нэг хүүхний хамт Модны хоёрын “Алмаз” нэртэй бааранд орж үйлчлүүлсэн. Тухайн баарны нэг давхарт таньдаг эрэгтэй найз Дашка, Уки хоёртой таараад бид нар зургуулаа хамт тухайн бааранд ороод цуг нэг ширээнд суугаад хоёр шил архи, зургаа, долоон шил пиво хувааж уугаад бүжиглэж байгаад би Дах ад зориулж баарны Дижи-д хэлж байгаад дуу захиалаад Дах  бид хоёр бүжгийн талбай дээр гараад миний захиалсан дуунд бүжиглэж байтал Дах ыг нэг танихгүй эмэгтэй толгойтой үснээс нь үсдсэн бөгөөд би очиж салгах гэж байтал хамгаалагч нар ирээд тухайн эмэгтэйг Дах аас салгасан. Тэгээд хамгаалагч нар тэр хоёрыг салгаад сууж байсан ширээн дээр маань бид хоёрыг суулгасан. Тэр үед Дах  “үснээс зулгаагаад миний үс тугаараа уначихлаа, би яахаараа зүгээр байж байгаад хүнд үсдүүлэх ёстой юм” гэж байсан. Тэгээд бид хоёр ширээн дээрээ сууж байтал нэг махлаг, саарал цамцтай эмэгтэй хүрч ирээд Дах  тэр хоёр маргалдаад, нэгнийгээ хэл амаар доромжлоод байсан. Тэр хоёр маргалдаж байхад хоёр хамгаалагч тэр хоёрыг хооронд нь зодолдуулахгүй гээд нөгөө саарал цамцтай эмэгтэйн өөдөөс хараад, нэг хамгаалагч нь Дах ын урд зогсоод байж байтал цаанаас нэг эмэгтэй “хөөе, та нар манай найзын хамрыг яаж байгаа юм бэ, хүний хамар ийм болгочихлоо” гээд бид нар дээр ирсэн. Тэгээд бид нартай явж байсан эрэгтэй найз Дашка “хэдүүлээ энэ баарнаас гаръя, одоо наад асуудал чинь зууралдсан хачин юм болно” гэхээр нь гарах гэтэл нэг эмэгтэй нь бид нарыг “ хүний хамар гэмтээчихээд хаачих гээд байгаа юм” гээд гаргахгүй байсан гэжээ. (хэргийн 30-31 дүгээр хуудас)

 

2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

20191230_220926: Бичлэгийг эхнээс нь уншуулахад хяналтын камер “Алмаз” баарны дотор заалны зүүн хойд талаас харуулж байх камер байв. Бичлэгийг явуулахад 2019.12.29 02:37 минут гэсэн он, сар өдөр цаг байв. Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алмаз” баарны ордог талын заал хэсгийг зүүн хойд талаас харуулсан  хяналтын камерын бичлэг байх бөгөөд тус камерийн бичлэг дээр цагаан өнгийн цамц өмссөн эмэгтэй байх бөгөөд уг эмэгтэй нь Б.Дах тай цуг явж байсан Д.Бадамцэцэг мөн байв. Түүний өөдөөс хар өнгийн ханцуйгүй фудболка өмссөн эрэгтэй харан зогсож байв. Хар өнгийн богино ханцуйтай фудболка өмссөн зогсож байх эрэгтэй тухайн баарны хамгаалагч Батбаяр мөн байв. Хамгаалагч Батбаярын өөдөөс харан зогсох цагаан цамцтай эмэгтэйн зүүн талд зогсож байх хар өнгийн хувцастай эмэгтэй бол Б.Дах  мөн байв. Улаан хүрэн өнгийн цамцтай доогуураа хар өнгийн өмдтэй эрэгтэй камерийн бичлэгт ширээнүүдийн голоор явж байх ба уг эмэгтэй хохирогч Ж.Хал явж байв. Уг бичлэгийн зүүн доод талд ширээн дээр буланд нь бор өнгийн шил болон ус, шилэн хундага зэрэг зүйлс байв. Тус бичлэг дээр Б.Дах  болон баарны хамгаалагч нар өөд өөдөөсөө харан зогсож байх ба Б.Дах ын толгойн ард талаас гар орж ирэн үсдэхэд хамгаалагч Оргилболд Б.Дах ыг үсдсэн гарыг тавиулах гэж оролдож байна. Энэ үед Б.Дах ыг үсдсэн хүнийг түүнээс холдуулж байх ба Б.Дах  эргэж харахад ширээний буланд байсан бор өнгийн шил алга болсон байна. Б.Дах  өөрийг нь үсдсэн хүн рүү хариу үйлдэл үзүүлэх ба энэ үед баарны хамгаалагч Оргилболд Эрдэнэжаргал нар тэднийг салгах гэж оролдож байна. Энэ камерт бичигдсэнээр хохирогч Ж.Хал нь бүжгийн талбайгаас гарч ирэн сууж байсан ширээн дээрээ ирж суух ба Б.Дах ыг ард талаас нь  толгойноос нь үсдэх ба Б.Дах  эргэж харахад ширээн дээр байсан бор өнгийн шил алга болсон байх ба энэ үед Б.Дах  хариу үйлдэл үзүүлэх ба тэр үйлдэл нь камернаас гадна болох ба хамгаалагч нар салгах гэж байна.

20191230_221904: Бичлэгийг эхнээс нь уншуулахад хяналтын камер “Алмаз” баарны заалны гадна талын лифтний хэсгийг харуулах ба бичлэгийг явуулахад он, сар, өдөр, цаг байхгүй байв. Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алмаз” баарны ордог хаалганы үүдэнд лифтний хэсэгт хохирогч Ж.Халы хамрын дээд хэсэг, хоёр хөмсөгний голд хавдар үүссэн байх ба Ж.Халы өөдөөс улаан өнгийн малгай болон улаан өнгийн куртик өмссөн эрэгтэй хүн зогсож байв гэжээ. (хэргийн 35-41 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 860 тоот дүгнэлтэд:

1. Ж.Халы биед хамар ясны бяцарсан хугарал, тархи доргилт, баруун, зүүн нүдний дотор буланд цус хуралт, дух, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. (хэргийн 13-14 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1022 тоот дүгнэлтэд:

1. Б.Дах ын биед хэвлийд шалбаралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэжээ. (хэргийн 17 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Дах  ял шийтгүүлж байгаагүй гэжээ. (хэргийн 72 дугаар хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Дах  нь 2019 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алмааз” нэртэй цэнгээний газарт хохирогч Ж.Хал руу пивоны шил шидэж, биед нь хамар ясны бяцарсан хугарал, тархи доргилт, баруун, зүүн нүдний буланд цус хуралт, дух, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь

 

хохирогч Ж.Халы ...Тэр үед Дах  орилоод яваад байсан. Гэтэл нэг залуугийн хажуугаар зөрөх шиг болсон чинь пивоны шил ирээд намайг цохисон. Би доошоо болоод харсан чинь цус гарч байсан. Дах  намайг шилээр цохихыг хамгаалагч болон манай найзууд харсан. Тэгээд “миний хамрыг хараа, би ингэж орж ирээгүй биздээ эгчээ” гээд хажууд байсан хоёр эгчид хэлсэн чинь “тайван бай, цагдаа дуудсан” гэж хэлсэн,

 

гэрч А.Эрдэнэжаргалын ...миний урд сууж байсан, үснээсээ зулгаалгасан эмэгтэй өөрийнхөө ширээн дээрээс пивоны шил аваад нөгөө хоёр эмэгтэй рүү шидэхэд манай хамгаалагч Оргилболдын баруун мөрөн дээгүүр даваад цаана нь байсан хүнийг оносон,

 

гэрч С.Батбаярын ...тэр хоёр эмэгтэй зэргэлдээ ширээн дээр сууцгааж байсан юм. Суудал дээр сууцгаасныхаа дараа хүртэл нэгнийгээ янхан, гичий гэх мэтээр хараагаад байсан. Тэгж байтал урт үстэй, хар бараан өнгийн цамцтай эмэгтэй ширээн дээрээс нэг юм аваад, нөгөө муудалцаж байсан эмэгтэйн зүг рүү шидсэн. Удалгүй нөгөө муудалцаж байсан эмэгтэй нүүрээ дараад аймаар орилоод үүд рүү гүйгээд явсан. Тэгээд араас нь би очиход нөгөө эмэгтэйн хамар болон зүүн нүд хэсэг нь битүү хавдаад маш их цус гарч байсан,

 

гэрч Ц.Оргилболдын ...Тэгээд тухайн хоёр эмэгтэйг тус тусын ширээ рүү нь авч очоод байж байтал бүжгийн талбайгаас нэг эмэгтэйнх нь найз бололтой нэг эмэгтэй ирээд бид нарын ширээн дээр суулгах гэж байсан нөгөө эмэгтэйн араас нь үсдэх гэж оролдох үед би үсдэх гэж байсан эмэгтэйг кабин руу оруулаад байж байтал миний хажуугаар пивоны шил шидсэн. Тухайн үед шидсэн пивоны шил нь миний өргөж кабин руу оруулсан эмэгтэйн толгойн дээр нь эхлэж оноод ойгоод хажууд байсан эмэгтэйн нүүрэн тус газар болох хоёр хөмсөгний гол хэсэгт нь оносон. Тэгээд эргээд хартал манай хамгаалагч Эрка “энэ эмэгтэй шил шидчихлээ” гээд нөгөө бүжгийн талбай дээр үсдэлцсэн гээд бид нарын салгаж ширээн дээр нь авчирсан эмэгтэйг барьж авахаар нь би очиход нөгөө эмэгтэй ширээн дээрээсээ архины шил аваад дахин шидэх гэж оролдох үед нь болиулсан,

 

гэрч Ц.Золжаргал ...Тэгээд сууж байсан кабин руугаа очиход манай дүү Халаагийн хамраас нь цус гарчихсан, цагдаа дуудаарай, туслаарай гээд орилоод байж байсан. Би сандраад очиход Халаагийн хамраас маш их цус гараад хамар нь аймаар том хавдчихсан байсан. Тэгтэл нөгөө бүжгийн талбай дээр муудалцаж, Халаатай үсдэлцээд байсан эмэгтэй “хохь чинь, новш минь” гэхээр нь би “чи яаж байгаа юм бэ” гэтэл над руу ширээн дээр байсан пивоны шил аваад шидсэн. Тухайн шидсэн пивоны шил нь миний толгойн зүүн хэсэгт оносон. Би толгойгоо бариад цагдаа дуудаад өг гэхэд тухайн баарны тасалбар таслаж өгч байсан эмэгтэй цагдаад дуудлага өгсөн,

 

гэрч Д.Бадамцэцэгийн ...Дах ыг нэг танихгүй эмэгтэй толгойтой үснээс нь үсдсэн бөгөөд би очиж салгах гэж байтал хамгаалагч нар ирээд тухайн эмэгтэйг Дах аас салгасан. Тэгээд хамгаалагч нар тэр хоёрыг салгаад сууж байсан ширээн дээр маань бид хоёрыг суулгасан. Тэр үед Дах  үснээс зулгаагаад миний үс тугаараа уначихлаа, би яахаараа зүгээр байж байгаад хүнд үсдүүлэх ёстой юм гэж байсан. Тэгээд бид хоёр ширээн дээрээ сууж байтал нэг махлаг, саарал цамцтай эмэгтэй хүрч ирээд Дах  тэр хоёр маргалдаад нэгнийгээ хэл амаар доромжлоод байсан. Тэр хоёр маргалдаж байхад хоёр хамгаалагч тэр хоёрыг хооронд нь зодолдуулахгүй гээд нөгөө саарал цамцтай эмэгтэйн өөдөөс хараад нэг хамгаалагч нь Дах ын урд зогсоод байж байтал цаанаас нэг эмэгтэй “хөөе, та нар манай найзын хамрыг яаж байгаа юм бэ, хүний хамар ийм болгочихлоо” гээд бид нар дээр ирсэн. Тэгээд бид нартай явж байсан эрэгтэй найз Дашка “хэдүүлээ энэ баарнаас гаръя, одоо наад асуудал чинь зууралдсан хачин юм болно” гэхээр нь гарах гэтэл нэг эмэгтэй нь бид нарыг “ хүний хамар гэмтээчихээд хаачих гээд байгаа юм” гээд гаргахгүй байсан гэх мэдүүлэг болон,

 

2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 860 тоот, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1022 тоот дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Дах  нь “...Хохирогч Хал тухайн үед эрээн цамцтай залууд 2-3 удаа түлхүүлж байсан. Тэрийгээ хэлэхгүй байгааг би гайхаж байна. Бас хоёр гурван хамгаалагч нартай түлхэлцээд муудалцаад байснаа хүртэл яриагүй байсан. Манай найз охины уруулыг сэтлээд, миний үснээс хүртэл зулгаасан. Миний үс халцарсан. Анх хохирогч болон түүнтэй хамт явж байсан хүмүүс эхлэж намайг өдсөн. Тэд гуталгүй хүртэл яваад байсан. Би “гутлаа өмсөөч миний дүү” гэсэн чинь “хөл өвдөөд байна, гуталгүй ингээд явмаар байна” гэсэн. Тэд ямар ч биеэ удирдах чадваргүй байсан. Би зүгээр байж байсан ба архины шил аваад буцаагаад тавьсан нь үнэн. Намайг бүгд л архины шил шидчихлээ гээд байсан. Гэхдээ би шил шийдээгүй. Цагдаад би дуудлага өгсөн. Камерийн бичлэг үзье гээд хяналтын камерийн өрөөнд байж байтал 20-30 минутын дараа гаднаас над руу пивоны шил шидчихлээ гээд орилсон. Гэтэл тэнд байсан хамгаалагч нар “та шидсэн” гээд над руу дайрсан. Би архи уудаггүй, архины харшилтай. Тэр өдөр 2 шил пиво уусан байсан. Согтоогүй байсан. Би хохирогчийн биед гэмтэл учруулаагүй. Хохирогч болон түүний найзууд намайг үсдээд, чирээд, татаад байсан. Би “цагдаа дууд” гэж хэлсэн. Цагдаа ирэхээр намайг гомдлоо бичээд өг гээд хоёр хамгаалагч цагдаа дуудаад байж байсан чинь энэ охинтой цуг явж байсан нэг охин ирээд миний толгой руу цохиод “чи яахаараа цагдаа дууддаг юм” гэсэн. Тэгээд удаагүй энэ охин хамраа цохиулсан гээд ороод ирсэн. Би энэ охиныг цохиогүй гэж цагдаад харуулах гэж камерийн өрөө орсон байсан. Камерийн өрөө рүү орохдоо хамгаалагч, хоёр цагдаа гээд тавуулаа орсон. Камерийн өрөөнд ороод 20-30 минутын дараа би хохирогчийг хамраа гэмтээсэн гэдгийг мэдсэн гэж мэдүүлж байгаа боловч түүний мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Дах ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Халаа нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой баримтаар 3 441 500 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх тул Б.Дах аас 3 441 500 төгрөг гаргуулж, хохирогч Ж.Халд олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхэгийг хэрэгт хавсарган хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Боржигон овогт Батхүүгийн Дах ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Дах ыг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Дах  480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай. 

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Д.Дах аас 3 441 500 төгрөг гаргуулж, хохирогч Ж.Халд олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Дах ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН