Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 243

 

 

 

 

 

 

 

 

    2020        03        12                                        243

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Н.Өсөхжаргал, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батнасан,

хохирогч: М.Баяр,

шүүгдэгч: Ч.Сайхан, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр /0018/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Сайханд холбогдох эрүүгийн 2005 0001 40184 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, сантехникийн засварчин мэргэжилтэй, Орон сууц нийтийн аж ахуйн газрын харьяа хэрэглэгчидэд үйлчлэх төвийн 1 дүгээр салбарт засварчин ажилтай, ам бүл 6, эхнэр, 0-13 насны 4 хүүхдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, Сайхан.

 

Шүүгдэгч Ч.Сайхан нь 2019 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стрингс” нэртэй ресторанд иргэн М.Баярын биед халдан, нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн талын хоншоорын хөндийн дотор ба урд ханын зөрж цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн доод хана, хамар яс ба хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн талын хоншоорын хөндий дэх цус хуралдалт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алим, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хацрын шарх, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ч.Сайхан мэдүүлэхдээ:

Манай байгууллагын шинэ жилийн баярын арга хэмжээ 2019 оны 12 дугаар сарын 20-нд болсон. Баяр болж байсан болохоор би тодорхой хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй болохоор тухайн үед согтсон байсан. Гэхдээ болсон асуудлыг санаж байгаа. Манай байгууллын хүмүүс бөөндөө юм яриад зогсож байх үед тэр дунд Баяр бас хамт байсан. Тэгээд бид хоёр тоглоом хийж байгаад маргалдаад би түүнийг цохисон. Хохирогчийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Одоогоор нийт 970 000 төгрөг төлсөн. Мөн эмчид нь 100 000 төгрөг өгсөн. Үүнээс гадна хохирогчтой 3 400 000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Би зээл аваад уг мөнгийг өгье гэсэн боловч зээл бүтээгүй тул ээжийнхээ тэтгэврийн зээлийг авч төлөхөөр болсон. Одоо хохирогч бид хоёрын харилцаа хэвийн байгаа. Хохирогчоос уучлалт гуйсан. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-М.Баяр мэдүүлэхдээ:

Тухайн үед бүжгийн талбай дээр байхад Сайхан намайг шууд ирээд цохиод авсан. Би тэр үед Сайхантай давхарлаж газар унаад ухаан алдсан. Тэгээд би ариун цэврийн өрөө орж цусаа угаагаад шууд гараад гэр лүүгээ такси бариад явсан. Гэртээ очоод цусаа тогтоох гэж 20-30 минут болсон. Цус тогтохгүй болохоор нь эмнэлэг орж оёдол тавиулсан. Миний гэмтэл бүрэн эдгэрээгүй байгаа. Би гадуур айлаар явж ажил хийдэг. Толгойндоо хагалгаа хийлгээд ялтас төмөр суулгуулсан болохоор гадуур явж ажил хийхэд толгой их даардаг болсон тул толгойгоо битүү ороож явдаг болсон. Цаашид нүдээ үзүүлэх шаардлагатай. Эмнэлгээс гарсанаас хойш надтай Сайхан ч  яриагүй, эхнэр нь ч утсаар ярьж байгаагүй. Үүнд их гомдож байна. Хагалгаанд орох гэж байхад эргэж тойроод уучлалт гуйгаад яваад байдаг байсан. Ажил дээр таардаг хэрнээ ганц удаа утсаар ярьж байгаагүй. Хагалгаанд ороод 900 000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Би  6 сар юм уу 1 жилийн дараа ахиж хагалгаанд орж нүдний доод талд суулгасан ялтас төмрөө авахуулна. Тэр үед хагалгаанд ороход хагалгааны төлбөрийг хэн төлөх, цаашид миний эрүүл мэндэд гарах сөрөг нөлөөг хэн хариуцах уу гэдгийг асуумаар байна. Одоохондоо бид хоёр нэг газар хамт ажилладаг гэж бодоод тохиролцоонд хүрсэн. Гэхдээ тэр тохиролцоондоо Сайхан одоогоор хүрч чадаагүй байгаа. Ажил дээрээ очиход би Сайханыг зодсон юм шиг хүмүүсийн хандлага тийм болсон байгаа. Заримдаа би ажлаасаа гардаг ч юм уу гэж бодож байгаа. Би ч гэр бүлтэй, Сайхан ч гэр бүлтэй адилхан эр хүмүүс. Би нийт 5 000 000 төгрөг нэхэмжилсэн. Эмнэлэгт хэвтсэн зардал гэж 970 000 төгрөг өгсөнийг дээрх үнийн дүнгээс хасаад 3 400 000 төгрөг авъя гэж тохиролцсон. Энэ мөнгөө өгвөл би ахиж мөнгө төгрөг нэхэмжлэхгүй, цаашид гарах эмчилгээний зардлыг өөрөө төлөхөөр ярилцсан гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Шижирбаатар мэдүүлэхдээ:

Тэр өдөр шинэ жилийн арга хэмжээ дуусаад Орон сууц нийтийн аж ахуйн конторын хүмүүс тараад манайх ширээ сандлаа хурааж байсан. Тэр үед би рестораны дотор зөөгч нар болон үйлчлэгч нарт ширээ сандлаа хураах талаар зааварчилгаа өгөөд явж байхад Орон сууц нийтийн аж ахуйн конторын хэсэг залуус ресторан руу дөнгөж ороод байдаг гурван ширээний хажууд юм яриад зогсож байсан. Тэр үед би нэг их анзааралгүй цэвэрлэгээ хийж байгаа хүмүүсээ харчихаад эргээд нөгөө хүмүүс рүү харсан чинь нэг бүдэг цэнхэр хослолтой намхан залуу өөр нэг цагаан цамцтай, хар өмдтэй байсан байх нэг залууг баруун гараараа нүүрэнд нь нэг удаа цохиод тэр хоёр газар хамтдаа унасан. Тэгж унахдаа цохисон залуу нь цохиулсан залуугийнхаа дээрээс дараад унасан. Тэр үед би тэр намхандуу биетэй залууг араас нь “хүүе яаж байна аа” гээд барьж аваад татаж босгосон. Тэр үед нөгөө намхандуу биетэй залууг нэг залуу авч явах гэж байхад цохиулсан залууг авч явах гэж байсан настай гэмээр ах цохиулсан залуу руу “чи яагаад ингэж байгаа юм бэ, нэг хамт олон байж, чи яагаад нэгнийгээ цохиж байгаа юм” гээд дайраад байсан. Тэгж байгаад нөгөө хөгшин ах цохиулсан залууг аваад ресторанаас гарсан гэжээ. (хэргийн 10-11 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дүгээр сарын 30-ны өдрийн 702 тоот дүгнэлтэд:

1. М.Баярын биед зүүн талын хоншоорын хөндийн дотор ба урд ханын зөрж цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн доод хана, хамар яс ба хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн талын хоншоорын хөндий дэх цус хуралдалт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алим, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хацрын шарх, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх зүүн талын хоншоорын хөндийн дотор ба урд ханы зөрж цөмөрсөн хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь дээрх журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. (хэргийн 13-14 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Ч.Сайхан ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 17 дугаар хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Ч.Сайхан нь 2019 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стрингс” ресторанд хохирогч М.Баярын нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн талын хоншоорын хөндийн дотор ба урд ханын зөрж цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн доод хана, хамар яс ба хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн талын хоншоорын хөндий дэх цус хуралдалт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алим, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хацрын шарх, зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Баяр, гэрч Б.Шижирбаатар нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дүгээр сарын 30-ны өдрийн 702 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд Ч.Сайханыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч М.Баяр “...би нийт 5 000 000 төгрөг нэхэмжилсэн. Эмнэлэгт хэвтсэн зардал гэж 970 000 төгрөг өгсөнийг дээрх үнийн дүнгээс хасаад 3 400 000 төгрөг авъя гэж тохиролцсон. Энэ мөнгөө өгвөл би ахиж мөнгө төгрөг нэхэмжлэхгүй, цаашид гарах эмчилгээний зардлыг өөрөө төлөхөөр ярилцсан”,

 

Шүүгдэгч Ч.Сайхан “...одоогоор нийт 970 000 төгрөг төлсөн. Үүнээс гадна хохирогчтой 3 400 000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Би зээл аваад уг мөнгийг өгье гэсэн боловч зээл бүтээгүй тул ээжийнхээ тэтгэврийн зээлийг авч төлөхөөр болсон” гэж тус тус мэдүүлж байна.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой баримтаар 272 549 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч 970 000 төгрөг төлсөнийг хохирогч хүлээн зөвшөөрсөн тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч М.Баяр нь цаашид гарах эмчилгээний зардалд 3 400 000 төгрөг нэхэмжилсэнийг Ч.Сайхан хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлж байх бөгөөд шүүгдэгч нь тохиролцсон хугацаанд 3 400 000 төгрөгийг төлөхгүй бол хохирогч М.Баяр нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Тэхь овогт Чулуунбаатарын Сайханыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Сайханыг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний 1 200 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ч.Сайхан нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ч.Сайхан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч М.Баяр нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Сайханд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН