| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2016/0609/И |
| Дугаар | 130/ШШ2016/00628 |
| Огноо | 2016-10-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 130/ШШ2016/00628
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 8 дугаар баг, А **-** тоот оршин суух, утас ***********, РД:**************, Т овогт Оы Аийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 3 дугаар баг /Б/-т оршин суух, РД:**************, И овогт Сы Сд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.А, хариуцагч С.С, орчуулагч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэмж гаргуулах тухай.
Нэхэмжлэгч О.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдөр С.Стай гэр бүл болж, улсын бүртгэлд 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр бүртгүүлж гэрлэлтийн гэрчилгээ авсан юм. Гэрлэснээс хойш нөхөр бид хоёр таарамж муутай, намайг байнга гэрээс хөөж туудаг, хэл амаар доромжилдог, гар хүрдэг зэрэг авир гаргадаг байсан. Байнга хэрүүл маргаантай байсны улмаас нэг их хамт амьдраагүй. Ийм шалтгааны улмаас би байнга өөрийн ээжийн гэрт байдаг байсан. Жирэмсэн үед ч нөхөр халамж үзүүлээгүй, хүн гэж тоогоогүй тул өөрийн төрхөмд байсан. 2013 оны 12 дугаар сарын 6-ны өдөр охин Ф төрсөн. Төрүүлсэн үеэс хойш өнөөдрийг хүртэл миний ээжийн гэрт өөрөө ганцаараа асарч өсгөж байна. Бид хоёр гэрлэсний дараа Сы эцэг эх бид хоёрт 32 м.кв талбайтай хоёр өрөө хувийн сууц барьж өгөөд, дотор нь зурагт, ор, гал тогооны шкаф, хувцасны шкаф, хивс, угаалгын машин зэрэг ахуйн хэрэглээний эд зүйл бүрэн байсан. Дээрх эд хөрөнгөнд би маргахгүй нэг ч зүйл авахгүй. Гэрлэлтийн гэрчилгээ байгаа болохоос С.С бид хоёр нэг гэр бүл болж сайхан амьдарч байгаагүй, тус тусдаа амьдраад 3 жил гаруй болж байна. Бидний энэ байдал цаашид хүүхдийн хүмүүжил, эрүүл бойжиход хүндрэлтэй тул С.Саас гэрлэлтээ цуцлуулан, охиноо өөрөө асрамжид авах, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг шүүхээс хүсэж байна. Ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй, би өөрийн хүч хөдөлмөрөөр шинээр газар авч хувийн сууцыг ээж, ах нарын тус дэмжлэгээр энэ жил барьж дуусгасан. Би хувийн дэлгүүрт худалдагч хийж охиноо асарч байгаа. Одоо охин бид хоёрт дутах юм байхгүй. Нөгөө талаар нөхөр болох С ч гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа гэв.
Хариуцагч С.С шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдөр О.Атэй гэр бүл болсон. Надад эхнэр О.А нь байнга хүйтэн зэвсэг хэрэглэн над руу дайрдаг. Нэг удаа зазуур хутгаар хөлийг минь гэмтээж байсан. Түүнээс хойш эхнэрээсээ айж хутга бүгдийг нуудаг болсон. 2014 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр гэрээс яваад тусдаа амьдарч байгаа. Надад ямар ч орлого байхгүй, эд хөрөнгө гэр орон байхгүй, хүүхдийн мөнгийг төлж чадахгүй. Гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна, хүүхдийг О.Аийн асрамжид өгөхөд татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, нэхэмжлэгч О.А, хариуцагч С.С нар нь 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хууль ёсны эхнэр нөхөр болж гэрлэсэн нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ний өдрийн 231/003753 329 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч О.А, хариуцагч С.С нарын гэр бүлд РД:***************, 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр охин Ф төрсөн болох нь 2013 оны 12 дугаар сарын Улсын бүртгэлийн хэлтсийн 2013 оны 12 дүгээр сарын 4-ний олгосон ************** дугаартай Төрсний гэрчилгээгээр нотлогдож байна.
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №61 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлд: Уригдсан тал С.С, өргөдөл гаргагч О.А нар нь бие биедээ хайр сэтгэлгүй, болсон, цаашид хамтран амьдарч гэрлэлтээ үргэлжлүүлэх найдваргүй болсон байх ба үр дүн гарахгүй нь ойлгомжтой болсон тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгов гэсэн байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч О.А, хариуцагч С.С нар нь тусдаа амьдраад 3 жил болж байгаа байдал, хоорондоо эвлэрч чадаагүй, хамт амьдрах боломжгүй болсон нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №61 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, гэрлэгчдийн шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэрэг нотлох баримтад дүгнэлт хийхэд гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болж байнга хэрүүл, маргаантай, гэр бүлийн хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, мөн нэхэмжлэгч О.А, хариуцагч С.С нар эвлэрэх боломжгүй, гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй гэснийг тус тус харгалзан үзээд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Мөн РД:***************, 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр охин Ф нь төрсөн цагаас эхийн асрамжид байсан, эхийн ахуйн нөхцөл, бололцоо зэргийг харгалзан үзээд охин Фг эх О.Аийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Хариуцагч С.С нь хүүхдийн тэтгэлэг төлөх чадваргүй, хөрөнгөгүй, орох орлогогүй, гэж тайлбарлаж байгаа боловч Монгол Улсын Үндсэн Хуулийн 17 дугаар зүйлийн 2, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 26 дугаар зүйл, 35 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-ийг баримтлан эцэг С.Саас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч О.А, хариуцагч С.С нар нь хоорондоо хуваарьт болон дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдаж, нэхэмжлэгч О.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Саас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Ад олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар РД:************** Т овогт Оы А, РД:************** И овогт Сы С нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.6 дэх хэсэгт зааснаар РД:***************, 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр охин Фг эх Т овогт Оы Аийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-ыг баримтлан РД:***************, 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр охин Фг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг И овогт Сы Саар тэжээн тэтгүүлсүгэй.
4.Нэхэмжлэгч О.А, хариуцагч С.С нар нь хуваарьт болон дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Саас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Ад олгосугай
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
8.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК