| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/1251/Э |
| Дугаар | 0163 |
| Огноо | 2020-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 0163
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Пүрэврагчаа хөтлөн,
улсын яллагч Д.Ганчимэг,
шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1141/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Б овогт Дийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Дийн Т нь Монгол Улсын иргэн 1989 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан мэргэжилтэй, зөөврийн сууц хувиараа хийдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... захад оршин суух бүртгэлтэй, ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Д.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, 14 дүгээр байрны гадна 2019 оны 10 дугаар сарын 02-наас 03-нд шилжих шөнө ямар ч шалтаг шалтгаангүйгээр иргэн Б.Уын дух, нүүрэн тус газруудад чулуугаар цохин, түүний биед дух ясны гадна ялтасны шугаман хугарал, тархи доргилт, дух, хамарт зулгаралт, доод зүүн 2-р шүдний эмтрэл гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Таас: Мэдүүлэг гаргахгүй гэв.
Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-5 дугаар тал), дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дугаар тал),
2. 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд“... Б.Уын нүүрний дух хэсэг болон хамрын хэсэгт жижиг улаан хүрэн өнгийн шархнууд байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. ...” гэсэн хэсэг, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-7 дугаар тал),
3. Хохирогч Б.Уын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өгсөн:
“... Би 2019 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах караокед найз Баярмагнай, мөн нэг охинтой хамт орж, нэг нэг пиво уусан, шөнийн 02 цагийн үед гарч, хажуу талд нь байрлах “Рич” бааранд орж бид гурав тус бүр хоёр шил пиво ууж, бүжиглэж байгаад шөнийн 03 цаг өнгөрч байхад гарсан. Нөгөө охиноос салаад Баярмагнай бид хоёр гэр лүүгээ харих гээд зам дагаад 14 дүгээр байрны ард “Солонго” хүнсний дэлгүүрийн хажууд явж байхад Т гартаа чулуу барьж ирээд миний толгой руу нэг удаа цохиод зугтаахад Баярмагнай араас нь хөөгөөд явсан. Толгой манараад, толгойноос цус гараад газар сууж байхад Баярмагнай “хөөгөөд гүйцсэнгүй, байрны булан тойроод зугтаад алга болчихлоо, цагдаад дуудлага өгсөн” гэж хэлсэн. Тэгээд цагдаа хүлээгээд сууж байхад Т дахиад гартаа тоосго барьчихсан ирж байхыг хараад Баярмагнай “мөн байна, хоёулаа зугтъя” гэсэн боловч би босож чадахгүй, толгой эргээд байсан. Би Таас “та яагаад намайг цохиж байгаа юм бэ” гэж асуухад өөдөөс харж зогсож байснаа “чи хүн андуураад байна, сая намайг энд хоёр залуу дээрэмдэх гэж байсан” гээд, тоосгоо хаяад яваад өгөхөөр нь манай найз араас нь дагаад, Тыг цагдаад бариулсан. Тыг Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 13 дугаар байрны 4 дүгээр орцны үүднээс барьсан. Би шүүх эмнэлгийн 12070 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх гэмтлийг надад Т учруулсан. Би шүүх эмнэлэгт 8000 төгрөг, томографикт 120.000 төгрөгөөр үзүүлсэн. Т миний ажлыг алдагдуулсан, мөн эмчилгээний зардал гээд нийт 400.000 төгрөг өгсөн тул цаашид нэхэмжлэх зүйлгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр тал),
4. Гэрч Н.Бямбадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өгсөн:
“... Би 2019 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Бүргэд-113 чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн офицероор цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч М.Гунгаабуугийн хамт үүрэг гүйцэтгэсэн. Шөнө 04 цагийн үед дуудлага аваад хэлтэс рүү явж байхад Бүргэд-10 Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 13 дугаар байрны хажууд үл таних хүн манай найзын толгой руу тоосгоор цохиод зугтаачихлаа гэсэн дуудлага ирсэн. Энэ үед давхар дуудлага авчихсан явж байсан болохоор дуудлагын хүмүүсээ Бүргэд-10-т хүлээлгэн өгсөн. 20 орчим минутын дараа дуудлага өгсөн 86547754 гэсэн дугаар руу залгаад дуудлага өгсөн талаар асуухад “манай найзыг зодсон хүн Цамба дээр явж байна, би араас нь нууцаар дагаад явж байна” гэхээр нь утсаар ярьсаар байгаад дуудлага өгсөн залуу дээр очиход нөгөө залуу хойшоо гүйчихлээ гэж хэлсэн. Машинаа эргүүлээд хартал хар бараан өнгийн хувцастай залуу 13 дугаар байрны голоор гүйгээд ороход нөгөө залууг “араас нь хараад явж бай, бид хоёр урд талаас нь яваад очъё” гээд 12, 13 дугаар байрны голоор буюу 13 дугаар байрны хойд талаар машинтайгаа яваад ороход нөгөө дуудлага өгсөн залуу өдөөс гүйгээд гараад ирсэн. Тэгээд зугтсан залууг тус байрны 4 дүгээр орц руу гүйгээд орсон гэхээр нь би өөрөө дуудлага өгсөн залуутай орцны үүдэнд үлдээд, а/а М.Гунгаабууг давхар шалгуулахаар гаргахад 1-9 давхар хүртэл шалгаад хүн байхгүй байна гээд бууж ирсэн. Тэгээд орцны үүдэнд зогсож байхад 5-6 давхарт чимээ гараад, нэг залуу буугаад ирэхэд толгойгоо хагалуулсан гэх залуугийн найз тэр залууг хараад таньсан. Тэр залуу гарч ирэхдээ дээгүүрээ усан цэнхэрдүү өнгийн нимгэн цамцтай гарч ирсэн. Зугтааж байхдаа хар бараан өнгийн куртиктэй байсан. Тэгээд бариад эрүүлжүүлэхэд хүргэж өгсөн. Тэр залуугийн биед ямар нэгэн бэртэл гэмтэл байгаагүй. Нэр нь Дийн Т гэдэг залуу байсан. Тэр залуу хэлэхдээ “энэ хоёр залуу дээрэмдэх гэхээр нь тоосгоор цохисон” гэж ярьж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр тал),
5. Шүүгдэгч Д.Тын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчаар өгсөн:
“... 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр эхнэр Мөнхзаяагийн төрсөн өдөр болоод найзуудаараа Баруун 4 замын хажууд байрлах Нарантуул зочид буудлын 2 давхарт караоке, пабад орж тэмдэглэсэн. Эхнэрийн төрсөн өдөрт 10 гаран хүн ирсэн бөгөөд бид нийт 0.75 литрийн 5 шил архи хувааж ууж, дуу дуулж байгаад, би нилээн согтоод түрүүлээд шөнө 03 цагийн үед ганцаараа гэр рүүгээ явсан. Тэгээд такси бариад гэрийнхээ ойролцоо буюу Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны арын явган хүний зам дагуу буугаад, Солонгос дэлгүүр, үсчин хоёрын тэр хавьд хоёр залуутай маргалдсан. Би тухайн үед нилээн согтуу байсан болохоор юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Миний санаж байгаагаар тэр хоёр залуутай маргалдаад, зодолдож байгаад, дийлэхгүй болохоор газраас чулуу аваад У гэдэг залуугийн дух руу чулуугаар нэг удаа цохиод зугтаасан. Тэгээд байрныхаа үүдэнд байж байгаад буцаад нөгөө газраа очиход нөгөө залуу байсан. Гэртээ буцаж ороод гарч ирэхэд хөдөлгөөнт эргүүлийн цагдаа ирсэн, би баригдаад эрүүлжүүлэхэд орсон. Би шүүх эмнэлгийн 12070 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх гэмтлийг Уод би учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дүгээр тал),
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 5655 тоот дүгнэлтэд:
Шинжилгээнд ирүүлсэн зүйлс: ХГҮ толбо-2ш
Дүгнэлт: “... Шинжилгээнд ирүүлсэн 2ш толбон дээр цус илэрсэн. ABO системээр AB /IV/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. /шинжээч Ж.Оюунаа/ …” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 26 дугаар тал),
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12070 дугаартай дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Духны гол үстэй хэсгийн заагт 2.0х2.5 см, хамрын нуруунд 1.0х1.0 см, хамрын үзүүрт 2.0х0.6 см, хамрын зүүн угалзны хэсэгт 1.5х1.0 см хүрэн улаан өнгийн зулгаралтуудтай. Доод зүүн 2-р шүдний хазах хэсгийн дотор хэсгээр паалан эмтэрсэн.
2019.10.04-ний өдрийн Натур эмнэлгийн КТГ-д: Дух ясны гадна ялтаст шугаман хугаралтай. Тархины эдэд голомтот өөрчлөлтгүй. Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай. ...Зүүн нүдний ухархайн дотор хана 0.8 см өргөн хэсэгт дотогш этмойд хөндий рүү 0.5 см гүн хэмжээтэй цөмөрсөн хуучин хугаралтай. ...хамар яс хянга болон зүүн хажуу хана цөмөрсөн хуучин хугаралтай. Хамрын таславч дунд 1/3 хэсгээр баруун тийш хуучин мурийлттай. Духны хөндийд +64HU нягтралттай шингэнтэй бөгөөд агааржилт буурсан. Зүүн талын этмойд болон хоёр талын гайморовын хөндийн салст хязгаарлагдмал зузаарсан. Духны хэсгийн зөөлөн эдэд хаван хавдартай. /Эмч С.Мөнхбаатар/ гэжээ.
Дүгнэлт: Б.Уын биед дух ясны гадна ялтасны шугаман хугарал, тархи доргилт, дух, хамарт зулгаралт, доод зүүн 2-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. /Шинжээч М.Золжаргал/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23 дугаар тал),
8. Шинжээч М.Золжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн “... Иргэн Б.Уын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.Уын биед учирсан дух ясны гадна ялтасны шугаман хугарал нь гэмтлийн хүнд зэргийг тогтоох шалгуурын 3.1.2-т заасанд хамаарахгүй ба духны хөндийн өмнөд ханын хугарал, гавлын орой ясны гадна ялтасны цууралт хамаарахгүй. Учир нь дух яс нь өөрөө гадна болон дотор ялтаснаас үүсэлтэй, иргэн Б.Уын духны өмнөд ханын шугаман хугарал гэмтэл учирсан нь 3.1.2-т хамаарахгүй. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 106-107 дугаар тал),
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 730 тоот дүгнэлтэд:
“...Шинжилгээнд ирүүлсэн иргэн Б.У 22 настай, эрэгтэй гэх цус нь ABO системээр AB (IV) бүлгийн харьяалалтай байна. Шинжилгээнд ирүүлсэн иргэн Д.Т 31 настай, эрэгтэй гэх цус нь ABO системээр O (I) бүлгийн харьяалалтай байна. Жич: ШШҮХ-ийн шинжээч Ж.Оюунаагийн гаргасан 5655 дугаартай дүгнэлтэд ХГҮ-ээр бэхжүүлсэн толбонд илэрсэн AB (IV) бүлгийн харьяалалтай хүний цусыг шинжилгээнд ирүүлсэн иргэн Б.У, Д.Т нарын цусны бүлэгтэй тохирох эсэхийг шинжилгээгээр тогтоох боломжгүй. /Шинжээч Б.Дэлгэрмаа/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 115 дугаар тал),
10. Хохирогч Б.Уын хохирол нэхэмжилсэн баримт (хавтаст хэргийн 66 дугаар тал),
11. Шүүгдэгч Д.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 54, 108 дугаар тал), түүний урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 42 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 55 дугаар тал), түүний нэр дээр эд хөрөнгө бүртгэлтэй тухай Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 56 дугаар тал), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дугаар тал), “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 58-62 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Д.Тт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Д.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, 14 дүгээр байрны гадна 2019 оны 10 дугаар сарын 02-наас 03-нд шилжих шөнө шалтгаангүйгээр иргэн Б.Уын дух, нүүрэн тус газруудад чулуугаар цохин, хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр дүгнэлтдээ “шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” байр суурьтай оролцохоо илэрхийлсэн ба, шүүгдэгч Д.Т нь гэм буруугийн талаар маргахгүй гэсэн тайлбар хийж, дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Тын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Д.Т нь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, 14 дүгээр байрны гадна 2019 оны 10 дугаар сарын 02-наас 03-нд шилжих шөнө шалтгаангүйгээр иргэн Б.Уын дух, нүүрэн тус газруудад чулуугаар цохин, түүний биед дух ясны гадна ялтасны шугаман хугарал, тархи доргилт, дух, хамарт зулгаралт, доод зүүн 2-р шүдний эмтрэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь:
-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зураг (хавтаст хэргийн 4-5 дугаар тал), хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 6-7 дугаар тал),
-хохирогч Б.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...“Солонго” хүнсний дэлгүүрийн хажууд явж байхад Т гартаа чулуу барьж ирээд миний толгой руу нэг удаа цохисон. Миний толгой манараад, толгойноос цус гараад газар суусан. ...Би Таас “та яагаад намайг цохиж байгаа юм бэ” гэж асуухад өөдөөс харж зогсож байснаа “чи хүн андуураад байна, сая намайг энд хоёр залуу дээрэмдэх гэж байсан” гээд, тоосгоо хаяад явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр тал),
-гэрч Н.Бямбадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Бүргэд-113 чиглэлд ...М.Гунгаабуугийн хамт үүрэг гүйцэтгэж байхад шөнө 04 цагийн үед ...үл таних хүн манай найзын толгой руу тоосгоор цохиод зугтаачихлаа гэсэн дуудлага ирсэн. ...дуудлага өгсөн залуу дээр очсон. ...нөгөө залуу хойшоо гүйчихлээ гэж хэлэхээр нь машинаа эргүүлээд хартал хар бараан өнгийн хувцастай залуу 13 дугаар байрны голоор гүйгээд орсон. ... зугтсан залууг тус байрны 4 дүгээр орц руу гүйгээд орсон гэхээр нь ...орцны үүдэнд зогсож байхад 5-6 давхарт чимээ гараад, нэг залуу буугаад ирэхэд толгойгоо хагалуулсан гэх залуугийн найз тэр залууг хараад таньсан. Нэр нь Дийн Т гэдэг залуу байсан. Тэр залуу хэлэхдээ “энэ хоёр залуу дээрэмдэх гэхээр нь тоосгоор цохисон” гэж ярьж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр тал),
-шүүгдэгч Д.Тын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Миний санаж байгаагаар тэр хоёр залуутай маргалдаад, зодолдож байгаад, дийлэхгүй болохоор газраас чулуу аваад У гэдэг залуугийн дух руу чулуугаар нэг удаа цохиод зугтаасан. Би шүүх эмнэлгийн 12070 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх гэмтлийг Уод би учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дүгээр тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12070 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 23 дугаар тал), шинжээч М.Золжаргалын мэдүүлэг (хавтаст хэргийн 106-107 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Д.Т нь хохирогч Б.Уын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Тыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Т нь намайг дээрэмдэх гэсэн учраас хохирогчийг чулуугаар цохиж гэмтээсэн гэж мэдүүлсэн байдаг боловч энэхүү гэмт хэргийн шинжтэй гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй тул хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэх нөхцөл байдал байгаагүй, шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд шүүх хэргийг хянан шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Д.Т нь хохирогч Б.Уын бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх ба хохирогч Б.Уоос хэрэгт 128.000 төгрөгийн баримт ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Т нь дээрх хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Д.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэрээс “...шүүгдэгч Д.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан торгох ялын хэмжээг багасгаж 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү ” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч Д.Т нь Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолтоор ял шийтгэлгүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч Д.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, ажил эрхэлдэг зэргийг харгалзан түүнд 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Харин өмгөөлөгчийн шүүгдэгчид оногдуулах торгох ялын хэмжээг багасгах тухай дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.
3.Бусад асуудлаар:
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Дийн Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тыг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 (тав) сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн ... дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Уод төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА