Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 244

 

 

 

 

 

 

 

   2020        03            12                                        244

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                             

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Ц.Дайрийжав  нарын бүрэлдэхүүнтэй

 

нарийн бичгийн дарга:  О.Бямбасүрэн, 

иргэдийн төлөөлөгч: Г.Алтанцэцэг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Баясгалан,

хохирогч: Н.Үүжин,

шүүгдэгч: Б.Ням,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхзул /0972/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Нямд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  эрүүгийн 1905 0498 60045 дугаар хэргийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт, ял шийтгэлгүй, Ням.

 

Шүүгдэгч Б.Ням нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 18-19 цагийн хооронд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 27 дугаар байрны 52 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан үедээ маргааны улмаас ахуйн хэрэглээний эвхэгддэг хутгаар Н.Үүжингийн хэвлий рүү хатгаж, хэвлийн хөндий нэвтэрсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралт, хурц цус алдалт буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Ням мэдүүлэхдээ:

Өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийг хутгалсан хутга нь тухайн гэрт байсан ахуйн хэрэглээний хутга байсан. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой хохирлыг төлж барагдуулж, 8 000 000 төгрөг өгсөн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Н.Үүжин мэдүүлэхдээ:

Миний бие ямар ч зовиургүй бүрэн эдгэрсэн. Эрүүл мэндтэй холбоотой бүх хохирлыг барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Нямтай сайн дураараа эвлэрсэн. Бид одоо хамт амьдарч байгаа бөгөөд түүнийг багаас нь таньдаг байсан. Би эгчтэй нь үерхдэг. Найз нөхдийн холбоотой байж байгаад одоо ах дүүсийн холбоотой болсон гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Х.Долгор мэдүүлэхдээ:

2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 19 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны 52 тоотод хажуу өрөө хамт түрээслэдэг нутгийн маань найз Батхуягийн Даваасүрэн, түүний дүү Батхуягийн Ням, Б.Даваасүрэнгийн найз залуу Наранжаргалын Үүжин нарын хамт 1.5 литрийн Нийслэл нэртэй пиво хоёрыг хувааж уугаад сууж байтал Н.Үүжин Б.Ням нар хоорондоо маргалдаж, Б.Ням нь Үүжинг шургуулганд байсан эвхэгддэг тонгорог хутгыг авч гэдсэнд нь нэг удаа хутгалсан. Б.Даваасүрэн, Н.Үүжин бид гурав шоудсан байсан ба гэртээ өглөө 07 цагийн үед орж ирэхэд бараг эрүүл болчихсон байсан. Үүжин нилээн согтсон байсан. Б.Ням нь 7 хоногийн өмнө ажил хийхээр Улаанбаатар хотод Хөвсгөл аймгаас орж ирсэн. Хөвсгөл аймагт аав, ээжтэйгээ хамт байдаг юм. Тухайн үед Н.Үүжин нь найз охин Б.Даваасүрэнтэйгээ бага зэрэг ам мурийсан. Гэтэл Үүжин Даваасүрэнд “чи намайг өмнөх хүмүүс шигээ битгий зүйрлээд байгаарай” гэх зэрэг зүйл хэлсэн. Тэгтэл түүний төрсөн дүү Ням нь “эгчийг маань юу гээд байгаа юм бэ” гээд маргасан. Эхлээд Ням Үүжинг заамдаад авсан. Тэгээд тэр хоёр хоорондоо зодолдсон гэжээ. (хэргийн 7-8 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Даваасүрэн мэдүүлэхдээ:

Өглөөний 07 цаг өнгөрч байхад би найз залуу Үүжин болон найз Долгор нарын хамт дүү Нямыг ажилдаа явсан байх гэж бодоод гэртээ ортол дүү ажилдаа яваагүй, харин найз охин нь ажилдаа явчихсан байсан. Тэгээд бид нар гэртээ ороод шууд унтацгаасан. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 12:00 цагийн үед бид нар сэрээд байтал манай найз залуу Үүжин, дүү Ням нар нэг, нэг 0.5 литртэй Сэнгүр нэртэй байсан байх пиво уусан. Тэр хоёр гэрээс гараад явсан бөгөөд удалгүй орж ирэхдээ Үүжингийн гар утсыг ломбарданд тавиад 2 ширхэг 2.5 литртэй Нийслэл нэртэй пиво аваад орж ирсэн. Үүжин, Ням, Долгор гурав Үүжин, Ням нарын авчирсан пивыг уугаад байж байтал манай найз Долгор гар утсаараа хэдэн залуучуудын караокед дуулж байгаа бичлэг үзээд надад бас үзүүлээд бид хоёр инээлдээд байж байтал манай найз залуу зүгээр над руу хандаж “чи намайг ингэж доогуур үнэлж байгаа бол тэр банди нартайгаа явбал явахгүй юу” гээд хэлсэн чинь Ням тэр хоёр хоорондоо маргалдсан. Тэр үед нь би “та нар битгий гэр оронд хэрэлдээд бай, ингэж хэрэлдээд байх юм бол зүгээр явцгаа” гэж хэлээд ариун цэврийн өрөөнд ороод гараад иртэл тэр хоёр хэрэлдэхгүй, хоорондоо андаа, найзаа болчихсон сууж байсан. Тэгээд удаагүй байтал манай дүү найз охиноо тосч авахаар хувцасаа өмсөөд байж байтал манай найз Долгор дүүг маань “зөөгчийн ажил хийхэд чи царай муутай юм” гээд хэлчихсэн юм шиг байгаа юм. Тэр үед дүү уурлаад Долгортой маргаад хэл амаар доромжлоод байхаар нь би дүүдээ “чи одоо яагаад байгаа юм, зүгээр байгаач” гээд хэлсэн. Тэр үед гэнэт манай дүү Н.Үүжинтэй маргаад “чи эгчийн маань хайралвал хайралсан шиг хайрлаарай” гэх зэргийн юм яриад тэр хоёр маргалдаад, Ням зодолдох гээд байсан. Тэр үед Үүжин манай дүүг орондоо дарсан. Тэр үед нь би  тэр хоёрыг салгаад байхад Ням шүүгээнд байсан заазуур авахаар нь би заазуурыг нь цохиж унагаад хөлөөрөө дараад байтал заазуурны цаана байсан жижигхэн бор өнгийн бариултай, бариулан дээрээ дарж нээдэг хутга гартаа барьсан байсан. Тэгээд тэр хутгаа нээх гээд хоёр тийш нь салгануулаад байсан бөгөөд би булаагаад авах гэсэн боловч гартаа барьсан хутгаа салгануулаад байсан болохоор нь нээхээр нь булааж авъя гэж бодоод харж байтал манай дүү гартаа барьсан хутгаа нээсэн. Тэр үед нь Үүжин бид хоёр дүүгийн хутга барьсан гарнаас бариад зогсож байхад Үүжин гараа тавьчихсан юм шиг байгаа юм. Тэр үед манай дүү намайг түлхээд Үүжин рүү нэг удаа хатгах шиг болсон бөгөөд би арай хүрээгүй байх гэж бодсон чинь Үүжин гэдэснийхээ зүүн тал руу дарж үзээд цус гарсан болохоор гэрээс гараад явсан. Тэр үед би Үүжингийн араас гарсан. Тэгээд Үүжин бид хоёр гэмтэл орж үзүүлтэл Үүжинг эмнэлэгт хэвтэх хэрэгтэй гээд хэвтүүлсэн. Тухайн үед Үүжин ямар нэгэн ноцтой үйлдэл хийгээгүй. Манай дүү Ням зодоон хийх гээд байхаар нь болиулах гэж орон дээр дарсан. Харин надад огт гар хүрээгүй гэжээ. (хэргийн 13-14 дугаар хуудас)

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Энхбаярын замаар дээшээ ертөнцийн зүгээр хойшоо өгсөөд 100 орчим метр явахад ертөнцийн зүгээр баруун тийш харсан цэнхэр, цагаан өнгийн 5 давхар орон сууц байна. Уг орон сууцны гадна талд 27 гэсэн бичиг байх ба гадна төмөр хаалга ямар нэгэн цоожгүй нэвтэрч байна. Шатаар дээш 3 давхарт гарч баруун гар талд байрлах 52 гэсэн тоот руу ороход 4 өрөөтэй, өрөө тус бүрийг хөлслүүлсэн. Уг өрөөний эхнийхээс 3 хүртэл дугаартай хүрэн өнгөтэй модон хаалгатай, өрөөнд ороход Х.Долгор, Б.Батням нар байлаа. Уг өрөөний гол дунд хэсэгт 3.5х2 см хэмжээтэй цус мэт хүрэн улаан өнгийн зүйл байх ба 2 гэж дугаарлав. Харин хутгыг 1 гэж дугаарлан хэмжихэд урт нь 20 см, ажлын хэсгийн урт 8 см, цус мэт хүрэн улаан зүйлээр бохирлогдсон, хүрэн бор модон иштэй, эвхэгддэг, “stainless” гэсэн бичигтэй амьтны дүрс бүхий бичигтэй байлаа гэжээ. (хэргийн 18 дугаар хуудас)

 

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Хэргийн газраас хураан авсан бор өнгийн модон бариултай, тусгай уутаар битүүмжилсэн, “stainless” гэсэн бичигтэй амьтны бүхий дүрстэй 20 см урттай, ажлын хэсгийн урт нь 8 см урттай, эвхэгддэг тонгорог байна. Уг хутганы товчлуургүй ажлын хэсгийн дунд хэсэгт цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байна гэжээ. (хэргийн 19 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 393 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Нямын биед хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шинэ гэмтэл байна.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 34 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 639 дугаартай дүгнэлтэд:

1. Н.Үүжингийн биед хэвлийн хөндийн нэвтэрсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралт, хурц цус алдалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн цадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. (хэргийн 45 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Ням ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 58 дугаар хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Ням нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 18-19 цагийн хооронд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 27 дугаар байрны 52 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан үедээ маргааны улмаас ахуйн хэрэглээний эвхэгддэг хутгаар Н.Үүжингийн хэвлий рүү хатгаж, хэвлийн хөндий нэвтэрсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралт, хурц цус алдалт буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Үүжин, гэрч Х.Долгор, Б.Даваасүрэн нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 639 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд Б.Нямыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Хохирогч нь өөрт учирсан хүнд хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой 8 000 000 төгрөг хүлээн авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Нямыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах...” гэж заажээ.

 

Шүүх шүүгдэгч Б.Нямын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар  3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нямд шүүхээс оногдуулсан хорих ялыг түүний хувийн байдлыг харгалзан нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цус мэд зүйлээр бохирлогдсон мараль 1 ширхэг, бор модон бариултай эвхэгддэг хутга 1 ширхэгийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Хонгодор овогт Батхуягийн Нямыг хүний эрүүл мэндэд хүнд  хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Нямыг  3 жил, 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Б.Нямын эдлэх 3 жил, 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нямд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Нямын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 22 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Хохирогч Н.Үүжин нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цус мэд зүйлээр бохирлогдсон мараль 1 ширхэг, бор модон бариултай эвхэгддэг хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Нямд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН

 

                                               

                                                  ШҮҮГЧ                                    А.АЛТАНХУЯГ

 

 

                                                  ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ