| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2016/0515/И |
| Дугаар | 130/ШШ2016/00634 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 130/ШШ2016/00634
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Б 2 дугаар багт оршин суух, РД:*************, утас:**********, К овогт Бын Нгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Б 2 дугаар багт оршин суух, РД:**************, утас:**********, С овогт Лн Бд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, түүний өмгөөлөгч Т.Б, хариуцагч Л.Б, орчуулагч Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Л.Бгаас гэрлэлтээ цуцлуулж, хүү Н, Б, Ж нарыг өөрийн асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Б бид хоёр 1999 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гэрлэж, гэрлэлтийн №08 дугаарын гэрчилгээ авсан юм. Бид хоёрын дундаас 2000 оны 4 дүгээр сарын 28-нд хүү Н, 2003 оны 01 дүгээр сарын 12-нд хүү Б, 2009 оны 01 дүгээр сарын 24-нд хүү Ж нар төрсөн юм. Гэрлэснээс хойших хугацаанд нөхөр болох Л.Б нь байнга архи ууж, гэр оронд агсам согтуу тавьж, гэр орны амгалан тайван байдлыг алдагдуулан, хүүхдүүдийг хүртэл зодож, мөн намайг байнга зодож, удаа дараа хэрцгий хандан, заналхийлж хүч хэрэглэн, сэтгэл санааны дарамттай, айдастай байлган, миний эрх чөлөөнд халдаж, биед минь удаа дараа гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэлд байлгасаар ирсэн болно. Намайг болон хүүхдүүдийг байнга хэл амаар доромжилдог, миний аав, ээжид хүртэл агсам тавьж, тэднийг хэл амаар доромжилдог. Энэ талаар тухай бүр цагдаа хуулийн байгууллагад мэдэгдэж улмаар тэд зохицуулах талаар арга хэмжээ авч байсан боловч, ямар ч өөрчлөлт ороогүй, мөн удаа дараа дахин хүчирхийлэл үйлдэхгүй гэдгээ батлан өөрийн гараар бичиг хийж өгч байсан боловч тэр нь биелэгдээгүй. Бн дээрх үйлдлүүдээс болж хүүхдүүд гэр орондоо байнга айдас хүйдэстэй, тун түгшүүртэй амьдарч байна. Б нь намайг зодсоноос болж би тархиндаа гэмтэл авч, тархины наалдацтай болсноор тахир дутуугийн групп тогтоолгосон. Энэ мэтээр дурдаад байвал дуусашгүй бөгөөд маш олон зүйл дурдахаар байгаа болно. Заримыг нь дурдвал:
Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 148 дугаартай шийтгэвэрээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу тустай амьдрахыг даалгах эрх хязгаарлах арга хэмжээ авч байсан боловч мөн л засарсангүй. Мөн үеэр намайг зодож миний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан тул Эрүүгийн хуулийн 99.1-ээр эрүү үүсгэн шалгагдсан ба улмаар миний бие эвлэрч түүнийг уучилснаар уг хэргийг прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон юм. Харин хамгийн сүүлд гэхэд 2016 оны 8 дугаар сарын 07-ны өдөр мөн хэрцгийгээр халдан зодож, биед минь гэмтэл учруулан танхайрсан тул цагдаад мэдэгдсэн ба одоо уг үйлдлийг мөн эрүү үүсгэн шалгаж байна. Миний бие 3 хүүхдээ бодоод олон жил тэсэж ирсэн боловч одоо бүр тэвчээрээ барж байгаа ба байдал ийм байх тул цаашид ер нь би өөрөө буюу хүүхдүүдийн аль нэг нь Бн гарт амь насаа алдах бодит аюул тулгараад байна. Иймд Л.Б бид хоёрын гэрлэлтийг цуцалж, бидний дундаас төрсөн хүүхдүүд болох Б.Н, Б.Б, Б.Ж нарыг миний асрамжид үлдээж, тэтгэлгийг хуулийн дагуу эцэг нь болох Л.Бгаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Н шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Хариуцагч Л.Б бид хоёр анх 1999 онд гэр бүл болсон. Үүнээс хойш 2000 онд том хүүгээ төрүүлсэн. Тэрнээс хойш Л.Б намайг байнга зоддог болсон. Тухайн үед бид хөдөө амьдардаг байсан. Том хүүгээ төрүүлсэн үеэс эхэлж надад сандал шийдэж зоддог болсон. Л.Бтай амьдарсан 17 жилийн хугацаандаа зодуулж ирсэн. Тэрнээс болж сүүлд сонсголгүй болсон. Нэг өдөр ууланд машинаар явж байхад уулын орой гарахад чамайг ална гээд машины жолоогоо тавьж явуулсан тохиолдол гарсан, усанд живүүлж ална гээд айлгаж зодож байсан. 3 дахь хүүхдэдээ жирэмсэн байсан ба машинаас үсэрч гараа гэмтээж байсан. Гурван хүүгээ мөн адил айлгаж зоддог. Үүнээс болж том хүүгийн маань тархи нь хөдөлсөн. Л.Б нь өглөө эрт гарч яваад орой архи ууж согтуу ирээд намайг гадаа хөөгөөд гаргачихдаг. Би байнга хөрш айлд очиж хонодог болсон. Байнга архи ууж ирээд намайг зоддог, хүүхдүүдийг ч мөн адил айлгадаг, намайг байнга дарамталдаг, нэг ч өдөр гэртээ амар тайван хоол идэж үзээгүй. Иймд Л.Бгаас гэрлэлтээ цуцлуулж, хүү Б, Ж нарыг өөрийн асрамжид авахыг хүсэж байна. Дундын эд хөрөнгийн хувьд маргаан байхгүй. Харин хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй тул нэхэмжлэлээ багасгаж байгаа гэв.
Хариуцагч Л.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Б 2 дугаар багийн иргэн Л овогтой Б би нэхэмжлэгч Б.Нгийн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Л.Бгаас гэрлэлтээ цуцлуулж, төрүүлсэн хүү Б.Н, хүү Б.Б, хүү Б.Ж нарт тэтгэлэг гаргуулан, өөрийн асрамждаа авах талаар гаргасан нэхэмжлэлтэй танилцаад ИХШХШТХ-ийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу дараах тайлбарыг гаргаж байна. Б.Н бид хоёр 1999 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гэрлэж, гэрлэлтийн №08 дугаарын гэрчилгээ авсан юм. Бид хоёрын дундаас 2000 оны 4 дүгээр сарын 28-нд хүү Н, 2003 оны 01 дүгээр сарын 12-нд хүү Б, 2009 оны 01 дүгээр сарын 24-нд хүү Ж нар төрсөн ба бид хоёр өнгөрсөн хугацаанд хамтран амьдарч байсан боловч таарч тохирохгүй байгаа нь үнэн болно. Иймд миний бие Б.Нгаас гэр бүлээ цуцлуулахад татгалзах зүйлгүй бөгөөд бидний дунд дундаа хамтран өмчлөх болон хуваарьт эд хөрөнгийн маргаан байхгүй ба харин 3 хүүхдээ эх нь болох Б.Нгийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. Харин би өөрийн гэсэн тогтмол орлогогүй тул хүүхдийн тэтгэлгийн мөнгө төлөх боломжгүй гэдгээ илэрхийлж байна. Иймд бид хоёрын дунд өөр төрлийн маргаан байхгүй тул уг нэхэмжлэлийг хуулийн дагуу ойрын хугацаанд шүүхээр хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид хоёр анх 1999 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болсон. Үүнээс хойш 3 жилийн дараа гэр бүлийн маргаан гарч эхэлсэн. Б.Н 2003 онд Б гэх хүүхдэдээ жирэмсэн байх үеэс өчүүхэн зүйлээс болж бид хоёрын хооронд маргаан гарсан. Ямар зүйлээс болсон гэхэд би байшин барьж байсан бөгөөд нэг өдөр найр хуримд явж ирэхээр болсон. Тэгээд намайг нэг хүүхнээс хардаад үүнээс болж маргаан гардаг болсон. Хадам аав, манай аав ээжийг дагуулж ирээд намайг баривчилсан. 2003 онд хүү Б төрсөн, тэр үеэс эхэлж байнга маргаан үүсдэг болсон. Яагаад гэвэл би гадуур ажил хийгээд ядарч ирэхэд хувцас хунар угаадаггүй, хоол цай бэлдэж өгдөггүй. Тэрнээс болж байнга хэрүүл маргаан гардаг. Өчүүхэн зүйлд төрхөмдөө очдог тэгээд аав нь ирж охиноо салгаж авна гэж хэлдэг болсон. Бүх зүйлийг архинд зардаг, хүүхэнтэй холбогддог гэж бид хоёр бие биенээ харддаг болсноос хэрүүл маргаан даамжирсан. Гэртээ ирэхэд аяга цайгаа зөв өгсөн бол би бас эрэгтэй хүн байнга ядарч явдаг. Одоо болъё гэхэд хүн амьтнаас хөдөлгөөнтэй гэж сонссон. Аль аль талын буруу байгаа учраас гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Нэг хүүхэд маань бурхан болсон, хорвоогийн жам. Хоёр хүүхдээ ээжээс нь салгахгүй. Хоёр хүүхдээ асарч чадахгүй болоод өгөх гэж байгаа биш ээжээс нь салгахыг хүсэхгүй байна. Хэзээ ч миний хүүхэд хэвээр байх болно. 10 мянган төгрөгийн орлого олсон бол 5 мянган төгрөгийг хадгаламж нээж хүүхдүүддээ өгөх болно. Эхнэрийн хэлсэн зүйлийг шүүхээс биелүүлж өгөхийг хүсэж байна. Хүүхдүүд маань эх дээрээ байх болно, би өөрөө халамжаа тавиад явах болно.Эд хөрөнгийн талаар маргаангүй гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Н нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж Л.Бгаас гэрлэлтээ цуцлуулж, хүү Б.Б, Б.Ж нарыг өөрийн асрамжид үлдээхийг хүсжээ.
Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн мөн хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Л.Б нар нь 1999 онд хууль ёсны эхнэр нөхөр болсон нь хавтаст хэрэгт авагдсан 2000 оны 01 дүгээр сарын 20 өдрийн 18 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээгээр нотлогдож байна. Шүүхээс гэрлэгчид Б.Н, Л.Б нарт хуульд заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь, нэхэмжлэгч Б.Нг хариуцагч Л.Б нь зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж байсан нь Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 5/147, мөн газрын 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 5/96 дугаар Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоолууд, мөн Л.Бд 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн 148 дугаар захирамжаар Эрх хязгаарлах арга хэмжээ авах тухай шийтгэвэр, хариуцагч Л.Бгийн нэхэмжлэгч Б.Нгаас архи уухгүй, зодохгүй гар хүрэхгүй гэж удаа дараа уучлалт гуйж байсан тухай баримт, эмчийн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтад дүгнэлт хийхэд гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болж хэрүүл, маргаантай, байнга архи уудгаас болоод гэр бүлийн хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учирч болзошгүй зэргийг харгалзан үзээд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, ... асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэрлэгчид Б.Н, Л.Б нар нь 1999 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болсон ба гэр бүл болсноос хойш 2000 оны 4 дүгээр сарын 28-ний өдөр хүү Н, 2003 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүү Б.Б, 2009 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүү Ж нар төрсөн болох нь төрсний гэрчилгээгээр нотлогдож байна.
Гэрлэгчдийн 2000 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү нь болох Б.Н 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан болох нь 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр олгосон Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ-гээр нотлогдож байна.
Шүүх хуралдаанд хариуцагч Л.Б нь хүүхдүүдийг Б.Нгийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй гэснийг мөн хүүхдүүдийн санал, эх хүний хайр халамж зэргийг харгалзан 2003 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Б.Б, 2009 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү Ж нарыг эх Б.Нгийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагч Л.Бгаас хоёр хүүхдэд тэтгэлэг төлүүлэхгүй мөн нэхэмжлэгч, хариуцагч нар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг мөн эцэг, эх нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар К овогт Бын Н, С овогт Лн Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2003 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн Б.Б, 2009 оны 01 дүгээр сарын 24-нд төрсөн Б.Ж нарыг эх Б.Нгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д тус тус заасныг баримтлан эцэг, эх нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.
4. Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Нд олгосугай.
6.Шүүхийн шийдвэрийн хувийг гэрлэгчдийн гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Мт үүрэг болгосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
9.Энэ шийдвэрийг зохигч,гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ