| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2020/0144/Э |
| Дугаар | 0162 |
| Огноо | 2020-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 0162
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Пүрэврагчаа хөтлөн,
улсын яллагч Б.Ундрах,
хохирогч У.Л,
шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Ө овогт Эын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаар хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ө овогт Эын Б нь Монгол Улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Галшар суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, “...” ХХК-д засал чимэглэлчин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй ... тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 665 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.800.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн (РД:...).
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө 03-04 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч У.Лтай таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хацран тус газар нь хазаж, өшиглөж, эрүүл мэндэд нь хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хүзүүнд зулгаралт, шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг:
Шүүгдэгч Э.Бэс: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн тул нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.
Хохирогч У.Л мэдүүлэхдээ: 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ажлаасаа ирэхэд ах хөдөөнөөс ирсэн байсан. Тэгээд нөхөр, ах бид гурав пиво уух гээд караоке орсон. Тэндээс гарч, гэртээ ирээд Э.Б бид хоёр хоорондоо маргалдсан. Намайг үсдэж дараад, “ална шүү” гээд байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Бид хоёрыг ах салгасан гэв.
Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:
1.Хохирогч У.Лын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өгсөн:
“... Би Бтэй 2018 онд танилцаж, 2018 оны 9 дүгээр сараас хамтран амьдарч эхэлсэн. Бид Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 62-11 тоотод манай ээж Уранчимэг, 11 настай охин Маралмаа, 8 настай Хулан, 4 сартай хүү Очир-Эрдэнэ нарын хамт амьдардаг, дундаасаа 1 хүүтэй. Б 2018 оны 5 дугаар сард согтуу байхдаа миний уруулыг хазаад би өргөдөл өгч цагдаад шалгуулаад, шүүхээр орж 1.800.000 төгрөгөөр торгуулж байсан. Тэрнээс хойш зүгээр байж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 18-ны орой манай гэрт нөхрийн ах Түмэнжаргал ирээд нөхөр бид гурав хамт пиво уугаад, дараа нь караоке орж пиво уугаад гэртээ ирсэн. Би юу болсныг сайн санахгүй байгаа. Нэг мэдсэн чинь нөхөр Б хацарнаас хазаад, үснээс зулгаагаад, өшиглөхөөр нь би гараараа хаасан. Б намайг “ална шүү” гээд дайраад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар тал),
-2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хохирогчоор дахин өгсөн:
“... Б тухайн үед хүүхдээ авч шидэж, зодсон асуудал байхгүй. Би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Мөн Бэс айгаад байсан болохоор цагдааг хурдан ирүүлэх гэж “хүүхдээ шидэх гээд байна, хүүхдээ зодох гээд байна” гэж хэлсэн юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дугаар тал),
2. Гэрч Э.Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өгсөн:
“... 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б бид хоёр ажлаа тараад харихдаа нэг том савтай пиво авсан байсныг Бийн эхнэр Л бид гурав хувааж уусан. Шөнө 23 цаг өнгөрч байхад гэрээс нь гараад караоке орж хүний 3 шил пиво уугаад, дуу дуулаад буцаад 03-04 цагийн үед гэрт ирсэн. Гэрт ирээд Б орон дээр хэвтээд, Л хажууд нь хүүхдээ хөхүүлж байсан. Дараа нь Б хүүхдээ тэвэрсэн хэвтэж байсан. Би нойл орчихоод ирсэн чинь Л, Б хоёр зууралдсан байж байхаар нь очоод салгахад Л “Б намайг хазчихлаа” гэж хэлсэн. Бийн уруулаас цус гарсан, маажуулсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дугаар тал),
3. Шүүгдэгч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар өгсөн:
“... Би Лтай 2018 онд гэр бүл болж хамтран амьдарч байна. Бид дундаасаа 5 сартай Очир-Эрдэнэ гэдэг хүүтэй. ...2019 оны 5 дугаар сард согтуу байхдаа таксины мөнгөнөөс болж эхнэртэйгээ муудалцаж, уруулыг нь хазаж гэмтээгээд цагдаад шалгагдаж, шүүхээр ороод 1.800.000 төгрөгөөр торгуулсан. 2019 оны 11 дүгээр сарын 17-ны орой ах Түвшинжаргал бид хоёр ажлаа тараад гэрт ирэх замаараа том пиво авч, бид гурав авсан пивоо хувааж уугаад, гэрийн ойрхон байдаг караоке орж хүний 3 шил пиво уугаад, дуу дуулсан. Тухайн газраас 03 цаг 30 минутын үед гараад, гэртээ ирээд унтах гээд орон дээр хэвтэж байсан. Тэр үед эхнэр бага хүүхдийг хөхүүлээд байж байхаар нь би “хүүгээ аваад ир, хамт хэвтье” гэсэн чинь эхнэр өгөхгүй гээд байсан. Тэгээд миний хажуугаар эхнэр хэвтээд, хэрүүл хийж байснаа нүүр маажаад, миний доод уруулаас хазахаар нь би үснээс нь зулгааж тавиулаад, өөрийнх нь хацарнаас хазсан. Би “яаж байгаа юм” гэж асуусан чинь “чи намайг өмнө нь хазаж байсан, чамайг хазахаар яадаг юм” гэж хэлсэн. Би согтууруулах ундаа хэрэглэсэн болохоор бусад юмыг сайн санахгүй байгаа. Эхнэр хэлэхдээ хацарнаас хазаад, өшиглөсөн гэж байсан. Тухайн үед миний нүүр зулгарч, уруул бага зэрэг сэтэрсэн. Намайг анх шалгасан хэсгийн байцаагч шүүх эмнэлэгт үзүүлээрэй гэхэд нь би эхнэртээ гомдол гаргахгүй гээд үзүүлээгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дугаар тал),
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13957 дугаартай дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Зүүн хацар хавдартай, улаан хүрэн өнгийн цус хуралттай, эргэн тойронд дугариг хэлбэрийн шүдний ором бүхий улаан ягаан өнгийн зулгаралттай, хүзүүний зүүн урд хэсэгт 2х0.8 см хүртэл хэмжээний 6 ширхэг улаан ягаан өнгийн зулгаралттай, баруун шууны гадна дунд хэсэгт 6х7 см, 2х3 см хүрэн улаан өнгийн цус хуралттай.
Дүгнэлт “...У.Лын биед хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хүзүүнд зулгаралт, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /Шинжээч Н.Туяа/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23 дугаар тал),
5. Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны хамтарсан багийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 15-16 дугаар тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 11-14 дүгээр тал), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 9-10 дугаар тал),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
6. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 45 дугаартай дүгнэлтэд:
“...-Э.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Э.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Хэрэг үйлдэх үедээ өөрийн хийсэн үйлдлээ ухамсарлах чадвартай байсан байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна. Э.Бд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. /шинжээч О.Баатаржав, Э.Амгалан, Я.Ганхүү/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 77-78 дугаар тал),
7. Шүүгдэгч Э.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 70 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 45 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 665 дугаар шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 46-48 дугаар тал), Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол (хавтаст хэргийн 79 дүгээр тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 72 дугаар тал), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 73 дугаар тал), түүний нэр дээр эд хөрөнгө бүртгэлгүй тухай Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 74 дүгээр тал), тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 75 дугаар тал), “ZTS” ХХК-ний “...Э.Б нь барилгын засал чимэглэлээр ажилладаг ба сарын 1.000.000 төгрөгийн цалинтай” тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 76 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.Бд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө 03-04 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч У.Лтай таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хацран тус газар нь хазаж, өшиглөж, эрүүл мэндэд нь хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хүзүүнд зулгаралт, шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Э.Б нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Э.Бд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Э.Б, хохирогч У.Л нар нь 2018 оноос гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байх ба, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор заасан тул тэд гэр бүлийн хамаарал бүхий этгээд байна.
Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө 03-04 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч У.Лтай таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хацран тус газар нь хазаж, өшиглөж, эрүүл мэндэд нь хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хүзүүнд зулгаралт, шуунд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь:
-хохирогч У.Лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б хацарнаас хазаад, үснээс зулгаагаад, өшиглөсөн. Б намайг “ална шүү” гээд дайраад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар тал),
-гэрч Э.Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Л, Б хоёр зууралдсан байж байхаар нь би очоод салгахад Л “Б намайг хазчихлаа” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дугаар тал),
-шүүгдэгч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...эхнэр миний хажуугаар хэвтээд, хэрүүл хийж байснаа нүүр маажаад, миний доод уруулаас хазахаар нь би үснээс нь зулгааж тавиулаад, өөрийнх нь хацарнаас хазсан. Би “яаж байгаа юм” гэж асуусан чинь “чи намайг өмнө нь хазаж байсан, чамайг хазахаар яадаг юм” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дугаар тал),
-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13957 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 23 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 15-16 дугаар тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 11-14 дүгээр тал), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 9-10 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.
Шүүгдэгч Э.Б нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч У.Лыг зодож түүний биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тус гэмт хэрэг нь хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал болон тэдгээрийн таарамжгүй харьцааны улмаас гарсан байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Э.Б нь хохирогч У.Лын бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч У.Л нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” тухай дүгнэлт гаргасан, шүүгдэгч Э.Б нь өмгөөлөлдөө торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү гэж мэтгэлцсэн.
Шүүгдэгч Э.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 665 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.800.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан байх ба, уг ялыг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр биелүүлж дууссан байх тул хуульд зааснаар түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч Э.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдрийн 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь оногдуулсан ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн санал болгосон 2.700.000 төгрөгийн торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү гэж мэтгэлцэх боловч тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт 2019 онд холбогдож, эрүүгийн хариуцлага хүлээж торгох ял шийтгэгдэж байсан байх боловч дахин тус төрлийн гэмт хэрэгт холбогдсон түүний хувийн байдал, нийгэмшээгүй зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах шаардлагагүй гэж шүүх дүгнэсэн болно.
4. Бусад асуудлаар
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ө овогт Эын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийг 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч У.Л нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, оролцогч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА