Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 130/ШШ2016/00629

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух, Т овогт Хын Кийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын Хүүхдийн 18 дугаар цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.К, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З, хариуцагч Р.Е, хариуцагчийн өмгөөлөгч А.С, С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Ө сумын 18 дугаар цэцэрлэгийн угаагчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг шаарджээ.

Нэхэмжлэгч Х.К шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ө сумын 13 дугаар багт шинээр хүүхдийн цэцэрлэг байгуулагдахад 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 13 дугаар тушаалаар угаагчийн ажилд томилогдсон билээ.

2016 оны 6 дугаар сарын 01-нд цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсох хүртэл ажиллаж байгаад 2016 оны 9 дүгээр сард нэгдсэн журмаар үйл ажиллагаа нь эхлэх хүртэл амралтанд явсан болно.

Миний бие ажилд орох бэлтгэлийг хангаж ажилд орох гэтэл 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 2016 оны 7 дугаар сарын 01-нээс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр эрхлэгч Р.Е дуудан авч, ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэж, мэдэгдэх хуудас өгсөн юм.

2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр буюу Ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас өгснөөс хойш 3 хоногийн дараа 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 27 тоот тушаалыг гардуулж өг, миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн тул шүүхэд гомдол гаргаж байна.

 

 

Ажил олгогч дараах үндэслэлээр хууль зөрчсөн гэж үзэж байна.

1.Ө сумын 18 дугаар Хүүхдийн цэцэрлэгийн батлагдсан орон тооноос ямар нэгэн орон тоо, бүтэц цомхтголд болон ажлын байрыг цөөрүүлээгүй байтал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар зохиомлоор орон тоог цөөрүүлсэн нэрийдлээр ажлаас чөлөөлсөн.

2.2016 оны 6 дугаар сарын 01-нд бичсэн болгож, хуурамч мэдэгдэх хуудас бичиж, түүнийг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гардуулсан, мэдэгдэх хуудас өгч 3 хоногийн дараа буюу 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай тушаал гардуулсан, уг тушаал нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 27 тоот тушаал байгаа нь тушаал хуурамч болохыг баталж байна.

3. 18 дугаар Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн намайг ажлаас чөлөөлсөн үйл ажиллагаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ.

Иймд Х.К миний бие үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байгаа тул Ө сумын 18 дугаар Хүүхдийн цэцэрлэгийн угаагчийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч Х.К шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие 2016 оны 3 дугаар сарын 01-нд шинээр байгуулагдсан хүүхдийн 18 дугаар цэцэрлэгт цагаан хэрэглээний угаагчаар орж 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан.

Тэгээд 2016 оны 6 дугаар сарын 01-нээс эхэлж цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсож зуны амралтанд шилжсэн. Намайг анх ажилд авахдаа ажилд томилсон тухай тушаалыг гардуулж өгөөгүй. Бид ажилд орсноос хойш хамт олноороо удаа дараа биднийг томилсон тушаалыг өгөхийг эрхлэгч Р.Еээс шаардсан юм. Хариуд нь эрхлэгч ямар тушаал асуугаад байгаа юм вэ. Тушаалыг чинь өгөхгүй гэж загнаж томилсон тушаалыг өгөөгүй. Тухайн үед хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй ажиллуулсан билээ. Тэгээд бүгдээрээ амралтад явахаар боллоо. Эрхлэгч Р.Е За та нарт амралтын мөнгө гарахгүй, сул зогсолт гэж ойлгоорой. 8 дугаар сард бүгдээрээ ажилдаа ирнэ. Тэр хүртэл сайхан амраарай гэж тарцгаасан.

Тэгээд 8 дугаар сарын 30-ны өдөр манай цэцэрлэгийн ня-бо Булбул утсаар эрхлэгч хурА гэж дуудаж байна гэсэн. Бүгдээрээ байгууллагад очиход хурал болохоос өмнө Р.Е эрхлэгч хөдөлмөрийн гэрээг гаргаж ирээд бидэнд гарын үсэг зуруулж хурааж авсан. Дараа нь мэдэгдэх хуудсыг гардуулж өгч 8 хүний нэрийг дуудан чөлөөлнө гэсэн. Тэгээд би эрхлэгчээс угаагч, цэвэрлэгчгүй байгууллага гэж байхгүй байх. Ядахдаа би ажиллая л даа. Надад оюутан бас асрамжийн хүүхдүүд байна гэж гуйсан боловч зөвшөөрөөгүй. Багш нар өөрсдөө цэвэрлэнэ гэсэн. Тэгсэн чинь миний оронд Алтангүл гэдэг хүнийг дуудан ирж ажиллуулж байна. Алтынгүл бас бидэнтэй хамт гарсан хүн юм. Ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримталж цомхтголоор чөлөөлсөн байна. Энэ нөхцөлд мэдэгдэх хуудсыг нэг сарын өмнө өгөх ёстой. Гэтэл мэдэгдэх хуудсыг 8 дугаар сарын 30-нд өгөөд 9 дүгээр сарын 03-нд ажлаас чөлөөлөх тушаалыг өгсөн. Энэ бол Хөдөлмөрийн тухай хуулийн зөрчсөн гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээг 2016 оны 8 дугаар сарын 30-нд бидэнтэй байгуулсан ба тэр өдөр гарын үсэг зуруулсан.

 

 

Гэтэл гэрээний 2.10, 1.11 дэх заалтуудаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай өөрөөр хэлбэл 7 дугаар сарын 01-ний хүртэл гэж гарын үсэг зуруулсны дараа өөрөө тухайн хуудсыг дахин нөхөн гаргасан гэж үзэж байна. Учир нь би уншиж гарын үсэг зурсан ба гэрээнд хугацаа заагаагүй байсан. Орон тоо хэвээр байгаа тул Ө сумын хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн цагаан хэрэглээний угаагчийн хуучин ажилд эгүүлэн томилж өгөхийг хүсье гэв.

Баян-Өлгий аймгийн Ө сумын Хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Р.Е шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ө сумын 3-р багийн иргэн Х.Кийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Ө сумын хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн угаагчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй танилцаж доорх тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Иргэн Х.Кийг Ө сумын Хүүхдийн 18 дугаар цэцэрлэг байгуулахад тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 13 дугаартай тушаалаар гэрээний угаагчаар түр томилон, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд авсан юм. Х.Кийг ажилд томилсон эрхлэгчийн тушаалд түүний ажиллах хугацааг тодорхой зааж өгсөн, гэрээний хугацаа дууссан, гэрээний үйлчлэгчээр түр хугацаагаар ажиллаж байгаа хүмүүс хугацаа дууссаны дараа ажлаас чөлөөлөгдөх талаар удаа дараа байгууллагын хурал дээр сануулж, төсөв хүрэлцэхгүй, орон тоо илүү болох тухай анхааруулж байсан юм.

Х.Кийн ажиллах хугацаа дуусч байгаа тул Ө сумын хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 27 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн юм.

Х.К нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би ажилд орох бэлтгэлээ хангаж ажилд орох гэтэл эрхлэгч намайг дуудан авч 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас өгч, 3 хоногийн дараа буюу 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр "Ажлаас чөлөөлөх тухай" эрхлэгчийн 27 дугаар тушаалыг өгч, миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн" гэжээ.

Би иргэн Х.Кийг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хугацаатай ажилд авч, хугацаа дууссан тул ажлаас чөлөөлсөн нь түүний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн асуудал огт биш, хуулийн дагуу явагдсан ажиллагаа.

Х.К нэхэмжлэлдээ: Ө сумын 18 дугаар цэцэрлэгээс батлагдсан орон тооноос ямар нэгэн орон тоо бүтэц, цомхтголд болон ажлын байрыг цөөрүүлээгүй байтал Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д зааснаар зохиомлоор орон тоог цөөрүүлсэн нэрийдлээр ажлаас чөлөөлсөн хуурамч мэдэгдэх хуудсыг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гардуулсан 3 хоногийн дараа ажлаас чөлөөлөх тухай тушаал гардуулсан тушаал мөн хуурамч юм гэсэн байна. Х.К намайг чөлөөлөх үйл ажиллагаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасан заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон гэжээ.

Гэтэл манай цэцэрлэгт ажлын байрыг зохиомлоор цөөрүүлээгүй, бүтэц орон тоо хасаагүй намайг үндэслэлгүйгээр гүтгэж байна гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтанд мэдэгдэх хуудас өгсөн юм. Гэтэл Х.Кийн ажил хугацаатай гэрээт ажил учир хугацаа дуусч ажлаас чөлөөлөгдөж байна.

 

Иймд Х.Кийн шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй болсон тул хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Баян-Өлгий аймгийн Ө сумын Хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Р.Е шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус 18 дугаар цэцэрлэг нь Ө сумын 13 дугаар багт шинээр баригдаж 2016 оны 3 дугаар сарын 01-нээс эхлэн эрхлэгчийг оролцуулаад нийт 20 хүний бүтэц, орон тоогоор зохион байгуулагдаж эхэлсэн юм. Эрхлэгчээр би, үндсэн багш 2, туслах багш 2, нягтлан бодогч 1, нярав 1, тогооч 1, тогоочийн туслах 1, харуул 4, галч 4, угаагч 1, цэцэрлэгч 2 гэсэн 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллахдаа дээрх 19 хүний баримт материалаар нь тус цэцэрлэгт ажиллах ёстой гэж аймгийн Засаг даргаас нэр зааж өгсөн. Үүнээс үндсэн орон тоонд ажилладаг нягтлан бодогч 1, үндсэн болон туслах багш 4, нярав 1, тогооч туслах 2, харуул 4, бүгд 13 хүний хөдөлмөрийн гэрээг бүр орон тоонд оруулж, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Учир нь аймгийн Засаг дарга Х.Д, орлогч С, нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Е нар 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн шинээр байгуулагдсан 15,16,17,18 дугаар хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч биднийг засаг даргын албан өрөөнд дуудан ирүүлж Төсөв, хөрөнгө, мөнгө дутагдА байна. Иймд та нар Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/206 дугаартай захирамжаар баталсан 20 орон тоо, бүтцээс угаагч 1, үйлчлэгч 2, энэ 3 хүнтэй 2016 оны 3 дугаар сарын 01-нээс 7 дугаар сарын 01-ний хүртэл 4 сарын түр хугацааны хөдөлмөрийн гэрээ хийгээд, галч 4 хүнтэй галлагаа зогстол улирлын чанартай гэрээ хийж хугацаа нь дуусахаар нь ажлаас нь чөлөөл гэж үүрэг даалгавар өгсөн. Ингээд 4 галч, 3 үйлчлэгч бүгд 7 хүнтэй түр хугацааны гэрээ хийж, уг гэрээний хугацаа дуусангуут дээрх 7 хүнийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан юм.

Нэхэмжлэгч Х.К нь тус цэцэрлэгт угаагч тушаАгаар 2016 оны 3 дугаар сарын 01-нээс 7 дугаар сарын 01-ний хооронд ажиллаад хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул гэрээг сунгах боломжгүй учир ажлаас чөлөөлөгдсөн юм. Х.Кийг би 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай тушаалаар угаагчийн албан тушаалд 2016 оны 3 дугаар сарын 01-нээс, 2016 оны 11 дүгээр сар 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл түр томилон, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсугай гэж дурдаж гаргасан. Энэ талаар хамт олны 3 удаагийн хуралд албан ёсоор Х.Кд хэлж мэдэгдсэн. Би 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Х.Кийг дуудан ирүүлж түүнтэй хэлэлцэн тохирч хөдөлмөрийн гэрээг 2016 оны 3 дугаар сарын 01-нээс 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 4 сарын түр хугацаагаар туршин ажиллуулах гэж харилцан тохиролцож хийсэн юм. Энэ гэрээний эх хувь хэрэг дотор байгаа бөгөөд түүнд Х.К нь гарын үсгээ зурсан юм. Х.К нь анх ажилд орсон тушаалаа үгүйсгэлээ гэхэд надтай хийсэн түр хугацааны туршилтын хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурснаар өөрөө шүүхэд нотлох баримт болгон гаргаж өгсөн байдлаар өөрийгөө түр ажилчин гэснийг бүрэн олгож мэдсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Х.К нь өөрийн 2016 оны 3 дугаар сарын 01-нээс 2016 оны 7 дугаар сарын 01-ний хооронд түр ажилчнаар орсон мэдсэн ба тэр үеэс би түр ажилчин болсон байна. Миний хөдөлмөрлөх эрх зөрчигдлөө гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 128, 129 дүгээр зүйлд зааснаар мэдсэнээс хойш өдий хүртэл 7 сар болоход аль нэг дэд шатны байгууллага, албан тушаалтан болон шүүхэд гомдол гаргаагүй байна. Орон тоо, бүтэц, цомхтголд орж цөөрөөгүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар зохиомлоор цөөрүүлсэн гэжээ. Баталсан өгсөн орон тооны 7 ажилчныг тур ажиллуулах тухайд бол аймгийн Засаг даргаас өгсөн чиглэлээр түр тушаал гаргаж, түр хөдөлмөрийн гэрээ хийсэн бөгөөд Х.К нь танилцаж гарын үсэг зурсан, хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй байсан. Түр тушаА, тур хөдөлмөрийн гэрээ хийсэн ажилтанд ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас өгдөг хуулийн заалт байхгүй. Гэхдээ би ажиллах хугацаа дууссан тул ажлаа хүлээлгээ өгөх бэлтгэлээ хий гэхэд Х.К нь энэ тухай бичгээр мэдэгд гэхээр нь бичиж мэдэгдсэн юм. Уг мэдэгдэх хуудсыг 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өгсөн.

Харин 8 дугаар сарын 30-нд өгсөн гэдэг худлаа юм. Харин би 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Х.Кийг өрөөндөө дуудаад ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбарыг өгсөн. Гэтэл Х.К нь 9 дүгээр сарын 02-ны өдөр авсан гэж нэхэмжлэлдээ худал гүтгэн бичсэн байна. Тур хөдөлмөрийн гэрээгээр ажилласан ажилтны гэрээний хугацаа дууссан үед ажлаас чөлөөлснөөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т заасан заалт зөрчигдөөгүй гэж үзэж байна. Иймд Х.Кийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Х.К нь Ө сумын 18 дугаар цэцэрлэгийн угаагчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ

Нэхэмжлэгч Х.Кийг Баян-Өлгий аймгийн Ө сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалт, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалт, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн тус цэцэрлэгийн гэрээт угаагчийн ажилд түр томилон ажиллуулсан байна.

Нэхэмжлэгч Х.К нь Баян-Өлгий аймгийн Ө сумын 18 дугаар цэцэрлэгт 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэрээт угаагч-ийн ажилд томилогдож, ажил олгогчтой хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан нь хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Ө сумын 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай тушаал болон ажилтан ажил олгогч нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр тус тус нотлогдож байна.

 

 

Ө сумын 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 27 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 23 дугаар зүйлийн 23.1, 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн тус цэцэрлэгийн цалингийн сан хүрэлцэхгүй тул орон тоог цөөрүүлж байгаа учраас гэрээтээр, хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр үйлчлэгчийн албан тушаалыг гүйцэтгэж ирсэн Х.Кийг хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч байгаатай холбогдуулан 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор заасан байна. Хуулийн дээрх заалт болон хариуцагчийн тайлбараас үзэхэд Баян-Өлгий аймгийн Баян-Өлгий аймгийн Ө сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нь Х.Кийг хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, гэрээт угаагчийн орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна.

Ажил олгогч нь Х.Ктэй хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан гэх боловч ямар үндэслэл, шаардлагын үүднээс хугацаатай гэрээ байгуулсан нь тодорхойгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т талууд харилцан тохиролцсоноор хугацаатай гэрээ байгуулж болохоор байгаа боловч ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачлагаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдол хамаарна. Х.Ктэй байгуулсан гэрээнд уг гэрээг ямар үндэслэл шаардлагын улмаас хугацаатай байгуулсан талаар тусгаагүй байна.

Х.Кийг ажлаас чөлөөлөх тухай тушаалд тус цэцэрлэгийн цалингийн сан хүрэлцэхгүй тул орон тоогч цөөрүүлж байгаа учраас ажлаас чөлөөлөх талаар тусгажээ. орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгох бөгөөд Баян-Өлгий аймгийн Ө сумын 18 дугаар цэцэрлэгт гэрээт угаагч-ийн ажил нэг байгаа бөгөөд дээрх үндэслэл нь орон тоо цөөрүүлсэн гэдэгт хамаарахгүй байна.

Хариуцагчаас Ө сумын Хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 10 дугаар сарын Б/10 дугаартай бүтэц орон тоо батлах тухай тушаалыг хавсралтын хамт гаргаж өгсөн боловч энэхүү тушаал цаг хугацааны хувьд Х.Кийг ажлаас чөлөөлсний дараа гарсан байх тул энэхүү нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох боломжгүй болно.

Мөн ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар буюу орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлөхдөө мөн хуулийн 40.5-д зааснаар ажил олгогч нь ажилтанд нэг сарын өмнө мэдэгдсэн гэж үзэх боломжгүй байна. Мэдэгдэх гэдгийг хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачлагаар цуцлах тухайгаа ажил олгогч уг хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж баталгаажуулсан байхыг ойлгоно. Нэхэмжлэгч нь мэдэгдэх хуудсыг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан талаар, хариуцагчаас нэг сарын өмнө мэдэгдсэн гэж тайлбарлажээ. Гэвч Кт хуульд заасан хугацааны өмнө хүлээлгэж өгсөн талаар нотлох баримтгүй байна.

Хариуцагчаас Х.Кт ажлаас чөлөөлөх тухай тушаалыг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өгсөн тул гомдол гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй гэж тус тус заасан байх ба ажил олгогч болох Баян-Өлгий аймгийн Ө сумын 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай шийдвэрийг Х.Кт хүлээлгэж өгсөн тухай баримтгүй байх тул нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хуулийн хугацаанд гомдлоо шүүхэд гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Х.Кийг Баян-Өлгий аймгийн Ө сумын 18 дугаар Хүүхдийн цэцэрлэгийн гэрээт угаагчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч Х.К нь шүүхэд нэхэмжлэл гаргахад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ө сумын 18 дугаар хүүхдийн цэцэрлэгийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Хын Кийг Баян-Өлгий аймгийн Ө сумын 18 дугаар Хүүхдийн цэцэрлэгийн гэрээт угаагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ө сумын 18 дугаар Хүүхдийн цэцэрлэгийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК